Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0001

 

     Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Булган аймгийн Бугат сумын 3-р баг, Мухдаг хэсэг 6-р гудамж, 01 тоотод  амьдрах иргэн Л.Жалбуусүрэнгийн,

     Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга /Ц.Алтсайхан/-д холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага:Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30, Б/32 тоот тушаал, мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/37 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Жалбуусүрэн, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Л.Алтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Л.Жалбуусүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Жалбуусүрэн би, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30, Б/32 тоот тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

        Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ноогдуулж болохгүй. Миний биед ногдуулсан сахилгын шийтгэлийн зөрчлийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  Аймгийн Засаг даргын “Сумдын ажлыг хянаж шалгах” нэгдсэн удирдамжийн дагуу шалгалтын ажлын хэсэг Бугат суманд ажиллахдаа танилцуулсан болно.

          Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар тушаал, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалын талаар Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан ба захиргааны акт буюу сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэл нь буруу байгаа нь хүчин төгөлдөр бус баримт гэж үзэн хуульд нийцүүлэх арга хэмжээ авах талаар шийдвэр гаргасан. Албан бичгийн нэг хувийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан. Энэ албан бичгийн хариуд сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулж, “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай”, “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаал гаргасан ба уг акттай 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр танилцсан.

         Миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тушаалтай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30, Б/32 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

      ... 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Аймгийн Засаг даргын “Сумдын ажлыг хянаж, шалгах” нэгдсэн удирдамжийн дагуу шалгалтын ажлын хэсэг Бугат суманд ажилласан. Булган аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ариунболд санхүүгийн албаны ажлыг шалгаж, шалгалтын үр дүнгийн хурал дээр 2015 он гарсаар Бугат суманд программын алдаа 4 удаа гарсан байна, шинэ томилогдсон төрийн сангийн мэргэжилтэнг аймагт сургалтанд суулгах хэрэгтэй гэж танилцуулсан. Миний бие төрийн сангийн сүлжээн дээр гүйлгээ хийх эрх аваагүй байсан ба дагалдах хугацаанд 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн даатгалын шимтгэлийн гүйлгээ хийхдээ байгууллагын кодыг зөрүүлж тавьж, нэмэх хасах гүйлгээ гаргаж Булган аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй холбогдож залруулга хийсэн нь үнэн боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж, энэ тухай баримт үндэслэлийг надад урьдчилан танилцуулалгүйгээр Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Л.Жалбуусүрэн надад эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, санхүүгийн гүйлгээ давхардуулсан зөрчил гаргаж, программын алдааг давтан гаргасан тул үндсэн цалинг 20 хувиар нэг сараар хасч сахилгын шийтгэл ногдуулсан.

       2014 оны программын үлдэгдэл, гүйлгээний үлдэгдэл 2 зөрүүтэй гэж бичсэн байна. Ямар программын ямар дансны үлдэгдэл, гүйлгээний үлдэгдэл гэж хэлж байгааг би сайн ойлгохгүй байна. 4 алдаа зөрчил илэрсэн гэж тайлбарласан байна. Дээрх 4 алдааг ажлын хэсэг илрүүлээгүй. Ажлын хэсэг ирж ажиллахаас өмнө 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр миний бие нь Булган аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй холбогдож, залруулга хийсэн болно.

         Ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батболдын 2015 оны 03/412 албан тоотын Санхүү, худалдан авах ажиллагаа гэсэн хэсэгт дурдагдсаны дагуу миний биед  сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байна. Энэ албан тоотын талаар анх удаа сонсож байна....Мөн Сумын Засаг даргын Тамгын газрын даргын тайлбарт дурдсанаар миний биед сахилгын арга хэмжээ авахдаа Аймгийн Тамгын газрын даргын 2015 оны 03/412 албан тоотын санхүү, худалдан авах ажиллагаа гэсэн хэсэгт дурдагдсаны дагуу үндэслэсэн гэж байна. Тэгтэл миний биед ногдуулсан Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын захиргааны акт нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 тоот тушаал, уг актыг гаргахад үндэслэсэн гэх Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тоот 2015 оны 04 дүгээр сарын  07-ны өдрийн №03-412 тоот байна. Үүнээс үзэхэд нотлох баримтын хугацаа зөрүүтэй, худал тайлбар өгч байна. Энэ хугацаанд Булган аймагт зохион байгуулагдсан төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч, нярав нарын сургалт, Улаанбаатар хотод Сангийн яамнаас зохион байгуулсан сургалтанд хамруулж төсвөөс санхүүжүүлсэн гэж тайлбар бичсэн байна. Миний бие Булган аймагт болсон сургалтанд хамрагдаагүй. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод болсон Монгол Улсын Сангийн яамнаас зохион байгуулсан нийт 21 аймгийн шинээр томилогдсон төрийн сангийн мэргэжилтнүүдийн сургалтанд хамрагдсан болно.

       Төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд статистик мэдээ тайлан, судалгааг хариуцаж ажиллах үүрэгтэй. Аймгийн Статистикийн улсын байцаагчийн албан шаардлагын дагуу миний биед 2 дахь арга хэмжээг авсан талаар тайлбар бичсэн байна. Тухайн албан шаардлагатай миний бие сахилгын арга хэмжээ авсны дараа танилцаад Статистикийн хэлтсийн дарга Ганцэцэгтэй холбоо барьж тодруулахад танай ирүүлсэн албан бичигтэй танилцаад гайхаад сууж байна. Ажлын хэсгийн шалгалтаар бүх сумдад нийтлэг алдаа гарсан тул сумдууд руу албан шаардлага явуулсан. Наад албан бичиг дээр зохион байгуулалтын арга хэмжээ ав гэж таслал бичсэн байгаа биз дээ. Хугацаа нь тулсан гээд 1 хүн дээр арга хэмжээ аваад явуулсан байх юм гэж хэлсэн болно. Тамгын газрын дарга нь Сумын Засаг даргын 2015 оны А/44 тоот захирамжаар статистикийн мэдээ тайлангийн хуваарийг баталж эзэнжүүлсэн. 5 дугаар хавсралтаар аймгийн статистикийн хэсэгт явуулах хуваарийг баталсан гэж тайлбар бичсэн байна. Энэ тайлбараар ямар асуудлыг илэрхийлж тайлбарласан нь ойлгомжгүй байна.

        Тамгын газрын дарга Ц.Алтсайхан дээрх нэхэмжлэлийг хүлээн авсны дараа намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөн шийдвэр гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулж, төрийн сангийн мэргэжилтэний ажлын байранд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэхүү тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтаар миний биеийг ажлаас ажлаас чөлөөлсөн. Зөрчлийн шинж байдал ямар болоод төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах тушаал гаргасан талаар тодруулмаар байна.” гэв.

         Хариуцагч Ц.Алтсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн сангийн мэргэжилтэн Л.Жалбуусүрэн нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Бугат сумын Тамгын газрын санхүүгийн албаны төрийн сангийн мэргэжилтэнээр түр томилогдон ажиллаж эхэлсэн. 2015 онд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Тамгын газрын даргатай байгуулсан.

      2015 оны 1 дүгээр улиралд аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Бугат суманд ажиллаж байх хугацаан санхүүгийн албаны нягтлан бодогч нарын ажилтай танилцаж шалгалт хийхэд 2014 оны программын үлдэгдэл, гүйлгээний үлдэгдэл 2 зөрүүтэй. 2015 он гарсаар Бугат суманд программ дээр 4 алдаа гаргасан зөрчил илэрсэн. Энэ ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батболдын 2015 оны 03/412 албан тоотын дагуу Л.Жалбуусүрэнд Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Цалингийн 20 хувийн суутгалыг 4 дүгээр сард авч барагдуулсан.

         Энэ хугацаанд Булган аймагт зохион байгуулагдсан төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч, нярав нарын сургалт, Улаанбаатар хотод Сангийн яамнаас зохион байгуулсан сургалтанд хамруулж төсвөөс санхүүжүүлсэн. Төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд статистик мэдээ тайлан, судалгааг хариуцаж ажиллах үүрэгтэй. Статистикийн улсын байцаагчийн албан шаардлагын дагуу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б/23 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авч төрийн албан хаагчийн ёс зүйн 2015 оны хагас жилийн мэдээнд орж тайлагнагдсан.

        Сумын Засаг даргын 2015 оны А/44 тоот захирамжаар статистикийн мэдээ тайлангийн хуваарийг баталж эзэнжүүлсэн. 5 дугаар хавсралтаар аймгийн статистикийн хэсэгт явуулах хуваарийг баталсан. Статистикийн холбогдолтой мэдээг холбогдох албан тушаалтнуудаас авч нэгтгэн мэдээлэх үүрэгтэй боловч нэгтгэлийг хянаж дүгнэлт хийгээгүйгээс тэжээл бэлтгэлийн мэдээг 9 дүгээр сард шилжүүлээгүй 150 тн гэж буруу мэдээлсэн. Удирдах албан тушаалтанд танилцуулж хянуулаагүйгээс буруу мэдээлэх асуудал гаргасан.

          Удаа дараалан гаргасан алдаа нь давтагдаж байсан учраас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Санхүүгийн албаны Төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд статистикийн мэдээ, тайлан, судалгааг үнэн зөв гүйцэтгэж нэгтгэх, дүн мэдээг холбогдох албан тушаалтанд гаргаж өгөх, хүргүүлэх, бүх төрлийн мэдээг хугацаанд нь үнэн зөв гаргаж, удирдах албан тушаалтныг үнэн зөв, бүрэн бодит мэдээллээр хангаж ажиллуулах үүрэгтэйг зааж өгсөн. Л.Жалбуусүрэн энэ үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнээс гаргаж өгсөн мэдээнд хяналт тавьж дүгнэлт хийж ажиллаагүйгээс 9 дүгээр сарын ХАА-8 мэдээг 150 тн дарш бэлтгэсэн гэж аймгийн Статистикийн хэлтэст шууд дамжуулсан. Энэ гаргасан алдаагаа 10 дугаар сарын 20-ны өдөр надад танилцуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Статистикийн хэлтэст албан тоот гаргуулсан. Гэтэл шууд залруулах боломжгүй гэж талаар манайд утсаар мэдэгдсэн.

         Л.Жалбуусүрэн нь 10 дугаар сарын мэдээг гаргахдаа даршийн 0,8 тн гэж мэдээлснээ урьд гарсан зөрчлийг арилгаж залруулсан гэж тайлбарлаж байна. Мөн мэдээ тайланг Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар батлагдсан ХАА-8 маягтаар сар бүрийн 25-ны дотор мэдээлэх хуваарьтай байтал 5 хоногийн хугацаа хоцроосон зөрчил гаргасан нь холбогдох материалд бий. 2015 онд сумын хэмжээнд 16.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 12,3 га талбайгаас 4 төрлийн 108,1 тн ургац авсан байна. 9, 10 дугаар сарын ХАА-8 маягтаар гаргасан хүнсний ногоо хураан авалтын мэдээгээр сумын дүнгээр 43 тн лууван, улаан манжин 41,4 тн хураасан гэж мэдээлсэн. Аймгийн Статистикийн хэлтсээс мэдээг өөрчлөх боломжгүй гэсэн учир айл өрх, албан байгууллагуудаар гаргаж тооцоход мэдээнд хяналт тавьж ажиллаагүйгээс үндэслэлгүй тайлан гаргасан нь харагдаж байна. Мөн сумын Засаг дарга болон байгууллагын даргыг статистик мэдээгээр хангаагүй болно.

        Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Л.Жалбуусүрэн нь төрийн албанд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагч өөрийн хариуцсан ажилдаа хариуцлага алдаж хоёроос доошгүй удаа алдаа гаргаж, хариуцлага тооцогдсон бол ажлаас чөлөөлөгдөх үндэслэлтэй тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Л.Жалбуусүрэнгийн “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын  07-ны өдрийн Б/30, Б/32 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/37 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж,  урьд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

      Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэг: “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30, мөн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/32  дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

           Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  Б/13 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар[1]  сарын үндсэн цалинг 20 хувиар нэг сар хасах сахилгын шийтгэл, мөн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тоот “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалаар [2] сануулах арга хэмжээг Л.Жалбуусүрэнд тус тус ногдуулжээ.

    Л.Жалбуусүрэн тушаалыг эс зөвшөөрч “...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоогоогүй, сахилгын шийтгэл ногдуулж болохгүй /хугацааг/ зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан” гэж, хариуцагч “сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон,...Төрийн албаны салбар зөвлөлийн албан тоотын дагуу өмнөх тушаалаа зөвтгөж гаргасан” гэж тус тус маргасан байна.

          Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот албан бичгийн[3] дагуу Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Алтсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 [4], Б/32 [5] тоот тушаалаар өмнөх 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тоот тушаалын эрх зүйн үндэслэлийг зөвтгөн гаргаж, Л.Жалбуусүрэнд сарын үндсэн цалинг нэг сар 20 хувиар бууруулах, сануулах сахилгын арга хэмжээг тус тус ногдуулсан байх ба ийнхүү Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын өмнөх тушаалын эрх зүйн үндэслэлийг зөвтгөж гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд зөвтгөж гаргасан тушаалд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарлаж буй Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн  заалт хамааралгүй гэж үзлээ.

            Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот тушаалаар ногдуулсан санхүүгийн гүйлгээ давхардуулсан, программын алдаа гаргаж зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн даатгалын шимтгэлийн гүйлгээ хийхдээ байгууллагын кодыг зөрүүлж тавьж нэмэх хасах гүйлгээ гаргаж, Булган аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй холбогдож залруулга хийсэн нь үнэн, ...эхний удаад авсан тушаалыг хүлээн зөвшөөрсөн ...” гэсэн зөрчил гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ариунболдын Бугат суманд ажилласан тухай илтгэх хуудас [6], санхүүгийн баримт [7], Бугат суманд цаг үеийн ажлаар хяналт шалгалт явуулсан тухай дүнгийн хурлын тэмдэглэл [8] зэрэг холбогдох бичгийн нотлох баримтууд болон Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт [9], Л.Жалбуусүрэнтэй 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээний [10] холбогдох заалтыг зөрчсөн байх тул сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл мөн болно.

      Түүнчлэн Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 тоот  “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацаа дууссан байхад аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хүлээн авч шийдвэрлэсэн буруутай байна.

        Харин Бугат сумын Засаг даргын Тамгын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот тушаалаар Л.Жалбуусүрэнг “Тайлан мэдээг батлагдсан маягтын дагуу гаргаж мэдээлээгүй, статистикийн мэдээ тайланг хянаж шалгадаггүй дутагдал гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нөхцөл байдал нь баримтаар нотлогдоогүйн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.9, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын  2 дахь хэсгийн 4 [11], 2 дахь хэсгийн 6 [12]-т заасантай нийцээгүй байна.

       Хариуцагчаас дээрхи сануулах шийтгэл ногдуулсан тушаалыг гаргахдаа аймгийн Статистикийн улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот албан шаардлагыг [13] үндэслэл болгосон гэж тайлбарлах боловч зохих журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоож нягтлаагүй, өөрөөр хэлбэл ямар мэдээ тайланг батлагдсан маягтын дагуу гаргаагүй, ямар мэдээг хянаж шалгаагүй зөрчил гаргасныг улсын байцаагчийн албаны шаардлагын дагуу нарийн шалгаж тогтоогоогүй,  эрх бүхий албан тушаалтны хувьд хуулиар хүлээх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн сахилгын арга хэмжээ авагдаж байгаа этгээдэд мэдэгдэж, түүний тайлбарыг авалгүйгээр арга хэмжээ авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр болсон байна.

         Иймээс нэхэмжлэгчийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот  тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Хоёр: Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

          Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/37 тоот “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалаар [14] Л.Жалбуусүрэнг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, сумын статистикийн мэдээ мэдээллийг удаа дараа алдаатай гаргаж, ажлын хариуцлага алдсан гэж үзэж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

      Хариуцагч ажлаас чөлөөлөх болсон тушаалын хууль зүйн үндэслэлээ “...санхүүгийн гүйлгээ давхардуулсан зөрчил гаргаж, программын алдааг давтан гаргасан учир 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 тоот тушаал буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот тушаалаар үндсэн цалинг 20 хувиар нэг сар хасч сахилгын шийтгэл ногдуулах, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тоот тушаал буюу 2015 оны 10 дугар сарын 07-ны өдрийн Б/32 тоот тушаалаар тайлан мэдээг батлагдсан маягтын дагуу гаргаж мэдээлээгүй, статистикийн мэдээ тайланг хянаж шалгадаггүй зөрчил гаргасан тул арга хэмжээ авсан” гээд эдгээрийг сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлд хамааруулж тайлбарлажээ.

      Гэтэл дээрх тушаалд дурьдсан “сумын статистикийн мэдээ, мэдээллийг удаа дараа алдаатай гаргасан” гэж тодорхойлсон байдлаас дүгнэвэл төрийн сангийн мэргэжилтэн Л.Жалбуусүрэн статистикийн ямар мэдээ, мэдээллийг батлагдсан маягтын дагуу хэзээ гаргах байсан мэдээг хэдийд гаргаагүй талаар тодорхой дурьдаагүй, тэр нь төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас чөлөөлөх  үндэслэл болсон эсэхийг тодорхойлж дүгнээгүй,  түүнчлэн  9,10 дугаар сарын ХАА-8 маягтаар гаргах байсан хүнсний ногоо хураан авалтын мэдээг үнэн зөв мэдээлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутган тайлбарлаж байгаа боловч энэ талаар тушаалд дурьдаагүй байна.

         Үүнээс дүгнэвэл тухайн ажилтанд нэг зөрчилд эсхүл өөр өөр зөрчилд сахилгын хариуцлага тооцож буй нь ойлгомжгүй байх тул шүүх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй байна.  Хэрэв ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан бол 2 буюу түүнээс дээш удаа байх бөгөөд зөрчил тус бүр нь тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай атал энэ шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл зөрчил тус бүрийг нэрлэн заагаагүй нь сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

          Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот  “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаал, мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/37 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.     

         Нэгэнт ажилд эгүүлэн тогтоож, үүнтэй холбогдох бусад шаардлага буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим  шаардлагыг шүүх хангаж байгаатай холбогдуулан ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага болох Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/32, мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/37 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, Л.Жалбуусүрэнг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Жалбуусүрэнд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож, ажилгүй байсан 1 сар 23 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 658348 /зургаан зуун тавин найман мянга гурван зуун дөчин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

      3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Л.Жалбуусүрэнгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

         4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

        6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БҮРНЭЭ

 


[1] Хэргийн материалын 8 дахь хуудас

[2] Хэргийн материалын 9 дэх хуудас

[3] Хэргийн материалын 4 дэх хуудас

[4] Хэргийн материалын 10 дахь хуудас

[5] Хэргийн материалын 11 дэх хуудас

[6] Хэргийн материалын 97 дэх  хуудас

[7] Хэргийн материалын 98-103 дахь хуудас

[8] Хэргийн материалын 113 дахь хуудас

[9] Хэргийн материалын 68 дахь хуудас. Ажлын байрны 3-р үндсэн зорилтын 3.1; 3.2 дахь заалт

[10] Хэргийн материалын 126 дахь хуудасны ар тал. Тусгай захиалгат ажил үйлчилгээний 2 дахь заалт

[11] 2.4.Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.

[12] 2.6. Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзвэл энэ тухай тушаал гаргана.

[13] Хэргийн материалын 25 дахь хуудас

[14] Хэргийн материалын  27 дахь хуудас