Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2023/00043

 

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 02-ны өдрийн 244 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор  5,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“...******* миний бие 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "Цемент Шохой" ХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулан, гүйцэтгэх Захирлын Б/381 дугаар тушаалын дагуу Хангамж, маркетинг борлуулалтын хэлтэст Хангамжийн инженерээр томилогдон ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд "*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаал гарч намайг албан тушаал буулган Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилж, гэрээ байгуул­­­­ах үүргийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон байдаг.

Миний бие дээрх тушаал шийдвэртэй танилцаж гомдол гаргахаар бэлдэх явцад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б/230 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж миний албан тушаалыг бууруулсан тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсныг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно.

Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогч нь өөрийн бэлтгэсэн гэрээний төслийг ажилтанд танилцуулж, баталгаажуулалгүйгээр гэрээний заалт болон хөдөлмөрийн ноцтой зөрчлийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тус нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 446 тоот шүүгчийн захирамжаар дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн сонирхлын маргааныг талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй" гэж

Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж дээрх татгалзсан захирамжид дурдсанчлан ажил олгогч болох "Цемент Шохой" ТӨХК болон Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй байгаа тул намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан анхны албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тус компани нь Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгэр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолын дагуу хувийн өмчөөс төрийн өмчид шилжсэн бөгөөд төрийн өмчид шилжсэнтэй холбоотой аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг дэс дараалалтайгаар зохион байгуулж байна. Манай компани Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагад байлгана гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/274 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2-т заасны дагуу ******* ТӨХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан тул тус комиссоор хууль заасан журмын дагуу урьдчилсан журмаар шийдвэрлэх боломжтой байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2,  127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гаргасан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Цемент Шохой” ТӨХК-нд холбогдох  ажлаас үндэслэлгүй халсан буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор  гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлүүлж баталгаажуулах  тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг үнэлэхдээ ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Гүйцэтгэх захирлын гаргасан тушаалууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус акт гэж үзэхээр байхад шүүх анхаараагүй. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан зөвлөмжид тодорхой заасан байдаг.

            Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас компанийн хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэрээг хүчин төгөлдөр гэж нотлох баримтаар үнэлсэн гэж тусгасан нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар мэдүүлэгт үндэслээгүй, бодит байдлаас тэс өөрөөр үнэлсэн.

            ******* ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд *******тай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, компанийн хөдөлмөрийн дотод журмыг шинэчлээгүй байсан бөгөөд нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн дотоод журам, гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргаагүй гэж нотлох баримтаар үнэлсэн гэж тусгасан нь нэхэмжлэгч талын тайлбар мэдүүлэгт үндэслээгүй тэс өөрөөр үнэлсэнд гомдолтой байна.

            Шүүх нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэгт бодитой дүгнэлт хийгээгүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн асуудлыг шүүгч, хариуцагч, нэхэмжлэгч талаас хэн ч хөндөөгүй. Ажилд томилсон 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаал гаргасны дараа 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас халсан тушаал гаргасан байгаа тул намайг ажилд томилсон Б/163 дугаартай тушаалын үйлчлэл зогссон байгааг шүүх анхаараагүй дүгнэлт хийгээгүй.
            Анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/530 дугаартай албан тоотыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг минь шийдвэрлээгүй, ажиллагаа хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.         

            5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэхдээ ноцтой алдаа гаргасан учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй гараагүй нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

            *******ийн ажил албан тушаалыг өөрчлөөд сэлгэн ажиллуулах тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй нь нотлон тогтоогдсон, ямар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлаад байгаа нь ойлгомжгүй байхад шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг 3 жил хүртэл хугацаагаар сэлгүүлэн ажиллуулах талаар хуульчлан тогтоож өгсөн. Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг буруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж заасан байгаа тул уг тушаал хүчин төгөлдөр бус тооцох нөхцөл тогтоогдож байхад шүүх дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үнэлээгүй гэж үзнэ.

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ийг ажилдаа ирээгүй, ажлаа тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнийг ТӨБЗГ даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/530 дугаартай албан бичгийн дагуу ажлын байр луу нэвтрүүлээгүй нь нийтэд ил тод болсон мэдээлэл тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий болсон баримт юм. Нэхэмжлэгч талаас уг албан бичгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгч захирамж гаргасан боловч албан бичгийг ТӨБЗГ-аас гаргуулаагүй байж шүүх хуралдааныг хийж ажлын байр луу нэвтрүүлээгүй нь нотлогдоогүй, өөрөө ажилдаа ирээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

            Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх хурлын явцад огт хэлэлцэгдээгүй асуудлыг шийдвэрт тусгасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            6.  Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:


            1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэв.

 Хэрэгт нэхэмжлэгч *******ийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ажил олгогч буюу “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 сарын 13-ны өдрийн Б163-р тушаал, түүний хавсралт, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б230 дугаартай тушаал авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан хангамжийн инженерийн албан тушаал, шинээр томилогдсон борлуулалтын ажилтны албан тушаалын алинд нь эгүүлэн тогтоолгох нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

  1. Нотлох баримтын талаар

Хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа  баримт мэдээллийг иргэний хэргийн нотлох баримт гэж үзнэ.

Иргэний хэргийн нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх, түүнийг хуульд заасан арга хэрэгслээр  олж авч бүрдүүлсэн байх нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг хангадаг бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Хэрэгт авагдсан “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/381 дугаартай “Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 6/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “Ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 106-109/, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай “*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /хх-ийн 7/, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаартай “Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” тушаал /хх-ийн110-111/, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” тогтоол, компанийн хүний нөөцийн мэргэжилтний тэмдэглэл /хх-ийн 116/, нэхэмжлэгч *******ийн ажил олгогчтой байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 51/, хангамжийн инженер *******ийн 2022 оны 04 дүгээр сарын цагийн бүртгэл /хх-ийн 119/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/530 дугаартай “Үүрэг болгох тухай” албан бичиг /хх-ийн 125/, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 8-10/, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11-12/ зэрэг баримтууд нь хуулбар хувь байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бичгийн хэлбэрээр авагдсан бичмэл баримт мөн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т ”Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй ...” гэж заасныг зөрчсөн байна.

Хэргийн оролцогчоос шаардлага болон татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүх хуралдааны үед  гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хүлээн авах эсэхийг дээрх хуульд заасны дагуу шийдвэрлэх учиртай бөгөөд хэргийн оролцогчдоос нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тул давж заалдах шатны шүүх хэргийн болсон үйл явдал, бодит үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 02-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                               

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН

                                     ШҮҮГЧИД                                     Я.ТУУЛ

                                                           Л.АМАРСАНАА