Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1344

 

 

Ч.Маргадын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03256 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Маргадын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дэлгэр нуга” ХХК, Б.Хашмаргад нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээгээр шилжүүлсэн 33 840 000 төгрөг, алдангид 18 800 000 төгрөг  гаргуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Хашмаргадын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, Э.Золжаргал

Хариуцагч Б.Хашмаргад түүний өмгөөлөгч Б.Манлайжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Маргад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, Э.Золжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Маргад 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.Хашмаргадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 4.3-т “Захиалагч нь ажлыг тогтоосон хугацаанд газар дээр нь актаар хүлээж авах бөгөөд баталгаат хугацааны туршид гэрээт ажлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулах буюу өөрсдөө биечлэн шалгах эрхтэй бөгөөд уг шалгалтаар гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь зураг, төсөл болон ажлын зургийг зөрчиж буруу, дутуу, чанаргүй хийгдсэн бол уг доголдолтой холбоотой гарсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна” гэж заасан. 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр урьд нь байгуулсан гэрээг шинэчлэн, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцон, гүйцэтгэгчийг  өөрчилсөн. Анх 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Дэлгэр нуга” ХХК-ийн захирал Б.Хашмаргадтай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж Ч.Маргадын захиалгын дагуу хоёр давхар 160 м.кв талбайтай хувийн орон сууцыг бариулахаар тохиролцож 37 600 000 төгрөгөөр 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байшинг хүлээлгэж өгөх, гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэхгүй, захиалгаар тохиролцсоноос өөр, хүн амьдрахын аргагүй, стандарт  бус дүнзийг босгосон байсан тул доголдлыг засуулахаар 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-д нэмэлт оруулж хугацааг 2009 оны 06 сар болгож сунган 33 840 000 төгрөгийг төлснийг баталгаажуулж гэрээ байгуулсан. Б.Хашмаргад нь гэрээг сунгасан хугацаанд мөн ажлаа хийгээгүй, шал, тааз, хана, цонх, дээврийг тэгш бус, маш их өө сэвтэй, нүхтэй, салхи цас бороо нэвтэрдэг, цоорхойтой, маш их эвдрэл гэмтэлтэй хийж гүйцэтгэж байсан бөгөөд ямар ч дулаалга байхгүй дан дүнз босгосон бөгөөд тааз нь толгой шүргэхээр маш намхан баригдсан байсан.

Гэрээний 5 дугаар зүйлд “Дээвэр 2 давхрын шалнаас 5.5 өндөртэй байна” гэж заасан ба хүлээлгэж өгөх хугацааг 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болгон сунгаж, энэ хугацаанд хүлээлгэж өгч чадахгүй тохиолдолд гэрээний 2 дугаар зүйлд “гүйцэтгэгч нь барилгын ажлыг энэ гэрээний нэмэлтийн 1-рт заасан хугацаанд хүлээлгэн өгч чадахгүй бол өнгөрсөн хугацаанд төлсөн төлбөрүүдийг анхны хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хугацаанаас хойш хоногт 0.5 хувийн алдангийн хамт бүрэн буцаан төлж, барилгыг буулган авч, барилга барьсан газрыг нөхөн сэргээнэ” гэж тохиролцсон.

Анх гэрээ байгуулахдаа барих байшингийн хэмжээ болон стандартыг тодорхой заасан. 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралтаар 1 давхрын өндөр шалнаас тааз хүртэл 2.3 метр, 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 давхрын өндөр дээвэр хүртэл 5.5 метр байхаар заасан бөгөөд гэрээгээ шинэчилж байгуулахдаа уг хэмжээг өөрчлөөгүй. Байшин намхан, бүрэн баригдаагүй зураг төслийн дагуу биш, дам нуруунууд холбоосоороо хугарах аюултай, бүх цонх, хаалганууд амалгаагүй баригдсан, байшин нурах аюултайн дээр сууринд хагарал үүссэн байгаа. Сууринд хүрэхэд бутарч унаж байгаа, ердийн байдлаар ашиглах ямар ч боломжгүй дутуу баригдсан балгас шиг байшин байгаа. Санхүүжилт 33 840 000 төгрөгийг Б.Хашмаргадаас гаргуулах, алданги 18 800 000 төгрөг, нийт 52 640 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Хашмаргад шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Манлайжавын хамт гаргасан тайлбартаа: Миний бие “Дэлгэр нуга” ХХК-ийн захирал байхдаа. 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 160 м.кв талбайтай дүнзэн хувийн сууц барих ажил гүйцэтгэх гэрээг Ч.Маргадтай байгуулан ажлыг эхлүүлсэн болно. Уг ажил хийгдэн гэрээний 3.1 дэх заалтын дагуу ажил эхлэхэд 30 хувь буюу 11 280 000 төгрөгийн урьдчилгааг авч орон нутгаас модны зөвшөөрөл аван ажлыг эхлүүлсэн. Байшингийн модыг бэлтгэн зөөвөрлөж газар дээр нь авчирсан бөгөөд суурь цутган байшингийн торхыг босгож дуусган дараагийн санхүүжилт 11 280 000 төгрөг авсан. Дараа нь дотоод заслыг хийж гүйцэтгэхээр 3 дахь санхүүжилт буюу 11 280 000 төгрөгийг авч ажлыг үргэлжлүүлсэн болно. Байшингийн дээврийг төмөрлөн, вакум цонх төмөр хаалга хийн дотор тусгаарлах хана, тааз, шалны, паркетийг дуусгах шатанд Ч.Маргадын зүгээс ажлыг зогсоон ханын өндөр, таазны өндөр хүрэхгүй байна гэдэг асуудлыг тавьсан болно. Энэ нь гэрээний 4.1, 4.6 дахь заалтын дагуу эхний хоёр шатны ажлын гүйцэтгэлийг хүлээн авч дараагийн ажлыг эхлүүлснээр өмнө хийгдсэн ажлыг хүлээн тооцогдох бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс асуудалд уян хатан байж асуудалд аль болох хүлээцтэй хандан хоёр давхрын ханыг өндөрсгөн, өмнө нь хийгдсэн ажил болох дээвэр, тааз шал паркет, цонх зэргийг буулгасан болно. Ингээд гүйцэтгэлийг хийж эхлэх болоход барилгын суурыг дахин солих асуудал тавигдсанаар уг байшингийн ажил зогссон. 8 000 000 төгрөгийн материал хулгайд алдагдсан болно. Энэхүү нөхцөл байдлаас болж санхүүжилт хүрэлцэхгүй болсон ба захиалагч нэмж санхүүжилт гаргахгүй, бид байшингаа хүлээж авах ёстой гэдэг нөхцөлийг тулган 2013 онд гэрээ дахин байгуулсан боловч зардлын хувьд байшинг дахин барих боломжгүй байдал үүссэн. Иймд Ч.Маргадыг эхний нэг, хоёрдугаар гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэн гэрээний 5.2, 5.3 заалтуудыг үндэслэн шийдвэрлэх боломжтой. Бүрэн гүйцэтгэх боломжгүй байдал үүссэн тул барилгын ажлыг бүрэн дуусгах зардал 11 200 000 төгрөгийг захиалагчид буцаан төлөх боломжтой. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр тооцож үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Хашмаргадаас 50 760 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Маргадад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 880 000 төгрөг болон “Дэлгэр нуга” ХХК-д холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 423 256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 106 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Хашмаргадаас 411 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Хашмаргад давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн оролцогчдын тэгш байдал болон шударга ёсны зарчмыг зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хангагдах нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Маргад нь хариуцагч “Дэлгэр нуга” ХХК, Б.Хашмаргадад холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 33 840 000 төгрөгийг, алданги 18 800 000 төгрөгийн хамт буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч эхний ажлуудын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авсан тул, гүйцэтгээгүй ажлын 11 200 000 төгрөгийг л буцааж өгнө гэж татгалзан маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Маргад, хариуцагч Б.Хашмаргад нарын хооронд 2007 оноос эхлэн хоёр давхар, 160 м.кв талбайтай дүнзэн байшинг барьж угсрах ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үргэлжилсэн бөгөөд ажлын үр дүн доголдолтой, мөн ажил дуусахгүй байсан тул дахин 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээг шинэчилэн байгуулсан, уг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж дуусаагүй буюу, мөн үр дүн гараагүй үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргах үед байшин бэлэн болоогүй, шал тааз, хана, цонх дээвэр тэгш бус, өө сэвтэй, нүхтэй, салхи бороо, цас нэвтэрдэг, дулаалгагүй, намхан, суурь бутарсан байдалтай, ажлын үр дүн бэлэн болоогүйгээс гадна доголдолтой, ажлыг бүхэлд нь засч, дахин шинээр гүйцэтгэх шаардлагатай болох нь хэргийн 92-93 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар нотлогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар ажлыг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс гадна, гэрээний дагуу дутуу гүйцэтгэсэн ажлыг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэг буюу гэрээнд заасан хэмжээнд нийцсэн, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт заасан гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй гэж үзэх боломжгүй юм.

Хэргийн баримтууд, талуудын тайлбараас үзэхэд захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар доголдлыг арилгуулах, шинээр гүйцэтгүүлэхээр удаа дараа шаардлага гаргаж, гэрээг шинэчилэн байгуулах хүртэл арга хэмжээ авч байсан боловч үр дүн гараагүй болох нь нотлогджээ.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу захиалагч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч эхний үе шатны ажлуудыг хийж гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар эхний ажлуудын хөлсийг суутган тооцож 11 200 000 төгрөгийг буцааж төлнө гэж маргасан боловч шинжээчийн дүгнэлтээр ажлын үр дүн бүхэлдээ доголдолтой, барилгыг сууринаас нь эхлэн шинээр гүйцэтгэх шаардлагатай болох нь тогтоогдсоноос гадна, барилгын үндсэн материал болох мод, дүнзнүүд алдагдсан бүрэн бус тухайд талууд маргаагүй, өмнө авсан ажлын хөлсийг суутган тооцох боломжгүй, бүхэлд нь буцаах үндэслэлтэй байна.

Харин талууд ажлыг барилгын зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасныг зөрчихөд хэн аль нь буруутай байснаас гадна гэрээнээс бүхэлд нь татгалзаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйн төлөө тооцох хариуцлага буюу алдангийг нэхэмжлэх эрхгүй тул 18 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нь алданги шаардсан, гэрээний зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардсан байхад анхан шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03256 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хашмаргадаас 33 840 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Маргадад олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 800 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “…411 750 төгрөг…” гэснийг “…327 150 төгрөг…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Хашмаргадын төлсөн 411 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

                                                                                             Ш.ОЮУНХАНД