Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 39

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

                                                                           Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                 Д.Энхтулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Лхамсүрэнгийн Энхболдод холбогдох 201518020372 дугаартай, 149/2016/00038/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 47 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, 1 дүгээр гудамжны 2-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-1986 онд Эрүүгийн хуулийн 168б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

-1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн эрүүгийн давж заалдах шатны шүүх хуралдааны 152 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сар 12 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

-1993 онд Оросын Холбооны Улсын хуулиар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд зааснаар 03 жил 09 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялаа эдэлж байгаад Улсын дээд шүүхийн ялтан солилцоогоор хорих ялынхаа үлдсэн хугацааг Монгол улсад Хорих 433 дугаар ангид эдэлж, 2000 оны 12 дугаар сард хугацаа дуусч суллагдсан,

-2000 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад дээрмийн гэмт хэргээр 05 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа Бүгд Найрамдах Хятад Ард улсад эдэлж, хугацаа дуусч суллагдсан гэх бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Мянгад овогт Лхамсүрэнгийн Энхболд /РД:ТГ69091778/.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Л.Энхболд нь 2015 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 1 дүгээр хэсгийн 02-09 тоотод орших гэртээ өөрийн төрсөн эцэг 79 настай Р.Лхамсүрэнг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар биед нь олон тооны гэмтэл шарх учруулан зодож амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Л.Энхболдод холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 37 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Мянгад овогт Лхамсүрэнгийн Энхболдыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Л.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.12, 91.1.15 дах хэсэгт зааснаар 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Л.Энхболдод оногдуулсан 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Л.Энхболдын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  151 /нэг зуун тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хавтастай хивсэн дээр 2000 гэсэн тоон тэмдэглэгээ болон хятад бичигтэй тэмдэглэлийн дэвтрээс энэ хэрэгт бэхжүүлэгдсэн бичвэртэй хэсгийг нь хэрэгт хадгалан хар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг Л.Энхболдод буцаан олгож, энэ хэрэгт хураагдан ирсэн  750 граммын архины шил нэг ширхэг, хар хөх өнгийн жинсэн цамц /як/ 1 ширхэг, босоо тууш судалтай эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, цайвар өнгийн үстэй оймс 1 хос, цайвар шаргал өнгийн ноосон оймс 1 хос, 27 см урттай 2 см диаметрийн хэмжээтэй хоолойтой, 9 ширхэг нүхтэй хүрэн бор өнгийн шулуун төмөр 1 ширхэг, гол хэсгээрээ махийж хэлбэр дүрсээ алдсан, 40 см урттай, 2.0 см диаметрийн хэмжээтэй, 10 см хэмжээтэй хар өнгийн резин бариултай хүрэн бор өнгийн төмөр 1 ширхэг, цагаан өнгийн шаазан аяганы хагархай 1 ширхэг, “Stainless Steel” гэсэн бичигтэй хоолны сэрээ 1 ширхэг, таягны газарт тулах хэсгийн зөөлөвч резин 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.Энхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би өөрт ноогдох Шүүхийн шийдвэр тогтоолыг албан ёсоор танилцаж аваагүй болно, шалгаж тогтоох, 2015.12.27-ны өдөр байцаагч ахмад Мөнхсүх нь өмгөөлөгч Жаргалбаярыг байлцуулан танилцуулсан. Шинжээч Ган-Эрдэнийн дүгнэлтэнд хохирогчийн шарх болон гэмтэл нь 2 диаметрийн хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй хурц үзүүртэй зүйлийн олон удаагийн буюу 40 гаран удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно, шалгаж танилцах, үхэлд хүргэх болсон шалтгаан нь: 2 диаметрийн хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй, хурц үзүүртэй зүйлийн олон удаагийн давтамжаар толгойн хэсэг чамархайн тус газар хүчтэй бяцарч, удаан үйлчлэлийн улмаас үхэлд хүргэсэн гэж дүгнэгдсэн болно, шалгаж танилцах, хэргийн газар дээрээс хураагдсан зүйл дотор гол нотлох баримт болох 2 диаметрийн хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй хурц үзүүртэй, үзүүр хэсгээрээ хохирогчийн IV-р бүлгийн цустай, 10 см урт резинэн бариул дээр нь тод гарсан хурууны хээ илэрсэн тогтоогоогүй, Энхболдынх биш гэх шинжээчийн дүгнэлттэй танилцах, хянаж тогтоох, хэнийх вэ, байцаагч Мөнхсүх ярихдаа хохирогчийн хурууны хээг шалгах боломжгүй гэсэн, яагаад. Хохирогч гэх аав маань тэтгэвэр авдаг. Хурууны хээгээ өгсөн, тодруулах, хэрэв хохирогчийн хурууны хээ тогтоогдвол Энхболдыг яллах аргагүйд хүрнэ.

Хуулиар хуурамчаар зөвшөөрөгдсөн асран хамгаалагчийн бичгийг байцаагч ахмад Мөнхсүх ажлынхаа үзүүлэлтэд ашиглах боломжгүй болно. Мандал сумын проукурор Энхбат, Ариунболд, Уранчимэг нар сайн хяналт тавиагүй бүгд хэргийг хянахаас татгалзсан. 2015.12 сард Ариунболд прокурор 1 удаа уулзсан. 2016.02.04-ний өдөр хяналтын ахлах прокурор Уранчимэг юуны учир хавтаст хэрэгтэйгээ танилцахгүй гэж нэг удаа уулзаад ахиж уулзаагүй. Ингээд сураг тасарч 2016.04 сарын сүүлчээр шүүхийн туслах Төр-Амгалан гэх эмэгтэй хавтаст хэргээс хэсэгчлэн танилцуулаад явсан. Прокурор Ариунболд яллах дүгнэлт үйлдэн бичихдээ хохирогч биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж нүүр, дух, толгой, биед нь 40 гаруй удаагийн давтамжаар шарх гэмтэл учруулан зодож, санаатай амь насыг нь хөнөөсөн гэж бичээд, доор нь: Дээрх гэмтэл шарх нь зогсож байгаад болон орон дээрээс унахад үүсэх боломжгүй гэх шинжээч Ган-Эрдэнийн дүгнэлтийг хасч бичсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт бүрэн эхээрээ: Дээрх гэмтэл шарх нь 2 диаметр см-ын хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй хурц үзүүртэй зүйлийн улмаас үүсгэгдсэн болно. Зогсч байгаад болон орон дээрээс унахад үүсэх боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Прокурор улсын яллагч Ариунболд яагаад хасч яллах дүгнэлт үйлдэх болов, шалгаж тогтоох.

Шинжээч Ган-Эрдэнийн “...олон тооны хавирганы хугарал нь өндөрөөс унах буюу олон удаагийн өшиглөлт дэвсэлтийн улмаас учрах боломжтой...” талийгаач миний хажуугаар шургаж унахад би өргөж босгоод, цустай гараараа миний оймсноос дотоожноос, жинсэн цамцнаас татаж боссон. Хөл дээрээ тогтож, нүд нь хараатай, би барьж байсан гараа тавьтал ямар ч мэдрэмжгүй ар нуруу болон дагзаараа маш хүчтэй унасан. Хавирганууд хугарсан байх магадлалтай. Би өшиглөж дэвсээгүй. Намайг өшиглөж дэвссэн ул мөр шинжээчийн дүгнэлт байхгүй, үзэж шалгах. Байшин дотор шалан дээр, шалны халаагуур дээр нь дэвссэн хивс, газраас өндөр. Өндрөөс унах гэх шинж дүгнэлттэй тохирч байна.

Прокурор Ариунболд яллах дүгнэлтэндээ бичихдээ “...Эд мөрийн баримт болох хураагдсан зүйлээр хурууны хээ тохирч байгаа гэх эд мөрийн баримт болгон 0,75 гр Ерөөл архины шил-1ш хурууны хээ Энхболдынх, цус болсон оймс, дотоож, жинсэн цамц- IV бүлгийн цус, таягны хоёр хугархай тод хурууны хээ, тогтоогдоогүй, цус болсон шаазан аяга-1ш бүдгэвтэр х/хээ, тогтоогдоогүй, сэрээ, шинжилгээнд явуулсан...” юун дээрх нь хурууны хээ тодорхойгүй, ялын дүгнэлт шүүх тогтоол үйлдсэнийг шалгаж тогтоох, шүүх шийтгэх тогтоолдоо 2016.05.05-ны өдрийн шүүх хуралдааны үед миний  хэргийнхээ талаар бүрэн гүйцэт санан, мэдүүлэн ярьсан яриаг болон шүүгч Алтанцэцэгийн уншиж шүүн тогтоосон хохирогч өөрийгөө гэмтээх боломжгүй учир чанга дэглэмтэй хорих ангид 17 жилийн ялыг эдлүүлсүгэй гэх шүүхийн тогтоолд бичигдээгүй болно. Шүүх тогтоолыг хэн үйлдсэнийг шалгаж асуух, шүүх хуралдааны бичлэгийг сонсож, үзэх, харах, 2015.12.17-ны өдөр өмгөөлөгч Жаргалбаярыг байлцуулан ЭХ-ийн 91.1-ээр байцаалт авах гэж байхдаа сэйфнээсээ миний самсунг маркийн 94872566 утсыг гарган үзүүлээд энэ чиний утас мөн үү гэж асууж байсан. Өөрийн гар утас-94872566-г шалгуулах, шалгаагүй.

Хэрэг гарсан даруйд Ах, бэр эгч, эмээ нараас Долгор, Дашаа, эгч нараас тусламж хүсээд ирэхийг нь хүлээж байгаад унтсан байсан. Байцаагч Мөнхсүх 95872566 гэх утас шалгасан байдаг. Ашиглалтанд байхгүй гэх Мобикомын бичиг, ямар учраас буруу дугаар шалгав. Асууж тодруулах, байцаагчаа энэ миний утасны дугаар биш гэтэл чи хэзээ утасны дугаараа мэдэж байлаа гэж уурласан. Хэргийн газар очсон шинжээчийн бүрэлдэхүүнээс миний самсунг маркийн утсыг асууж тодруулах, өөрийн 94872566 утсыг буцаан авах, өгөөгүй шалгуулах.

Том эгч Байгалмаа АНУлсад амьдардаг. 2015 оны 10 сард Монголд ирэхдээ өөрийн танил талаараа хөөцөлдөн хуурамчаар асран хамгаалагчийн бичиг болон халамжийн дэвтэр авч өгсөн. Сард улсаас бүтэн асарсны мөнгө 137,000 төгрөг авсан. 1 удаа аваад орой нь хэрэг гарсан /2015.12.03/, аав маань бүтэн асруулах шаардлагагүй бүгдийг өөрөө хийнэ, хоолоо хийнэ, түлээ хагална, архинд дуртай. Ах эгчид минь болон ойр дотных хөрш айлаас асууж тодруулах, тэтгэвэрээ өөрөө очиж авдаг. Байцаагч ахмад Мөнхсүх нь ар гэр, ах, эгч нарт минь согтуугаар үйлдсэн аллага гэж ойлгуулан хэргийн гол гол нотлох баримтуудыг санаатай шалгалгүй орхигдуулан, хэргийг бүрхэгдүүлэн, асран хамгаалагч гэдгээр үндэслэн, ар гэрээс хөөцөлдөх хүнгүйг далимдуулан өөрийн албан тушаал ажлын үзүүлэлттэй холбон хүний амины ээдрээтэй хэргийг хоёрхон сарын дотор хоёр удаа байцаалт аван хавтаст хэрэгтээ гүйцэт танилцуулалгүй хэргийг хааж тулган ялласан.

Өмгөөлөгч Сувд Сэжигтэн Л.Энхболд нь анхнаасаа <<Би аавыгаа алаагүй >> гэж мэдүүлж байгаа. Би хавтаст хэрэгтэй гүйцэд танилцаагүй, шүүх хуралд томилогдон ирсэн гэж хэлсэн. Шүүх хурлын бичлэгийг сонсож үзэх, харах, Эдгээр дээрх байдлаас харвал, яллах дүгнэлт шүүх тогтоол үйлдэхдээ хайхрамжгүй, өнгөцхөн, тодорхой бус ойлгомжгүй, дараагийн шатны шүүхийг шалгасан, даатгасан шүүхийн бүрэн бус шийтгэвэр гаргасан гэж би ойлгодог. Би өнөөдрийг хүртэл яагаад надад буруу өгч, 17 жилийн хорих ял оноон шүүснийг ойлгодоггүй. Тодорхой ойлголттой хариу өгөх, хэргийг ахин хянаж шалгах. Хэрэг гардаг орой 2015.12.03 талийгаач аав бид хоёр хоёул байсан. Гэрч байхгүй. Маргааш өглөө нь 2015.12.04 хүн ирээгүй байсан болохоор ширээн дээр таягны хугархайн хажууд байх дээрээс нь жаахан уусан архийг авч хөрш Ч.Болдбаатарын гэрт ууж, аав үхчихлээ цагдаа дууд, мөн дээд айл Отгонжаргалынд орж: аав үхчихлээ ш дээ, пизда минь, хурдан цагдаа дууд гэж хэлээд уусан архиндаа ухаан балартаж унасан. Нэг мэдсэн цагдаагийн хэсэг дээр гавтай сууж байсан. Энэ үед согтолтын зэрэг 3,8% хүнд зэргийн согтолттой гэх шинжээчийн дүгнэлт, гэрч гэх Ч.Болдбаатар, Б.Болдбаатар, Отгонжаргал, эгч Болормаа нарыг шүүх хуралд ирүүлээгүй, нүүрэлдүүлэн байцаалт явуулаагүй, нүүрэлдүүлэх.

Хэрэг гарсан орой би өөрийгөө бүрэн удирдах чадвартай байсан. Би хүүхдийн хорих анги Орос, Хятадын хорихоор хүмүүжсэн. Бага нас цэцэрлэг сургуульд хүмүүжсэн. Би айлын отгон. Надад өөрийн дотны хайртай хүнээ санаатай амь насыг нь бүрэлгэх тийм сэтгэл, хүмүүжил байхгүй. Би үнэнийг тогтоодог шүүх байгууллага байдаг гэдэгт итгэж байна. Үхсэн ч итгэсээр байх болно. Миний дээр дурдсан яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолыг сайн хянан шалгаж амьдрах амьдралд минь итгэл өгч, үнэнийг олуулахыг шүүх бүрэлдэхүүнээс чин сэтгэлээсээ хүсье...” гэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ:

“Ялтны гомдолтой танилцсан. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Хэдийгээр таяг дээрээс гарын хээний мөр илэрээгүй ч тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаа, үйлдэгдсэн шалтгаан нөхцөл болон гэмт хэрэг үйлдэгдэх үед ялтан болон талийгаач нараас өөр хүн байгаагүй нь тогтоогдсон.

Мөн хэрэг үйлдэгдэх үед н.Болдбаатар болон хэрэг гарсны дараа орж ирсэн н.Болдбаатар нарт харьцуулах шинжилгээ хийсэн. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Тодорхойлох нь:

  

Л.Энхболд нь 2015 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 1 дүгээр хэсгийн 02-09 тоотод орших гэртээ өөрийн төрсөн эцэг 79 настай Р.Лхамсүрэнг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар биед нь олон тооны гэмтэл шарх учруулан зодож амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мянгад овогт Лхамсүрэнгийн Энхболдыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.12, 91.1.15 дах хэсэгт зааснаар 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, цагдан хоригдсон 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор тус тус зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Л.Энхболд нь 2015 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 02-09 тоотод орших гэртээ өөрийн төрсөн эцэг 79 настай Р.Лхамсүрэнг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар биед нь олон тооны гэмтэл шарх учруулан зодож амь насыг санаатай хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч А.Бадамцэцэг /хх-ийн 23-р ху/, О.Лхагвасүрэн /хх-ийн 24-р ху/,Б.Болдбаатар /хх-ийн 25-р ху/,Ч.Болдбаатар /хх-ийн 26-р ху/, Н.Оюунбилэг /хх-ийн 29-р ху/, М.Отгонжаргал /хх-ийн 31-р ху/, шинжээч Г.Ган-Эрдэнэ /хх-ийн 65-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10798 тоот дүгнэлт /хх-ийн 37-р ху/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10797 тоот дүгнэлт /хх-ийн 38-р ху/, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10801 тоот дүгнэлт /хх-ийн 43-р ху/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10795 тоот дүгнэлт /хх-ийн 52-р ху/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10796 тоот дүгнэлт /хх-ийн 53-р ху/,Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-59-р ху/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №52 тоот акт /хх-ийн 60-61-р ху/,  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 62-р ху/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1083 тоот дүгнэлт /хх-ийн 68-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-79-р ху/ 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 тоот дүгнэлт /хх-ийн 87-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж , хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Л.Энхболдын гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6096 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 40-42-р ху/ хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн гол хэсгээрээ тахир нимгэн төмөр /труба/, хүрэн өнгийн шулуун хэлбэртэй, нимгэн төмөр /труба/ зэргээс илэрсэн гарын мөр ялтан Л.Энхболдын гарын мөртэй тохирохгүй гэсэн дүгнэлт гаргасан боловч уг гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд хэргийн газарт байсан гэх бусад хүмүүс болох Б.Болдбаатар, Ч.Болдбаатар нарын гарын мөрүүдтэй мөн тохироогүй, нас барсан хохирогч Р.Лхамсүрэнгийн гарын мөрийг авах боломжгүй болсон боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар энэ гэмт хэргийг Л.Энхболд үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэн, нотлох баримтуудыг цуглуулахдаа иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн байдал тогтоогдоогүй байх тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт ...Сум дундын прокурорын газраас Л.Энхболдын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй...гэсэн дүгнэлт хийж, Шийтгэх тогтоолын “Тогтоох хэсгийн 1 дэх заалтанд Мянгад овогт Лхамсүрэнгийн Энхболдыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай гэж заасан боловч 2 дахь заалтандаа бичилтийн буюу техникийн алдаа гаргаж, Л.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.12, 91.1.15 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан зөрчил гаргасан байх тул энэ заалтыг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Л.Энхболдын биеийн байцаалтанд 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн эрүүгийн давж заалдах шатны шүүх хуралдааны 152 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сар 12 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн /хх-ийн 125-р ху/ байдлыг 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 125 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 125.2-т зааснаар 03 жил 03 сар 12 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн мэтээр буруу бичсэн алдаа гаргасныг цаашид анхаарах шаардлагатай байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Л.Энхболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4,  325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

2 дахь заалтыг:

“…2. Шүүгдэгч Л.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй…” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Ялтан Л.Энхболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                             Б.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                           Д.БУЯНЖАРГАЛ