Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1343

 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03886 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Янжинсүрэнд холбогдох

Үүргийн гүйцэтгэлд 364 184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Г.Янжинсүрэнгийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах

Хариуцагч Г.Янжинсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Улаанбаатарцахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэглэгч Г.Янжинсүрэн нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжав, 99 дүгээр байр, 21 тоотод оршин суудаг бөгөөд 2014 оноос 2016 онуудад хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлбөр  хуримтлагдан 364 184 төгрөгийн авлага үүссэн. Г.Янжинсүрэн ХТП-490 дэд станцаас хэрэглэгчийн 3021029 кодоор 264915 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Г.Янжинсүрэнд хэрэглэсэн цахилгааны төлбөр  364 184 төгрөгийн авлагыг  төлөхийг шаардаж,  мэдэгдэл удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлөөгүй. Иймд 364 184 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Янжинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйлчилгээний талаар тус байгууллагын удирдлагад хандан хэд хэдэн удаа санал хүсэлт тавьж байсан ч дээрх асуудлыг хүлээж аваагүй тул арга буюу Мэргэжлийн хяналтын байгууллага болон Эрчим хүчний сайдад хандан 2 удаа шалгуулсан билээ. Тус байгууллагын үйл ажиллагаанд дараах зөрчлүүд газар авсан боловч үе үеийн удирдлагын түвшинд байнга тавьж шийдвэрлүүлэхээр 2007 оноос хойш хэд хэдэн удаа хандсан боловч хэзээ ч засдаггүй, хэрэглэгчийн тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй. Тус төвийн борлулалтын албан ажилтанууд айл өрхийн цахилгааны төлбөрийг бичихдээ заримд сард тоолуурын заалт үндэслэн тооцдоггүй, тооцооны хуудас нэхэмжлэлийн дүн зөрүүтэй, санхүү нь хянадаггүй, цахилгааны төлбөрийг өмнөх сарын дунджаар жишиг болгон бичдэг, тоолуурын хэмжилт шалгалт хийдэггүй, дур мэдэн сольдог, хэрэглэгчээс илүү төлбөр авдаг. Айл өрхийн цахилгааны төлбөрийг дараа сарын 10-наар тасалбар болгон тооцоо хийдэг боловч бичилт хийхдээ өмнөх тасалбар болгосон хугацааг 1-2 хоногоор урагшлуулж бичдэг. Тухайн сарын цахилгааны тооцооны баримтыг хэрэглэгчдэд өгдөггүй, тоолуурын заалтыг тухайн хэрэглэгчдэд харуулалгүйгээр гаднаас бичилт хийдэг, тооцооны дэвтэрт бичиж хэрэглэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаггүй, зөвхөн харилцагч банкинд төлбөрийн нэхэмжлэлийг өгдөг боловч тооцооны хуудсанд цахилгааны заалтыг тогтмол бичдэггүй, бичигдсэн хуудасны заалт нь тохирдоггүй зэрэг дутагдлыг хавсаргасан баримтаас тодорхой харж болно. Мөн үнэ нэмэгдсэнийг хэрэглэгчдэд мэдэгдэж гэрээнд өөрчлөлт хийдэггүй нь 2007-2014 оны тооцоо хийсэн баримтаас харагдаж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч шалгаж Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-т заасныг зөрчиж тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгаагүй, тоолуурын холболт салсан байхад улсын баталгаатай хэвийн ажиллагаатай тоолуурыг гацаатай гэж дүгнэн 5 сарын турш тоолуурын заалтаар тооцоо хийгээгүй, задгайгаар бичилт хийсэн зэргээр хууль тогтоомжийг зөрчсөн байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Баянгол дүүргийн эрчим хүчний хэрэглэгчид үйлчлэх төвийн оршин суугчдаас эрх зүйн үндэслэл, тооцоогүй хууль бусаар төлбөрийг нэмэгдүүлэн авч байгаа, тоолуурын заалт бичиж иргэдээр гарын үсэг баталгаажуулдаггүй, дуртай цагтаа задгайгаар бичдэг, айлуудын тог цахилгааныг хооронд нь гүйлгэн холболт хийдэг зөрчил давтагдсаар байхад арга хэмжээ авч гэмтлийн шалтгааныг тогтоож чаддаггүй мэргэжлийн чадваргүй баг иргэдэд үйлчилж байна. Иймд дээрх төлбөрийг төлөхгүй гэжээ. Дээрх шалтгааны улмаас нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Янжинсүрэнгээс 364 184 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 11 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Янжинсүрэнгээс 11 575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч Г.Янжинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын албаны ажилтнууд айл өрхийн цахилгааны төлбөрийг бичихдээ зарим сард тоолуурын заалт үндэслэн тооцдоггүй, тооцооны хуудас нэхэмжлэлийн дүн зөрүүтэй, санхүү нь хянадаггүй, цахилгааны төлбөрийг өмнөх сарын дунджаар жишиг болгон бичдэг, тоолуурын хэмжилт шалгалт хийдэггүй, дур мэдэн сольдог, хэрэглэгчээс илүү төлбөр авдаг, айлын гаднаас тог тасалдаг, зарим айлуудын цахилгааны үзүүрийг нөгөө айлынх нь тоолуурт холбодог, зэрэг хууль бус үйлдлийн улмаас үүссэн төлбөр бөгөөд үүнийг төлөх эрх зүйн үндэслэлгүй байгааг шүүхэд тайлбар, нотлох баримтаар өгсөн. Хариуцагчийн зүгээс 2015 оны 04  дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 364 184 төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр төлбөрийг нэхэмжилсэн боловч холбогдох тооцооны баримтыг зохих журмын дагуу баталгаажуулаагүй, төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, давж заалдах, шүүхэд өгсөн нэхэмжлэлд хариуцагчаар оролцох итгэмжлэлийг тус төвийн менежер Г.Доржсүрэнд олгосон итгэмжлэлийн хуулийн хугацаа дууссан байхад шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн боловч Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааны зөрчлийн талаарх тайлбар, илүү тооцсон төлбөрийн тооцоог холбогдох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн байхад уг баримтыг шинжилж үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29 –ний өдөр хүртэлх хугацаанд төлөөгүй гэх төлбөрийн үндэслэл нь Цахилгааны төлбөрийг байнга илүү бичиж тооцоог будлиантуулсанаас 2008-2009 онд үүссэн төлбөрийн зөрүү болох 58 586 төгрөг, тоолуургүй хэрэглээ гэж нэмж бичсэн 41 370 төгрөг 2008 онд илүү тооцсон 8 311 төгрөг, 2009 оны 06 сарын 30-нд заалтгүй нэмж бичсэн 25 186 төгрөг, 2011 оны 11, 2012 оны 10,11,12, 2013 оны 01 дүгээр саруудын төлбөрийг тоолуурын заалт бичилгүйгээр задгайгаар бичилт хийж нийт 97 542 төгрөг бүгд 230 995 төгрөгийг хууль бусаар авсан асуудлын төлбөр тооцооны үндэслэлийг шалган тогтоолгохоор ЭХЯ-нд хандсан асуудлыг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн үлдэгдэл тооцоогоо баталгаажуулахын тулд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, 89993623 тоот утсаар үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдсэн мессеж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн боловч энэ баримтыг банкинд байршуулсан тооцооны үндсэн баримт болон хэрэглэгчийн утсанд ирсэн баталгаатай мэдээлэлтэй тулган шалгаагүй. Хэрэгт авагдсан төлбөр тооцооны баримт нь тухайн хэрэглэгчийн банкны дансны хуулга болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн санхүүгээр хянагдаж баталгаажсан, байгууллагын тамга тэмдэг, гарын үсэг бүхий хүчин төгөлдөр баримтаар нотлогдсон байхыг анхаараагүй. ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад хэргийг шийдвэрлэх үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт "Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Айл өрхийн цахилгааны төлбөрийг дараа сарын 10-наар тасалбар болгон тооцоо хийдэг боловч бичилт хийхдээ емнөх тасалбар болгосон хугацааг 1-2 хоногоор урагшлуулж бичдэг. Баянгол ХҮТөв банк хоорондын ажлын уялдаа холбоо муугаас болж төлбөрийн баримтыг хэрэглэгчид бүрэн өгдөггүй, мөнгийг илүү дутуу авдаг зөрчил cap бүр давтагдсаар байна. Мөн ЭХЗГ-с үнэ нэмэгдсэнийг хэрэглэгчид, мэдэгдэж гэрээнд өөрчлөлт хийдэггүй нь 2007-2014 оны тооцоо хийсэн баримтаас харагдаж байна. Тухайн сарын цахилгааны тооцооны баримтыг хэрэглэгчид өгдөггүй, тоолуурын заалтыг тухайн хэрэглэгчид харуулалгүйгээр гаднаас бичилт хийдэг, тооцооны дэвтэрт бичиж хэрэглэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаггүй, зөвхөн харилцагч банкинд төлбөрийн нэхэмжлэлийг өгдөг боловч тооцооны хуудсанд цахилгааны заалтыг тогтмол бичдэггүй, бичигдсэн хуудасны заалт нь тохирдоггүй зэрэг дутагдлыг хавсаргасан баримтаас тодорхой харж болно.    Айл өрхийн цахилгааны төлбөрийг тухайн сард нь тоолуурын заалт үндэслэн тооцдоггүй, өмнөх сарын дунджийг баримтлан задгайгаар бичдэг, түүнийгээ дараа нь программд шивж оруулдаг. Төлбөрийн зөрүү гарсан нөхцөлд тоолуурын заалтгүйгээр нэмэлт гэж бичдэг төдийгүй тухайн сард тооцоогүй цахилгааны суурь үнэ, төлбөр зэргийг НӨАТ-тай дүнгээр нөхөж тооцоонд оруулдаг. Тухайлбал 2012 оны 9, 10, 11 дүгээр сард 3 350 төгрөгийг 11 дүгээр сард тооцоонд нэмж оруулсан байна. Баримтын үнийг 50 100 150 төгрөг, цахилгааны суурь үнийг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж дур мэдэн тооцоонд оруулдаг боловч айл өрхөд тооцооны хуудсыг өгдөггүй. Тоолуургүй хэрэглээ гэж 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 7 980 төгрөг, 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 38 390 төгрөг, бүгд 41 370 төгрөг бичсэн ба энэ хугацаанд сарын дундаж хэрэглээ 164-373 к.вт байсан тоолуурын заалтгүй үед 310-346 к.втыг задгайгаар авсан боловч үүнээс хойш цахилгааны зарцуулалт 2013 оны 02 дугаар сараас хойш 510-543 к.вт болтлоо огцом өссөн. Тоолуурын хэмжин шалгалт хийдэггүй атлаа 2012 онд 2,3,4,6,10 дугаао хорооллын хэрэглэгчдийн 1 фазын механик тоолуурт баталгаажуулалт хийх график" гэсэн хэн баталсан нь тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтны баталсан шийдвэр, тамга, тэмдэг гарын үсэггүй, хэдий хугацаанд хэрхэн яаж баталгаажуулсан, эсэх нь тодорхойгүй, баримтыг шүүхэд гаргаж өгчээ. 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай хэрэглэж байсан 53 7061 гэсэн дугаар бүхий 9778-10029 к.вт гүйсэн тоолуурыг 1937047 гэсэн дугаар бүхий 8460-8733 к.вт гүйлттэй тоолуураар сольж тавьсан боловч холбогдох бичиг баримтыг өгөөгүй, баталгаажуулалтын гэрчилгээ байдаггүй, тоолуур сольсон талаар хэрэглэгчид мэдэгдээгүй. Энэ тоолуурыг стандарчлал хэмжил зүйн газрын улсын шалгагчаар шалгуулж гаргасан актад: Тоолуур нь 2012 оны лацтай, алдаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна гэж дүгнэсэн. Гэтэл 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хойш 1937047 гэсэн дугаар бүхий 8460-8733 к.вт гүйлттэй тоолуурыг ашиглаж байсан ба тоолуур хэвийн ажиллагаатай байхад 2011 оны 11, 2012 оны 10,11,12, 2013 оны 01 дүгээр саруудын төлбөрийг тоолуурын заалт бичилгүйгээр задгайгаар бичилт хийж нийт 97 542 төгрөгийг хууль бусаар авсан ба задгай бичсэн цахилгааны төлбөрийг өмнөх тоолууртай саруудын дундажтай харьцуулж үзэхэд 100-233 к.вт-аар нэмэгдүүлж бичсэн байсан. 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тоолуургүй нөхөн тооцоо гэж 38 390 төгрөгийг нэмж бичсэн төдийгүй, 2013 оны 02 дугаар сараас 2012 оны 10 дугаар сард 00 клем салсан гэх тоолуурын заалтыг үндэслэн тооцоо хийхдээ тоолуурын заалт 1096 гэж дууссан байхад 1606-2120 гэж бичиж 48 650 төгрөгийн нэхэмжлэлийг банкинд байршуулсан боловч дараагийн сард буюу 2013 оны 03 дугаар сард мөн л энэ 1606-2120 квт гэж бичиж 48 650 төгрөгийг давхардуулж авсан. Үүнийгээ 3 сарын төлбөр гэж тайлбалаж байгаа боловч энэ нь өмнөх сарынхтай харьцуулахад 4 к.вт буюу 3 786 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ мэт төлбөрийн хуудсыг давхардуулж бичсэн, дутагдал үүгээр ч зогсохгүй 2008 оны 02 дугаар сараас 6,7, 9,10 дугаар cap, 2009 оны 3,4,9 дүгээр cap, 2010 оны 5,6 дугаар саруудад байгаа нь баримтаар нотлогдож байна. Иймд дээрх зөрчил дутагдлыг шалган тогтоож хэмжин шалгалт хийж өгөхийг хүсч Баянгол Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргад хандсан боловч энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргаж шалгуулсан болно. Миний энэ хүсэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хэмжилзүйн хяналтын улсын байцаагч шалгаж Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-т заасныг зөрчиж тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж зөрчил дутагдлыг арилгаагүй, тоолуурын холболт салсан байхад улсын баталгаатай хэвийн ажиллагаатай тоолуурыг гацаатай гэж дүгнэн 5 сарын турш тоолуурын заалтаар тооцоо хийгээгүй, задгайгаар бичилт хийсэн зэргээр хууль тогтоомжийг зөрчсөн байна" гэсэн дүгнэлтийг гаргасан. НМХГазраас төлбөр тооцоотой холбогдох асуудлыг удирдах дээд байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсний дагуу Эрчим хүчний яаманд хандан энэ асуудлыг тавьж шалгуулсан боловч системдээ байгаа зөрчил дутагдлыг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч үнэн байдлыг шалган тогтоогоогүй, зөрчил дутагдалгүй байна гэсэн дүгнэлт гаргасан хариу ирүүлсэн. ЭХЯ-наас тоолуур солих ажлыг 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Монтёр Г.Сутайхүү сольсон ба энэ хүн ажлын хариуцлага алдаж тоолуурын гэрчилгээг хэрэглэгчид эсвэл техникчид өгөх ажлыг хангалтгүй хийснээс хэрэглэгчид гэрчилгээг өгөөгүй ба Сутайхүү ажлаасаа халагдсан учраас олох боломжгүй болсон гэсэн дүгнэлт гаргасан боловч асуудлыг тодруулж шалгаагүй. Энэ бүх зөрчил гараад өнгөрсний дараа манай тоолуурыг авч явж шалгаж үзээд ямар нэг зөрчил байхгүй байна гэсэн боловч 11 дүгээр сард манай тоолуурыг дахин гацаасан байсан.

            Эрчим хүчний сайдын нэр дээр бичсэн өргөдлийн хариуг авах талаар сайдын туслахтай 2-3 удаа холбогдож ярьсан боловч энэ асуудлыг хэн авсаныг мэдэх хүн байхгүй байна. Тодруулаад хариу өгье гэсэн боловч дараагийн шүүх хурлаас өмнө хариу ирүүлээгүй тул ЭХЯ-нд очсон. Энэ талаар шүүгчийн туслахтай холбогдож мэдэгдэхээр 2016 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдөр 261697, 89993623 тоот утсаар хэд, хэдэн удаа залгасан боловч холбогдох боломжгүй байсан ба 40 минут хурлаас хоцорч ирсэний улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Иймд анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Г.Янжинсүрэнд холбогдуулан цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 364 184 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч цахилгаан хэрэглээгүй байхад төлбөрийг задгайгаар тооцож нэхэмжлэх үндэслэлгүй гэж маргасан байна.

Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 99 дүгээр байрны 21 тоот орон сууц нь хариуцагч Г.Янжинсүрэн өмчлөлийнх болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч Г.Янжинсүрэн нь Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн 3021029 дугаар гэрээний бүртгэлийн дагуу цахилгаан ашигласны төлбөрт 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдэлд 364 184 төгрөг төлөөгүй болох нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, хариуцагчийн эзэмшлийн 89993628 дугаар утсаар “Үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдсэн” мессежүүд, зохигчдын тайлбар зэрэг хэргийн баримтаар тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Янжинсүрэнгээс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн эрчим хүч ашигласны төлбөр 364 184 төгрөгийг шаардах эрхтэй юм.

Хариуцагч Г.Янжинсүрэн нь “...цахилгааныг хэрэглээгүй, төлбөрийн тооцоог буруу гарсан гэж маргаж байгаа боловч энэ тайлбараа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар гаргаагүй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь зөрчил дутагдал удаа дараа гаргасан талаар тайлбарлаж байх бөгөөд уг нөхцөл байдал нь хариуцагчийг хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан тул шүүх хэргийн оролцогч шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар дээрх ажиллагааг хийх эрхгүй юм.

Иймд хариуцагч Г.Янжинсүрэнгийн гаргасан “шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах ажиллагааг хийхгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03886 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Янжинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Янжинсүрэнгийн төлсөн 11 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                      ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ 

                                                                                                            Ш.ОЮУНХАНД