Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00682

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/003340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч М- ХХК, М- ХХК, Ч-, О- нарт холбогдуулан гаргасан 9- дугаарын эзэмших эрхийг сэргээж, нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч О.М, хариуцагч М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч А.З, хариуцагч М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2007 оноос хойш Т- ХХК нь 9- дугаарыг хуулийн дагуу ашиглаж байсан бөгөөд энэхүү дугаарыг эзэмших эрхээ сэргээлгэх зорилгоор М- ХХК нь 9- дугаарыг М- ХХК-ийг хууль бусаар эзэмшиж байгаа болох, Т- ХХК-ийг 9- дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох гэж нэхэмжилсэн. Т- ХХК нь М- ХХК-аас 9- дугаарыг хууль журмын дагуу ашиглаж байсан. Гэтэл тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох У- гэгч нь хуурамчаар компанийн хэвлэмэл маягт, тамга, тэмдгийг үйлдэн манай компанийн эзэмшиж байсан 9- дугаарыг 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг М- ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх албан бичгийг М- ХХК-д хүргүүлсэн байдаг. М- ХХК нь тухайн албан бичгийг шалгалгүйгээр Т- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг хянахгүйгээр 9- дугаарыг хууль ёсны эзэмшигч Т- ХХК-ийн эрх ашгийг зөрчиж, 9- дугаарыг М- ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ талаар манай компани 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олж мэдэн, М- ХХК-д эзэмшиж байсан дугаараа эргүүлэн эзэмших талаар хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн авалгүй, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх тухай хариуг өгсөн болно. Иймд Т- ХХК-ийн 9- дугаарын эзэмших эрхийг сэргээж, нэхэмжлэгчид уг дугаарыг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Маргааны зүйл болж байгаа 9- дугаарыг манай компани 2012 оны 06 дугаар сарын 09-ний өдөр М- ХХК-тай гэрээ байгуулан, үүнээс хойш 8 жилийн туршид тасралтгүй, хууль ёсны дагуу, шударгаар эзэмшиж, ашиглаж ирсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хууль бусаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хамгийн гол дурдаж байгаа зүйл бол У- гэдэг хүн Т- ХХК-ийн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэж, 9- дугаарыг шилжүүлж авсан гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байсан гэж гомдол гаргасан. Уг гомдол нь Улсын ерөнхий прокурорын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар бүхий прокурорын тогтоолоор У-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс өнөөдрийг хүртэл хууль, хяналтын байгууллагад У-ийг тус дугаарыг хууль бусаар шилжүүлж авсан гэх ямар ч шийдвэр гаргаагүй. Тиймээс шүүхийн хүчин шийдвэр тогтоолоор гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож болохгүй. Үүнээс гадна 2012 оноос хойш У- гэдэг хүн тус дугаарыг шударгаар эзэмшиж, ашиглаад, төлбөр мөнгийг төлж байсан. У-т холбогдуулсан эрүүгийн хэрэг нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон. Манай компани тус дугаарыг В.Чинбат гэдэг хүнд худалдан борлуулсан бөгөөд үүнээс хойшх асуудал манайд хамааралгүй болно. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч М- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: М- ХХК, Т- ХХК-тай олон жилийн хугацаатай хамтран ажиллаж байсан. Үүнтэй холбоотойгоор анх гэрээ байгуулах хүсэлт, өөр дугаарын үйлчилгээ сэргээх зэрэг ямар нэгэн байдлаар тус дугаарыг бусдад шилжүүлнэ гэдэг нь Т- ХХК-ийн албан дугаартай, тамга тэмдэгтэй, У- гэдэг хүний гарын үсэгтэй баримт манай компанид ирж, У-тэй тасралтгүй 3-4 жил хамтарч ажилласан. Өөрөөр хэлбэл У- гэдэг хүн Т- ХХК-ийг төлөөлж, М- ХХК-тай харьцдаг байсан. Тийм учраас 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлтийн дагуу 9- дугаарыг М- ХХК руу шилжүүлсэн. Иймд М- ХХК-тай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хариуцагч Ч-ын тайлбар, татгалзлын агуулга: Ч- тус дугаарыг 50,000,000 төгрөгөөр худалдаж аваад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр О-ад тухайн дугаарыг 60,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд дугаарын төлбөрийг дансаар хүлээж авсан. Ч-ын хувьд энэхүү дугаарыг маргаантай байгаа болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан байсан учир тус зээлээ хаах ёстой гэдэг асуудал үүссэн учраас тухайн дугаарыг О-ад худалдсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч О-ын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч О- нь 9118797 дугаарыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр худалдан авсан тул шударга эзэмшигч гэжээ.

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 93 дугаар зүйлийн 93.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М- ХХК, М- ХХК, Ч-, О- нарт холбогдуулан Т- ХХК-ийн 9- дугаарын эзэмших эрхийг сэргээх, нэхэмжлэгчид уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч М- ХХК, М- ХХК, Ч-, О- нарт даалгах тухай нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгч дээрх шийдвэрийг бичгээр гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан шүүгчид хориглох заалтыг зөрчиж нэхэмжлэгч тал шийдвэрт гомдол гаргах эрхийг хугацааны хувьд хязгаарлаж удаашруулсан. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв байх талаас нь үнэлээгүй, нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байх тул дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 9- дугаарын эзэмших эрх нь 2011 оны 03 дугаар сарын 21-нй өдөр Т- ХХК-д үүссэн боловч уг эрх нь бусдад дамжин гурав дахь хэрэглэгч нь О- болсон үйл баримтын талаар маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Т- ХХК нь М- ХХК-д холбогдуулж 2020 оны 01 дугаар сарын 29-нд холбогдуулж 9- дугаарыг М- ХХК хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгож Т- ХХК-ийг 9- дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн. Хэргийн баримтаар 9- дугаарын эзэмших эрхийг 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ шилжүүлэх баримтаар Нобут ХХК-ийн хүсэлтийг үндэслэн, 2010 оны 12 дугаар сарын 07-нд А.Бямбажавт шилжүүлсэн, 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А.Бямбажавын хүсэлтээр Т- ХХК өөрийн нэр дээр шилжүүлэн, авч эзэмшиж ашиглаж байсан. Т- ХХК-ний захирал Э-, М- ХХК-ийн захирал У- нар нь хамтран амьдарч байсан ба 2012 оноос эхлэн хоорондоо маргаж хөрөнгийн маргаантай асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байх үед У- нь Т- ХХК-ийн гүйцэтгэх захирал биш байж тус компанийн гүйцэтгэх захирал мэтээр 2012 оны 06 дугаар сарын 08-нд нэхэмжлэгч компанийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан, М- ХХК-д хүсэлт гаргах замаар 9- дугаарын эзэмших эрхийг өөрийн үүсгэн байгуулсан М- ХХК-д шилжүүлэн авсан үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. /хх-24, 53, 54, 55,56,57,60, 62, 63, 66 тал/ Өөрөөр хэлбэл, Н.Уранчмимэг нь хууль бусаар 9- дугаарын эзэмших эрхийг М- ХХК-д шилжүүлэн авсан байхад шүүх энэ талаар эрх зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Үүгээр ч зогсохгүй У- нь хууль бусаар 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, Т- ХХК-ийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар УБЕГ-т мэдүүлэг гарган, 2012 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Э-ийг тус компанийн захирал болон гишүүнээс чөлөөлсөн өөрчлөлт оруулсан нь хууль бус, У- хуурамч бичиг баримт бүрдүүлэн компанийн эрхийг шилжүүлж авсныг хүчингүй болгосон баримт, улсын байцаагчийн дүгнэлт, албан бичиг зэргээр компанийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь нотлогдож байхад шүүгч үүнийг огт анхаарч үзээгүйд гомдолтой байна. /хх-95, 96, 97, 98, 99, 100, 102, 116 дахь тал/. Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх нэхэмжлэлтэй холбогдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлд заасан арга хэмжээг авахуулах хүсэлтийг удаа дараа гаргахад шүүгч хүсэлтийг хүлээн аваагүйгээс шалтгаалж 9- дугаарын эзэмших эрх нь Ч-, О- нарт шилжсэн. Үүнийг нэхэмжлэгч тал шүүгчийн буруутай үйлдлээс болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дамжуулан шилжүүлэх нөхцөлийг шүүгч өөрийн үйлдлээр бий болгосон ба үүнээс учирсан хохирлыг хүсэлт хүлээн аваагүй шүүгч өөрөө хариуцах ёстой. Давж заалдах шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэсний дараа шүүхийн сахилгын хороонд энэ талаар гомдол гаргах болно. Дээрх байдлаас шалтгаалж хамтран хариуцагч нарыг татсан.

7.а.Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Т- ХХК-ийн ерөнхий захирал Э-ийн 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай тушаалаар У- нарт олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон, итгэмжлэл дуусгавар болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байхдаа төлөөлөгчөөс бусад этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ ... гэх дүгнэлт, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр У-т 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр учраас У- нь Т- ХХК-ийг төлөөлж, М- ХХК руу 9- дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу М- ХХК-аас уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна ... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байхаас гадна нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, хууль буруу хэрэглэсэн. Учир нь, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас Т- ХХК-ийн ерөнхий захирлын 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай тушаалаар итгэмжлэлийг хүчингүй болгосныг нотолсон байхад итгэмжлэл хүчин төгөлдөр гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн түүнчлэн У- нь Т- ХХК-ийн эзэмшиж байсан тус дугаарыг өөрийн өмч болох М- ХХК-руу шилжүүлэх гэж хандахдаа итгэмжлэлээр хандаагүй. Т- ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн албан бичгээр хандсан байдаг. Хэргийн нөгөө хариуцагч М- ХХК-аас У-ийн эрхийг нотолсон ямар ч итгэмжлэл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх итгэмжлэлийн үндсэн дээр тус дугаарыг Т- ХХК-аас М- ХХК-руу шилжүүлсэн байна гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримттай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч М- ХХК-ийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: н.Бямбажавын хүсэлтээр Т- ХХК-д тус дугаар 2011 онд шилжиж ирсэн. Шилжихдээ тус дугаар У- болон н.Бямбажав нарын хооронд амаар хийгдсэн худалдах, худалдан авах гэрээгээр буюу 10,000,000 төгрөгөөр У-, н.Бямбажав нараас тус дугаарыг худалдан авч, нэрийг нь Т- ХХК-ийн нэр дээр шилжүүлж, тус дугаарыг эзэмшиж, ашиглаж байсан. У-, н.Бямбажав нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэтэл Т- ХХК, н.Бямбажав нарын хооронд 9- дугаарыг худалдан авах талаар хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг төлснөөр тухайн эд хөрөнгийг худалдаж авсанд тооцно гэж мөн хуулийн 111, 112 дугаар зүйл заасан. Гэтэл Т- ХХК н.Бямбажавтай гэрээ байгуулаагүй, мөнгө төлөөгүй атлаа энэхүү дугаарын эзэмшигч гэх байдлаар шүүхэд хандсан нь үндэслэлгүй. Тус дугаарыг Т- ХХК-ийн захирал Н.Эрдэнэбилэг болон У- нараас өөр хүн эзэмшиж, ашиглаж байгаагүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулгаас асуухад тухайн үед эзэмшиж, ашиглаж байсан гэж тайлбарладаг. Энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу Т- ХХК-ийг тус дугаарын эзэмшигч гэж тооцох үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.5, 67.6 дахь хэсэгт заасны дагуу итгэмжлэл олгосныг хүлээн зөвшөөрч, олгосон итгэмжлэлийг хүчингүй болгож байгаа бол үүнийг төлөөлөгчид мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Мэдэгдээгүй бол итгэмжлэлээс үүсэх үр дагаврыг тухайн төлөөлүүлэгч буюу Т- ХХК хариуцах ёстой. Шүүх итгэмжлэлээр уг асуудал хийгдэх боломжтой, итгэмжлэлийг хүчингүй болгосон тушаалыг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүхийг Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, 67.6 дахь хэсэгт заасны мэдэгдсэн гэх үйл баримт байхгүй учраас хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Иргэний хуульд компанийг төлөөлөх этгээд гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд юм. М- ХХК, Т- ХХК-тай олон жилийн хугацаанд хамтран ажилласан. Хэрэгт У-ийн гарын үсэгтэй Т- ХХК-ийн тамга, тэмдэг, бланктай албан бичгүүдийг М- ХХК-аас гаргаж өгсөн. Тухайн албан бичгүүдэд 9-, 99114793, 99068820 гэх мэт үргэлжилсэн байдлаар 10 гаруй дугаарыг шилжүүлэх болон үйл ажиллагаанд ашиглахтай холбоотой албан бичгүүд байдаг. Тамга тэмдэг, бланк хууль бусаар ашигласан гэж тайлбарласан. Албан бичиг хөтлөлтийн журамд тамга, тэмдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид бариулах хууль зүйн болон журмын зохицуулалттай. Иймд У- тухайн компанийг төлөөлөх бүрэн боломжтой, тамга барих эрхтэй хүн байсан гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв тус тамгыг хуулбарлаж, дахин үйлдвэрлэж, хуурамчаар ашигласан гэх эрүүгийн журмаар шалгуулсан зүйл байхгүй. Гэтэл өөрсдөө тамга, тэмдгээ бариулсан атлаа ийнхүү шүүхэд маргаан үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

10.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Ч- нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус дугаарыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа шүүхийн маргаантай болохыг мэдээгүй авсан. Хангай капитал ББСБ ХХК-д барьцаанд тавьж, зээл авсан байхад шүүхэд дуудагдаж хариуцагчаар татагдсан. Үүний дараа О-ад тус дугаарыг 60,000,000 төгрөгөөр худалдсан. Ийнхүү хөрөнгийг шударгаар олж аваад үргэлжлүүлээд өөр бусдад худалдсан. Дугаарыг худалдсанаас хойш Ч- хариуцагч байх үндэслэлгүй, оролцох шаардлагагүй болохыг удаа дараа хэлсэн боловч нэхэмжлэгч тал өөрөө хариуцагчийг тодорхойлно гэх байдлаар олон жил ач холбогдолгүй, орох ёсгүй хэрэг маргаанд оруулж өдийг хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч М- ХХК, М- ХХК, Ч-, О- нарт холбогдуулан 9- дугаарын эзэмших эрхийг сэргээж, нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.9- дугаарын эзэмших эрх нэхэмжлэгч Т- ХХК-аас М- ХХК-д, М- ХХК-аас Ч-ад, Ч-аас О-ад шилжсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.б.Нэхэмжлэгч Т- ХХК-ийн захирал Э- нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/56 дугаартай итгэмжлэлээр ... Т- ХХК-ийн гүйцэтгэх захирал У-т тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эд хөрөнгийг захиран зарцуулах, техникүүдийг худалдах, худалдан авах бүх эрх, үүргийг 2011 оны 12 дугаар сараас 3 жилийн хугацаанд итгэмжлэн олгож байна гэжээ. /хх-ийн 126-р тал/.

3.в.Төлөөлөл нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригт үндэслэн хийгдэх нэг талын хэлцэл болохоос гадна түүний хүчин төгөлдөр байдал төлөөлөгчийн бүрэн эрхийн хүрээ, төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, дээрх итгэмжлэлд нэхэмжлэгч Т- ХХК-ийн захирал нь өөрийн компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах, техникүүдийг худалдах, худалдан авах бүх эрх, үүргийг У-т олгож байна гэж итгэмжлэлийн агуулгыг тодорхой заасан байна.

3.г.Дээрх итгэмжлэлийн хүрээнд У- нь нэхэмжлэгч Т- ХХК-ийг төлөөлөн хариуцагч М- ХХК-д 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 9- ... утасны дугаарыг М- ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлснээр тус дугаарын эзэмших эрх хариуцагч М- ХХК-д шилжсэн байна. /хх-ийн 57-р тал/.

3.д.2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Т- ХХК-ийн захирлын 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаар тушаалаар У-т олгосон төлөөлөх эрхийг дуусгавар болгожээ. /хх-ийн 146-р тал/. Нэхэмжлэгч Т- ХХК нь тус тушаалыг төлөөлөгч У- болон хариуцагч М- ХХК-д мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагч М- ХХК-ийн хувьд итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.5, 67.6 дах хэсэгт заасанд тус тус нийцжээ.

3.е.9- дугаарын эзэмших эрх нэхэмжлэгч Т- ХХК-аас хариуцагч М- ХХК-д шилжсэн нөхцөл байдал хууль зөрчөөгүй байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд хариуцагч М- ХХК нь өөрийн эзэмшлийн зүйлийг бусдад худалдах, захиран зарцуулах эрхтэй. Иймд дээрх дугаарын эзэмших эрх гэрээний дагуу хариуцагч Ч-, О- нарт шилжсэн нь мөн хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3.ё.Мөн хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт, тус газрын албан бичиг, прокурорын тогтоол авагдсан боловч эдгээр баримт нь маргаан бүхий дугаарын эзэмшилтэй хамааралгүй баримтууд байна.

3.ж.Талуудын маргааны зүйл болж буй 9- дугаарын эзэмших эрх шилжих үндэслэл болсон итгэмжлэл нэгэнт хүчин төгөлдөр, уг нөхцөл байдалд худалдан авагч нарыг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ