Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 980

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Д.Гөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Год холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805048151117 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Г, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Гнь 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бээр Хаус”-ын гадаа иргэн Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр маргалдаж байгаа хүмүүсийг салгах зорилгоор тэдгээр хүмүүсийн дундуур орсон. Энэ үед хохирогчийг мөргөж, биед нь гэмтэл учруулсан” гэв.

Хохирогчоор Ц.Бий мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Бээр хауст” найз Д, А нарын хамт ороод хүний гурван шил пиво уусан. Тэгээд гарах гэж байхад...хаалган дээр хэдэн хүмүүс голлоод зогсоод байсан. Тэгээд холдох байх гээд хүлээгээд зогсоход холдоогүй. ...Холдохгүй болохоор чинь “зөрөөд гарлаа шүү дээ мөрлөж түлхсэн асуудал байхгүй” гээд такси барих гэхэд “юу гээд байгаа юм бэ, бацаан минь” гээд хэл амаар доромжилсон. Г гэх залуу нь миний шүд рүү мөргөсөн. Тэгэхээр нь би амаа дараад манараад доошоо суусан. Тэгэхэд Г миний цамцнаас заамдаад миний эрүү хэсэг рүү дахиад мөргөхөд Гын дух нь шалбарч жаахан цус гарсан байсан ба тэр цусаа миний нүүрэнд арчаад миний ам руу хийгээд чи намайг ийм болгочихлоо гээд хэл амаар доромжлоод байсан. Хажууд нь байсан хоёр залуу миний бөгс, хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би Гын гарыг нь тавиулаад зугтсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Б.Дий мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Бээр хауст” найз Б, Бий найз хоёртой нь гурвуулаа орж уусан. Тэгээд гарч байхад хаалган дээр хүмүүс зогсож байхаар нь дундуур нь гарахад хойноос уг хаалган дээр зогсож байсан залуу хэрүүл хийгээд  байсан. Бид нар хаалган дээр зогслоо гээд маргалдсан. Өндөр залуу Бийг мөргөсөн, Б нүүрээ дараад газар суусан бөгөөд босч ирэхэд нь шүд нь хугарсан байсан. Бийг мөргөсөн залуугийн дух нь шалбарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч С.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б түүний  эхнэр, бид 3 гарах гэсэн чинь 5 хүн гарах хаалган дээр байсан, өндөр нуруутай махлаг хүн хаалга таглаж зогсоод гаргахгүй байсан. ...Б бүгд л гардаг биз дээ гэсэн чинь Г ирээд чи одоо миний найзыг юу гээд байгаа юм гээд Бийг мөргөсөн. Ингээд Бий зүүн хөмсөгнөөс нь цус гараад зогсож байхад Гтой хамт явж байсан хоёр эрэгтэй  ирээд зодоон хийх гээд байхаар нь би Бийг аваад гарсан. Гадаа такси барих гээд зогсож байхад Г ирээд чи миний найзыг юу гээд байгаа юм, муу сайн новшнууд юу юм гэж хэлээд Бийг мөргөсөн. Б шүд хугарчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Сэжигтнээр Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө би Э, Ц болон найзуудтайгааа хамт наймуулаа хоёр шил 0,75 литрийн архи уугаад гараад такси барих гээд зогсож байхад манай найзуудтай хэдэн хүмүүс маргаад түлхэлцээд миний хажууд ирэхээр нь би салгаж түлхэхэд энэ хүмүүс согтуу байна гээд намайг заамдаад манай найзууд руу дайрсан. ...Намайг заамдаад ална шүү гэхээр нь чи яахаараа хүн алдаг юм гээд уг залуугийн нүүр лүү нь мөргөхөд уг залуу хойшоо унаад босч ирээд миний толгой хэсэг рүү нэгээс хоёр удаа цохьсон. Миний нүүрнээс цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Шинжээчийн 11349 тоот: “...Ц.Бд үүдэн дээд баруун 1-р шүдний хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөдөлмөрийн чадварыг 5%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад эд эрхтэнд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/ , хохирогчийн өргөдөл /хх-н 3/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт / хх-24,31-34/

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Гнь 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бээр Хаус”-ын гадаа иргэн Ц.Бтэй маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор Ц.Бий: “...Г гэх залуу нь миний шүд рүү мөргөсөн. Тэгэхээр нь би амаа дараад манараад доошоо суусан. Тэгэхэд Г миний цамцнаас заамдаад миний эрүү хэсэг рүү дахиад мөргөхөд Гын дух нь шалбарч жаахан цус гарсан байсан ...би Гын гарыг нь тавиулаад зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Б.Дий: “...Өндөр залуу Бийг мөргөсөн, Б нүүрээ дараад газар суусан бөгөөд босч ирэхэд нь шүд нь хугарсан байсан. Бийг мөргөсөн залуугийн дух нь шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч С.Агийн: “...Б бүгд л гардаг биз дээ гэсэн чинь Г ирээд чи одоо миний найзыг юу гээд байгаа юм гээд Бийг мөргөсөн. Ингээд Бий зүүн хөмсөгнөөс нь цус гараад зогсож байхад Гтой хамт явж байсан хоёр эрэгтэй  ирээд зодоон хийх гээд байхаар нь би Бийг аваад гарсан. Гадаа такси барих гээд зогсож байхад Г ирээд чи миний найзыг юу гээд байгаа юм, муу сайн новшнууд юу юм гэж хэлээд Бийг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, шинжээчийн 11349 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Гнь согтуурсан үедээ хохирогч Ц.Бтэй маргалдаж түүний нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бий биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 2.000.000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Д.Гнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Гнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийин баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Год хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОТГОНБАЯР