Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00717

 

Б- УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/03571 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б- УТҮГ-ын, хариуцагч И- ХХК-д холбогдуулан гаргасан, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Тусгаар тогтнолын талбай, 1 тоот хаягт байрлах, 4,712 м.кв талбай бүхий газраас хариуцагч И- ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн газрыг хязгаартай эзэмшиж, ашиглах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 281 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 621 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгаж, эргэлтийн болон үндсэн хөрөнгийг Б-д балансаас балансад шилжүүлсэн байдаг. Гэтэл И- ХХК нь 311.2 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхийг даалгах шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах, Б-н хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас хариуцагч И- ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай байгууллага нь 2005 онд тухайн үеийн барилгын хууль ёсны өмчлөгч болох МАХН буюу одоогийн МАН-тай харилцан тохиролцож, газрыг хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээ байгуулж өөрийн хөрөнгөөр 364,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулсан. 2010 онд Монгол Улсын Засгийн газраас тус барилгыг төрийн өмчид буцаан шилжүүлэх тухай шийдвэр гарч тухайн барилгыг төр өмчлөлдөө авсан. 2015 онд Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаж, гэрээг төрийн өмчийн хороотой үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг тавьсны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө буюу Лениний музейн барилгатай холбоотой шүүхийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээгүйтэй холбоотойгоор зохих гэрээг байгуулан үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг Үлэг гүрвэлийн музейн удирдлагуудад даалгасан шийдвэр гарсан. Манай байгууллага нь газрын түрээсийн төлбөрийг сар бүр төлж үйл ажиллагаа явуулж байсан. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан газар олгож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч бусдын газартай давхцуулж газар олгохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж дуусмагц газрыг хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээ байгуулж цаашид ажиллах боломжоор хангаж өгнө гэж ойлгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2005 онд МАХН буюу одоогийн МАН-тай харилцан тохиролцож, маргаан бүхий газар дээр өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, 311.2 м.кв талбайтай 1,450,490,485 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулсан. Бусдын эзэмшил газар дээр барилга байгууламж барих эрхийг аван хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх байсан байсан боловч төрийн зүгээс Лениний музейн өмчлөлтэй холбоотой маргааныг үүсгэж тухайн барилга болон өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бидний зүгээс эрх бүхий байгууллагад удаа дараа хандсаны үндсэн дээр Төрийн өмчийн хорооноос манай байгууллагын хүсэлтийг шийдвэрлэж 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийн эрх залгамжлан авагчийн хувьд тухайн үеийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болох Үлэг гүрвэлийн төв музейтэй харилцан тохиролцож, газрын түрээсийн гэрээ байгуулан ажиллахыг даалгасны дагуу тухайн үеийн Үлэг гүрвэлийн төв музейтэй эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээг байгуулж ажиллаж байсан ба Монгол Улсын Засгийн газраас Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн төв музейтэй нэгтгэх тухай шийдвэр гарсан ба эрх хүлээн авагчийн хувьд манай байгууллага нь Б-д гэрээний төлбөрийг төлсөөр ирсэн. Иргэний хуульд заасны дагуу эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг мөн адил хүлээн авдаг ба энэ тохиолдолд манай байгууллагын Үлэг гүрвэлийн төв музейтэй байгуулсан эзэмшил газрыг хязгаартай эзэмших, ашиглах гэрээний хугацаа дуусаагүй гэрээнээс татгалзах болон цуцлах тухай саналыг эрх хүлээн авагч гаргаагүй тул тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Б-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Музейг нэгтгэн зохион байгуулахаас өмнө Төрийн өмчийн хорооноос өгсөн чиглэлийн хүрээнд Үлэг гүрвэлийн төв музей нь хариуцагч И- ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээг байгуулан маргаан бүхий 311.2м.кв талбай газрыг ашиглуулж ирсэн байдаг. Б-н зүгээс Үлэг гүрвэлийн төв музейн эргэлтийн болон үндсэн хөрөнгийг шилжүүлэн авсан хэдий ч тухайн эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээний эрх үүргийг шилжүүлэн аваагүй болно. Б-н нь бие даан эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр газрыг бусдын эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгөх боломжгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар нэхэмжлэгч Б- УТҮГ-ын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1500600616 дугаартай, 4,709 м.кв талбай бүхий газарт байрлах 311,2 м.кв талбайг хариуцагч И- ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1, 150.13-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б- УТҮГ-т холбогдох 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээг эрх хүлээн авагчийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагч И- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б- УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр д заалдах журмаар гомдол гаргаж байна. Ининшлпойнт ХХК нь 2005 оноос хойш тухайн үейин үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, газрын хууль ёсны эзэмшигч МАХН буюу одоогийн МАН- тай харилцан тохиролцож, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг авч, 311,2 м.кв талбай бүхий өргөтгөлийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. Гэвч 2010 онд Монгол Улсын Дээд шүүхээс МАН-ын 2-р байрны хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын төр байхыг тогтоосон шийдвэр гарсан. Манай байгууллагын зүгээс өөрийн эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн ба шүүхээс тухайн МАН-ын байртай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаанд хүлээцтэй хандаж байсан ба 2015 онд Төрийн өмчийн хороонд хандсаны дагуу Үлэг гүрвэлийн төв музейтэй зохих журмын дагуу гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсөн. Гэрээний дагуу төлбөрийг төлсөөр ирсэн. Манай байгууллагын зүгээс тухайн гэрээг улсны бүртгэлд бүртгүүлэхийг түрээслүүлэгч байгууллагаас удаа дараа хүссэн боловч бүртгүүлээгүй тул сөрөг нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан боловч анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу нэхэмжлэлийн шаардлагаас давуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт оролцогч талуудын хэн аль нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатаа ирүүлсэн тайлбартаа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай тайлбарыг тусгаагүй байхад шүүх талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж хэт нэг талыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгаж, Б-тэй нэгтгэсэн. Үлэг гүрвэлийн төв музейн эзэмшилд байсан барилга, газар нь Б-д шилжсэн. Манай байгууллага нь эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээний эрх, үүргийг шилжүүлэн аваагүй. Тухайн музейн барилга, газрын эцсийн өмчлөгч нь төр учраас түүний эрх, үүргийг хэрэгжүүлэх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас уг гэрээтэй холбоотой үүрэг чиглэл ирээгүй. Иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших гэрээний 4.7, 6.2, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу Б- нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшил, газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй. Иргэний хуулийн 150 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл гэж үзсэн. Тухайн музей нь 4,712 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч учраас өөрийн эзэмшлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б- УТҮГ нь хариуцагч И- ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Тусгаар тогтнолын талбай, 1 тоот хаягт байрлах, 4,712 м.кв талбай бүхий газраас хариуцагч И- ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн газрыг хязгаартай эзэмшиж, ашиглах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

 

3.а.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музей-г татан буулгаж, Б--д нэгтгэн, Чингэлтэй дүүрэг, 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үлэг гүрвэлийн төв музей-н барилга болон музейн эд хөрөнгө, үзмэр, эд өлгийн зүйлсийг Б-д шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.б.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/891 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, нэгж талбарын 1500600616 дугаартай, 4,709 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Б- УТҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 60-63-р тал/

 

3.в.Маргаан бүхий газар Үлэг гүрвэлийн төв музей-н эзэмшилд байх хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч И- ХХК нь Үлэг гүрвэлийн төв музей-тэй Эзэмшил газрыг хязгаартай ашиглах 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж, газар эзэмшигч нь өөрийн эзэмшлийн газраас хариуцагч И- ХХК-д барилга байгууламж барьж ашиглах зориулалтаар шилжүүлэх, хариуцагч нь сар бүр 1,300,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 159-160-р тал/. Дээрх гэрээний талууд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өмнөх гэрээний нөхцөлөөр дахин гэрээ байгуулж, гэрээний хугацаа 1 жилийн хугацаанд хүчинтэй байхаар тохиролцсон байна. /хх-ийн 181-181-р тал/

 

3.г.Талууд Иргэний хуулийн 150 дугаар зүйлд зааснаар бусдын газар дээр барилга, байгууламж барихаар тохиролцсон байх боловч уг тохиролцоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус байна, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал, хариуцагч И- ХХК нь маргаан бүхий 311,2 м.кв талбай бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа эсэх талаар талууд маргасан. Энэ тохиолдолд тус газрыг эзэмших үндэслэл болсон 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх шаардлагатай.

 

3.д.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн зориулалттай өмчид хамаардаг ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ... бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно гэж заасан байна. Анхан шатны шүүх маргаан бүхий газрын өмчлөгч нь төр гэж дүгнэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын эзэмшигч Үлэг гүрвэлийн төв музей нь хариуцагч И- ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээ-г байгуулахдаа дээрх хуульд зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

3.е.Түүнчлэн, хариуцагч И- ХХК-д 311.2 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх боломжгүй талаарх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Барилга хот байгуулалтын яамны хариу албан бичгүүд хэрэгт авагдсанаас гадна захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр 311.2 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх И- ХХК-д үүсээгүй гэж шийдвэрлэсэн байна. Уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно. /хх-ийн 5-26, 178-180-р тал/

 

3.ё.Дээрх байдлаар хариуцагч И- ХХК-ийн эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрын эзэмшил хууль бус байх тул нэхэмжлэгч Б- ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд уг газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, газрыг хязгаартай эзэмшиж, ашиглах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

 

4.Харин анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан алдаа гаргасныг залруулан өөрчлөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/03571 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д ... гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ