Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0258/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    М.Долгоржав,

Улсын яллагч                                                  Я.Сансар,

Шүүгдэгч                                                          Ч.О. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О.т холбогдох 1839000000272 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх Ч.О. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.О. нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадаа иргэн Д.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.О. нь иргэн Д.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадаа танихгүй залууд нүүрэн тус газартаа цохиулсан. Тэр залууд цохиулснаас болж миний дээд талын уруул гэмтэж, эмнэлэг дээр очиж 5 оёдол тавиулсан. Би тэр залууд зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №486 дугаартай: “...Д.Мягмарсүрэнгийн биед дээд уруулын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14 тал/,

Гэрч Э.Ганцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч.О. удалгүй араас нэг залууг дагуулаад ороод ирсэн. Тэгтэл тэр танихгүй намхан бор залуугийн дээд уруулаас нь цус гараад язарсан байсан. Тэгээд юу болсон бэ гэхэд Ч.О. би энэ залууг цохьчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,

Гэрч Д.Цэндготовын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр залуу нь Ч.О.ыг заагаад энэ намайг зодоод миний дээд уруулыг ийм болгосон гэж харуулж байсан. Ч.О. ч гэсэн би энэ залууг цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12 тал/,

Шүүгдэгч Ч.О.ын мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байдаг “Хишиг” баарны гадаа нэг танихгүй залуутай маргалдаж байгаад нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж, дээд уруулыг нь гэмтээсэн нь үнэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.О.ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадаа иргэн Д.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Ч.О.т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Мягмарсүрэн нь “Ч.О.аас эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно” /хх-ийн 54 тал/ гэсэн тул шүүгдэгч Ч.О.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.О.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Отгонбаатарын хувьд үйлдсэн хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй, прокурорын саналыг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ч.О.т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.О.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О.г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.О. нь түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.МӨНХТУЛГА