Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 981

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Ц.З-,

Шүүгдэгч: Э.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805058011191 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б-,  1997 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .....тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Б-нь 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 22 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Ц.З-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Э.Б-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр найзуудтайгаа пиво уугаад гэртээ ороод эхнэр З-тай маргалдаад түүн рүү гутал шидсэн. Харин сандалыг хана руу шидсэн...” гэв.

Хохирогч Ц.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Э.Б- согтуу ирээд хэрүүл өдөж бид хоорондоо маргалдсан. Э.Б- намайг зайл гэсэн. Би унтлагын хувцастай байсан тул гарч чадаагүй. Гэтэл намайг гутлаар цохьсон. Сандалаар  намайг зодсон. 2 настай хүүхдээ хүртэл зайл гэсэн. Өмнө нь намайг зодож байсан бөгөөд би цагдаагийн байгууллага руу залгаж байсан боловч дуудлага өгөөгүй. Хоёр хүүхдээ бодоод эвлэрдэг байсан. Нэхэмжилсэн хохирлоо авсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, тусдаа амьдарч байгаа” гэв.

Хохирогч Ц.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-22 тоот гэртээ унтаж байхад нөхөр Э.Б- гаднаас согтуу орж ирсэн. “Хаана ор зассан бэ” гэж асуусан, би хажуудаа гэж зааж өгсөн чинь босоод ир гэж хэлээд үүд рүү дагуулж яваад “гар, зайл ээж рүүгээ яв гэсэн” би унтлаганы хувцастай байсан болохоор хаалганаас зүүгдээд гараагүй. Хувцасны шкафны хажууд зогсож байтал миний хар өнгийн хагас түрийтэй гутлаар баруун чих рүү нэлээд хэдэн удаа цохьсон. Хадам ээжийг нойл орсон хойгуур намайг том хүний суудаг хуванцар сандлаар толгойд нэг удаа цохиод шидэж хагалсан. Мөн хөл, гар рүү өшиглөсөн. Э.Б- мөн цохих гээд хуруугаараа чичлээд дайраад байсан. Том хүү орон дээр утсаар тоглоод сууж байхад зайл гээд нөхөр өшиглөөд унагасан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12-22 тоотод гэртээ амарч байхад хүү Э.Б- найзуудтайгаа уулзаад ирсэн ба эхнэр З-тай маргалдсан. Юунаас болсон талаар би мэдэхгүй байна. Том өрөөнд маргалдаад Э.Б- гутал авч шидсэн. З-гийн чихэнд оносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 5/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэрт ороход З-гийн өмссөн хувцас нь цус болсон, нэг хүүхдээ тэвэрсэн, нөгөө хүүхдээ хоол идүүлээд зогсож байсан....Э.Б-д “чи яагаад эхнэр хүүхдээ зодоод байдаг юм” гэхэд “чи муу авгай дуугуй бай, миний амьдрал чамд хамаагүй” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Шинжээчийн 13682 тоот: “...Ц.З-гийн биед баруун чихний дэлбээнд зулгаралт, баруун чихний төвгөрт шарх, зүүн бугалга, зүүн өгзөгт цус хуралт, баруун, зүүн сарвуунд, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

Сэжигтнээр Э.Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 03 цагийн үед найзуудтайгаа уулзсан. Гэртээ ирээд хувцасаа тайлаад унтах гэтэл уур хүрсэн байсан болохоор хэрүүл эхлүүлсэн.  5 хоногийн өмнө facebook хаягаар өмнө үерхэж байсан охин хүүхэдтэй болсонд баяр хүргэе гэж чат бичсэн байсан. Үүнээс болж эхнэр хардаад байсан. Ер нь тухайн хэрүүл маргаан болохоос өмнө эхнэр З-тай таарамжгүй харилцаатай байсан. 2 дахь хүүхдээ төрүүлсэний дараа эхнэр рүү хадам ээж чат бичсэн байсан. Наад хүүхдээ яаж тэжээх гэж байгаа юм нөхөр чинь архичин гэж бичсэн байсан. З- ээжийг өмөөрсөн. Би барилга дээр ажиллаад ядраад ирэхэд эхнэр маань ерөөсөө ойлгодоггүй. Үүнээс болж том өрөөнд маргалдаж байгаад би том хүүхдийнхээ гутлыг аваад шидсэн. Өөр зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/,шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Б-нь 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 22 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Ц.З-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гэрээсээ хөөж, гутлаар чих рүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.З-гийн: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-22 тоот гэртээ унтаж байхад нөхөр Э.Б- гаднаас согтуу орж ирсэн. “Хаана ор зассан бэ” гэж асуусан, би хажуудаа гэж зааж өгсөн чинь босоод ир гэж хэлээд үүд рүү дагуулж яваад “гар, зайл ээж рүүгээ яв гэсэн” би унтлаганы хувцастай байсан болохоор хаалганаас зүүгдээд гараагүй. Хувцасны шкафны хажууд зогсож байтал миний хар өнгийн хагас түрийтэй гутлаар баруун чих рүү нилээд хэдэн удаа цохьсон. Хадам ээжийг нойл орсон хойгуур намайг том хүний суудаг хуванцар сандлаар толгойд нэг удаа цохиод шидэж хагалсан. Мөн хөл, гар рүү өшиглөсөн. Э.Б- мөн цохих гээд хуруугаараа чичлээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч С.Б-ын: “...гэрт ороход З-гийн өмссөн хувцас нь цус болсон, нэг хүүхдээ тэвэрсэн, нөгөө хүүхдээ хоол идүүлээд зогсож байсан. ...Э.Б-д “чи яагаад эхнэр хүүхдээ зодоод байдаг юм” гэхэд “чи муу авгай дуугуй бай миний амьдрал чамд хамаагүй” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 6/, шинжээчийн 13682 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь эхнэр хохирогч Ц.З-г шөнийн 04 цагийн үед гэрээсээ хөөсөн, улмаар түүнийг гутлаар болон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б-нь хохирогч Ц.З-тай маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.З-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ц.З- нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын 128.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Э.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох, хохирогч шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Б-нь оногдуулж буй ялыг хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Б-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОТГОНБАЯР