Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0002/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Х.Биязхан,

Шүүгдэгч                                                                      Б.Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б.д холбогдох 1839004660280 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгонд  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Б. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б. нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн голын хойд талд Ч.Оюун-Эрдэнийн модон эмээлийг хэрэглээд өгье гэж хуурч мэхлэн авч бусдад зарж борлуулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б. нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн голын хойд талд Ч.Оюун-Эрдэнийн модон эмээлийг хэрэглээд өгье гэж хуурч мэхлэн авч бусдад зарж борлуулан залилсан болох нь:

Хохирогч Ч.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх нүүж ирсний маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр манайхаас зүүн тийш холгүй Баярсайхан гэх айл нүүж ирсэн юм. Баярсайхан гэх айлыг хүүлгэж ирсэн миний зүс таних Б.Б. гэх 30 гаруй насны залуу манайхаар орж ирээд хөгшиндөө эмээлээ түр өгчих би хойноос үрээ морио авчраад эмээлийг чинь буцаагаад өгчихье гэж хэлэхээр нь би тэг, тэг гээд өөрийн гуйлан тоногтой хэрэглээний эмээлээ өгсөн юм. Б.Б. надаас авсан эмээлээ мотоцикль дээрээ тавиад аваад явсан. Тэрнээс хойш ирээгүй, эмээл маань сураггүй байсан чинь 2018 оны 8 дугаар сарын дундуур Хэрлэн сумын 5 дугаар баг, “Ар худаг” гэх газар нутаглаж байсан Застав гэх айлын хүүхэд миний гуйлан тоногтой Б.Б.ад өгдөг эмээлийг минь мориндоо тохчихсон явж байсан. Тэгэхээр нь би хүүхдээс эмээл чинь ахынх нь эмээл байна, хэнээс авав гэж асуусан чинь манай аав Б.Б. ахаас авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Заставтай уулзаж өөрийнхөө эмээлийн талаар асуусан чинь Б.Б. надад зарсан юм аа, би нэг хонь, нэг ямаагаар  худалдаж авсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Гэрч Х.Заставын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын эхээр манай худ талын Б.Б. гэх залуу мотоцикльтой манайд ирсэн. Тэгээд мотоциклийнхоо ард нэг эмээл ганзаглачихсан, эмээл зарна шүү гэхээр нь би эмээлийг харахад хэрэглээний модон эмээл байсан. Тэгээд энэ эмээлээ хэдэн төгрөгөөр зарах юм гээд сонирхсон чинь чи өөрөө мэд гэж хэлэхээр нь би хонь, ямаа хоёр өгье гэж хэлсэн. Тэгээд эмээлэн дээр наймаа тохироод хонийг нь Б.Б.ад өгсөн. ...Тэгээд намайг аймгийн наадмаар аймаг дээр явж байхад Б.Б. залгаад ямаагаа авах гэсэн юм гэхээр нь чи Арын худагт байгаа манай ахынхаас очоод авчих гэж хэлсэн. Тэгээд Б.Б. манай ахынхаас ямаагаа очиж аваад явсан гэсэн. Тэгсэн Б.Б.ын зарсан эмээл нь өөрийнх нь эмээл биш Эеэ гэх залуугийн эмээл болж таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 тал/,

Б.Б.ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Тэгээд би Эеэ ахаас эмээлийг нь гуйгаад дүү нь хойноос нэг эмнэг үрээ сургаж айлаас авах ёстой юм, та надад эмээлээ түр хэрэглүүлчих гэсэн чинь тэг гээд амбаарынхаа түлхүүрийг өгсөн. Тэгээд би амбаараас нь эмээлийг нь аваад буцаж очиж түлхүүрийг нь Эеэд аваачиж өгчихөөд Эеэгээс авсан эмээлээ мотоциклийнхоо ар дээр ганзагалаад Эеэ ахын гаднаас хөдлөөд Өндөр довны энгэрт байсан Застав гэх айлд очсон. Тэгсэн Застав юун эмээл ганзагалчихаад явж байгаа юм ахдаа зарчих гээд сонирхоод байхаар нь би Эеэ ахын эмээлийг Заставт 1 хонь, 1 ямаагаар зарна авах уу гэж асуухад Застав тэгье гээд нөгөө эмээлийг Застав гэх залууд 1 хонь, 1 ямаагаар зарчихсан. Тэгээд хонио амьдаар нь аваад мотоцикль дээр ганзагалаад аймгийн төв дээр авчирч хүнд зарсан. Тэгээд ямаагаа 7 сарын үеэр аваад боогоод идчихсэн. ...миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б.ын дээрх үйлдэл нь бусдыг залилах буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Б.Б.ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Оюун-Эрдэнэ нь Б.Б.ад залилуулсан гэх эмээлийг хүлээн авсан /хх-ийн 7 тал/ бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй,

нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Х.Заставт хонь, ямааны үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 220.000 төгрөгийн төлбөрийг Б.Б. төлсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул Б.Б.аас 220.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Заставд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б.ад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан нь ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Б.Б.ын хувьд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б.г бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.г 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Б.д мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б.ын тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.аас нас гүйцсэн 1 эр хонь, 1 эр ямаа буюу 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Заставт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ц.МӨНХТУЛГА