Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0052

 

 

Г ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль

орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн        Ч.Тунгалаг

Шүүгчид:                                          Г.Банзрагч

              Х.Батсүрэн

              Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                                 Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалын Г ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын дагуу Г ч ХХК-ийн эзэмшиж байсан 0.3 га талбайг буцаан ашиглуулахыг хариуцагчид даалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/238 дугаар тушаалын З т с ТББ-д холбогдох хэсгээс өөрийн ашиглаж байсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0490 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 564 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Г нар,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0490 дүгээр шийдвэрээр: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/291 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус сайдын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/238 дугаар тушаалын өөрийн ашиглаж байсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 564 дүгээр дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г ч ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаярын давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/291 дүгээр тушаалын Г ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тус сайдын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/238 дугаар тушаалын Г ч ХХК-ийн ашиглаж байсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын дагуу Г ч ХХК-ийн эзэмшиж байсан 0.3 га талбайг буцаан олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд Зэндмэнэхайрхан тохижуудах сан ТББ-ын зүгээс гомдол гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 тухайд:

4. Маргаан бүхий газрын тухайд зөвхөн манай компаний төдийгүй чандманий аман дахь бусад байгууллага, иргэд, оршин суугч, үйлчлүүлэгчдийн орц, гарц, автомашины зогсоолын хэсгийг байгуулахаар шийдвэрлэгдсэн байсан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2015 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газраас баталгаажуулсан зураг төлөвлөгөөгөөр нотлогдож байгаа билээ. Эндээс үзэхэд 2016 оны А/116 дугаар тушаалаар дээрх маргаан бүхий 0.3 га газрыг Г ч ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь бусдын болон нийтийн эрх ашиг сонирхолд илтэд сөрөг нөлөөлсөн шийдвэр болсон нь тодорхой харагдаж байна. Энэ талаар манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд бичгээр гомдлоо гаргаж өг гэсний дагуу 2017.10.05-нд бичгээр гомдол гаргаж 2017 оны 10 сарын 09-ний өдөр Г ч ХХК-ийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан.

5. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасны дагуу тухайн захиргааны байгууллага өөрөө захиргааны актыг хүчингүй болгохоор байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий 48 дугаар зүйлийн 48.1 болон 48.2-т зааснаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн гаргасан сөрөг болон эерэг нөлөөлөл бүхий хууль бус шийдвэрийг өөрөө бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгохоор заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 тухайд:

6. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн нөгөө үндэслэл болох иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлийн хувьд нэгэнт дээр дурдсан бусдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөлж буй захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байсан тул захиргааны байгууллагын өөрийн эрх хэмжээ, үүргийн дагуу шийдсэн нь хуулийн энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

7. Эндээс дүгнэж үзэхэд, анхан шатны шүүхээс илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн, нэгэнт шүүхээс маргаж буй захиргааны актыг илт хууль бус гэж үзээгүй учир нэхэмжлэлийн бусад дагах шаардлагуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн хувьд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь хуульд нийцээгүй, үндэслэл муутай байхад давж заалдах шатны шүүхээс үүнийг анхаарч үзэлгүй нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Иймд энэхүү гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2.1-д заасантай нийцжээ.

10. З т с ТББ-аас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 150/01 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад манай компанийн ашиглалтын газрын орц, гарцыг хаасан гэсэн хүсэлт гаргаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г ч ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 0.3 га газар ашиглах эрхийг хүчингүй болгож, мөн сайдын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/238 дугаар тушаалаар уг газрыг гуравдагч этгээд З т с ТББ-д нэмж ашиглуулахаар шийдвэрлэжээ.

11. Нэхэмжлэгчээс ...манай компаний газар ашиглах эрхийг цуцлахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, Газрын тухай хуульд заасны дагуу мэдэгдэлгүйгээр цуцалсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт... гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалын Г ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын дагуу Г ч ХХК-ийн эзэмшиж байсан 0.3 га талбайг буцаан ашиглуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/238 дугаар тушаалын З т с ТББ-д холбогдох хэсгээс өөрийн ашиглаж байсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/291 дүгээр тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон... гэж тайлбарласан.

13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 40.1.1-д Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгох бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн газар эзэмших гэрчилгээг цуцлуулах тухай хүсэлт гаргаагүй, газар ашиглагчийн эрхийг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

14. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон өөр нэг үндэслэл нь орц, гарц хаасан гэх боловч Г ч ХХК-ийн анх 2016 онд олгосон газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаагаар ...бусад газар ашиглагч иргэн аж ахуй нэгжийн ашиглалтын газартай давхцалгүй гэх дүгнэлт гарсан бөгөөд гуравдагч этгээдийн тухайн үед буюу нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэр гарахын өмнө ашиглаж байсан талбай нь нэхэмжлэгчийн ашиглаж байсан талбайн хооронд давхцалгүй байжээ.

15. Мөн, гуравдагч этгээд З т с ТББ-ын Хан-уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманийн аманд хэрэгжүүлэх Хийморийн овоо амралт аялал жуулчлалын цогцолборын өргөтгөл төслийн архитектурын төлөвлөгөөний даалгаварт газар доор автомашины зогсоол барихаар тусгасан зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

16. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн ...2015 онд барилга байгууламжийн зургаа гаргаж Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан бөгөөд уг батлагдсан зураг төлөвлөгөөгөөр энэхүү маргаан бүхий газар нь цогцолбор газрын авто зогсоол болон тухайн ойр орчмын автомашинтай болоод явган иргэдийн орц, газр, зам талбай байхаар төлөвлөгдсөн... гэх тайлбар, үндэслэл нь дээрх байдлаар няцаагдсан байна.

17. Дээрх байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч Г ч ХХК-нд анх олгосон газар нь бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай анхнаасаа давхцалгүй, захиргааны байгууллага З т с ТББ-аас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 150/01 дугаартай албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

18. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд гэдэгт зөвхөн захиргааны байгууллагад хүсэлт гаргасан этгээдэд үйлчлэл бүхий, өөр бус этгээдэд үйлчлэлгүй, ялангуяа сөрөг үйлчлэлгүй байхыг ойлгоно.

19. Харин, гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаснаар нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд захиргааны байгууллага Г ч ХХК-д мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг илтэд буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна.

20. Түүнчлэн, анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актад хууль баримталсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зйүлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэнд хамаарахгүй гэж хэт өнгөц дүгнэсэн, хэлбэрийн хувьд захиргааны актад хууль хэрэглэсэн мэт байгаа боловч агуулгын хувьд Г ч ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл үүсээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

21. Анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 гэсэн ерөнхий бөгөөд маргаантай харилцааг шууд зохицуулаагүй хуулийг хэрэглэжээ.

22. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 564 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                  Ц.ЦОГТ