Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/12

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт доо овогт Р.Б-д холбогдох 1821000000387 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1963 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ... дугаар байрны ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй,

 

- Дорнод аймгийн 6 дугаар хэсгийн шүүхийн 1987 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Буян доо овогт Р.Б.

Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 11 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрын “Б” байрны Эрүүлжүүлэн саатуулах байранд эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Б-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн хэсэгт нь цохиж, дух, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр гэртээ 1 шил архи уугаад тэрэндээ согтоод гараад явчихсан байсан. Ханан булаг баараар ороод зах дээр очоод 2 цагдаад баригдсан. Маргааш нь ийм хэрэг хийснээ мэдсэн. Архи уухаараа ухаанаа алдчихдаг. Гэмт хэрэг үйлдснээ зөвшөөрч байна. ” гэв.

 

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дэд ахлагч Мөнхтулгын хамт Дорнод аймаг Хэрлэн сум 6 дугаар багт хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн. Шүр зах дээр согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлагын дагуу очсон. Мөнхтулга бид хоёр зөрчил гаргасан хүнийг машин дотор суулгаж, эрүүлжүүлэх байр руу хүргэсэн. Дэд ахлагч Мөнхтулга эрүүлжүүлэх саатуулах карт бичихээр биед байгаа бичиг баримтаа гаргах талаар шаардлага тавихад Р.Б халаасанд байсан утас, мөнгө, тамхи зэргийг гаргаж тавиад тамхинаасаа нэгийг асаах гэхээр нь би энд тамхи татаж болохгүй гэхэд би эрүүлжүүлэхэд тамхи татах нь битгий хэл, шоронд архи уудаг хулгайч шүү гээд тамхинаасаа дахин нэгийг авч асаах гэхээр нь тамхийг нь шүүрч авахад нүүр лүү нэг удаа цохихоор нь гарыг нь барьж авсан. Хувцасаа тайлах шаардлага тавихад толгойгоороо нүүр рүү мөргөхөөр нь хувцаснаас нь зуурч аваад газар унагаахад зүүн хөлөөрөө хавирга руу өшиглөсөн. ...Надад гаргах гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 09 тал/

 

Гэрч М.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хананбулаг пабд согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлагын дагуу очиход зөрчил гаргасан хүнгүй байсан. Өмнөх дугаараас дахин залгаад манай нөхөр Шүр зах дээр байна, та нар очоод саатуулаад өгөөч гэхээр нь ахлах ахлагч С.Б-ийн хамт очиход согтуу хүн архи барьсан байдалтай өөдөөс агсан тавих шинжтэй байхаар нь өөрийн машинд оруулж эрүүлжүүлэн саатуулах байр руу явсан. Эрүүлжүүлэхийн карт бөглөх хугацаанд С.Бийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж тамхи асааж маргаж эхэлсэн. Тэр хүн С.Бийн нүүрэн тус газар нь цохисон. С.Б хувцасыг нь зуураад тайлуулах гэж зууралдаж байгаад газар унагаасан ба картыг нь бичиж, дуусаад ширээн дээр байхад нөгөө хүн ирээд дахин хэл амаар доромжлоод байсан...” гэжээ. /хх-ийн 16 тал/

 

Гэрч Д.Гангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...төрсөн эгч Гандолгор над руу залгаад нөхөр чинь ажил дээр ирээд согтуурхаад байна, яах вэ гэхээр нь очоод Р.Б-ийг авах гэтэл явахгүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн газрын 99589102 дугаар руу залгаад Хананбулаг пабд нөхөр Р.Б нь агсрах шинжтэй байна, хүний эд зүйлийг хагалж гэмтээхээс нь өмнө төрийн хамгаалалтанд өгмөөр байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа Р.Б гараад явсан ба би араас нь дагаж яваад дахин дуудлага өгөөд Р.Б-ийг Шүр зах дээр байна гэсэн. Удалгүй цагдаагийн 2 ажилтан ирээд аваад явсан. Би араас нь өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй дагасаар эрүүлжүүлэхийн гадаа ирсэн. Эрүүлжүүлэх байрнаас нэг бор эмэгтэй гарч ирээд Р.Б ах унтсан, манай нэг цагдааг цохиод цус гаргасан гэхээр нь сандраад цохиулсан залууг дуудуулахад тэр залуу намайг нөхөр чинь 2 удаа цохисон гээд харахад толгой хэсэг нь шалбарсан байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 14 тал/

           

     Гэрч Ц.Давааням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Согтуу ах С.Б цагдаагийн нүүр лүү цохиж, чи намайг боодог хэн юм бэ гээд маргаад байсан. С.Б цагдаа нөгөө цагдаатай хамт тэр ахыг газар унагаж дараад хувцасыг нь тайлсан. Тэр согтуу ах С.Б цагдаатай ноцолдоод байсан. С.Б цагдаагийн нүүрийг маажсан юм уу шалбарсан байсан” гэжээ.  /хх-ийн 12 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.11.17-ны өдрийн 825 тоот актын дүгнэлт /хх-ийн 21 тал/

Эрүүлжүүлэх байрны камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрүүлжүүлэх байрны камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Буянт доо овогт Р.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрын “Б” байрны Эрүүлжүүлэн саатуулах байранд эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Б-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн хэсэгт нь цохиж, дух, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч С.Б, гэрч М.Мөнхтулга, Д.Гангэрэл, Ц.Давааням нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 825 тоот актын дүгнэлт, эрүүлжүүлэх байрны камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

  

Шүүгдэгч Р.Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Р.Б-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Б-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Р.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Р.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Р.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрүүлжүүлэх байрны камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Р.Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буянт доо овогт Р.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Р.Б-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Б-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Р.Б-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрүүлжүүлэх байрны камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ