Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Г.Оюунчимэг өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаан-Уул овогт Гомбосүрэнгийн Оюунчимэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805053741264 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цагаануул овогт Гомбосүрэнгийн Оюунчимэг, 1963 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, “Тэлмэн жолоо” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, ганцаараа, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15/1 байр 114 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧЙ-63011109 тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Оюунчимэг нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вьетнам авто засвар”-ын газар Б.Оюунцэцэгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Оюунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Ветьнамуудад биеэ үнэлдэг охин байгаа юм. Тиймээс би өөрийн охин шигээ санаад сургамж болгох үүднээс 2 өшиглөсөн. Хохирогч гэх охин намайг цохьсон. Гэвч нэгэнт биед нь халдсан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн” гэв.

        Хохирогч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургууль руу эргэхэд байдаг “МТ” ШТС-ын дэргэдэх авто засварын газар руу орсон. Тэгтэл тэнд миний танил Вьетнам улсын иргэн Гуан болон түүнтэй хамт ажилладаг залуус мөн үл таних хоёр эмэгтэй байсан. Тэгээд бас манаач нь бололтой нэг монгол залуу бас байсан. Ингээд би Гуантай мэндлээд юм яриад зогсож байтал хажуугаас нэг эмэгтэй одоо гараач гэхээр нь би Гуанаас энэ ямар учиртай хүн бэ гэтэл Гуан манай дарга байгаа юм гэснээ зүгээр зүгээр гэсэн. Тэгээд бид хоёр юм яриад байж байтал тэр эмэгтэй муухай, муухай хараад дахиад гараач гэхээр нь би юм асуучихаад гарлаа шүү дээ гэтэл жаахан байж байгаад нөгөө эмэгтэй миний дэргэд чи одоо гараач, асуух юмаа гадаа гараад асуугаач гэснээ цээж рүү түлхэхээр нь юм хэлж амжаагүй байж байтал цаанаас нөгөө хүүхэн нь ирээд бас миний цээж рүү цохиод нэг мэдэхэд намайг үсдээд доош дарангуут би доошоо харж газар унахад хэн нь мэдэгдэхгүй хөл, гуя, нуруу, гэдэс рүү өшиглөтөл тэнд байсан манаач монгол залуу, Вьетнам ажилтан 2 цаанаас ирээд тэр хүүхнүүдийг надаас салгасан. Тэгээд би тэр газраас зугтах шахам гартал араас гарч ирээд дахин намайг хоёулаа зуурч аваад газар унагаж хэвлийн хэсэг бөөр, нуруу руу өшиглөтөл дотроос нөгөө хоёр ажилтан гарч ирж бас салгасан. Тэгээд тэр хоёр эмэгтэйд цагдаад хандана гэтэл цагдаадаа хэл гэхээр нь би 102-т дуудлага өгсөн. Би яг хэн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Хоёулаа л хамт намайг зуураад үсдээд газар унагасан, газар унасан хойно хэн нь хаашаа яаж цохиж өшиглөснийг би доош харсан байсан учраас хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Гэрч Т.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хорооллын Вьетнам засварын газарт ажлаа хийж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд засварчин Гуантай юм яриад зогсож байсан. Тэгээд Оюунаа эгч ямар хүн бэ гэхэд тэр эмэгтэй, танд ямар хамаатай юм бэ гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахаар Сарангэрэл эгч салгаад дараа нь дахиад барьцалдаад авахаар би очиж салгасан. Тэгтэл бас нөгөө эмэгтэй эргээд Оюунчимэг эгч рүү дайраад байхаар нь би тэврээд гадагш гаргатал цаашаа явчихсан. ...Оюунчимэг эгч л өшиглөж харагдсан. Өөр тэр эмэгтэйг зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

Шинжээчийн 12275 тоот: “...Б.Оюунцэцэгийн биед нуруу, хоёр гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-н 31/,

Сэжигтэнээр Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орой ажил дээр байж байтал нэг охин орж ирээд манай Вьетнам ажилтантай юм яриад бараг нэг цаг шахам болоод ажлыг нь хийлгэхгүй байсан учраас миний дүү гар утасны дугаарыг аваа, оройн цагаар ярь гар гэж хэлсэн. Тэгтэл тэр охин танд ямар хамаатай юм бэ, би уулзах хүнтэйгээ уулзаж байна гэсэн. Тэр үед уг охиноос нилээд архи үнэртэж байсан. Тэгээд гарахгүй болохоор нь би түүнийг чиртэл тэр миний өөдөөс зодолдоод толгой руу цохьсон, намайг түлхсэн. Миний хавирга гэмтсэн. Тэгээд чирч гаргаад түүнийг 2, 3 удаа өшиглөсөн. Хатуу гуталтай байсан болохоор бас энд тэнд нь хөхөрсөн байх. Тэгээд би түүнийг гаргачихаад ажлаа тараад гэр рүүгээ явсан. Намайг явсны дараа тэр охин 2 цагдаа дагуулаад ажил дээр ирсэн. Тэр үед Сарантуяа гэх захирал хамт байсан. Бид хоёр тэр охинд шаардлагыг хамт тавьсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, одоо надад өвдөж зовоод байх зүйл байхгүй....хоёр гуя, зүүн шилбэ рүү нь өшиглөсөн. Тэр гэмтлийг би учруулсан. Харин нуруунд цус хуралт гэсэн гэмтлийг тэр надтай зууралдаж байхдаа арагш унасан, тэгэхэд өөртөө тэр гэмтлийг учруулсан байх. Мөн баруун өвдөг цус хуралт гэмтлийг би түүнийг чирээд гарах үед үүссэн байх. Ингээд нурууны цус хуралт гэсэн гэмтлээс бусад гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, хохирлын баримтууд /хх-н 30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-38, 48-49, 54/, Хохирогчийн хүсэлт /хх-н 50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Оюунчимэг нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вьетнам авто засвар”-ын газар Б.Оюунцэцэгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Оюунцэцэгийн: “...нөгөө эмэгтэй миний дэргэд чи одоо гараач, асуух юмаа гадаа гараад асуугаач гэснээ цээж рүү түлхэхээр нь юм хэлж амжаагүй байж байтал цаанаас нөгөө хүүхэн нь ирээд бас миний цээж рүү цохиод нэг мэдэхэд намайг үсдээд доош дарангуут би доошоо харж газар унахад хэн нь мэдэгдэхгүй хөл гуя нуруу гэдэс рүү өшиглөтөл тэнд байсан манаач монгол залуу, вьетнам ажилтан 2 цаанаас ирээд тэр хүүхнүүдийг надаас салгасан. Тэгээд би тэр газраас зугтах шахам гартал араас гарч ирээд дахин намайг хоёулаа зуурч аваад газар унагаж хэвлийн хэсэг бөөр нуруу руу өшиглөтөл дотроос нөгөө хоёр ажилтан гарч ирж бас салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, гэрч Т.Нарангэрэлийн: “...Би хорооллын Вьетнам засварын газарт ажлаа хийж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд засварчин Гуантай юм яриад зогсож байсан. Тэгээд Оюунаа эгч ямар хүн бэ гэхэд тэр эмэгтэй, танд ямар хамаатай юм бэ гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахаар Сарангэрэл эгч салгаад дараа нь дахиад барьцалдаад авахаар би очиж салгасан. Тэгтэл бас нөгөө эмэгтэй эргээд Оюунчимэг эгч рүү дайраад байхаар нь би тэврээд гадагш гаргатал цаашаа явчихсан. ...Оюунчимэг эгч л өшиглөж харагдсан. Өөр тэр эмэгтэйг зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/, шинжээчийн 12275 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Оюунчимэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Оюунчимэг нь хохирогч Б.Оюунцэцэгтэй өөрийн ажилтаныг нь ажлыг нь хийлгэхгүй байна, яв гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 50/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Оюунчимэгийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Цагаануул овогт Гомбосүрэнгийн Оюунчимэгийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюунчимэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Оюунчимэгт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ОТГОНБАЯР