Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Л.Соёмбо,

           Шүүгдэгч: М.Аөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос М.А-дд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805053311083 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.А-д, 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Ань 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 07 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр иргэн Б.Бийн халааснаас гар утсыг нь хулгайлж нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 7 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын урд талын автобусны буудал дээр автобусанд суух гэж байхдаа халааснаасаа IPhone 6s rose gold загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан....Автобусанд суух үедээ пальтоны баруун талын халаасанд хийсэн байсан. 2017 оны 11 дүгээр сард Теди центрээс 1.050.000 төгрөгөөр худалдаж авсан....Би өөрийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-9/,  

Сэжигтнээр М.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний 07 цагийн орчимд ажилдаа явах гээд 5-н шарын автобусны буудал дээрээс автобусанд суух гээд явж байхад үл таних эмэгтэй хүний пальтоны баруун талын халаасанд IPhone 6s маркийн ягаан өнгийн гар утас цухуйж харагдахаар нь тэр утсыг нь хулгайлаад авчихсан юм. Тэгээд нөгөө автобусандаа суулгүй дараагийн автобусанд сууж явсан. ...Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Хулгайлсан гар утсаа эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Гэм буруугаа ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг хх-н 19/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 20, 23-34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Ань 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр иргэн Б.Бийн халааснаас гар утсыг нь хулгайлж нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 7 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо таван шарын урд талын автобусны буудал дээр автобусанд суух гэж байхдаа халааснаасаа IPhone 6s rose gold загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-9/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 15/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ань хохирогч Б.Бийг автобусанд суух үед нь түүний халаасанд байсан гар утсыг хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь гар утсаа буцааж авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн /хх-н 7-9/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч М.Аюушүүхгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ань цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.А-дг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ань шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР