Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 987

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч: А.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805058001195 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Б, 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .....тоот регистртэй,

Шүүгдэгч А.Бнь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11 дүгээр байрны гадна автомашинаа зогсоолд машинаа шахаж тавьсангүй гэх шалтгаанаар иргэн Д.Отэй маргалдаж улмаар нүүр тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр байрны зогсоолд машин тавих асуудлаас болж маргалдан би хохирогчийг нэг удаа цохьсон. Хариуд нь хохирогч намайг олон удаа цохьсон. Энэ үед цагдаа дуудсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч гэмтэл учраагүй гэсэн дүгнэлт гарсан...” гэв.

Хохирогч Д.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ээжийн хамт 11 дүгээр байрны гадаах зогсоолд 22 цагийн орчим машинаа тавьж байтал араас нэг машин ирээд зогссон байсан. Тэгээд гэр рүүгээ орох гээд алхтал “араас нэг залуу хөөе машинаа жоохон цааш нь шахчих” гэхээр нь “багтчих байхаа” гэтэл тэр намайг “чи юу гээд байгаа юм бэ, цааш нь тавь гэж байна” гэснээ “чи ер нь яах гээд байгаа бацаан бэ” гэхээр нь би “зүгээр байгаараа багтах зай байна” гэхэд ээж бид хоёрын голоор ороод бид хоёрын маргааныг зогсоох гэтэл “муу нинжа минь би чамайг хараагүй юм байна, чи аль байрных юм бэ” гэхээр нь зүгээр байгаараа гэхэд “чи яасан олон үгтэй бацаан бэ” гээд ээжийн дээгүүр даваад миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон. Миний хамраас нил цус гарсан, хамар мурийгаад, дээд шүдний паалан үйрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 4-5/,

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны оройн 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 тоот байрны гадна талын авто машины зогсоол дээр нөхөр Бы хамт машинаа байрлуулах гэж орж ирсэн. Гэтэл О гэх залуу машинаа шахаж тавихгүй байхаар нь манай нөхөр машинаа жаахан шахаадах гэж хэлсэн чинь шахаад тавьсан байна, болохгүй бол өөр газарт машинаа тавь том машин багтдаг гэж уурласан. О гэх хүн гартаа барьсан байсан тортой зүйлээ газар шидээд манай нөхрийг мөргөсөн, мөн хэд хэдэн удаа өшиглөсөн, нөхөр хоёр гараараа нүүрээ дарж хамгаалсан, нөхөр босч Огийн нүүр тус газар цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Шинжээчийн 13637 тоот дүгнэлтэд: “...Д.Огийн биед хамрын ясны хугарал, баруун чамархай, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт, баруун дээд 4-р шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 31/,

Шинжээчийн 13795 тоот: “...А.Бы биед баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 32/,

Сэжигтнээр А.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр 13-ны оройн цагт 19 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр машинаа байрлуулах гээд зогсоол руу ухрах гэтэл машин багтахгүй байсан. Зүүн талд зогссон машин хөндлөн зогссон байхаар нь “машинаа тэгшлээд шахаад зогсчихоо” гэж хэлсэн чинь “энэнээс илүү яаж зогсох юм, том юм унасан юм шиг” гэж хэлсэн. ...О мөн машинаасаа буусан зогсож байсан...шахаад тавьчих гэсэн чинь хажуугаар зөрөхдөө намайг мөрлөсөн. Би гарнаас нь барьж аваад яагаад байгаа юм бэ гэж хэлээд куртикнээс нь барьсан чинь эргэж хараад намайг шууд мөргөсөн. Намайг тонгойлгож байгаад нүүр рүү цохиж, өшиглөсөн, би хариу үйлдэл үзүүлж, чадаагүй нүүрээ хамгаалаад тонгойсон байсан. Би босоод Огийн нүүрэн тус  газар нь нэг удаа цохиход хамраас нь цус гарсан. Машины зогсоолоос болоод маргалдсан, баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг ./хх-н 37/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 6-7,19-24,38-42 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Бнь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11 дүгээр байрны гадна автомашинаа зогсоолд шахаж тавьсангүй гэж шалтгаанаар иргэн Д.Отэй маргалдаж улмаар нүүр тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэр рүүгээ орох гээд алхтал “араас нэг залуу хөөе машинаа жоохон цааш нь шахчих” гэхээр нь “багтчих байхаа” гэтэл тэр намайг “чи юу гээд байгаа юм бэ, цааш нь тавь гэж байна” гэснээ “чи ер нь яах гээд байгаа бацаан бэ” гэхээр нь би “зүгээр байгаараа багтах зай байна” гэхэд ээж бид хоёрын голоор ороод бид хоёрын маргааныг зогсоох гэтэл “муу нинжа минь би чамайг хараагүй юм байна, чи аль байрных юм бэ” гэхээр нь зүгээр байгаараа гэхэд “чи яасан олон үгтэй бацаан бэ” гээд ээжийн дээгүүр даваад миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 4-5/, гэрч Б.Бгийн: “...О гэх залуу машинаа шахаж тавихгүй байхаар нь манай нөхөр “машинаа жаахан шахаадах” гэж хэлсэн чинь “шахаад тавьсан байна, болохгүй бол өөр газарт машинаа тавь том машин багтдаг” гэж уурласан. О гэх хүн гартаа барьсан байсан тортой зүйлээ газар шидээд манай нөхрийг мөргөсөн, мөн хэд хэдэн удаа өшиглөсөн, нөхөр хоёр гараараа нүүрээ дарж хамгаалсан, нөхөр босч Огийн нүүр тус газар цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, шинжээчийн 13637  тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Бнь хохирогч Д.Отэй автомашинаа зогсоолд шахаж тавьсангүй гэж шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Огийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхэд хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй болно.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Од олгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Од хөнгөн хохирол учирсан ба уг гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учрах үндэслэлтэй тул хохирогч нь хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Бы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь А.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч А.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас 8.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Од олгосугай.
  5. Хохирогч Д.О нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР