Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 221/2019/0028/з |
Дугаар | 221/МА2019/0228 |
Огноо | 2019-04-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2019/0228
“И М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0167 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “И М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0167 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И М т” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал О.Хулангаас гаргасан, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х давж заалдах гомдолдоо: “...О.Х нь ...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадалгаатай байсан, энэ тухай баримтаа шүүхэд гаргаж өгсөн байтал шүүхээс ...нотлох баримтыг буруугаар үнэлсэн. ...хуульд зааснаар мэдэгдлийг манай компанийн албан ёсны хаягаар ирүүлээгүй гэх үндэслэлийг тавьдаг бөгөөд үүнийг хариуцагч байгууллага ч хүлээн зөвшөөрдөг, нотлох баримтаар нотлогдож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг илт зөрчигдсөн байхад шүүхээс энэхүү заалтыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үндэслэл болохгүй гэж байгаа нь үндэслэлгүй уг хуулийн заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл дээрх мэдэгдэл нь нэг талаас тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж гэж байгаа этгээдэд цуцлагдах үндэслэлээ арилгах боломж, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт зориг байгаа эсэхийг тогтоох, нөгөө талаас төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг шууд цуцлах бус цуцлагдах үндэслэлийг арилгах арга хэмжээ авахыг хууль тогтоогч дээрх заалтаар олгосон.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан ...үйл ажиллагааны зарчим нь ямар нэг байдлаар үгүйсгэгдэх, хийхгүй байх үндэслэл энэ тохиолдолд байхгүй байсан бөгөөд маргаж буй захиргааны актын хууль ёсны байх нэг үндэслэл уг зарчмыг баримталсан байдлаас шууд харагдах ёстой бөгөөд үүнийг анхааралгүйгээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь нэхэмжлэгч компанийн олон жилийн зардал мөнгө, цаг хугацаа гарган байж бий болгосон үр дүнг үгүйсгэсэн, хэтэрхий харамсалтай зүйл гэж үзэж байна.
..хэрэв хариуцагч байгууллага мэдэгдлийг зохих ёсоор нэхэмжлэгчид хүргүүлж, түүнийг хүлээн авсан нэхэмжлэгч хүндэтгэх шалтгаантай байсан баримтуудаа хавсарган төлбөрөө төлөн хүргүүлсэн тохиолдолд заавал шүүхтэй адилхан шийдвэр гаргах байсан гэдэг нь эргэлзээтэй бөгөөд үүнээс үүсэх үр дагавар нь нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхээ хадгалж үлдэх боломжоос илүү байсан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” үндэслэлээр “И М т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч, “...уг шийдвэрийг гаргахдаа манай компанид мэдэгдээгүй, өөрсдийн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтын хамт хуульд заасан хугацаанд багтааж төлбөрөө хийх, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хадгалахыг хүсэж хүсэлтээ гаргах боломжийг олгоогүй..., манай компани нь 1 гишүүнтэй бөгөөд захирал О.Х миний бие дээрх тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг хуулийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр тархиндаа гэмтэл авсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “И М т” ХХК нь ашигт малтмал ашиглах эрхийн .... дугаар тусгай зөвшөөрлийнхөө 2 дахь жилийн төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлөх ёстой боловч төлөөгүй, харин хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7/5410 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7217 дугаар мэдэгдлүүдийг нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 10 дугаар байрны 76 тоот” гэх хаягаар хүргүүлэх ёстой атал 11 дүгээр хорооллыг 10 дугаар хороолол гэж буруу хаягаар явуулсан, нэхэмжлэгчид уг мэдэгдэл хүргэгдээгүй үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар зааснаас үзвэл хэтэрсэн хоногийн алданги төлөх, 30-аас илүү хоног хэтрүүлээгүй бол тусгай зөвшөөрөл нь цуцлагдахгүй байх, хэрэв хэтрүүлсэн хоногийн алдангийг төлөөгүй, төлбөр, алдангийг бүрэн төлөөгүй, эсвэл хэтэрсэн хоног 30-аас дээш бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.
Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс “цуцлагдах” үндэслэл бүрдэж байгааг болон хуульд заасан боломжит хугацааны алдангийг төлж тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангах боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан хугацаанд заавал мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “мэдэгдэл”-д заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол төлбөрийн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлж, “мэдэгдэл”-ийн үндэслэлийг хянуулах боломжтойг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, “мэдэгдэх үйл ажиллагаа”-ны зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс захиргааны байгууллагын шийдвэрийн эсрэг тайлбар, нотлох баримтаа гаргах, захиргаа түүнийг хянаж үзсэнээр тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл хүчингүй болгох эсэхээ шийдвэрлэхэд чиглэгддэг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид ямар шалтгаанаар хугацаанд нь төлбөрөө төлөөгүй болох, хуульд заасан хугацаа хожимдуулан төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгох учиртай.
Хэдийгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч хариуцагчаас дээрх хуульд заасны дагуу “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс цуцлагдах үндэслэл бүрдэж байгаа” талаарх мэдэгдлийг буруу хаягаар хүргүүлж, нэхэмжлэгчид уг мэдэгдэл хүргэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг түүнд олгоогүй гэдгийг мэдсээр атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан нь захиргааны акт хууль бус, хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.
Учир нь, нэхэмжлэгч нь хайгуулын XV-018031 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий 1754.99 гектар талбайд шаардагдах хөрөнгө оруулалт хийж, зардал гарган тодорхой хэсэгт нөөц илрүүлснээр 144.43 гектар талбайд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2047 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаагаар эзэмших эрхтэй болсноор мөн өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөр төлжээ. Уг талбайд 163.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ХХ-06-03 дугаар дүгнэлт гаргуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн, мөн дээрх хайгуулын XV-018031 дүгээр тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө цаашид эзэмших, үйл ажиллагаа явуулах хүсэл зориг хангалттай илэрхий байгаа зэргийг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “И М т” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрөө алдангийн хамт төлсөн, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И М т” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрийн “И М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН