| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г т холбогдох эрүүгийн 1806 08239 2058дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 сарын 1-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэн зэс ХХК-д менежир ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян- тоотод оршин суух бүртгэлтэй /иргэний үнэмлэх дээрх хаяг/, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 дүгээр байрны 41 тоотод өөрийн эхнэр Т.Отгончимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Отгончимэгийн өгсөн мэдүүлэг /хх-12-14/, шүүх эмнэлгийн шинжээчийн №12182 дугаартай дүгнэлт /хх-21/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-31-32/, шүүгдэгч Б.Г ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-33-36/, шүүгдэгч Б.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 дүгээр байрны 41 тоотод өөрийн эхнэр Т.Отгончимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Отгончимэгийн өгсөн: “2018 оны 10 сарын 07-ны өдөр манай нөхөр Б.Г архи уучихсан орж ирээд маргалдсан. Маргалдах шалтгаан нь Б.Г нь урд өдөр нь 2 өдөр архи уучихсан байсан юм. Тэгээд би согтуу ороод ирэхээр нь зөрөөд дэлгүүр гарчихаад ирсэн чинь хаашаа яваад ирж байгаа юм бэ гэж хэрүүл өдөөд хэрэлдэж маргалдаж байгаад миний баруун нүд, зүүн чих, хэвлий орчим газар гараар цохьсон зүүн нүд хавдчихсан байна мөн зүүн чих сэтэрчихсэн 2 оёдол хийлгэсэн байгаа юм. Б.Г нь мөн миний хоолойноос боосон юм. Тухайн үед манай гэрт манай хүү Эрхэс байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Б.Г тай хамт амьдраад 11 жил болж байна. Гэр бүлийн баталгаатай дундаасаа 1 хүүхэдтэй. Намайг Б.Ганбаата нь удаа дараа зодож байсан. Би энэ талаараа цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй би анх удаагаа цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.” /хх-12-14/ гэх мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №12182 дугаартай дүгнэлт:
1. Т.Отгончимэгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чиний дэлбэнгийн няцарсан шарх, баруун шуу, бугуй, сарвуу, зүүн шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хцгацаанд үүссэн байх боломжтой. /хх-21/ гэх дүгнэлт,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-31-32/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Г ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр амралтын өдөр байсан. Тэгээд би ажилдаа явчихаад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай эхнэр Б.Отгончимэг хүү Г.Эрхэс нар хоол ундаа хийчихсэн байж байсан. Би хоол ундаа идчихээд би маргааш нь хөдөө явах гэж байсан учир эртхэн шиг амръя гэж бодоод орондоо ороод хэвтсэн. Манай эхнэр Б.Отгончимэг нь миний хажууд хэвтсэн би хэвтэж байгаад унтаад өгсөн. Тэгээд би нэг сэрсэн чинь манай эхнэр гэртээ байхгүй, хүүхэд унтаагүй зурагт үзээд сууж байхаар нь би хүүхдээсээ “ээж чинь хаана байна” гэж асуусан чинь гар утсаараа яриад гэрээс гараад явсан гэхээр нь би гар утасруу залгаад шатаар орцноос гарсан утсаа авахгүй байсан. Би орцноосоо гаргаад эхнэрээ хайхад манай эхнэр үл таних хүнтэй хамт сууж байсан. Би буулгаж гаргаж ирээд нүүр орчим газар нь цохиж авсан. Тэгээд гэртээ ороод би явлаа гээд хувцасаа аваад гараад явчихсан. Тэгээд маргааш өглөө гэртээ орж ирэхэд миний урдаас юм авч шидээд байсан.” /хх-33-36/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 дүгээр байрны 41 тоотод өөрийн эхнэр Т.Отгончимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Г ын эрхэлсэн тодорхой ажилтай, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Т.Отгончимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон нь шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г т 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Г ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн -5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь бусдад төлөх
төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС