Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00004

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Г.Баяраа,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Баяраагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.А яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815004020216 дугаартай, 163/2019/0004/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, , ял шийтгэлгүй, Б овогт Г.А

Холбогдсон хэргийн талаар:  

     Яллагдагч Г.А нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг Халзан гэх нэртэй газраас шинэс төрлийн 6м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, иргэн Э.Ууганбаярын нэр дээр бүртгэлтэй Ачит гүн гэгээ ХХК-ын эзэмшлийн Киа Пронтер маркийн **-**УБҮ улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 171000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1815004020216 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Г.А өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед манай гэрийн түлш дуусчихаар нь би ажлынхаа Пронтер машинаар Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн Халзан гэх нэртэй газар луу түлшний мод хийхээр өөрийнхөө Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг аваад явсан. Тэгээд би өдөр 11 цаг өнгөрч байхад Орхон сумын 3 дугаар багийн нутаг Халзан гэх нэртэй газарт очиж 5-н ширхэг хуурай шинэс мод унагааж машиндаа ганцаараа ачсан. Тэгээд ганцаараа модоо бэлтгэсэн болохоор нэлээд оройтож уулнаас буусан. Намайг уулнаас буухад цаг шөнийн 23 цаг болох гэж байсан. Би түлээний бэлтгэх  эрхийн бичиггүй болохоор Өлийн даваагаар давж Булган сумын урдаас орж ирсэн. Тэгээд намайг Гандангийн урд засмал зам дээр явж байхад цагдаа улаан модоо дохихоор нь би зогссон гэх мэдүүлэг /хх-56-57 тал/

Хохирогч Я.Амгалан-Од өгсөн: ...Нилээн хэд хоногийн өмнө Анхбаярыг Цагдаагийн байгууллагад хууль бусаар мод бэлтгэсэн хэргээр шалгагдаж байгааг сонсож мэдсэн. Г.А 2018 оны 11 дүгээр сард надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй..байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-21 тал/

Гэрч Д.Болормаа өгсөн: Би Анхбаярын эхнэр нь байгаа юм. Манай гэрийн түлээний мод дуусаж байсан...Г.А 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймаг руу барилгын ажилд явахаасаа өмнө түлээний мод дөхүүлж өгнө гэсэн ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө модонд явлаа гэж хэлээд ...гэрээсээ гарсан...2018 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө уулнаас буугаад буцаж байгаад цагдаад баригдсан гэсэн...байгаль орчны байцаагчийн утас нь холбогдохгүй гэрт нь очоод эрхийн бичиг авна гэж ярьсан...цахилгаан хөрөө нь ...манай нөхрийн өөрийнх нь хөрөө байгаа юм гэх мэдүүлэг /хх-22-23 тал/

            Гэрч Э.Ууганбаярын өгсөн: Г.А манай компанийн жолооч байгаа юм ...би Ачит гүн гэгээ ХХК-ыг байгуулан ажиллаж байгаа...манай компани **-**УБҮ улсын дугаартай Пронтер маркийн машинтай...гэрчилгаа нь миний нэр дээр байдаг...уг машиныг барилгын ажилд хэрэг болтол түр гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэ гэж өгсөн. Тухайн машиныг энэ зун 3300000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /хх-25 тал/

Гэрч Ш.Энх-Амгалан өгсөн: Түлээний модны зөвшөөрөл авахдаа тухайн баг хариуцсан байгаль хамгаалагчаас куб метрээр тооцож мөнгө төлж авдаг...уг зааж өгсөн талбай нь тусгаарлалт хийгдсэн талбай байх ёстой...эрхийн бичиг нь тухайн өдрөө хүчинтэй...хэрэглээний модны хувьд сумын засаг даргад хүсэлт гаргаж...Иргэдийн хурлаар оруулж, дэмжигдсэн тохиолдолд зөвшөөрдөг...харин гарал үүслийн бичгийг өөр аймаг руу мод тээвэрлэхдээ заавал авч явдаг гэх мэдүүлэг /хх-27-28 тал/

 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  урт нь 3м, өргөн нь 1.6м, өндөр нь 1.25м-тэй  буюу эзэлхүүн нь 6м3 түлээний хуурай модны үнэлгээ 171000 төгрөг болохыг тогтоосон №13/02 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-42 тал/,

 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Г.А зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх 6м3 модонд Булган сум дахь ойн ангийн инженер, шинжээч Б.Жавхлангийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 171000 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 513000 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт  /хх-46 тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэгийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх03-07 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08-09 тал/,  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-10-15 тал/  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18/316 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-34-38 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг Халзан гэх нэртэй газраас шинэс төрлийн 6м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, иргэн Э.Ууганбаярын нэр дээр бүртгэлтэй Ачит гүн гэгээ ХХК-ын эзэмшлийн Киа Пронтер маркийн **-**УБҮ улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 171000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.      

Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон  хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь  хохирогч Я.Амгалан-Од, гэрч Д.Болормаа, Э.Ууганбаяр, Ш.Энх-Амгалан нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13/02 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээний акт /хх-42 тал/, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18/316 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-34-38 тал/, хохирлын үнэлгээ тооцсон тухай /хх-46 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.А дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 171000 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 513000 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн баримтаа ирүүлсэн байх тул хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 2018 оны 11 дүгээр сарын 16-ны мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Г.А зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн 60 ширхэг шинэс мод  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “цахилгаан хөрөө 1 ширхэгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, 2018 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт авагдсан баримтаар “kia pronter” маркийн **-**УБҮ улсын дугаартай авто машины  өмчлөгч эзэмшигч нь Э.Ууганбаярт болох нь тогтоогдож байх тул түүнд  буцаан олгохоор шийдвэрлэв.    

        Шүүгдэгч Г.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Г.Аэрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлого, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй,  цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Б овогт Г. А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 / дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.А 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож,  60 ширхэг буюу 6м3  шинэс мод, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын төсөвт шилжүүлэх,  “kia pronter” маркийн **-**УБҮ улсын дугаартай авто машиныг түүний өмчлөгч эзэмшигч Э.Ууганбаярт буцаан олгосугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНДУЛАМ