Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0232

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Х.Н, Ш.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0183 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Х.Н, Ш.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0183 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-д Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Х.Н, Ш.Э нарын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 210022570 дугаар актаар ногдуулсан төлбөрөөс 200412683.79 төгрөгийн торгууль, 270250635.90 төгрөгийн алданги, 229573.81 төгрөгийн хүү, нийт 470892893.5 төгрөгийг чөлөөлж, үлдэх 617025876.30 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр” шийдвэрлэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Х.Н, Ш.Э нар давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж шийдэхдээ тус компанийн хүү, торгууль алдангийг бүхэлд нь хамруулж дүгнэсэн нь маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй байна гэж үзэж байна. ...анхан шатны шүүх нь тус компанийн хүү, торгууль алдангийг бүхэлд нь өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 210022570 дугаар актаар “С” ХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 617025876.3 төгрөгийн нөхөн татвар, 229573.9 төгрөгийн хүү,  200412683.9 төгрөгийн торгууль, 270250636 төгрөгийн алданги нийт 1087918770.1 төгрөгийн төлбөр ногдуулсныг нэхэмжлэгч “С” ХХК-иас эс зөвшөөрч, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргасан.

Анхан шатны шүүхээс “...Үндэсний татварын албаны хяналт шалгалт хийх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21170400083 дугаар томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу иж бүрэн шалгалт хийж Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага ногдуулсан татварын улсын байцаагчдын 210022570 дугаар акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох аль нэг шинжийг агуулаагүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэхдээ анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт ““С” ХХК-д Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Х.Н, Ш.Э нарын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 210022570 дугаар актаар ногдуулсан төлбөрөөс 200412683.79 төгрөгийн торгууль, 270250635.90 төгрөгийн алданги, 229573.81 төгрөгийн хүү, нийт 470892893.5 төгрөгийг чөлөөлж, үлдэх 617025876.30 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр” тусгажээ.

Хариуцагч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байх боловч гомдлын үндэслэлээ “...өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд тус компанийн хүү, торгууль, алдангийг бүхэлд нь хамруулсан нь буруу” гэж тайлбарласан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянасан болно.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий актаар нэхэмжлэгч “С” ХХК-д тогтоосон 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны зөрчилд хамаарах захиргааны шийтгэлийг тус хуулийн үйлчлэлд хамааруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Зүй нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд гаргасан зөрчилд ногдуулсан торгууль, алдангийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах ёстой, харин 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойших хугацааны зөрчилд холбогдох торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй юм.

Харин давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцоолол хийж, торгууль, алдангийн хэмжээг өршөөлд хамрагдах хэмжээгээр нарийвчлан тодорхойлох боломжгүй байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах хугацааны торгууль, алдангийг маргаан бүхий актаар тогтоосон торгууль, алдангийн нийт дүнгээс хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

Мөн анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээ тусгаагүй, найруулгын алдаатай, баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0183 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Х.Н, Ш.Э нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Наранчимэг, Ш.Энхжаргал нарын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 210022570 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3,  10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 210022570 дугаар актаар нэхэмжлэгч “С” ХХК-д ногдуулсан торгууль, алдангийн нийт дүнгээс 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хамаарах хэсгийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмэн, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Х.Н, Ш.Э нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН