Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 976

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Иргэний нэхэмжлэгч: С.М-,

           Шүүгдэгч: Б.Д-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805016040336 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д-, 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, халх, эмэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, 2 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2-11 тоот хашаанд байрлах иргэн Д.М-эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч Хайер маркийн 40 инчийн зурагт, монетон ээмэг, зүүлт, Самсунг Нөүт 2 маркийн гар утас зрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 15-р гудамж 54 тоотод оршин суух Л.Бы гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “TLC” брэндийн зурагт, “SHARP” брэндийн хөргөгч зэргийг хулгайлан авч 919.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Цагдаагийн байгууллагаас хулгайн эд зүйл гээд манайд барьцаанд байсан эд зүйлүүдийг хураан авсан. Уг эд зүйлийг барьцаалж олгосон баримттай хохирол болох 356.400 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Л.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өглөө 06 цаг 30 минутын орчимд гарахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд хашааны хаалгаа онгорхой, нохойгоо сул үлдээгээд гарсан юм. Өдөр манай хүү Б хичээлээ тараад 13 цагийн орчимд гэртэй ирээд гэрийн хаалга үүд онгорхой, гэрээс зурагт, хөргөгч зэрэг зүйлс алдагдсан байна гэж надад утсаар залгаж хэлсэн. Тэгээд би ажил дээрээсээ шууд гараад гэртээ ирсэн бөгөөд манай хүү Б цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэсэн мэдүүлэг  / хх-н 32-33 /,

Иргэний нэхэмжлэгч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сараас эхлэн “Хишиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулж байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд миний утас руу нэг эмэгтэй залгаад “Хишиг” ломбард хаана байдаг талаар асуусан бөгөөд дараа нь мөн нэг эрэгтэй залгаад манай байгууллагын хаягийг асуусан. Би тухайн үед хоёр хүнд хаягаа зааж өгсөн. Утсаар ярьснаас хойш 30 минутын дараа нэг охин орж ирээд “хүн нас барчихлаа, гялс хөдөө явах гэсэн чинь мөнгө хэрэг болчихлоо” гэж хэлсэн. Түүний араас нэг эрэгтэй орж ирсэн. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хамт явж байсан бөгөөд би тухайн үед өөрөө яаралтай гарах гээд наана, цаана гээд юм хийх зууртаа тэр охины яриаг сонсож байсан юм. Тэр хоёр ломбарданд гадуур нь давуугаар ороосон зурагт нэг ширхэг, хоёр хаалгатай цагаан өнгийн хөргөгч нэгийг оруулж ирээд тавьсан байсан. Тэгээд тухайн эд зүйлийг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн бөгөөд би зурагтыг нь хальт асааж үзээд хөргөгчийг нь тогонд хальт залгаад ажиллаж байхаар нь 250.000 төгрөгөөр барьцаанд авсан юм. Тэгээд тэр эрэгтэй, эмэгтэй хоёрыг явсны дараа удалгүй араас нь цагдаа нар орж ирээд зурагт, хөргөгчийг хулгайн эд зүйлс байна гэж хэлээд хураагаад аваад явсан. Би үлдсэн мөнгө болох 250.000 төгрөг дээр нэмээд хүү, алдангийн мөнгө нэмээд нийт 270.100 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг / хх-н 29-30 /,

Гэрч С.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчимд өөрийн эхнэр Дашдуламын Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 34 дүгээр байрны үсчний газарт эхнэртэйгээ уулзчихаад гараад дээшээ өгсөөд өөрийн эзэмшлийн 18-59 УНХ улсын дугаартай цагаан өнгийн “Бонго” маркийн портер автомашинтайгаа  Баянголд дэлгүүр зурагтын шинэ эцсээс хойшоо явах замын орчим явж байхад үл таних 20-24 насны намхан нуруутай, туранхай, бор царайтай эмэгтэй хүүхэд гар өргөөд надаас ачаа ачих уу гэж хэлсэн.Тэгээд би зөвшөөрөөд тэр эмэгтэйгийн заасан замаар явсаар байгаад цагаан худгаар хойш өгсөөд явсаар байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай, улаан өнгийн модон хашаатай айлын гадаа ирсэн. Тэгээд тэр охин хашаа руу орчихоод эргээд гарч ирээд манай гэрт ачааг өргөөд өгөх хүн байхгүй байна та туслаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хашаанд байсан монгол гэр рүү орсон. Тухайн гэрийн хаалга нь онгорхой байдалтай, гэрт ороод гэрийн баруун талд аяга тавагны шүүгээний дэргэд байсан саарал өнгийн 2 хаалгатай, хоосон хөргөгчийг өргөж гараад машиндаа ачсан бөгөөд харин цэцэгтэй цагаан өнгийн давуугаар боосон зурагтыг тэр охин өөрөө өргөөд машины кабин дотор орж суусан. Тэндээсээ бид хоёр тэр охины хэлснээр бичил орсон. Тэр охин машинаас буугаад хэд хэдэн ломбард руу орсон бөгөөд эд зүйлийг тухайн ломбарднууд нь авахгүй гэсэн юм шиг байна лээ эргэж гарч ирээд байсан. Тэгээд тэр охин надад нэгж байхгүй байна гээд байхаар нь өөрийнхөө утаснаас 19001950 руу залгаж хороололд ойрхон хөргөгч буюу цахилгаан бараа авдаг ломбард байгаа юу гэж асуухад төмөр замын дээд сургуулийн дэргэд шар өнгийн байрнуудын доош орсон “Хишиг” нэртэй ломбардыг зааж өгөхөөр нь шууд тийшээ очсон. Тэгээд тухайн ломбард руу тэр охин зурагтаа бариад харин би хөргөгчийг нь ломбардын үүдэнд зогсож байсан залуугаас тусламж гуйгаад өргөөд ломбард руу оруулж өгсөн. Тэгээд надад тэр охин ажлын хөлс гэж 20.000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр охиноос салсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

  Хохирогч Д.Ммөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа яваад 19 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн үүдний таамбарын цоож байхгүй байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай гэрийн зүүн талын орны толгойн араар хайрцагтай байсан Хайер маркийн 40 инчийн зурагт байхгүй болсон байсан. Мөн манайхаас манай дүү Мөнхзаяагийн монетон ээмэг, зүүлт, Самсунг нөүт-2 маркийн гар утас алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 140-141/,

Хохирогч Д.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өглөө ах ажилдаа яваад би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд би 10 цаг 30 минутын орчим гэрийнхээ хаалгыг түгжээд ажилдаа явсан. Намайг ажил дээрээ байж байхад 19 цагийн орчимд манай ах Д.М-над руу залгаад гэрт хулгай ороод зурагт алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд миний монетон ээмэг, зүүлт, Самсунг нөүт-2 маркийн гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 143-144/,

Иргэний нэхэмжлэгч С.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эзэн Мөнх” барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг газар болох ажил дээрээ байж байхад 20 гаран насны эмэгтэй орж ирээд зурагт авах уу гээд хайрцаг савтай Хайер маркийн 40 инчийн зурагт авч орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 146-147/,

Сэжигтнээр Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн орчимд Баянхошууны 112-н буудалд байдаг Төрийн банк орж хүүхдийн мөнгө буусан эсэхийг шалгасан. Тэгээд мөнгө буугаагүй байхаар нь тэндээсээ гараад замын эсрэг талаас нь автобусанд суугаад зурагтын шинэ эцэс хүртэл явсан. Тэгээд тэндээсээ эзэнгүй айл хайгаад гэр хорооллын гудамжуудаар явж байсан юм. Тэгтэл хашааны хаалга нь саарал өнгийн, хашаан дотор нэг монгол гэртэй, ар талд хоёр байшинтай айл байсан. Тэгээд тэр айлын хашааны хаалга дэлгээстэй байсан бөгөөд тухайн монгол гэрийн хаалганы үүдэнд цүүнд ил цоож байсан учраас би тухайн айл хүнгүй байна гэдгийг мэдсэн. Тэгээд би хашааны хаалгаар ороод банкнаас гарч явахдаа барилгын материалаас худалдаж авсан төмрийн хөрөөгөөр 20 минут орчим хугацаанд хөрөөдөж хаалганы цоожийг эвдэлсэн. Тэгээд гэрт нь ороод хөргөгчин дотор байсан эд зүйлийг нь гаргаж орон дээр нь тавиад зурагтыг нь орон дээр байсан дэвсгэрээр нь ороож бэлдээд гэрээс гарч гудамжаар уруудаад явж байхад цагаан өнгийн Бонго маркийн портертой жолооч ганцаараа явж байсан. Би гар өргөж тэр машиныг зогсоогоод машины жолоочийг гуйж гэрт байсан зурагт, хөргөгчийг авч зөөлгөн портерт ачуулаад тэндээсээ хорооллын ломбардуудаар явж би өөрийн хулгайлсан эд зүйлсээ барьцаанд тавих гэтэл цахилгаан бараа авахгүй байсан. Тэгээд Өргөөгөөс доошоо уруудаж байхдаа жолооч ах 19001950 руу залгаад ойрхон ломбард хаана байдаг талаар асуугаад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ар талд доошоо орсон “Хишиг” нэртэй ломбардыг зааж өгөхөөр нь бид хоёр тухайн ломбард руу явж, би өөрийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглаад зурагт хөргөгчийг 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд би тухайн мөнгөнөөс 20,000 төгрөгийг нь жолоочид өгсөн бөгөөд үлдсэн мөнгөөр нь 21 дүгээр хороололд байдаг ломбарднаас өөрийн 42.000 төгрөгөнд тавьсан байсан гар утсаа авч, үлдсэн мөнгөөр нь ойр зуурын идэж уух зүйл аваад дуусгасан. Одоо тэр мөнгөнөөс 20,330 төгрөг үлдсэн. Би тэндээсээ өөрийн найз Ц-ийн  гэрт 12 цаг өнгөрөөгөөд очсон. Би Ц-эд өөрийгөө хулгай хийж мөнгөтэй болсон талаар ямар нэгэн зүйл яриагүй. Орой 21 цагийн орчимд аав Б-гаднаас хоёр энгийн хувцастай цагдаатай хамт орж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн... Би 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад Баянхошууны эцэс орчихоод буцаад явж байхдаа Хөтлийн өргөн гудамжаар эзэнгүй айл хараад явж байтал нэг ногоон өнгийн хаалгатай урагшаа харсан хашаатай айлын хашааны хаалга нь цоожгүй, хаалттай, гэрийн хаалга нь ил цоожтой харагдахаар нь эзэнгүй байгааг нь мэдсэн. Ингээд уг айлын хашаа руу орсон чинь уг гэрийн хойд талд нэг гэртэй мөн байшинтай айл байсан. Би хашаанд байсан урд талын айлын амбаарын болон гэрийн хаалганы цоожийг нь төмрийн хөрөөгөөр хөрөөдөж онгойлгоод гэрт ороход хайрцагтай зурагт байхаар нь аваад гарсан. Тэгээд засмал зам руу явж очоод замын такси бариад Өргөө кино театрын тэнд байрлах ломбарданд 300,000 төгрөгөөр тавьсан. Бусад зүйлсийг нь би аваагүй. Монетон ээмэг, зүүлт, самсунг нөүт-2 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг нь би мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48,168-169/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-7, 125-129/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-13/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх- н 15/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-20/, эд мөрийн баримт хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-н 23-25, 136-138/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-н 47-48, 51-53, 62-64/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 54-55, 130/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2-11 тоот хашаанд байрлах иргэн Д.М-эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч Хайер маркийн 40 инчийн зурагт, монетон ээмэг, зүүлт, Самсунг Нөүт 2 маркийн гар утас зрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 15-р гудамж 54 тоотод оршин суух Л.Бы гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “TLC” брэндийн зурагт, “SHARP” брэндийн хөргөгч зэргийг хулгайлан авч 919.800 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Бы: “...Өдөр манай хүү Б хичээлээ тараад 13 цагийн орчимд гэртэй ирээд гэрийн хаалга үүд онгорхой, гэрээс зурагт, хөргөгч зэрэг зүйлс алдагдсан байна гэж надад утсаар залгаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг  / хх-н 32-33 /, иргэний нэхэмжлэгч Д.С-ын: “...Тэр хоёр ломбарданд гадуур нь давуугаар ороосон зурагт нэг ширхэг, хоёр хаалгатай цагаан өнгийн хөргөгч нэгийг оруулж ирээд тавьсан байсан. Тэгээд тухайн эд зүйлийг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн бөгөөд би зурагтыг нь хальт асааж үзээд хөргөгчийг нь тогонд хальт залгаад ажиллаж байхаар нь 250.000 төгрөгөөр барьцаанд авсан юм. Тэгээд тэр эрэгтэй, эмэгтэй хоёрыг явсны дараа удалгүй араас нь цагдаа нар орж ирээд зурагт, хөргөгчийг хулгайн эд зүйлс байна гэж хэлээд хураагаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 29-30 /, гэрч С.Д-ийн: “...Тэгээд тэр охин хашаа руу орчихоод эргээд гарч ирээд манай гэрт ачааг өргөөд өгөх хүн байхгүй байна та туслаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хашаанд байсан монгол гэр рүү орсон. Тухайн гэрийн хаалга нь онгорхой байдалтай, гэрт ороод гэрийн баруун талд аяга тавагны шүүгээний дэргэд байсан саарал өнгийн 2 хаалгатай, хоосон хөргөгчийг өргөж гараад машиндаа ачсан бөгөөд харин цэцэгтэй цагаан өнгийн давуугаар боосон зурагтыг тэр охин өөрөө өргөөд машины кабин дотор орж суусан. “Хишиг” нэртэй ломбардыг зааж өгөхөөр нь шууд тийшээ очсон. Тэгээд тухайн ломбард руу тэр охин зурагтаа бариад харин би хөргөгчийг нь ломбардын үүдэнд зогсож байсан залуугаас тусламж гуйгаад өргөөд ломбард руу оруулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/, хохирогч Д.Мөнх-Эрдэний: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа яваад 19 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн үүдний таамбарын цоож байхгүй байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай гэрийн зүүн талын орны толгойн араар хайрцагтай байсан Хайер маркийн 40 инчийн зурагт байхгүй болсон байсан. Мөн манайхаас манай дүү Мөнхзаяагийн монетон ээмэг, зүүлт, Самсунг нөт-2 маркийн гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 140-141/, хохирогч Д.М-гийн: “...Намайг ажил дээрээ байж байхад 19 цагийн орчимд манай ах Д.М-над руу залгаад гэрт хулгай ороод зурагт алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд миний монетон ээмэг, зүүлт, Самсунг нөт-2 маркийн гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 143-144/, иргэний нэхэмжлэгч С.М-ын: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эзэн Мөнх” барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг газар болох ажил дээрээ байж байхад 20 гаран насны эмэгтэй орж ирээд орж ирээд зураг авах уу гээд хайрцаг савтай Хайер маркийн 40 инчийн зурагт авч орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 146-147/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-7, 125-129/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-13/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх- н 15/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-20/, эд мөрийн баримт хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-н 23-25, 136-138/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 54-55, 130/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүгдэгч Б.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д- нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч буюу монгол гэрийн цоожийг төмрийн хөрөөгөөр хөрөөдөж нэвтрэн орж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан төлөвлөж, учрах саад буюу цоожийг онгойлгох зорилгоор төмрийн хөрөөг бэлдэж гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэрэг үйлдэх шууд санаатай, идэвхитэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М-д 360.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.С-д 270.100, С.М-ад 324.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Д-аас нийт 954.100 төгрөг гаргуулж улмаас хохирогч Д.М-д 360.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.С-д 270.100, С.М-ад 324.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Л.Б нь эд зүйлээ хүлээн авсан /хх-н 24/, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр гаргасан /хх-н 104/, хохирогч Д.М“Хайер” маркийн 40 инчийн зурагтыг хүлээлгэн өгсөн, дээрх хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Д-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 04 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч тус зүйл ангид заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулах хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн Цагдаагийн албанаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оргонож байсныг олж тогтоон шүүгчийн захирамжийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын урьд цагдан хоригдсон 09 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж  шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1808012390529 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Д-ыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 02 жил 06 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Даваажараглын урьд цагдан хоригдсон 09 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 1808012390526 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Д-аас нийт 954.100 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-д 360.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.С-д 270.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.М-ад 324.000 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР