Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00740

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

+ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/03046 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-ийн хариуцагч П-, З-р, А- нарт холбогдуулан гаргасан Б-, П- нарын байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, П-, А- нарын байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч П-, А- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б-, түүний өмгөөлөгч Ж.Н/, хариуцагч П-, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагч З-р, түүний өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие + дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэд байрлах нэгж талбарын + дугаар бүхий 700 м.кв газрыг, миний нөхөр Н- нэгж талбарын 18650326031690 дугаар бүхий 700 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Анх энэ хоёр газрыг Р.Баярмаагаас шүүхийн шийдвэрийн дагуу бид 2016 онд шилжүүлж авсан байсан. Ертөнцийн зүгээр зүүн талд иргэн П- мөн газар эзэмшдэг. Гэтэл 2017 оны 05 дугаар сард иргэн П- манай гэрт нөхрийн хамт ирж уулзахдаа “чи өөрийн газраа миний нэр дээр шилжүүлчих, оронд нь би танай нөхөр Н-гийн эзэмшиж байгаа газрын баруун талд байрлах Э.Баттулга гэж хүний эзэмшиж байгаа газрыг чиний нэр дээр шилжүүлж өгье. Уг асуудлыг миний дүүгийн найз З-р гэдэг хүн зохицуулж өгнө” гэсэн санал тавьсан бөгөөд бид зөвшөөрсөн. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би П-тэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, түүнээс ямар нэг төлбөр авахгүйгээр уг газраа түүнд шилжүүлсэн. З-р тухайн үед бид хоёрт би + дүүргийн газрын албанд танил хүн байгаа учраас шууд шилжүүлчихнэ гэж хэлж байсан. Гэтэл З-р нь Б-ийн газар эзэмших эрхийг П-д шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн атлаа иргэн Э.Баттулгын газар эзэмших эрхийг Б- миний нэр дээр шилжүүлэх асуудлыг зориуд шийдвэрлэхгүй орхигдуулсан бөгөөд тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон. Одоо миний авахаар тохирсон газарт 2021 оны намраас өөр хүмүүс барилга барьж эхэлсэн бөгөөд энэ талаар П-гээс асуухад “мэдэхгүй, би танай газрыг авахын тулд З-рт мөнгө төлсөн, түүнтэй уулзаж чадахгүй байна, олдохгүй байна гэсэн үндэслэлгүй тайлбар хэлдэг. Би П-, З-р нарт холбогдуулан + дүүрэг дэх цагдаагийн байгууллагад залилах гэмт хэргийн улмаас хохирсон тухай гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан боловч Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагч П-, З-р нар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б-, П- нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр халхавчлан Б- намайг хуурч улмаар П- ямар ч үнэ хөлс төлөхгүйгээр миний газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч гэм хор учруулсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар уг гэрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Иймд Б-, П- нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгч Б-ийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. Мөн хариуцагч П- нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох + дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэд байрлах нэгж талбарын + дугаар бүхий /нэгж талбарын дугаар нь одоо 1462705648 болж өөрчлөгдсөн/ 700 м.кв газрын эзэмших эрхийг өөрийн төрсөн охин А-д үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, мөн өдөртөө + дүүргийн газар зохион байгуулалтын албанд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг А-гийн нэр дээр гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/466 дугаар захирамжаар П-гийн эзэмшиж байсан нэгж талбарын + дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг А-д шилжүүлж, газар эзэмших эрхийн 0000046055 дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон нь хууль зөрчсөн нөхцөл байдал болох нь харагдаж байна. Иймд П-, А- нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч П-гийн тайлбар, татгалзлын агуулга: Би нэхэмжлэгчийг танихгүй. З-раас 2017 оны 02 сард маргаан бүхий хоёр газрыг 7,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрчилгээ, гэрээ байгуулагдсаны дараа үлдэгдэл 2,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохирсон. Уг газруудын гэрчилгээ, эзэмших эрхийн гэрээг байгуулахаар бичиг баримтыг хөөцөлдөхөд 1 газар нь нэхэмжлэгч Б-ийн нэр дээр олгогдсон баримт гарч ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр З-р "+ дүүргийн газрын алба дээр хүрээд ир, таны газрын асуудлыг шийдэж өгье” гэхэд нь яваад очиход З-р, Б-, Н- нар ирсэн байсан. Б-ээс надад газраа шилжүүлж нэгж талбарын + дугаартай 700 м.кв зуслангийн зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болсон. З-рт гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг шилжүүлээд энэ асуудал дуусгавар болсон. З-рт газар худалдаж авах төлбөрөө 100 хувь шилжүүлсэн үүнийхээ хариуд өөрийн авах ёстой газраа авсан хууль ёсны эзэмшигч болно гэжээ.

3.Хариуцагч З-рын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие газрыг буцааж өгөх боломжгүй тул газрын оронд 5,000,000 төгрөг өгөх хүсэлтэй байна. Яагаад гэвэл П- тухайн газар дээр байшин барьсан. Би П-д хоёр газрыг нийт 7,000,000 төгрөгөөр зарсан нь үнэн. Уг хоёр газрыг нэхэмжлэгч, түүний нөхөр нар н.Баярмаагаас шилжүүлж авсан байсан. З-рыг гэм буруутайд тооцсон аливаа хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Гэтэл нэхэмжлэгч талаас түүнийг гэм буруутай мэтээр тайлбарлаад байна. Мөн П-, Б- нар хоорондоо тохирч газраа шилжүүлэхэд З-р оролцоогүй гэжээ.

4.Хариуцагч А-гийн тайлбар, татгалзлын агуулга: Миний ээж маргаан бүхий газрыг Монгол Улсын хууль, журмыг үндэслэн надад шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч С.Энхцэцэг нь бусдаас авч чадахгүй байгаа хохирлоо биднээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д заасныг баримтлан + дүүрэг, 20 дугаар хороо, Сэлх зусланд байрлах, нэгж талбарын + /шинээр 1462703324/ дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б-т буцаан шилжүүлэхийг хариуцагч П-, А-, З-р нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Хариуцагч П-, А- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: + дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах нэгж талбарын + дугаартай 700 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 тоот захирамжаар Б-т эзэмшүүлэхээр, улмаар мөн газрыг дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/187 тоот захирамж /жагсаалтын 307/-аар П-д эзэмшүүлэхээр, мөн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн A/466 дугаар захирамжаар А-д эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Гэтэл дээрх хаягт байх нэгж талбарын + дугаарт бүртгэлтэй 700 м.кв газрыг өнөөдрийн байдлаар А-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн + дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/466 дугаар захирамж хүчингүй болгогдоогүй, хууль ёсны байсаар атал шүүхээс дээрх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Б-т буцаан шилжүүлэхийг хариуцагч П-, А-, З-р нарт даалгаж шийдвэрлэсэн нь газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2.-т заасныг илтэд зөрчжээ. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч талын гомдлын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмшигч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж хоорондын үүссэн маргааныг бүх шатны засаг дарга шийдвэрлэхээр заасныг зөрчсөн буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг тус тус зөрчсөн гэж гомдолд дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ховор тохиолддог. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын ажиллагаанд ихэвчлэн хэрэглэгддэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заалт бол зэргэлдээ хоёр айл хоорондоо орц, гарцын маргаантай, эсхүл кадастрын зураг давхацсан маргаануудыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг засаг дарга шийдвэрлэж, түүний дараагаар хуульд заасан арга хэмжээг авдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заалт цөөн тохиолдолд хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг тусгасан. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар талууд шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийг шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан. Энэ маргаан нь захиргааны эрх зүйн маргаан биш юм. П-гээс А-д шилжүүлж байгаа үйлдлүүд нь Газрын тухай хуулийн дагуу хэрэгжиж буй үйлдэл юм. Харин засаг даргын даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бол захиргааны шүүхэд хандана. Тиймээс энэ маргаан талууд харилцан тохиролцож, гэрээний үндсэн дээр арилжаа хийж, өөр газраар солих талаар зөвшилцсөн. Энэ нь иргэд хоорондын харилцаа буюу иргэний эрх зүйн маргаан мөн. Бид цагдаагийн байгууллагад залилан мэхлэх үйлдлийн шинжтэй гэж үзэж, гомдол гаргасан. Хэрэгт авагдсан прокурорын тогтоолд З-р хуурч мэхлэн газраа шилжүүлж, худалдсан гэх дүгнэлт хийгдсэн. Газраа Б- рүү сайн дураараа шилжүүлсэн гэдэг. П-гийн хувьд охиндоо өвлүүлж, шилжүүлсэн. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх дүгнэхдээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэж, Б-т газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгасан шийдвэр гаргасан. Хариуцагч нар нь Б- рүү шилжүүлэхэд З-рын оролцоо байсан гэдэг. П- нь А- руу шилжүүлсэн. Тиймээс П-, З-р, А- нарын хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсон учраас шүүхээс нэхэмжлэгч Б-т газрыг буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагчийн гомдолд дурдсан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч З-рын өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч З-р нь сонголын бэрхшээлтэй. Анх шүүх хуралдаанд энэ талаар танилцуулсан. 2 дахь шүүх хуралдаанаас нь би өмгөөлөгчөөр оролцож, энэ нөхцөл байдлын талаар хэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар, илтгэгч шүүгчийн дурдсанаар Б-, П- нарт газар худалдсан. Энэ газар маргаантай байгаад буцаана гэвэл, би мөнгийг нь өгнө гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Б-, П- нар зөвшөөрлөөр хийх хэлцлийг нотариатаар гэрчлүүлснээр энэ газрыг хоорондоо сольсон үйл баримт байдаг. Иргэний хуулийн 50 дугаар зүйлд заасан зөвшилцлөөр хийсэн гэрээний маргаанд хариуцагчаар татагдсан нь ойлгомжгүй байна. Ийм учраас хариуцагч З-рт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б- нь хариуцагч П-, З-р, А-, нарт холбогдуулан Б-, П- нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, П-, А- нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг зөв хуваарилаагүй, газрын нэгж талбарын дугаарыг буруу бичсэн зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.+ дүүрэг, Сэлбэ, 20-р хороонд байрлах, нэгж талбарын + дугаартай, 700 м.кв газрын эзэмшигчээр нэхэмжлэгч Б- 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдсэн болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /1хх-ийн 10-р тал/

 

4.а.Дээрх газрын эзэмшигч буюу нэхэмжлэгч Б- нь хариуцагч П-тэй 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 700 м.кв газрыг шилжүүлэхээр тохиролцож, хариуцагч П- нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус газрын эзэмшигчээр бүртгэгджээ. /1хх-ийн 103-р тал/

 

4.б.Маргаан бүхий 700 м.кв газрын эзэмших эрх нэхэмжлэгч Б-ээс хариуцагч П-д дээрх байдлаар шилжсэн байх бөгөөд газрын эзэмших эрх шилжсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч Б- нь “хариуцагч П- болон түүний нөхрийн хүсэлтээр газрыг газраар солихоор тохиролцсон боловч хариуцагч нь тохирсон ёсоор газар өгөөгүй” гэсэн бол хариуцагч П- нь “тус газрыг З-раас худалдаж авсан, Б-, З-р нарын хоорондын тохиролцоог мэдэхгүй, Б-ийг танихгүй” гэж тус тус тайлбарласан. Харин хариуцагч З-р нь “газрыг буцаан өгөх боломжгүй, үнийг нь төлнө, би П-д газар худалдсан нь үнэн” гэжээ.

 

4.в.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан. Хариуцагч П-гээс хариуцагч З-рт газрын үнэ 7,000,000 төгрөг төлсөн талаарх нотариатаар баталгаажуулсан бичгийн баримт хэрэгт авагдсан байх боловч маргаан бүхий газрын эзэмшигч нь хариуцагч З-р биш, нэхэмжлэгч Б- байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч П- нь эзэмшигч бус этгээдэд газрын үнийг төлөх замаар маргаан бүхий газрын эзэмшигч болсныг хуулийн дагуу эзэмших эрхийг олж авсан гэж үзэх үндэслэлгүй. /1хх-ийн 56-р тал/

 

4.г.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б-, хариуцагч П- нар нь газрыг газраар солихоор тохиролцсон буюу тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Б-, хариуцагч П- нар нь дээрх арилжааны гэрээг халхавчлах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

4.д.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б-, хариуцагч П- нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

 

4.е.Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчлах болон халхавчлуулсан хэлцлүүд хийгдсэнээр бий болдгоороо дүр үзүүлэн хийсэн хэлцлээс ялгаатай.

 

4.ё.Нэхэмжлэгч Б-, хариуцагч П- нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч П-г Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзэхгүй юм.

 

5.Маргаан бүхий газрын асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байх хугацаанд хариуцагч П- нь өөрийн охин буюу хариуцагч А-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх 700 м.кв газрын эзэмших эрхийг хариуцагч А-д шилжүүлсэн байна. /2хх-ийн 93-р тал/

 

5.а.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно гэж заасан тул хариуцагч П-, А- нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг дээрх хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

5.б.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар + дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын + /шинээр 1462705648/ дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Б-ийн эзэмшилд бүртгэхийг + дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. /2хх-ийн 118, 140, 142-р тал/

5.в.Маргаан бүхий газрын эзэмших эрх нэхэмжлэгч Б-ээс хариуцагч П-д, хариуцагч П-гээс хариуцагч А-д тус тус шилжсэн байх тул нэхэмжлэлээс хариуцагч З-рт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Хариуцагч П-, А- нарын хувьд газар эзэмших эрх худалдан авахтай  холбоотойгоор хохирсон гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

6.Хариуцагч П-, А- нар давж заалдах гомдолдоо газар эзэмших, ашиглах талаарх маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр Газрын тухай хуульд заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Талууд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан тул анхан шатны шүүх хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч П-, А- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.+ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/03046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10, 56.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-, хариуцагч П- нарын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч П-, хариуцагч А- нарын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус  хэлцэл болохыг тогтоож, + дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын + /шинээр 1462705648/ дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б-ийн нэр дээр бүртгэхийг + дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч З-рт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “... хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж ...” гэснийг хариуцагч “хариуцагч П-, А- нараас 140,400 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                       Г.ДАВААДОРЖ