Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч: Эөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  1805057351174 дугаартай хэргийг  2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Э-, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, .... тоот регистртэй,

          Шүүгдэгч Энь 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “ЛМ Саундс” караоке дотор иргэн Б.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Э, Д хоёртой Модны 2-ын “Минж Плаза” орчимын пабад уулзсан. Тэгээд архи ууж дуусаад дэргэдэх кароаке руу гурвуулаа хамт ороод тэндээ дахиад 0.5 граммтай архи уугаад сууж байхдаа Э бид хоёр маргалдаад зодоон эхэлсэн. Тэр үед Д бид хоёрыг салгахын оронд хажуугаас намайг буруутгаад орилоод байсан. Э уг караокены өрөөнд миний нүүр лүү эхэлж цохиод намайг газар унангуут нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-9, 26-27/,

Гэрч Н.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Минж Плаза төвийн хажууд байрлах караокед орсон. ...00 ороод гараад ирсэн чинь караокены өрөөнд зодолдсон зогсож байсан. Би салгаад тайвшруулаад байж байтал Э 00 ороод буцаж ирээд О-ын нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн. Караокены ажилчид ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө ажил дээрээ ажлаа хийж байтал эмч нар гээд 3 ах үйлчлүүлэхээр орж ирсэн. Тэгээд нэг өрөө авч ууж дуулж байгаад хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар нь ортол махлагдуу шар ах өндөр ахыг гараараа нүүр лүү нь цохиод байхаар нь найзууд юм бол болилдоо гэхэд зүгээрээ ахын дүү бид нар асуудалгүй, сайн найзууд гэхээр нь та нар өрөөгөө чөлөөлөөд өгчих цаг чинь дууссан байна гээд найзыгаа цохиод байсан ахыг түрүүлээд гаргасан. Араас нь хажууд нь сууж байсан зодоон хийгээгүй ах, хамгийн сүүлд нь зодуулсан ах гарсан. Уг ахыг нэг л хүн зодсон, зодсон хүн нь махлагдуу шар ах байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Шинжээчийн 13234 тоот: “...Б.О-ын биед дух, хуйханд шарх, 1 шүдний хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, дух, хүзүүнд цус хуралт, зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 11/,

Сэжигтнээр Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Минж Плазагийн караоке байсан. Бид 3 тэнд дуулж сууж байгаад О- бид хоёр маргалдаж байснаа санаж байна. Гэртээ очиход миний гар цус болсон байсан. Дараа нь хамт байсан Даас асуухад О- бид 2 юм ярьж байгаад маргалдаж улмаар зодолдсон гэсэн. Тэгээд О-ын нүүр лүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32-42/, хохирогчийн хүсэлт /хх-н 49/, Хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 41/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Энь 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “ЛМ Саундс” караоке дотор иргэн Б.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.О-ын: “...Э бид хоёр маргалдаад зодоон эхэлсэн. ...Э уг караокены өрөөнд миний нүүр лүү эхэлж цохиод намайг газар унангуут нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-9, 26-27/, гэрч Н.Дын: “...00 ороод гараад ирсэн чинь караокены өрөөнд зодолдсон зогсож байсан. Би салгаад тайвшруулаад байж байтал Э 00 ороод буцаж ирээд О-ын нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн. Караокены ажилчид ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрч Б.Г-ын: “...хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар нь ортол махлагдуу шар ах өндөр ахыг гараараа нүүр лүү нь цохиод байхаар нь найзууд юм бол болилдоо гэхэд зүгээрээ ахын дүү бид нар асуудалгүй, сайн найзууд гэхээр нь та нар өрөөгөө чөлөөлөөд өгчих цаг чинь дууссан байна гээд найзыгаа цохиод байсан ахыг түрүүлээд гаргасан. Араас нь хажууд нь сууж байсан зодоон хийгээгүй ах, хамгийн сүүлд нь зодуулсан ах гарсан. Уг ахыг нэг л хүн зодсон, зодсон хүн нь махлагдуу шар ах байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, шинжээчийн 13234 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Эхохирогч Б.О-той маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь эмчилгээний төлбөр 1.000.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 49/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

   Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Э-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ОТГОНБАЯР