| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0005/Э |
| Дугаар | 00006 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00006
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга С.Гончигбал,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц. Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х холбогдох эрүүгийн 1815002610223 дугаартай 163/2019/0005/Э индекстэй эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-д засварчин ажилтай, Б овогт Б.Х
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Х нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр, Б.М эрүүл мэндэд хөнгөн, А.А эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
1815002610223 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Б.Х өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс найзууд болох Б.М , Эрдэнэчулуун, Саруул, А.А , Б.Б нарын хамтаар Булган аймгийн Хангал сумын нутагт салхинд гарахаар явсан. Тэгээд 4-н шил 0.75 литрын Ерөөл архи аваад замдаа 2 шил архиа уугаад голын эрэг дээр очоод дахин нэг шил архи задлаад сууж байтал манай найзууд болох Б.Б , Б.М , А.А нар Саруул, Эрдэнэчулуун бид 3-г орхиод яваад өгсөн. Тэгээд бид 3 амралтын газарт алхаж очоод нэг машинд Эрдэнэчулуун бид 2 гуйж суугаад Орхон аймаг руу явж байтал 4-р подьёомын ойролцоо Б.Б , Б.М , А.А 3 машиных нь шатхуун дуусаад үлдсэн архиа уугаад сууж байхаар нь хаяад явсанд нь уур хүрээд Б шанаан тус газарт нь гараараа 2 удаа цохиж, хөлрүү нь 1 удаа өшиглөөд Б.М буугаад надруу хүрээд ирэхээр нь би нүүррүү нь мангасдаад түлхтэл замын хажууруу унаад босч ирэхгүй байсан. Тэгтэл А.А бууж ирээд яагаад байгаа юм бэ гэхээр нь би нүүрэн тус газарт нь мангасдаад замын хажууруу унагаасан. Машины ар талаас хайрцагтай хүнсний бүтээгдэхүүн 1 шил архийг аваад машиндаа суугаад явсан гэх мэдүүлэг /хх-121-122 тал/
Хохирогч Б.Б өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз А.А , Б.М , Х.Эрдэнэчулуун, Б.Х нарын хамт салхинд гараад архи ууцгаасан. Тэгээд тэндээс орой гэгээтэй байхад Эрдэнэчулуун, Б.Х хоёрыг орхиод А.А, Б.М бид гурав машинтай Орхон аймаг руу хөдөлсөн. Замд явж байхад 4-р подёмын ойролцоо машины бензин дууссан учир бид гурав машиндаа унтсан. Тэгээд нэг мэдэхэд машины хаалга татаад онгойлгоход сэрсэн чинь Б.Х машинаас чирч гаргаад зам дээр газар унагаад зодсон. Би нилээд согтуу байсан учир хөдөлж чадахгүй байсан. Ямар ч л байсан Б.Х намайг зодоод байсныг мэдээд байгаа. А.А, Б.М хоёрыг зодсоныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,
Хохирогч А.А өгсөн:....2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12-13 цагийн үед Б утсаар машины суудлын бүрээс хамт хийгээд өгөөч гэж дуудсан. Тэгээд Б.Б ирэхээр нь амралтаа тэмдэглье гээд би 0.33 литртэй Ерөөл архи байрны гадаа хувааж уусан. Тэр үед Б.Б Б.М , Б.Х хоёрыг утсаар дуудсан. Тэд цуваад ирцгээсэн. Би тэр үед нилээд согтсон байсан учраас Саруул, Эрдэнэчулуун нарыг дуудсаныг мэдээгүй. Тэгээд миний машиныг Эрдэнэчулуун бариад Галтай гэх амралт руу явсан. Замд Хангал сум гэсэн самбар дээр 0.75 литртэй Ерөөл архи ууцгаагаад тэндээсээ амралтын наана байдаг гол дээр зогсож 0.75 литртэй Ерөөл архи уусан. Миний хувьд тэр архинаас 1 хундага уугаад өөрийгөө эрүүл болгохын тулд гол руу ороод 5-6 минут болоод гараад ирэхэд Х , Саруул, Эрдэнэчулуун гурав архи уугаад сууж байсан. Б.Б , Б.М хоёр байхаар нь машин дээрээ очиход Б.М арын суудал дээр Б.Б жолоочийн суудал дээр сууж байсан. Тэгээд Б.Б Ариука ахаа эд нар гол руу шиднэ гэж намайг айлгасан шууд явья гэж хэлээд миний машиныг асаагаад хөдлөөд явсан. Тэр үед үнэмлэх чинь байгаа юу гэхэд эрхтэй тэгэхдээ үнэмлэх биед байхгүй гэсэн. Замд явж байгаад 4-р подёмын ойролцоо машины бензин дуусаад зогсоод бид гурав машиндаа унтсан. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байх үед машины хаалга онгойлгоод Б.Х Б суга татаж газарт унагаж зодсон. Би тэр үед нойрмог юу болоод байна гэж гайхсан. Тэгээд 1 минут хүрэхгүй хугацаанд Б зодчихоод арын суудлаас Б.М ийг унтаж байхад суга татаж газар унагахад би машинаас бууж боль гэхэд Б.Х намайг гараа зүүн чих рүү хоёр удаа цохиж замын хажуу налуу руу түлхэж унагасан. Тэр үед босоод дээшээ зам дээр гараад Х аа чи яагаад байнаа гэхэд та нарыг бүгдыг чинь ална шүү гэж хэлээд намайг цээж рүү цохиж ахиад замын хажуу руу унагахаар нь би ахиж босож ирээд зам дээр гарч ирэхэд машины багажны хэсгийг онгойлгож авч явсан хайрцагтай хоол хүнсийг аваад явж байсан. Тэгэхэд Б.Х миний бүртгэлтэй буу металл хайгчийг авч явах гэж байхаар нь хэрэв авч явбал би чамайг цагдаад хэлж жинхэнэ бариулна шүү гэж хэлсэн чинь бууны хайрцагыг онгойлгоод пайзтай 10 ширхэг сумыг аваад явсан. Би өглөө нь 10 цагийн үед Эрдэнэт рүү зам тосож ирээд бензин аваад буцаж очиж машинаа авч ирсэн. Өглөө нь гэгээ ороод харахад Бат-Эрдэнийн нүүр хөх няц, Б.М ын уруул нь язарч хавдсан, миний чихнээс цус гоожиж цээж хөндүүр оргисон байсан гэх мэдүүлэг /хх-20-23-р тал/
Хохирогч Б.М өгсөн:....2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгаас салхинд гарахаар би таньдаг хүмүүс Б.Б , А.А , Х , Эрдэнэчулуун Саруул нарын хамт Хангал сумын ойролцоо голын хөвөөнд очоод бүгдээрээ 1-2 шил 0.75 литртэй Ерөөл архи хувааж уусан. Тэгээд би тасарсан тэгээд нэг мэдэхэд 4-р подёмын ойролцоо зам дээр машины бензин дуусаад зогссон байхад сэрсэн. Машин дотор А.А , Б.Б гурав байсан. Тэгээд унтах гээд хэвтэж байхад машины ард гэрэл тусаад машин ирж зогссон. Тэгээд Бат-Эрдэнийн талын машины хаалга онгойлгоод Х , Б чирч буулгаад газар унагаад нүүр нүдгүй, элэг дэлүүгүй зодсон. Тэр үед би машинаас буугаад очиж салгах гэж оролдоход Б.Х гараараа уруулыг яз цохьсон. Тэгэхэд би газар унаад босож ирэхэд ахиад нүүрлүү мангасдаж түлхэж замын хажуу жалга руу унагаасан. Би жалгаас арай хийж босоод гарч ирэхэд ахиад мангасдаж хойш түлхэж унагаасан. Б.Х тэгээд явахдаа машины ард байсан хүнсний зүйл, бууны 10 ширхэг сумыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-28-29 тал/
Гэрч Б.Мөнхмандахын өгсөн: Манай дүү Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 19-20-ны үед надруу залгаад “Би хүнд зодуулаад” эмнэлэгт хэвтсэн байна мөнгө өгөөч гэхээр нь эмнэлгийн төлбөр болох 350000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надруу хагалгаанд орох гэж байгаа тухай хэлж би Дорнод аймгаас ирсэн юм. Энэ гэмтэл хэрхэн яаж учирсан талаар би хэлж мэдэхгүй байна. Надад хэлэхдээ Б.Х намайг зодсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-37-38 тал/
Гэрч Х.Эрдэнэчулууны өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед байрныхаа гадаа хүүхдээ салхилуулж байхад Баагий ойрхон салхинд гарчаад ирье чи архи уугаагүй эрүүл байгаа юм чинь машин бариад явчих гэхээр зөвшөөрөөд Баагий, Х , Зоригоо Баагийнгийн ажлын газрын нэг ах, Саруул нарын хамт Саруулын амралт руу очихоор явсан. Тэгээд замдаа Хангал сумын жаахан өнгөрөөд гол дээр нэг шил 0.75 литртэй Ерөөл архи бид зургаа хувааж уугаад тэндээсээ цааш яваад Галтайн амралтын наад талд гол дээр зогсоод тэнд мөн нэг шил 0.75 литртэй Ерөөл архи хувааж уугаад архи талдаа орж байх үед Зоригоо машин дотор арын суудал дээр тасраад хэвтэж байсан. Тэр үед Баагий ажлынхаа ахтай машин руугаа явж очоод Баагий унаад яваад өгсөн. Бид гурав хойноос нь орилоод дуудахад чигээрээ явсан. Тэгээд Саруул бид хоёр Саруулын машиныг авахаар амралт руу нь яваад Б.Х үлдсэн. Саруулынд очсон чинь эхнэр нь машиныг нь өгөөгүй уурлаад орилж чарлаад байхаар нь би буцаад Б.Х дээр ирээд бид хоёр замын унаанд суухаар том зам руу алхаж явах замд байсан амралтын гадаа 2-3 машин зогссон гэрэл асаатай байхаар нь Эрдэнэт явж магадгүй гээд очиход зүс таних залуу байхаар нь Эрдэнэт суугаад явья гэхэд зөвшөөрөөд Б.Х бид хоёр суугаад явсан. Тэгээд 4 дүгээр подёмын ойролцоо зам дээр ослын гэрлээ асаасан Баагий гар өргөөд машины гадна талдаа зогсож байсан. Тэгэхэд Б.Х сууж явсан машины жолоочид наад машиныхаа хажууд зогсчих гээд зогсоогоод өөрөө машинаас буугаад машиных нь араас хайрцагтай хүнсний зүйл аваад машиндаа хийсэн. Тэр үед Б.Х буу металл хайгч аваад машинд хийж байхаар нь наадах чинь гай болно орхи гээд орхиулаад бид хоёр нөгөө машинтайгаа Эрдэнэт явсан гэх мэдүүлэг /хх-50-51 тал/
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 593 дугаартай
1. Б.Б биед цээжний зүүн талын 6,7-р хавирганы хугарал, нүүр, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт үүсчээ.
2. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цээжний зүүн талын 6,7-р хавирганы хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Нүүр, цээжинд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цээжинд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх мэдүүлэг /хх-53 тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 594 дугаартай
1. Б.М биед доод уруулын дотор салстад шарх, доод урууланд зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугуйнд зулгаралт үүсчээ.
3. Доод уруулын дотор салстад шарх, доод урууланд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун гарын бугуйнд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх мэдүүлэг /хх-61 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1151 дугаартай
1. Б.М биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх болон хажуу ховдлуудын цус харвалт, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугуйн зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Б.М биед учирсан доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн зулгаралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин баруун тал бөмбөлгийн зулай, дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой бөгөөд хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
4. Б.М биед учирсан баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Б.М биед учирсан баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтлийг авсан үед толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, унтраах, гар хөлд саа үүсэх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна гэмтэл аваад тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой буюу анагаах ухаанд саруул үе гэж нэрлэдэг.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх мэдүүлэг /хх-76-77 тал/
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 595 дугаартай
1. А.А биед цээж, баруун бугалганд цус хуралт, зүүн чихний дэлбээний дээд хэсэг, дотор талд, зүүн мөр, баруун өвдгөнд зулгаралт үүсчээ.
2.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Баруун бугалганд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн чихний дэлбээний дээд хэсэг, дотор талд, зүүн мөр баруун өвдгөнд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх мэдүүлэг /хх-57 тал/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 01 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 04 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 128 тал/, өвчний түүх /хх-79-108 тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр, Б.М , А.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч А.А , Б.Б , гэрч Б.Мөнхмандах, Х.Эрдэнэчулуун нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 593, 594, 595 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн , шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын газрын хяналтын прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Х ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Х т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хохирогч Б.М нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохиролын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурор торгох ялаар шийтгүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэнийг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаж байх тул хөрөнгө орлого, цалин хөлс,орлого олох боломжийг харгалзан торгуулийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч Батзориг нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Б.Б , А.А нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б. Х ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Х ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5000000 /таван зуу мянган/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5000000 /таван зуу мянган/ төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгуулын хэмжээг 950 нэгж буюу 950000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950000 төгрөгийн торгуулийг сар бүр 316666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Б , А.А нар нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, хохирогч Б.М нь учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ