Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 12

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэндагвын нэхэмжлэлтэй 
Хариуцагч:  Архангай аймгийн Улсын  бүртгэлийн хэлтэст холбогдох 
Нямгэрэлийг Бүүвэйд үрчлэгдсэнийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Вандансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бүүвэйн Баярцэцэг нь 2000 онд Нямгэрэлийг төрүүлсэн ба тухайн үед оюутан байсан тул өвөө Ө.Бүүвэй, эмээ С.Намжилмаа нар нь Нямгэрэлийг үрчлэн авсан. Үрчлэлтийг тухай үеийн иргэний бүртгэлийн ажилтан Б.Эрдэнэбаатараар хийлгэж үрчлэлтийн гэрчилгээ авсан. Үүнээс хойш Бүүвэйн Нямгэрэл нь сургуульд орж бүх бичиг баримт болон хүүхдийн мөнгийг нь Бүүвэй овогтой Нямгэрэлээр авч байсан.
 Гэтэл 2016 оны эхээр иргэний бүртгэлийн үндсэн санд овгийн зөрүү гарлаа гэхээр нь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээр хянуултал зөрчилтэй байна тухай үед хаатр бичигдээгүй захирамж гараагүй байна гэсэн. Б.Нямгэрэлийн бүх бичиг баримт нь өвөө Бүүвэйгээр овоглож ирсэн, одоо Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, үрчлэлтийг бүртгээгүйн улмаас элсэлтийн шалгалт өгөх, иргэний үнэмлэх авах боломжгүй болж байна. Иймд Бүүвэйн Нямгэрэлийн үрчлэлтийг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Вандансүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Иргэн Ц.Намжилмаагаас Улсын бүртгэлийн хэлтэст үрчлэлтийг бүртгээгүй байна гэсэн гомдлыг ирүүлсэн.
Хяналтын улсын байцаагч Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум дүүргийн засаг даргад хүүхэд үрчлэн авах хүсэлтээ гаргана...55.7-д Сум дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана...55.8-д хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн Б.Нямгэрэлийг үрчилсэн тухай Жаргалант сумын засаг даргын шийдвэрийг архивт үзэхэд байхгүй байсан.
Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Гэр бүлийн байдлын, хүн ам өрхийн, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспортын, шилжилт хөдөлгөөний болон гадаадын иргэний бүртгэлийг бүртгэлийн дэвтэр болон маягтанд шаардлагатай бичилт хийж, түүний үндсэн дээр холбогдох үнэмлэх, гэрчилгээ, лавлагааг олгох замаар хөтлөнө гэж заасны дагуу архивын баримт шүүхэд бүртгэлийн дэвтэр, ХААТР маягтууд олдоогүй тул нотлох баримтгүйн улмаас шийдвэрлэх боломжгүй гэж үзэн иргэний өргөдлийг буцаасан. 
Иймд иргэн Д.Цэрэндагваас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

    Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагва Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Нямгэрэлийг Бүүвэйд үрчлэгдсэнийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. /х.х-н 1/

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.1, 12 дугаар зүйлийн 12.2, 12.9 дэх хэсэгт зааснаар Бүүвэйн Баярцэцэг нь 2000 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын хүн эмнэлэгт Б.Нямгэрэлийг төрүүлснийг сумын улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан баримт бичгийг үндэслэн 2000 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, 120 дугаартай гэрчилгээ олгосон байна.  /х.х-н 3, 4, 20, 42-44, 66-67/ 

    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д зааснаар “ үнэн зөв, заавал биелүүлэх шинжтэй байх бөгөөд иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж... хуульд заасан журмын дагуу хөтлөх...” ; Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хамгаалах...” үндсэн зарчмыг баримтлах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. 

Учир нь: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Хүн ам зүйн ажилтан Д.Эрдэнэбаатарт тус сумын иргэний бүртгэлийн ажилтны ажлыг 2002 онд хавсран гүйцэтгэж байх үед нь иргэн Ө.Бүүвэй, С.Намжилмаа нар өөрсдийн төрсөн охин болох Баярцэцэгийн охин /зээ/ Нямгэрэлийг 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үрчилж авахаар өргөдөл, хүсэлтээ   өгчээ. /34-35/

Үүний дагуу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт зааснаар  “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн .. алба, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, .. энэ хуулийн 16.2, 16.5-д заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно. ...Хүүхэд үрчлүүлсний гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана... гэж заасны дагуу Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан тухайн ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан Д.Эрдэнэбаатар нь Шорх овгийн Бүүвэйн Нямгэрэлд РД:АВ00272305 дугаар бүхий регистртэй, № 120/2 үрчлэлтийн гэрчилгээг олгожээ. /х.х-н 3, 36-39/

Улмаар Архангай аймгийн Жаргалант сумын иргэний бүртгэлийн ажилтны хууль бус үйл ажиллагаанаас болж 2000 оны 7 дугаар сарын 23-нд төрсөн Нямгэрэлийг  өвөө /эцэг/ Ө.Бүүвэй, эмээ /эх/ С.Намжилмаа нарт 2002 оны 2 дугаар сарын 26-нд үрчлүүлсэн бүртгэлийг иргэний мэдээллийн санд оруулаагүй, холбогдох баримт бичгийг нягтлан шалгалгүйгээр /тухайн сумын Засаг даргын захирамж/ Иргэний гэр бүлийн үрчлэлтийн 120/2 дугаартай төрсний гэрчилгээг 2002 оны 02 дугаар сарын 26-нд олгосон нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  5 дугаар зүйлийн 5.3.6, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Б.Нямгэрэл нь тус аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд 2007 оны 9 дүгээр сарын 01-нд элсэн орж, 201501864 дугаартай суурь боловсролын гэрчилгээтэй  IX дүгээр ангиа 2015 оны 06 дугаар сарын 08-нд төгссөн, одоо XI ангиад суралцаж байгаа бөгөөд, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас олгох “Хүүхэд-хөгжил” 0243500 дугаартай дэвтэр, Хүний хөгжил сангийн 2384101 дугаартай дэвтэр, 0103016 дугаартай Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг Бүүвэй овогтой Нямгэрэл эзэмшиж, цаг тухайд тэтгэмжийг авч, эрүүл мэндээ хамгаалуулж байсан байна. /х.х-н 5-12, 17, 39, 79-81/

Иймд Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “ Журам батлах тухай” А/193 дугаар тушаалын хавсралт “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын Зургаа. Үрчилсний бүртгэл хөтлөх 6.7-д “...Үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө хүүхдийн төрсний гэрчилгээг хүчингүй болгон үрчилсний бүртгэлийн нотлох баримтад хавсаргах ба хүүхдэд шинээр олгох төрсний гэрчилгээнд үрчилсний бүртгэлийн дугаарыг тэмдэглэхгүй...”, 
Арван дөрөв. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бусад бүртгэлийг нөхөн бүртгэх 14.4-д “...Улсын бүртгэлийн төв архив болон төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын Иргэний баримтын архивт эх нотлох баримт бичиг, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэнэ...”,
Арван тав. Иргэний улсын бүртгэл болон иргэний баримт бичгийн мэдээлэлд өөрчлөлт, залруулга хийх 15.2.-д  “...Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгжийн улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.15, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд дараах өөрчлөлт, залруулгыг хийнэ. 15.2.1.ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийн үсэг зөрсөн буюу алдаатай;...” гэж заасан болон Улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч Нямгэрэлийг /Бүүвэйд/ үрчилснийг гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэний бүртгэлд хийсэн /төрснийг бүртгэсэн/ бичилтийг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Үрчилж авсан эцэг болох Ө.Бүүвэй нь 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйл. Асран хамгаалах, харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох, 73.2. Дараахь тохиолдолд асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болно...73.2.6.асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл асрамж, дэмжлэгт байгаа хүн сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, нас барсан...” зааснаар үрчлэн авсан эцэг болох Ө.Бүүвэй нь нас барсан тул тус хуулийн 59 дүгээр зүйл. Үрчлэгдсэн хүүхэд, үрчлэн авсан эцэг, эхийн эрх, үүрэг 59.4.-т “...Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах эрхээ хэвээр эдэлнэ..” гэснээр 7037 дугаартай хувийн хэргийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг Бүүвэй овогтой Нямгэрэл нь авч байгаа, үрчилж авсан ээж /эмээ/ С.Намжилмаатайгаа 2000 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болохыг дурдах нь зүйтэй. /х.х-н 19, 74-75, 77/

Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 120/2 дугаартай төрсний гэрчилгээг хүчингүй болгох тухай хүсэлт, гомдол гаргаж байгаагүй, бөгөөд Б.Нямгэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27, 28 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүхэд төлөөлүүлэх бүрэн эрхийг Д.Цэрэндагвад итгэмжлэл олгосон болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                
ТОГТООХ нь:

     1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нямгэрэлийг Бүүвэйд үрчлэгдсэнийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагвад олгосугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОДОНТУЯА