Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 646

 

Д.Х-, Ц.Д-, Г.Б-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн өмгөөлөгч Ю.Батболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Х-, шүүгдэгч Г.Б-, шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Ц.Эрдэнэбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэгдэж, шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж ялыг дүйцүүлэн 05 жил 07 сар 09 хоногийн хорих ял болгож сулласан, Х овогт Д-н Х-,

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ***,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 407 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ялыг дүйцүүлэн 1 жил 02 сар 13 хоногийн хорих ял болгож хасч сулласан, М овогт Ц-н Д-,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, З овогт Г-н Б-.

Д.Х-, Г.Б-, Ц.Д- нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг Мойлтын 11-1 тоотод оршин суух иргэн Ё.Н-ын гэрт нэвтэрч "Ямандаг", "Дамдинчойжоо" нэртэй 2 ширхэг бурханыг зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэж дээрэмдсэн,

Д.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний орчимд хохирогч Ө.Т-ыг албан үүргээ гүйцэтгэж явахад нүүрэн тус газарт нь газ цацаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарт 8 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-д 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Х-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б-, Д.Х-, Ц.Д- нараас гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан 20-13 УНИ улсын дугаартай Ниссан Aдван маркийн автомашины үнэ болох 4,000,000 төгрөгийг хувь тэнцүү буюу 1,333,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын Г.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон “91” гэснийг “90”, Ц.Д-гийн цагдан хоригдсон “34” гэснийг “32”, Д.Хурц-Эрдэнийн цагдан хоригдсон “98” гэснийг “95” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Х- гаргасан гомдолдоо “...2019 оны 6 сарын үед Д- манай найз Дашравдан гэх залуугийн аав нас барахдаа 2 ширхэг бурханаа дүүдээ өгчихөөд өнгөрсөн. Дүүгийнх нь эхнэр бурханыг авчихаад өгөхгүй байгаа аваад өг мөнгийг нь хувааж авая гэж Б- бид 2-т хэлсэн. Дашравдан хэзээ авах хугацааг хэлэхээр тохирсон. 2019.08.23-наас 24-нд шилжих шөнө тохиромтой гэж Давшравдан хэлснээр бид 3 дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. 8.23-нд тус сумын цагдаагийн газар зугаалга хийж байсан, мөн хохирогч Н- нь охинтойгоо байгаа талаар Дашравдан Д-д мэдээлэл өгсөн байсан. Дашравдан Хархоринд урьдчилан очиж судалгаа хийж, хохирогчийн гэрийн хаягийг утсаар Д-д зааж өгсөн. Гэмт хэрэг үйлдээд маргааш нь Дундговь аймагт ирсэн байхад хохирогчийн гэрт цус дуссан талаар утсаар мэдэгдсэн, болж байгаа үйл явдлын талаар мэдэгдэж байсан, энэ хэрэгт Дашравдан нь шууд хамааралтай хам хэрэгтэн билээ.

Энэ талаар 2019 оны 11 сард мөрдөгч хэргийг прокурорт шилжүүлэхээр танилцуулж байх үед амаар болон хэргийн санал хүсэлт авах хэсэгт энэ хэрэгт захиалагч байгаа шалгуулах хүсэлтэй байна гэж бичсэн. Хэрэг прокурорт шилжсэний дараа амаар хэлсэн, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөн хэлсэн боловч шалгаагүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо бичсэн бас шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.10, 4 дэх хэсэг, 32.2 дугаар зүйлийн 1.7, 32 дугаар зүйл 1.9, 16.10 дугаар зүйлийн 2, 4, 6, 15.4 дүгээр зүйлийн 1.2, 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг эдгээр зүйл заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн Дашравданг бид 3-тай хамт шийтгээгүйгээс машины үнэ 4 сая төгрөгийг 3 хувааснаас эрх зүйн байдал дордсон.

Мөн энэ хэрэгт шалгагдаж байхад Өмнөговь аймгийн Ханбогд суманд шалгагдаж байсан 2 хэргийг нэгтгэх талаар прокурорт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн боловч нэгтгэлгүй хэд хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял авч 2020.05.25-нд шүүхээс 9 жил, 2020.09.25-нд 4 жил нийт 13 жил хорих ял авсан нь эрх зүйн байдлыг дордуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 4-т хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялын нийт хэмжээ ялын хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэснээр 2018.08 сар Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйлдэгдсэн 17.3 дугаар зүйлийн 2.2, 2019.08 сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйлдэгдсэн 17.2 дугаар зүйлийн 3.2 эдгээр гэмт хэргийг нэгтгээгүйгээс хамгийн хүнд ялтай гэмт хэрэг болох 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан хорих ялын дээд хэмжээ 12 жилээс хэтэрч эрх зүйн байдал дордлоо.

Иймд миний гомдлыг хэлэлцэн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Мөн хэргийг прокурорт буцааж Дашравдан гэх хүнийг шалгуулж хамт шийтгэж өгнө үү. Бусдад төлөх хохирол, төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Б- гаргасан гомдолдоо “...2019 оны 6 сарын үед Д- манай найз Равдан гэх залуугийн аав нас барахдаа 2 ширхэг бурханаа дүүдээ өгчихөөд өнгөрсөн. Дүүгийнх нь эхнэр бурханыг авчихаад өгөхгүй байгаа аваад өг мөнгийг нь хувааж авая гэж Х- бид 2-т хэлсэн. Равдангийн бэр эгч нэхэхээр өгөхгүй байгаа. Тийм болохоор хэдүүлээ хулгай хийж авая гэж Равдан Д-д хэлсэн байдаг. Хүмүүс ярихдаа 100 сая хүрэх байх хэдүүлээ зараад хувааж авая гэж хэлсэн байсан. Равдан бүх зүйлийг нарийн судалж хэзээ, мөн гэр доторх байрлал, гэрт хэдэн хүн байгаа талаар хэлсэн. Х- бид 2 гэр рүү орсон. Гэрт ороод гарсан хугацаа ердөө 10 сек байх Равдан энэ бүх зүйлийг нарийн хэлээгүй бол бид анхнаасаа ийм гэмт хэрэг хийхгүй байсан. Мөн прокурор Х- бид 2-ыг гэм буруугаа огт хүлээдэггүй гэх боловч гэм буруугаа хүлээж, үүрэг хариуцлагаа ухамсарлан Равдан гэх хүнийг ийм хэрэг захиалж хийлгэсэн гэж удаа дараа хэлсэн. Нэгтгэж шийдвэрлэж өгнө гэж амаар болон хүсэлтээр хэлсээр байхад шалгаж өгөлгүй шийдсэн.

Прокурор хохирол төлбөрөө төлж барагдуулсан байхад үндэслэлгүй гэсэн. 2 бурхан 1.5 сая, хохирогч Дэжидийн нэг жааз, хүжний суурь 1.6 төгрөгөөр үнэлснийг бид 3 төлж барагдуулсан. Мөн унаж явсан машиныг бид 3-т хувааж төлөхөөр болгож 1,333,000 төгрөг төлөхөөр болсон. Хэрэв Равдан шүүхээр шийтгэгдсэн бол 1 сая төгрөг төлөх байсан, эрх зүйн байдал дордсон. Мөн прокурорт Өмнөговь аймгийн Ханбогд суманд Зоригт, Х- бид 3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Энэ хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгч болон Х- бид 2 удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Үүний улмаас Х- бид 2-т 2020.09.25-нд шүүхээс тус бүр 4 жил хорих ял оногдуулж, нийт ялын хэмжээ 12 болж эрх зүйн байдал дордсон.

Иймд дээрх дурдсан миний гомдлуудыг үндэслэн дахин шалгаж үнэн зөвөөр шийдэж эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Д- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...2019 оны 7 сард миний танил Равдан гэдэг хүн манай хамаатны айлд шармал Ямандаг бурхан байгаа тэр бурханыг авмаар байна гэж хэлсэн. Тэр бурханыг хүмүүс 100 саяар худалдаж авая гэсэн боловч эзэд нь өгөөгүй үнэтэй бурхан юм шиг гэж хэлсэн. Гэрт нь ердөө нэг хүүхэд, чих нь хатуу хөгшин 2 байгаа, тэр 2 унтаад өгнө дуулахгүй гэж хэлсэн. Би Равданий хэлснийг Х-, Б- нарт хэлж хулгай хийж авахаар тохирсон. Түүнээс хойш Равдантай уулзаж хохирогчийн гэрийг Равдангаар заалгаж цаасан дээр зуруулж, салахдаа боломжтой үед над руу ярия гэсэн, ингээд Равдан над руу 2019.08.22-нд яриад маргааш очиж авахгүй бол хөгшин хөдөө дүүгийндээ очно бурханаа аваад явна гэж хэлсэн, бид 3 2019.08.23-нд хотоос гарч Хархоринд очсон. Тэр хооронд Равдан миний 99780220 дугаар руу залгаж байсан. Равдан намайг сэжиглэж магадгүй хөдөө дүүгийнд нь очиж хонолоо гэж хэлсэн.

Ингээд 2019.08.23-наас 24-нд шилжих шөнө Х-, Б- нар айл руу орж, би машинд үлдсэн, тэр 2 удалгүй гарч ирээд явая гэж хэлсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж захиалагч Равданг шалгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ц.Д-г гэм буруутайд тооцохдоо түүнийг бүлэглэн, илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг, тусгайлан бэлтгэсзн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

Гэтэл хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Ц.Д- гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд ямар оролцоотой байсан эсэх тухайд хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлж дүгнэлт хийгээгүй.

Шүүгдэгч Ц.Д- дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй талаар анхнаасаа тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Мөн Д.Х-, Г.Б- нар ч мэдүүлэхдээ Ц.Д-гийн үйлдэл оролцооны талаар тодорхой мэдүүлдэг. Энэ нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр нотлогддог.

Шүүх шүүгдэгч нар бурханыг хулгайлах зорилготой байсан гэж мэдүүлдэг ч энэ нь хохирогч Б.Дэжид, гэрч Ё.Н-, насанд хүрээгүй гэрч Б.Сарангэрэл, Н.Баттүшиг нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэдэг. Дээрх гэрч нар бол нэг гэр бүлийн гишүүд буюу хоорондоо хамаарал бүхий этгээдүүд юм.

Хамгийн гол асуудал бол дээрх гэрч нар гэрт 2 хүн орж ирсэн талаар мэдүүлж шүүх мэдүүлгийг үнэлсэн байдаг. Тэгэхээр Ц.Д- тухайн гэрт орж ирээгүй нь харагддаг. Энэ нь Ц.Д-гийн өөрийн болон шүүгдэгч Ц.Х-, Г.Б- нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Энэ байдлаас үзэхэд шүүх мэдүүлгийн нотлох баримтад дүгнэлт өгсөн асуудал ихээхэн эргэлзээ дагуулна.

Учир нь шүүгдэгч нарын мэдүүлгээс хулгайлах зорилготой гэж мэдүүлснийг болон Ц.Д- тухайн гэрт ороогүй буюу үйлдэл оролцооны тухайд үнэлээгүй, харин гэрч нарын мэдүүлгийг бүхэлд нь үнэлсэн байдаг.

Мөн шүүх Ц.Д-г үйлдэл оролцоогоороо дээрэмдэх гэмт хэрэгт нэгдсэн гэж үздэг боловч шүүгдэгч нарын анхнаасаа хулгайлах зорилготой байсан гэж мэдүүлдэг мэдүүлгийг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаараа ч дурдаагүй байдаг. Ц.Д-гийн тухайд дээрэмдзх бус хулгайлах зорилготой байсан талаар анхнаасаа мэдүүлдэг ба энэ нь ч бусад шүүгдэгч нарын “...Ц.Д- гадаа машинд байсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэрч өөрийн мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуульчилсан. Дээрх шүүгдэгч болон хохирогч гэрч нар бүгд хууль сануулж мэдүүлэг өгсөн байдаг боловч тэдний мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн талаар тодорхой дурдаагүй, орхигдуулсан.

Дээр дурьдсан нотлох баримтуудаар Ц.Д-г дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримт нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход эргэлзээ бүхий байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн тодорхой заалттай.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ мэдүүлгийг нотлох баримтад ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Мэдүүлгийн нотлох баримт гэдэг бол хувь хүний гадаад мэдэрхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний баримт зэрэг баримтат мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцох учиртай. Энэ байдлыг хууль сануулснаар бий болголоо гэж үзэж бусад нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй орхигдуулбал мөрдөн шалгах болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой төөрөгдөл үүсэх аюултай.

Дээрх байдлаас дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нотлох баримтыг харилцан зөрүүтэй үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, улмаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдал харагдаж байна. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлүүд тогтоогдож байна.

Иймд Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шүүгдэгч Д.Х-, Г.Б-, Ц.Д- нар нь анх тухайн гэмт хэргийг үйлдэхээр тохиролцохдоо хулгайлах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр хэлэлцэн тохиролцсон нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдзэрпэх тухай хуулийн 1 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлох үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тус бүрд нь тодорхойлох бөгөөд хэрэгт ямар оролцоотой байсан талаар нотлон тогтоох ёстой юм.

Шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт өөрсдийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн сэдэлт. зорилгынхоо талаар үнэн зөвөөр мэдүүлсээр байтал анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр дээрмийн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Эдгээрийг дүгнэж үзвэл Ц.Д-г “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг Д.Х-, Г.Б- нартай бүлэглэн үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүгдэгч Ц.Д- нь энэхүү гэмт хэргийг буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэжидийн мэдүүлэг, хохирогч Ё.Н-ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Сарангэрэлийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Баттүвшингийн мэдүүлэг зэргээс нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Ц.Д-гийн гэмт үйлдэлд шалтгаант холбоо бүхий үйлдэл /обьектив шинж/, гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт, зорилго /субьектив шинж/ байхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна.

Шүүгдэгч Ц.Д-, Д.Х-, Г.Б- нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн сэдэлт, зорилго зэргийг зөв тодорхойлбол анхнаасаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх зорилгогүй хулгайн гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон бөгөөд шүүгдэгч Д.Х-, Г.Б- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ц.Д-тэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг. гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн З.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гүйцэтгэгчийн зөрж гүйцэтгэсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар ял оногдуулах ёсгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зэвсэг. тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ.” гэж хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Ц.Д- нь анхаасаа хулгай хийх зорилгоор Хархорин суманд ирсэн бөгөөд шүүгдэгч Д.Х-, Г.Б- нар нь айлын хашаа давж орох хүртлээ хулгай хийх зорилготой байсан ба харин хашаа давж орсны дараа айлын гэрэл асах үед шүүгдэгч Д.Х-, Г.Б- нар нь санаа зорилгоороо нэгдэж дээрэм хийсэн байдаг. Дээрэм хийх явцыг шүүгдэгч Ц.Д- мэдээгүй бөгөөд энэ талаар шүүгдэгч нар гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр мэдүүлэхдээ тогтвортой мэдүүлсэн ирсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Ц.Д- нь айлд буюу орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийхээр бэлтгэсэн нь нотлогдож байх тул журамлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Товчхондоо шүүгдэгч Ц.Д- нь Д.Х-, Г.Б- нартай хамт бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдэхийг бэлтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байдаг Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үззхгүйгээр Д.Х-, Г.Б- нарт бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, шүүгдэгч Ц.Д-гийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаас шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг огтоос хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд харин зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлж өгнө үү.

Иймд Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 болгон хөнгөрүүлж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн өмгөөлөгч Ю.Батболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Ц.Хурц-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүх нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь бусдын гэрт нэвтэрч зэвсгийн чанартай зүйл ашиглаж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгч нь хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч болон тэдгээрийн гарсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нар болон шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, Ц.Эрдэнэбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Х-, Г.Б-, Ц.Д- нар урьдчилан үгсэн тохирч  бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг Мойлтын 11-1 тоотод оршин суух иргэн Ё.Н-ын гэрт нэвтэрч, зэвсэг хэрэглэн, “Ямандаг”, “Дамдинчойжоо” нэртэй 2 ширхэг бурханыг хүч хэрэглэж дээрэмдсэн,

Д.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний орчимд цагдаагийн албан хаагч Ө.Т-ыг албан үүргээ гүйцэтгэж явахад нь зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарын үйлдсэн хэрэг нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан, шүүгдэгч Д.Хурц-Эрдэнийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэснийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч нар энэхүү хэрэгт Дашравдан гэх хүнийг хамтран оролцсон талаар гомдолдоо дурдсан байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, түүнчлэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудад үүнтэй холбоотой баримт авагдаагүй байх бөгөөд хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан “...хэрэгт хамтран оролцогч байгаа тул шалгаж, тогтоон түүнд ял оногдуулах, хохирлоос холбогдох хэсгийг гаргуулах, хэргээ нэгтгэн шалгуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү”, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатын “...шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нотлох баримтыг харилцан зөрүүтэй үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар ял оногдуулсан шүүхийн шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж өгнө үү”, өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн “...хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 болгон хөнгөрүүлж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б-, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Г.Нямсүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН