Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00715

 

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00715

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00067 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Г-ад холбогдох,

Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон суцны өмчлөлийг буцаан шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцны СӨХ-ны болон ус, дулааны төлбөр 7,060,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. ХариуцагчГ-ын алтны бичил уурхайг санхүүжүүлэх, зээл авахад нь туслах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан.

Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр өндөр татвар төлөх байсан учир бид бэлэглэлийг гэрээг халхавчилсан байдлаар байгуулан орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн боловч Хаан банк ХХК худалдах-худалдан авах гэрээг үндэслэн 80,000,000 төгрөгийн зээлийгГ-ад олгосон болно.

Бид орон сууц худалдах-худалдан авах гэрээг хийхдээ зөвхөнГ-ын алтны уурхайд хөрөнгө оруулалт хэрэгтэй үед ах дүүсийн сэтгэлээр тус болсноос өөрөөр ямар нэгэн ашиг хонжоо харсан, мөнгөн шагнал урамшуулал авсан зүйл байхгүй бөгөөд урьдчилгаанд өгсөн гэх 20,000,000 төгрөг, Хаан банк ХХК-иас зээлээр гарсан 80,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг бүгдийгГ-ад шилжүүлэн өгсөн.

1.2. Хариуцагч уг зээлийг 4 сарын хугацаанд төлж барагдуулан манай байрыг буцаан авч өгнө гэж тохиролцсон боловч хөрөнгө оруулсан алтны уурхай нь зөвшөөрөлгүйн улмаас үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй болж орлогогүй болсноор зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн.

Ү.Гантулга, Д- нар үгсэн хуйвалдаж уг маргаан бүхий орон сууцыг Хаан банкны зээлээр үнэн, шударгаар авсан хэмээн худал хэлж өмчлөх эрхийг бидэнд буцаан шилжүүлж өгөхгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөөр байна.

Иймд орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгнө үү.

1.3. Тухайн байранд нэхэмжлэгч нар нь амьдардаггүй, орон сууцны эзэмшил нь нэхэмжлэгч нарт байдаггүй. Иймд орон сууц чөлөөлүүлэх, СӨХ, ус дулааны төлбөрийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч орон сууцыг өмчлөлдөө шилжүүлсний төлбөрийг гэрээ ямар нэршилтэй байхаас үл хамааран нэхэмжлэгч нарт төлсөн.

Нэхэмжлэгч нар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн магадлал хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар дурдаж, хоёр шатны шүүх шийдвэрлэсэн.

Бэлэглэлийн гэрээний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах үед нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний талаар маргаагүй. Харин худалдах-худалдан авах гэрээ байгуулах байсныг татвар бага төлөх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд талуудын хооронд анхнаасаа худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан нь харагдаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж тооцсон. Гэрээ хүчин төгөлдөр тул үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Нэхэмжлэгч нар орон сууц чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гараагүй тул орон сууцыг чөлөөлөхгүй байгаа. Би өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байсаар өдийг хүрч байна. Иймд Б-, А- нарын хууль бус эзэмшлээс миний орон сууцыг чөлөөлж өгнө үү.

Тус орон сууцыг нэхэмжлэгч нарГ-ад худалдсан үеэс эхлэн эзэмшиж, ашиглаж байгаа. Ингэхдээ СӨХ-нд 2016 оноос хойш төлбөр төлөөгүй, орон сууц нийтийн ашиглалтын газарт ус дулааны төлбөрийг 2018 оны 07 дугаар сараас хойш огт төлөөгүй байна. Иймд маргаан бүхий орон сууцны СӨХ-ны төлбөрт 2,255,600 төгрөг, ус дулааны төлбөрт 4,804,079 төгрөг, нийт 7,060,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагчГ-аас Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6б байрны 29 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан авах тухай нэхэмжлэгч А-, Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205015954 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6б байрны 29 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 50м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А-, Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,060,000 төгрөгийг нэхэмжлэгч А-, Б- нараас гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 198,104 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А-, Б- нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2020 оны магадлалд маргааны зүйл болох 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөрийн талаар дүгнэлт хийсэн ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Хуулийн хүчин төгөлдөр бус болсон магадлалын үндэслэх боломжгүй.

2020 оны магадлал хуулийн хүчин төгөлдөр бус бөгөөд нэхэмжлэгч нь анх удаа 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлээр зөвхөн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг нэхэмжлэл 2022 онд шийдвэрлэгдэн дуусгавар болсон.

4.2. 2022 онд гарсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд бэлэглэлийн гэрээг татвар өндөр төлөхөөс зайлсхийж халхавчилж хийсэн хэлцэл мөн тул хуулийн хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчинтэй бөгөөд энэ талаар хэргийг оролцогчид маргаагүй учир хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавраар талууд өгсөн авснаа буцаах боломжгүй байна гэж дүгнэжээ. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өмнө зөвхөн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэсэн, худалдах-худалдан авах гэрээний талаар хэн ч маргаагүй.

Иймд худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгчид байгаа гэж үзэж байгаа тул шийдвэрийн хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Урьд нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн магадлалд худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд бэлэглэлийн гэрээ хүчингүй талаар дүгнэсэн. Худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөл шилжиж, төлбөр төлөгдсөн

Иймд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн боловч хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагчГ-ад холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцны СӨХ-ны болон ус, дулааны төлбөр 7,060,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх А-, Б- болонГ-а нарын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2022/00614 дугаар магадлалаар тогтоосон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2022/00614 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/00422 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дараах үйл баримтыг тогтоожээ. Үүнд:

3.1.1. А-, Б- болонГ-а нар нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, А-, Б- нар нь Баянгол дүүрэг, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар хороо, 6-Б дугаар байрны 29 тоот, 50 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөрГ-ад худалдах,

мөн А-, Б- болонГ-а нар нь 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, дээрх орон сууцыг хариу төлбөргүйгээрГ-ад бэлэглэхээр тус тус тохиролцсон.

3.1.2. Бэлэглэлийн гэрээ нь татвараас зайлсхийх зорилгоор худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн, бодит байдалд бэлэглэлийн гэрээ буюу орон сууцыг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн харилцаа үүсээгүй.

Талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээг халхавчилсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хариу төлбөрийн үнийн дүнг халхавчилсан агуулгатай гэрээ талуудын хооронд байгуулагдсан тохиолдолд бэлэглэлийн буюу хариу төлбөргүй гэх хэсгээр уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

3.1.3. Халхавчлагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх болон мөнгөн хөрөнгө харилцан шилжсэн байх тул орон сууцыг улсын бүртгэлээр шилжүүлж үүрэг дуусгавар болсон.Г-аас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар орон сууцыг буцаан шаардах эрх үүсэхгүй гэжээ.

 

4. Ийнхүү дээрх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 210/МА2022/00614 дугаар магадлалаар А-, Б- болонГ-а нарын байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ний дагууГ-ад өмчлөх эрх хуульд зааснаар үүссэн, нэхэмжлэгч нар нь хариуцагчаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар орон сууцыг буцаан шаардах эрхгүйг нэгэнт тогтоосон байна.

 

4.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан тул хариуцагчГ-ад холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан авах тухай нэхэмжлэгч А-, Б- нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

 

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан оныг 2020 гэж бичиж техникийн алдаа гаргасан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох агуулгагүй тул үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхих үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

5.1. Анхан шатны шүүх Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6б байрны 29 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 50 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчГ-а болохыг зөв тогтоож, А-, Б- нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна. Энэ талаар зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.

ХариуцагчГ-а нь шийдвэрийн орон сууцны СӨХ-ны болон ус, дулааны төлбөр 7,060,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй тул үүнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчГ-ад холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч А-, Б- нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 198,104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А-, Б- нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгчдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 728,450 төгрөгийг улсын орлогоос буцааж гаргуулан А-, Б- нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ