Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2023/00041

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “1,128,022.45 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, ******* /цахимаар/, хариуцагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******тай кредит карт эзэмших гэрээ байгуулж 294,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 1,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1,0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.

Зээлдэгч зээл авах үедээ Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 151 тоотод оршин сууж байсан. Манай зүгээс оршин сууж байсан хаягийн дагуу шүүхэд хандсан боловч уг хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг шүүхэд тогтоолгож дахин шүүхэд хандсан.

*******аас үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 314,164.45 төгрөг, хүүгийн төлбөр 455,481.66 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг нийт 1,128,022.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөг тус бүрийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******тай 285 тоот кредит карт эзэмшиж 294,000 төгрөгийн зээлийн “зебра” карт авсан. Картыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ашиглаж байгаад төлбөрөө төлөөгүй. Гэвч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр кредит картны үлдэгдэл төлбөр хасах 431,637.79 төгрөг байхад жилийн хураамж гэж автоматаар 10,000 төгрөг нэмж 1 жилийн карт сунгасан. Үүнээс хойших 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэрэг хүүн дээрээс хүү бодож байна.

Уг банк нь анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа 1,128,022.45 гаргуулах хүсэлт гаргасан боловч одоог хүртэл 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 99376912 дугаар утсанд 1,150,152.59 төгрөг нэхэмжилсэн мессеж ирж байна.

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хасахтай байгаа мөнгөн дүн дээр 10,000 төгрөг нэмэгдэж нэг жилээр гэрээ сунгагдсан. Тухайн гэрээ сунгагдсанаас хойш 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан мөртлөө нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөр гар утсанд мессеж ирсэн. Үндсэн нэг жилийн төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Гурван жилийн хугацаанд гэрээ автоматаар сунгагдсан. Эхний нэг жилийн зээлийн гэрээний хүү, үндсэн төлбөрийг төлнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 285 тоот кредит картын гэрээний төлбөр үндсэн зээл 314,164.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 455,481.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг, нийт 1,128,022.45 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,623 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 31,623 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:
            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ******* ХХК, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 285 дугаар кредит картны гэрээ нь хуульд байхгүй үндэслэл тусгасан буюу гэрээний 2.1.11 дэх хэсэгт зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү гэж хариуцагчийн зээлийн эрхийн хэмжээнээс хэтрүүлж авсан тохиолдолд хэтэрсэн хэсэгт бодогдох хүүг хэлнэ гэж заасан.

Анхан шатны шүүх зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг гэж хуульд заагаагүй төлбөр нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд огт байхгүй үндэслэлээр, ******* ХХК нь хуульд нийцээгүй гэрээг *******тай байгуулж тухайн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөгийг гаргуулж” гэж заасныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.         

             5.  Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,128,022.45 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *******аас үндсэн зээл 314,164.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 455,481.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг нийт 1,128,022.45 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Хэргээс судлан үзэхэд:

            4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас кредит картын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 314,164.45 төгрөг, хүүгийн төлбөр 455,481.66 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг, нийт 1,128,022.45 төгрөг  гаргуулахаар нэхэмжилжээ. 

            Хариуцагч ******* нь “2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр кредит картын үлдэгдэл төлбөр хасах 431,637.79 төгрөг байхад жилийн хураамж гэж автоматаар 10,000 төгрөг нэмж 1 жилээр карт сунгасан тул энэ хугацаанаас хойших зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

5. *******, ******* нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 285 дугаартай кредит картын зээлийн гэрээ байгуулагдаж, 294,000 төгрөгийн зээлжих эрхтэй, зээлийн сарын хүүг /бэлэн болон бэлэн бусаар/ тус бүр 3,5 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувь хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 8-10/

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            6. ******* нь *******т 294,000 төгрөгийн зээлжих эрхтэй кредит карт олгосон үйл баримтын талаар талууд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 285 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 314,164.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 455,481.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг нийт 1,128,022.45 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            7. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д “кредит картын хугацаа 2 жил, нэг жилийн хураамж 10,000 төгрөг байна” гэж заасан байх бөгөөд зээлдүүлэгч 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хураамж болох 10,000 төгрөгийг суутган авсныг гэрээний дагуу хууль зөрчөөгүй хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн талууд гэрээний хугацааг 24 сараар тохиролцсон тул зээлдүүлэгч зээлдэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна.

8. Хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээс хариуцагч *******ын “... хуульд байхгүй үндэслэл тусгасан гэрээний дагуу зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 147,394.68 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд:

8.1 Зээлийн гэрээний 3.1-д кредит картын зээлжих эрх нь 294,000 төгрөг, уг зээлжих эрхийг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн эрх болон зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү-г  тус бүр 1.0 хувиар  тооцохоор талууд тохиролцсон байна.

Мөн гэрээний 2.1.11-д “харилцагчийн зээлийн эрхийн хэмжээнээс хэтрүүлж авсан тохиолдолд хэтэрсэн хэсэгт бодогдох хүүг зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү  гэнэ” гэж заажээ.

8.2. Зээлдэгч ******* нь 2019 оны 7 дугаар сараас хойш кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөөгүй 43 сар хугацаа хэтрүүлсэн тул зээлийн хүүд 455,481.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү-д 210,394.68 төгрөг, зээлжих эрхээ хэтрүүлсний улмаас зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү-д 147,395 төгрөг төлөхөөр тус тус тооцогджээ.

Энэ нь кредит картын зээлийн гэрээ, зээлийн картын тооцооллын хүснэгт зэргээр  тогтоогдож байна. 

 Талууд гэрээний 3.1-д зээлийн эрх хэтрүүлсэн болон зээлийн хугацаа хэтрүүлсний  нэмэгдүүлсэн хүүг тус бүр 1.0 хувь, зээлийн нэг сарын хүүг 3,5 хувь байхаар тохиролцсон бөгөөд гэрээнд заасан хувиар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн байна.           

Иймд хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,402 /арван нэгэн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Я.ТУУЛ                                                      

                                        ШҮҮГЧИД                                          Х.БАЙГАЛМАА

                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН