Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 182/2016/01313/и |
Дугаар | 001/ХТ2017/00718 |
Огноо | 2017-06-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2017/00718
Ш.Болорбаатарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01224 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 514 дүгээр магадлал,
Нэхэмжлэгч : Ш.Болорбаатар,
Хариуцагч : Д.Ангар,
Нэхэмжлэлийн шаардлага : 3 сая төгрөг гаргуулах тухай
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч өмгөөлөгч Л.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Болорбаатар нь 2016.8.16-ны өдөр Д.Ангарт 3 сая төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг тус өдөр өөрийн эхнэр Бурмаагийн ХААН банкны данснаас Д.Ангарын данс руу шилжүүлсэн. Д.Ангар нь мөнгө авахдаа 7 хоногийн дараа мөнгө орж ирнэ, яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн тул мөнгө өгсөн байдаг. Иймд Д.Ангараас 3 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Д.Ангар миний бие Ш.Болорбаатараас ямар нэгэн зээл аваагүй. Ж.Гансүх нь Ш.Болорбаатараас мөнгө авахдаа миний дансаар шилжүүлж авсан. Ш.Болорбаатар зээлүүлсэн мөнгөө авъя гэхээр нь би Ж.Гансүхэд хэлсэн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ мөнгийг би авч ашиглаагүй тул өгөх боломжгүй. Уг мөнгийг би авч ашиглаагүй, Ж.Гансүхэд өгсөн. Ж.Гансүхийг мөнгийг авсан.Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01224 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ангараас 3 сая төгрөг гаргуулж Ш.Болорбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 63.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Ангараас улсын тэмдэгтийн хураамжид 63.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Ангар нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 514 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчтэй амаар болон бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. Мөнгө зээлээч, удахгүй өгнө гэж хэлж байсан удаагүй. Иргэний хуулийн 218.1-т заасан үндэслэл байхгүй. Ж.Ганхүсэд өгөх ёстой байсан ковшиний үнийг хариуцагчийн дансаар дамжуулан авсан байдаг. Энэ мөнгийг н.Бурмаад гэдэг хүн Д.Ангарт өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ш.Болорбаатар Д.Ангараас 3 сая төгрөг шаардахдаа “...2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эхнэрийн дансаар шилжүүлэн хариуцагчид 3 сая төгрөг зээлүүлсэн боловч мөнгийг буцааж төлөөгүй...” гэсэн үндэслэл заасан байна.
Д.Ангар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...миний харилцах дансаар Ж.Гансүх нь Ш.Болорбаатраас мөнгө зээлсэн... мөнгийг би ашиглаагүй...” гэжээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Ш.Болорбаатар нь 3 сая төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь тогтоогдсон, мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгөх талаар нэхэмжлэгч нь Ж.Гансүхтэй биш, харин Д.Ангартай тохиролцсон болохыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Хоёр шатны шүүх Ш.Болорбаатрын нэхэмжлэлтэй Д.Ангарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01224 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 514 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 63.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ