Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Хохирогч: Д.Б,

Шинжээч: Ц.Бадрал,

Гэрч: Д.С,

Шүүгдэгч: Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709005691142 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Э-, 1993 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Быг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 03-ны өглөө би таньдаг дүүдээ машинаа өгсөн байсан юм. Тэгээд “river sound” бааранд нэг найзын хамт орсон. Манай найзыг эхнэр нь дуудсан тул түрүүлээд гарсан. Би дүүг дуудсан бөгөөд энэ хугацаанд 2-3 шил пиво уусан. Удалгүй дүү ирсэн тул би баарнаас гараад явахдаа нэг ах гар өргөхөөр нь бид хоёр аваад авсан. Тэр ах модны хоёр орно гэсэн. Модны хоёрын автобусны буудал дээр ирээд Ахаа ирчлээ гээд эргээд харахад ах унтсан байсан. Ахаа сэрээрэй гээд сэрээтэл тэр ах би энд буухгүй байсан, хүүхдийн 100 гэж хэлсэн гээд машинаас буугаад явсан тул би араас нь буугаад ахаа та таксины мөнгө өгөөрэй гэсэн чинь чадахгүй, хүрэх газраа хүрч байж мөнгөө өгнө гэсэн. За тэгвэл буцаад суучих гэтэл машинд суусан. Таксины мөнгө 2.000 төгрөг гарсан байна гэтэл 10.000 төгрөг өгсөн. Хариулт мөнгө байхгүй байна гэтэл хоёр гуйлгачин надаас илүү мөнгө салгах гэлээ гээд манай дүүг нэг цохиод, намайг араас боосон. Энэ үедээ ална, хутгална гээд орилж байсан. Би айсандаа машинаа зогсоо гэж орилоод хойд суудал руугаа ороод хохирогчийг 1-2 удаа цохьсон. Тэгээд машинаас түлхэж унагаад цааш явсан. Хохирогчийн мэдүүлсэн шиг машинаас буусан хойно нь зодсон зүйл байхгүй бөгөөд энэ үед би огт машинаас буугаагүй” гэв.

Хохирогч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Эмнэлэгт хэвтэхийн урд өдөр нь би нилээн согтуу тус баарнаас гарсан. Модны хоёр хүргүүлсэн. Хүн боосон эсэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан гараараа “салаавч” энэ тэр гаргасан байхыг үгүйсгэхгүй. Мөнгө өгөх гэтэл намайг машинд эргээд суулгасан. Би жолооч талын хойно сууж байсан бөгөөд энэ хооронд жоохон зөрчил үүссэн ба жолоочийн хажуу талд сууж явсан залуу эргэж хараад намайг цохиж байсан. Нэг их хол явалгүй намайг машинаас буулгаад шууд өшиглөсөн. Намайг унасан байхад дээрээс хэд хэд өшиглөсөн. Энэ үед авч явсан гар цүнхээрээ нүүрээ хааж, орилж байсан. Маргааш өглөө нь би эмнэлэгт үзүүлсэн...” гэв.

Гэрч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр гадуур таксинд явж байтал Энхбаяр ах намайг дуудсан. Би ахыг “Ривэр Саунд” баарны гадна хүлээж байтал ах гараад ирсэн бөгөөд тэндээс хөдөлтөл нэг хүн гар өргөсөн. Би ахаас энэ хүнийг авчих уу гэхэд тэг тэг гэсэн тул тэр хүнийг машиндаа суулгасан. Энхбаяр ах жолоочийн хажуу талын буюу миний хажууд сууж байсан. Модны хоёр руу эргээд автобусны буудал дээр зогстол тэр ах мөнгөө өгөхгүй уурлаад буусан. Мөнгөө өг гэтэл машины цонх цохиод “энэ миний буух газар биш байна, намайг ядуу гэж бодоо юу, би хурандаа хүн” гэх зэргээр орилж байсан. Тэгэхээр нь за хүргээд өгье гэтэл машинд суусан. Тэр ахыг машиндаа суулгаад хөдөлтөл намайг цохьсон бөгөөд Энхбаяр ахыг араас нь боосон. Энхбаяр ах машинаас ахиж буугаагүй. Модны хоёроос хөдлөөд явж байхад ахыг ардаас бооход тэр хоёр ноцолдоод арын суудал руу орсон. Тэгээд ах “наанаа зогс” гэхээр нь зогстол машины хойд хаалга онгойлгоод машинаас түлхэж буулгасан...” гэв.

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө би эхнэр Бямбасүрэн болон түүний найзуудтай хамт “Ривер Саундс” бааранд орцгоосон....Нэг сэрэхэд би ганцаараа үлдчихсэн байсан. Уг баарнаас гараад баарны үүдэнд байсан машинд суусан. Уг машины урд суудал дээр хоёр хүүхэд сууж байсан. Гэхдээ би машинд суугаад л цааш нь санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд намайг тэр залуучууд буу гээд байх шиг байсан. Тэгтэл жолоочийн хажууд сууж байсан өндөр залуу хойшоо хараад намайг цохиод байсан. Тэгснээ машинаас буугаад намайг чирч буулгаад газар унагаж байгаад дэвсэж, өшиглөж зодсон. Жолооч нь машинаасаа буугаагүй. Харин түүний хажууд сууж байсан залуу нь намайг зодсон. Тэгээд тэр залуу намайг зодож байгаад машиндаа суугаад яваад өгсөн. Би нэлээн согтуу байсан болохоор санахгүй байна. Ямар ч байсан намайг буучих л гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18, 23-24/,

Гэрч С.Еийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг настайдуу саравчтай малгайтай хар цүнх барьсан ах орж ирсэн. ...Баар хаах үед тек дэрлээд унтаад тэр ах ганцаараа үлдсэн байж байгаад гарсан. Нэлээн согтуу байсан. Тэгээд гараад замын хойд талаас таксинд суусан. ...Үйлчлүүлэгч нилээд согтуу гараад явахаар нь ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод таксиных нь дугаарыг тэмдэглээд авсан. Дугаар нь 48-32 гэсэн цагаан өнгийн приус-10 маркийн машин байсан. Жолоочийн хажуу талд нэг эрэгтэй суусан нийт 2 хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус өдрийн 10 цагийн орчим Эрка ахаас машиныг нь гуйж авсан. ...Ирээд авчих гэхээр нь талбайн урд талын Ривер Саунд баарнаас авсан. Суулгаад хөдөлтөл нэг хүн гар өргөсөн, уг хүнийг суулгаад модны хоёрт хүргэж өгсөн. Гэтэл модны 2-ын буудал дээр очоод миний буух газар биш байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ модны 2 гэсэн биз дээ гэхэд буугаад явсан. Эрка ах араас нь очоод ахаа та мөнгөө өгөөч ээ гэсэн чинь тэгвэл намайг хүрэх газарт минь хүргээд өг гээд машинд буцаад суусан. Гэтэл араас тамхи өг гээд миний нүүр лүү нэг удаа цохьсон ба Эрка ахын хоолойг араас нь шууд боосон. Эрка ах арай гэж гарыг нь тавиулаад та яагаад байгаа юм бэ гэсэн чинь нүүр лүү мөн 1 нэг удаа цохьсон.Тэгээд Эрка ах машинаа зогсоо гээд нөгөө хүнтэй барьцалдаад авсан. Би зодолдох гэж байна гэж бодоод очиж салгаад Эрка ахыг машиндаа суулгаад явсан, нөгөө хүн модны 2-оос хүүхдийн 100 руу уруудах зам дээр үлдсэн...Тухайн эрэгтэй үгийн зөрүүгүй шууд араас нь хоолойг нь боосон...” гэсэн мэдүүлэг /хх-н 68/,

Шинжээчийн 10161 тоот: “...Д.Бын биед зүүн талын 7-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн талын хөндий дэх хий, шингэн /цус/ хуралдалт бүсэлхийн L-3 дугаар нугаламын баруун талын хөндлөн сэртэн зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхи, хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 21-22/,

Сэжигтнээр Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дүү С гэх залуу ирээд би тус газраас гараад машинд суухад замын хажууд такси барих гээд зогсож байсан хүнийг авах уу тамхины мөнгө хаа юм гэсэн. Тэгээд тэр хүнийг суулгахад модны 2-т бууна гэж хэлсэн. Модны 2-ын автобусны буудал дээр очиход тухайн хүн унтсан байсан. ...Би хүүхдийн 100 орно гэж хэлсэн шүү дээ гээд машинаас бууснаа бид хоёрын толгой руу цохьсон ба намайг хүргээд өг гээд буцаж суусан. Яагаад байгаа юм бэ гээд машинаа зогсоогоод буу гэсэн чинь буухгүй байсан. Таксины мөнгө 2.000 төгрөг өгчих гэсэн чинь 10.000 өгөхөөр нь задлахгүй гэхэд “гуйлгачин надаас илүү мөнгө авах гэлээ” гээд араас хоолой боогоод зүүн чих рүү гараараа цохьсон. Боосон гарыг нь ард нь өчөөд цээж рүү нь 2-3 удаа цохиод машинаас хөлөөрөө жийгээд унагасан. Тэгээд хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 61-62/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 15/, хохирлын баримтууд /хх-н 32 шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-38, 53-56/ зэрэг болно.

      Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2017 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэж бичсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн хэрэг гарсан цаг хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө болох нь тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөвтгөх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлсэн иргэн Д.Быг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Бын: “...Уг баарнаас гараад баарны үүдэнд байсан машинд суусан. Уг машины урд суудал дээр хоёр хүүхэд сууж байсан. ...Нэг мэдэхэд намайг тэр залуучууд буу гээд байх шиг байсан. Тэгтэл жолоочийн хажууд сууж байсан өндөр залуу хойшоо хараад намайг цохиод байсан. Тэгснээ машинаас буугаад намайг чирч буулгаад газар унагаж байгаад дэвсэж, өшиглөж зодсон. Жолооч нь машинаасаа буугаагүй. Харин түүний хажууд сууж байсан залуу нь намайг зодсон. Тэгээд тэр залуу намайг зодож байгаад машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18, 23-24/, гэрч С.Еийн: “...Үйлчлүүлэгч нилээд согтуу гараад явахаар нь ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод таксиных нь дугаарыг тэмдэглээд авсан. Дугаар нь 48-32 гэсэн цагаан өнгийн приус-10 маркийн машин байсан. Жолоочийн хажуу талд нэг эрэгтэй суусан нийт 2 хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч Д.Сын: “...араас тамхи өг гээд миний нүүр лүү нэг удаа цохьсон ба Эрка ахын хоолойг араас нь шууд боосон. Эрка ах арай гэж гарыг нь тавиулаад та яагаад байгаа юм бэ гэсэн чинь нүүр лүү мөн 1 нэг удаа цохьсон.Тэгээд Эрка ах машинаа зогсоо гээд нөгөө хүнтэй барьцалдаад авсан. Би зодолдох гэж байна гэж бодоод очиж салгаад Эрка ахыг машиндаа суулгаад явсан,  нөгөө хүн модны 2-оос хүүхдийн 100 руу уруудах зам дээр үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 68/, шинжээчийн 10161 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Г.Э нь аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч нь өөрийгөө хянах, биеэ авч явах чадваргүй согтуу байсан нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Э нь өөрийгөө хянах чадвартай, мөн хамт явсан гэрч Д.С нь эрүүл байсан байх бөгөөд биеэ авч явах чадваргүй хүний хийж байгаа үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэрч Д.Сын мэдүүлэг нь машинаас буусан ба би очиж салгасан гэж, машинаас буугаагүй гэх зэргээр зөрүүтэй мэдүүлсэн.

Хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээс зөрүүтэй байх ба шүүгдэгч, гэрч нар нь ашиг сонирхол нэгтэй хүмүүс байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч, гэрч нар нь такси үйлчилгээгээр бусдад үйлчилж байхдаа согтуурсан үедээ үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Г.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Д.Быг зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бын биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар нотлогдсон хохирол 382.694 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Бт олгох нь зүйтэй.

Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ хийлгэсэн зардлын баримтуудаа бүрдүүлээгүй, нөхөж бүрдүүлж өгч болно. Мөн эмчилгээ хийлгэж байгаа, цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн тул хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Эыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 05 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч 10.000 нэгж буюу 10.000.000 торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч гомдолтой байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Э-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 03 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 03 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас 382.694 төгрөг гаргуулж хохирогч Д.Бт олгосугай.
  6. Хохирогч Д.Б нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР