Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00597

 

 

 

 

 

2023 03 20 210/МА2023/00597

 

 

А.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02872 дугаар шийдвэртэй

А.А ийн нэхэмжлэлтэй, Б.Б д холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, Б.Амарбат, хариуцагч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *********************ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн эхлэгчээр ажилладаг. Тус сургуулийн Түүхийн тэнхимийн зөвлөх профессороор ажиллаж байсан доктор Б.Б нь 2021 оны 10 сарын 08-ны өдөр сургуулийн багш, ажилчин, оюутны үзэл бодлоо илэрхийлдэг, хамгийн олон гишүүнтэй **************, ***-ийн багш нар гэсэн группүүдэд өөрийн ***** гэх фэйсбүүк хаягаасаа намайг ямар ч үндэслэл, баримтгүйгээр гүтгэн худал мэдээлэл тараасан.

Б.Б постоо устгасных нь дараа 2021 оны 10 сарын 11-ний 7 цагаас уг мэдээллийг видео, телевизийн нэвтрүүлэг хэлбэрээр, оюутнуудын групп дээр эхлээд нэг зэрэг цацагдсан. Багш О.О мэдүүлэгтээ бид нар хамтран пост хийсэн гэдгээ зөвшөөрсөн.

1.2. Хариуцагч Б.Б ы постод дурдагдсан А.А багш оюутнуудыг айлгасан, дарамталсан, багш Б.Б ыг нас хүйсээр ялгаварлан гадуурхаж ажилд аваагүй гэсэн нь худал мэдээлэл.

Хариуцагчийн бичсэн мэдээлэлд дурдсан Удирдлага багшаа дарамтлах, багш багшаа дарамтлах, багш, оюутнаа дарамтлах, ажлын байрны болон бэлгийн дарамт гээд олон дарамт байсныг олж мэдсэнээс гадна энэ бүхэн манай танхимд шууд илэрлээ олж байгаа бөгөөд өнөөгийн тэнхимийн эрхлэгч Б овогтой Б төгс харуулж байгааг онцлон мэдэгдмээр байна. А.А тэнхимийн эрхлэгч болохоосоо өмнө ч оюутныг бэлгийн дарамтад оруулж байсан тухай болон Шинжлэх ухааны сургуулийн захиралд өргөдөл очиж байсан гэдэг нь худал гүтгэлэг бөгөөд хэн бичсэн нь тодорхойгүй, ямар ч баримт нотолгоогүй худал зүйл байхад үнэн мэт бичсэн нь миний нэр төрийг гутаасан.

1.3. А.А ийг *********************ийн багш болсноос хойш яаж ирсэн нь мэдэгдэхгүй, гарын үсэг, хаяггүй нэргүй захидал ирсэн. ***-ийн Ёс зүйн хорооны ерөнхий нарийн бичгийн даргын 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 21/19 тоот албан бичгээр ...хэсэг оюутнууд гэж нэр хаяг, гарын үсэг баримт нотолгоогүй байх тул маргаан үүсгэх үндэслэлгүй ба энэ гомдол нь гүтгэлгийн шинжтэй байхыг үгүйсгэхгүйг онцлон тэмдэглэж байна... гэсэн хариу өгсөн.

2020 оны 09 сарын 11-ний өдрийн тэнхимийн хурлаар А.А ийг тэнхимийн эрхлэгчээр сонгох үеэр Б.Б багш тухайн нэр, хаяггүй захидлын талаар асууж байсан.

1.3. Мөн хариуцагч мэдээлэлдээ өөрийн оюутны өргөдлөөс иш татвал гээд ...А.А ийн охидтой холбогддог асуудал тун ортой зүйл байх гэж гадарладгаа нуух юун... гэж бичсэн. Гэтэл оюутны өргөдөлд ...А.А багшийн охидтой холбогддог асуудал тун оргүй зүйл байх гэж гадарладгаа нуух юун... гэж бичигдсэн байсныг нэг үгийг сольж, тухайн асуудлыг буруу түгээсэн.

Мөн ...Миний хувьд энэ хүнээс нас хүйсийн дарамт үзэж байна. Тэтгэвэрт гарсан нэрийдлээр миний оюутныг урвуулах, хаврын магистр хамгаалалтаар элдвээр доромжлон гүтгэх, миний оюутныг зууж байсан удаатай. Хаврын хамгаалалтын үеэр А.А багш оюутан унагаах асуудлыг зохион байгуулсныг эхнээсээ гэрчилж байна. Хаврын хамгаалалтын үед залуу багш нар ахмад багшаа доромжилж байгааг сонсоод би ийм ялзарсан, ёс зүйгүй хүмүүстэй ажиллахгүй гэж шийдээд энэ хичээлийн жилийн зөвлөхийн гэрээг байгуулаагүй. Гэхдээ ректорын шаардлагаар гэрээ байгуулахаар гарын үсэг зурсан боловч А.А багшийн сэтгэлд нийцээгүй бололтой. Удирдлага багшаа дарамтлах асуудал энэ мэтээр олон байдгийг би үүгээр үзлээ... гэсэн байдаг.

1.4. Би 2012-2020 хүртэл хугацаанд багш Б.Б тай хамтран ажиллахдаа түүнд ямар нэг байдлаар бэлгийн болон академик дарамт үзүүлж байгаагүй.

*********************ийн дүрэм, журмаар тэнхимээр хэлэлцүүлэгдээгүй асуудалд гарын үсэг зурж ажиллуулах боломжгүй. Ректороос асуухад ажилла гэж шаардаагүй, хүсэлтээ тэнхим болон сургуульдаа гаргаарай гэсэн байсан. Энэ асуудалд ...Ректор гарын үсэг зур гэсэн байхад А.А намайг ажилд аваагүй... гэж нөхцөл байдлыг мушгин гуйвуулж бичсэн нь гүтгэлгийн шинжтэй, нэр төр, алдар хүндийг гутаасан.

Багш Б.Б аар удирдуулж байсан оюутан Э.Э удирдагчаа солиулах талаар өөрөө гомдол гаргасан байсан тул оюутны удирдагч багшийг сольсон. Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.З 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Б/28 тоот тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын магистрын ажил хамгаалах комиссын бүрэлдэхүүнийг баталсан. 2021 оны 04 сарын 25-ны өдөр Б.Б багшийн удирдсан магистрант Г.Л , Б.Б нар магистр хамгаалах хүсэлтээ ирүүлсэн. Хурлын өдөр санал хураахад Б.Б ыг багш нар дэмжсэн бол Г.Л-г хамгаалалтад оруулах талаар багш нарын санал тэнцэхэд би оюутныг дэмжсэн.

Хариуцагчаас 2021 оны 05 сарын 18-ны өдөр Шинжлэх ухааны сургуулийн захиргаанаас баталсан комиссын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй байна. Академик дарамт эрх чөлөөг боогдуулдаг, багшийн ёс зүйг зөрчсөн магистр хамгаалалтад орох эрхгүй багш нар байна гэж хүсэлт гаргасныг комиссын дарга хүлээн аваагүй. 2021 оны 05 сарын 30-ны өдөр Б.Б багшийн удирдсан оюутан жинхэнэ хамгаалалтаар ороод нэг нь 80, нөгөө нь 100 хувийн саналаар тэнцсэн. Жинхэнэ хамгаалалтын үеэр би комиссын дарга байсан.

Магистр, докторын судалгааны ажлыг хүлээлгэн өгөх журмын 2.4, 2.6, 6.1-д гишүүдийн өгсөн заавар зөвлөмжийг тусган сайжруулаад эцсийн хувилбараар хүлээлгэн өгөхөөр журамласан. Энэ журмын дагуу шаардлага тавьсан ба журмын дагуу бүх шүүмжлэлүүдийг засуулаад гарын үсэг зураад өгөх ёстой. Гэтэл Б.Б нь багш нарын шүүмжийг хүлээж авч зохих ёсоор ажилдаа тусгахгүй удсан. Комиссын даргын хувьд миний бие түүнд хэд, хэдэн удаа журмыг тайлбарлаж, засварыг оруулж магистрын ажлаа хүлээлгэн өгөх талаар зохих шаардлагыг тавьсан байхад оюутныг айлгаж, зууж байсан мэтээр үнэнийг гуйвуулж, илт худал мэдээллийг тараасан.

Дээрх байдлаар хариуцагчийн тараасан мэдээллүүд худал болох нь тогтоогдож байгаа бөгөөд өөрийн хувийн үзэл бодлоо үнэн мэтээр нийтэлж бусдад тараан иргэний миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж байгаад гомдож байна.

Иймд А.А ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би *********************ьд 2008 оноос эхлэн ажиллаж, профессорын зэрэглэлтэй тэтгэвэрт гарсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх... хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөтэй болохыг заасан.

Миний бие 2021 оны 10 сарын 08-нд ***-ийн ********** нүүр номын групп-д ***-ийн удирдлага, багш нарын анхааралд зориулан академик дарамтын тухай асуудал дэвшүүлэн үзэл бодлоо илэрхийлсэн. Тухайн постыг өөрийн нүүр номын хувийн хаягт давхар байрлуулсан бөгөөд постыг хуваалцаж болохгүйгээр байрлуулсан хэдий ч 2021 оны 10 сарын 09-нд миний зөвшөөрөлгүйгээр скрийншот хийж эхэлсэн бөгөөд бичсэн зүйлд санаанд оромгүй, сүржигнэсэн гарчиг өгч байгааг олж мэдээд тухайн өдрөө постоо устгасан. Иймд пост тараагдсан асуудлыг би хариуцахгүй.

Постод 2 оюутны өргөдлөөс иш татаж бичсэн. Академик дарамт гэдэг нь багш оюутнаа дарамтлах, оюутан багшаа дарамтлах, удирдлага багшаа дарамтлах асуудал юм.

Миний постод ...Удирдлага багшаа дарамтлах, багш багшаа дарамтлах, багш оюутнаа дарамтлах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зэрэг олон төрлийн дарамт байдгийг олж мэдсэнээс гадна энэ бүхэн манай түүхийн тэнхимд шууд илэрлээ олж байгааг өнөөгийн тэнхимийн эрхлэгч Батнасан овогтой Чинзориг багш төгс харуулж байгааг онцлон тэмдэглэмээр байна хэмээсэн нь ***-ийн багш ажилтан, сурагчийн ёс зүйн дүрмийн багшийн дагаж мөрдөх хэм хэмжээ, харилцааны ёс суртахууны хэм хэмжээнд заасан хэдэн зүйлийг зөрчсөн байснаас улбаатай.

2.1. Нэхэмжлэгч А.А ийн гаргадаг үйлдэл, эс үйлдэхүй болох багш багшаа дарамтлах буюу багшид чиглэсэн академик харассментын тухайд:

***-ийн дүрмийн 4.5-д Тэнхимийн эрхлэгчийг сонгоход тэнхимийн үндсэн орон тоон дээр ажиллаж буй багш, зөвлөх профессор, зөвлөх дэд профессор нарын 50-аас дээш ирцтэй хурлаар нууц санал хураалт явуулж хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчээс ***-ын захирал сонгон томилно гэж заасан. Манай тэнхимийн хуралд нэг нэр дэвшигчийн асуудал хэлэлцсэн тул дүрэмд зааснаар өөр нэг хүний нэрийг санал болгох хэрэгтэй юм байна гэж саналаа хэлсэн.

***-ийн Түүхийн тэнхимд А.А тэнхимийн эрхлэгч болсноос хойш тэнхимийн багш нарт ялгаварлан хандах явдал илт газар авсан. Түүхийн тэнхимийн багш О.О д жилийн норм 13 кредит байхад 2021 оны хаврын улиралд 15.7, нийт жилдээ 22.1 кредит буюу ажлын хэт ачаалал ногдуулсан байхад Д.А багшийн илүү цаг дөнгөж 1.9 кредит байсан. Эмэгтэй багшийн жирэмсний, амаржсаны чөлөөтэй байх хугацааны асуудлыг үл ойшоон А цагийн норм биелүүлээгүй хэмээн О.О д ийнхүү шийтгэл оноосон.

Ажил үүргийн хуваарилалт ч мөн адил тэнцвэргүй болсон. Үүний жишээ нь тэнхимийн багш Н.А өд сэтгүүл эрхлэн гаргах, ахисан түвшний суралцагчдын семинар удирдах, магистрын хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Өвөрмонголын Их сургуультай оюутан солилцоо, магадлан итгэмжлэл зэрэг урд өмнө 2-3 багш хариуцаж ирсэн ажил, үүргийг төвлөрүүлсэн.

Дарамт үзүүлж байгаагийн хувьд энэ хүн одоо ч дарамт үзүүлж байна. Тэнхимийн эрхлэгчийн туслах Б.Бү гэдэг хүн ирж гэрчээр мэдүүлэх өгөхгүй айгаад байгаа. Б.Бү А.А т загнуулаад таталт өгөөд түргэн дуудаж байсан.

О.О гэдэг хүн Япон улсын Түүхийн шинжлэх ухаанд нэр төр нь гарсан хүн. Тэр хүн урилгаар Япон явах гэж байхад тэнхимээр хуралдаад олонх болсон хүмүүс нийлж байгаад Хичээл заах багш байхгүй гээд явуулаагүй. Багш мэргэжлээ дээшлүүлээд гадаад явах эрхтэй, харин сургууль дэмжих үүрэгтэй.

Гэрээт зөвлөх профессор тэнхим хийгээд их сургуулийн ажилд бүрэн оролцох эрх, үүрэгтэй хэдий ч А.А тэнхимийн эрхлэгч болсноос хойш аливаа асуудалд тэтгэвэрт гарсан багш Б.Б үүнд оролцохгүй, шилдэг бүтээлийн шагналд нэр дэвшихэд та оролцохгүй гэх зэргээр ялгаварладаг болсон.

2.2. 2021 оны 05 сарын 30-нд болсон миний удирдаж байсан хоёр магистрант Б.Б , Г.Л нарын хамгаалалтын комиссын дарга А.А нь хоёр оюутаны аль алинтай нь хувийн асуудалтай байсныг мэдэж байсан тул тэдний хамгаалалт дээр дарамт буюу харассмент хэлбэрээр илрэх вий гэсэн үүднээс урьдчилсан хамгаалалтын дараа ***-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захиралд академик эрх чөлөө, багшийн ёс зүйг зөрчсөн хүмүүс орсон тул комиссоо өөрчлөх хүсэлт амаар хийгээд бичгээр гаргасан.

Миний хоёр оюутан хоёулаа дундаас дээш мэдлэгтэй, чадалтай оюутан байсан. Дундаас дээш мэдлэгтэй байсан болохоор унагах гэж оролдоод ч унаагүй. А.А тэнцсэн ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй гэж хэлсэн. Б.Б 4 өдөр А.А ийн өрөөний үүдэнд суугаад гарын үсгийг нь авах гээд чадаагүй.

Хамгаалалт ширүүн хурц явагддаг ч оюутныг доромжлох ёс зүй хэнд ч байх ёсгүй. Урьдчилсан болон жинхэнэ хамгаалалт 7 цаг гаруй үргэлжилсэн ба зарим багш нар үүнийг анзаарч өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан.

Оюутанд тавигдах шаардлага ч зүй бус байсан. Тэнхимийн эрхлэгч олон жил хийсэн хүн перс хэлнээс дам эшлэл авч болдог. Харин магистрын оюутныг чи хэлгүй байна, чи тэрийг үзээгүй байна гэдэг шаардлага тавьсан.

2.3. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан.

А.А т 2014, 2015, 2016 онуудад нэргүй гомдол гаргаж байсныг нэхэмжлэлдээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Оюутнууд суралцаж байх үедээ гомдол дээрээ нэрээ тавьж чадахгүй учраас нэргүй бичдэг.

Энэ гомдол дотор Ц.Ц гэдэг хүн охиныхоо төлөө Боловсролын яаманд А.А гэдэг хүний нэр дээр гомдол гаргасан боловч тэр гомдол сургууль дээр ирээд хэлэлцэгдээгүй. Уг гомдлын тухай гэрч П.Д хэлсэн.

Миний удирдсан магистрант Г.Л-н ***-ийн захирал хийгээд Ёс зүйн хороонд гаргасан өргөдөлд шар будаа идвэл чалх сайжирдаг ш дээ, Мао Цзе Дун хэзээ ч эрхтнээ угаадаггүй байсан, яагаад гэвэл тэр дандаа онгон охидтой унтдаг байсан гэх мэт бэлгийн агуулгатай зүйл удаа дараа ярьсан. Үүнийг түүхийн багшийн ангийн 2016 оны өөр нэг төгсөгч гэрчилнэ.

Эмэгтэй оюутныг шалгалт өгөхөөр өрөөнд нь ороход эртний баримал болох нүцгэн эрэгтэй хүний зураг үзүүлж, үүний утга учрыг тайлбарла, хараад юу бодогдож байна гэх мэт хоёрдмол утгатай асуулт асуусан. Харин эрэгтэй суралцагчид тэр мэт нүцгэн зураг үзүүлж, асуулт асууж байгаагүй. Найз залуутай болбол А.А багшид хэлж болохгүй шүү, уурлаж загнаад, хамгаалахад шударга бус хандана гэсэн яриа охидын дунд дэлгэрсэн.

Дэлхийн түүхийн хичээл дээр хичээлийн хөтөлбөр агуулгад байхгүй Галидасын Үүлэн зардас найраглалын доторх бэлгийн харьцааны тухай агуулга бүхий хэсгийг хэвлэж авчраад, оюутан охидыг нэр дуудаж, чанга дуугаар уншуулдаг нь багшийн байр суурийн давуу байдлыг ашиглан суралцагчид аливаа бэлгийн дарамт, шахалт үзүүлэх, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий орчин үүсгэж байсныг оюутнууд хүлээн зөвшөөрдөг.

2.4. Би 4 доктор, 5 магистрын оюутантай байсан. Магиструуд маань нэг, нэгээрээ хамгаалаад гарсан. Гэтэл Ж.У багш Соёлбаатар гэдэг оюутанд Б.Б багш дээр хамгаалаад нэмэргүй гэсэн ойлголтыг өгсөн байсан. Мөнгөнцэцэг гэдэг оюутан Би явлаа, таны оюутан байх юм бол хамгаалж чадахгүй юм байна гээд явсан. Халиунаа гэдэг оюутан докторын сургалтад элсээд 10 жил хүлээхгүй бол та нарын хэрүүл аймар байна, болилоо гэсэн.

2.5. Намайг тэнхимийн нэр хүнд унагаасан гэж байна. Манай тэнхимийн нэр хүнд эрт унасан. А.А , Д.А , Н.А нар С.Ч гэдэг хүний эсрэг Монгол орон даяар том акц явуулаад үүнээс болоод Монголын түүхч нар дундаа хагарсан. Үүнээс болоод тэнхимийн нэр хүнд хэзээний унасан байсан.

2.6. Мөн энэ хүн одоо хүртэл ажлаа хийж байгаа ба түүнд ямар нэг гэм хор учирсан тухай мэдэхгүй. Надад 2 жил ажиллах боломж байсан. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж би ажлаасаа өөрөө өргөдлөө өгөөд гарсан.

Иймд А.А ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, гэм хорын хохиролд 20.000.000 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1. А.А нь хичээлийн хөтөлбөрт багтсан эртний Грекийн баримал, мөн найраглал нь сургалтыг оюутнууд ямар чиглэл гэж хүлээж авах нь ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл тэд өөрсдөө дүгнэж ойлгох эрх нь тэдэнд байгаа гэж үзлээ. А.А ийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэхгүй байна. Энэ нь энэ өдрийн гэрчийн мэдүүлгүүдээр батлагдсан.

Академик дарамт үзүүлсэн гэдэг нь нотлогдоогүй. Б.Б нь аливаа асуудлыг төсөөлөлд үндэслэж болсон мэт ***-ийн сүлжээнд тавьсан буруутай гэж үзлээ. Бусад сүлжээнд тавьсан нь нотлогдсонгүй. Нэхэмжлэлийг хэсэгчилж хангах нь зүйтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Б.Б д даалгаж, нэхэмжлэлээс алдар хүндийг сэргээлгэх, эдийн бус хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан, хуулийн зохицуулалтыг хууль зүйн факттай субсумци хийхдээ алдаа гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрч нь тухайн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан. Нэхэмжлэгчийг оюутнуудад "бэлгийн дарамт үзүүлсэн" гэх үйл баримтыг нотлох зорилготой 5-7 гэрчийн мэдүүлгүүдэд дүн шинжилгээ хийвэл аль ч гэрч нь тухайн үйл баримтыг баттай мэддэг этгээд биш, хэн нэгний ам дамжсан яриаг шүүх хуралд баттай мэдэж байгаа мэтээр, өөрийн нүдээр үзсэн мэт ярьсныг шүүх үндэслэсэн нь анхан шатны шүүх процессын ноцтой алдаа гаргасан.

Мөн тухайн гэрчийн мэдүүлгүүдийг харвал "бэлгийн дарамт үзүүлсэн гэх үйл баримтыг мөн хэн нь ч нотолж чадаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

Миний бие ***-ийн түүхэн тэнхимд дэлхийн түүх, европын түүхийн хичээлүүдийг заадаг ба хичээлийн агуулгын ном, сурах бичгийн хүрээнд, дэлхийд сонгодог гэж хүлээн зөвшөөрөгдсөн уран баримал, уран зохиолыг заадаг. Эдгээрийг хичээлийн агуулга, сэдвийн хүрээнд ярьснаас өөрөөр бэлгийн дарамт үзүүлэх зорилгоор түүхийн эх сурвалжит бус зураг, жишээ ашиглаж, оюутан сурагчдад үзүүлж, бэлгийн харилцааны шинжтэй зүйлийн талаар ярьж байгаагүй.

5.2. Мөн анхан шатны шүүх бэлгийн дарамт учруулсан гэж үндэслэхдээ Жендерийн тэгш эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан бэлгийн дарамтын тодорхойлолтод хамааруулсан байдаг. Уг зохицуулалтыг хэрэглэхдээ тухайн бэлгийн дарамт үзүүлсэн гэх этгээдийн субьектив санаа буюу бэлгийн дарамт бүхий үйлдлүүдээ бэлгийн таашаал авах буюу гагцхүү өөрийн субьектив хүслээ гүйцээх сэдэлтэй байдгийг авч үзэх шаардлагатай.

Миний хувьд зөвхөн хичээлийн агуулгад багтдаг хөтөлбөрийн дагуу хичээлээ заасан, надаас өөp ямар ч түүхийн багш байсан тухайн сонгодог уран баримал, сонгодог уран зохиолын талаар ярихаас өөр аргагүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.3. Мөн анхан шатны шүүх хариуцагч Б.Б ы удирдлага доор Түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалсан оюутнуудын мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн. Тэдгээр гэрчүүд нь бүгд Б.Б багштай холбоотой этгээдүүд тул тэдгээрийн өгсөн мэдүүлгүүдийг шууд үнэн зөв мэтээр дүгнэн үзэх нь хууль бус юм.

Иймд анхан шатны шүүх шийдвэрийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэг хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

6.1. А.А ийг бэлгийн дарамт учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Галидасын Үүлэн зардас, Грек, Ромын сонгодог уран баримлууд зэрэг нь хичээлийн хөтөлбөрт боловсруулагдаж, батлагддаг. Эдгээр бүтээл, зохиолуудаас байгалийн үйл баримттай холбоотой хэсгийг заах болохоос эротик агуулга бүхий хэсгийг хичээлдээ заадаггүй. Нэр бүхий 5 гэрч өөрсдийн биеэр ирж, үнэн, зөв бодитой мэдүүлэг өгсөн.

Шүүх хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй дүгнэсэн гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн.

Шүүх ...удирдлага багшаа дарамтлах, багш багшаа дарамтлах, ялгаварлан гадуурхах үйлдлийг баримтаар нотолж чадаагүй, хоорондын хувийн шинжтэй харилцаанаас шууд үүдэлтэй гэж учир битүүлэг дүгнэлт хийхдээ Б.Б , Г.Л нарын өргөдөл, БСШУЯ-ны ажлын хэсгийн тушаал хавсралт, Өнөөдөр сонинд оюутан Б.Б ын 6-р ангийн түүхийн номонд шүүмж, Э.Т ын өргөдөл, гэрч Төгсжаргал, Дашдулам, О.О ын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг цуцлуулан тайлбарыг гаргасан ч үнэлээгүйн дээр, хувийн харилцааны шинжтэй гэж учир дутагдалтай дүгнэлт хийж байгаа нь нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэсэгт нотлох баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдоно гэж заасан. Гэрч Т-ын нэхэмжлэгч А.А ийн бэлгийн сэдэлтэй дарамт болон ялгаварлан гадуурхалд өртсөн талаар мэдүүлэг, гэрч Б.Б ын нэхэмжлэгч А.А ийн дарамт болон БСШУЯ-ны ажлын хэсэгт багтаж шүүмж бичсэнээс үүдэн ялгаварлан гадуурхалд өртсөн талаар мэдүүлэг зэргийг үнэлээгүйг зөвшөөрөхгүй.

Мөн ... хариуцагчийн цахим орчинд бичсэн "багш оюутныг дарамталсан" мэдээлэлд гэрч Г.Л , Ч.Батбаатар нарын захиргаанд гаргасан 2021 оны 06 сарын 08-ны өдрийн гомдол, 2021 оны хаврын магистрын шалгалтын хамгаалалтын явцад нэхэмжлэгч А.А , магистрантур Г.Л , Ч.Батбаатар нарын хоорондох маргаан тэдгээрийн хоорондын хувийн шинжтэй харилцаанаас шууд үүдэлтэй асуудлыг бичсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын Үндсэн хууль, Дээд боловсролын тухай хууль, Багш боловсролын тухай хууль болон 2010 оны 02 сарын 25-ны өдрийн 119 дугаартай захирлын тушаалаар батлагдсан ***-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн нь О.О , Б.Б нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Харилцааны ёс суртахууны хэм хэмжээний а) Суралцагчтай харилцах хүрээнд хориглосон, суралцагчийг хүйсээр болон бусад байдлаар ялгаварласан, ичээн зовоож, гутаан доромжилсон үг хэлэх, үйлдэх хийх, суралцагчид бэлгийн дарамт үзүүлэх, багшийн байр суурийн давуу байдлыг ашиглан суралцагчид аливаа дарамт, шахалт үзүүлэх зэрэг хэм хэмжээг зөрчсөнийг багш О.О , Д.Д нар хийгээд оюутан Г.Л , Б.Б , Г.Т , Э.Т нарын мэдүүлгээр нотлогдож байгаа болно.

7.2. Хамт олонтой харилцах хүрээнд хориглосон хэм хэмжээний хүрээнд бусадтай ялгаварлалгүй, хүндэтгэлтэй харьцах, байр суурийн давуу байдлаа ашиглах гэсэн заалтуудыг зөрчсөн нь багш багшаа, удирдлага багшаа дарамтлахын илрэл мөн бөгөөд гэрч Д.Д , О.О ын мэдүүлэгт үүнийг тодорхой дурдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

8.1. Магистрын диплом хамгаалалтын ажил 7 цаг үргэлжсэнээрээ оюутнаа дарамталсан гэх нөхцөл байдлыг нотлохгүй. Дипломын урьдчилсан хамгаалалтын тэмдэглэл болон жинхэнэ хамгаалалтын тэмдэглэлд Б.Б гэх оюутанг А.А багш дарамталсан талаар тайлбар байдаггүй.

Багш багшаа дарамталсан тухай ярьдаг боловч энэ талаар ямар ч нотлох баримтгүй. Гэрч Г.Т ын мэдүүлгийг мушгин гуйвуулж байна. Энэ гэрчийн мэдүүлэг хэргийн 191 дүгээр талд авагдсан. Хариуцагч дам ярианд үндэслэж гомдол, тайлбар гомдол гаргаж буй нь үндэслэлгүй.

8.2. Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан ба А.А багшийн ёс зүйн алдааны талаар үзэл бодлоо илэрхийлж болно.

Харин ёс зүйн алдаа гаргасан гэдгийг *********************ийн ёс зүйн хороо болон шүүх тогтооно. Энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад өөрийн хувийн бодлоо илэрхийлж, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Б д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, хохирол 20,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Б.Б нь ******* нэртэй хаягаас 2021 оны 10 сарын 08-ны өдөр ***-Асуудал, шийдвэр нэртэй нүүр номын хаалттай бүлэгт нэхэмжлэгч А.А ийн талаар ...Удирдлага багшаа дарамтлах, багш оюутнаа дарамтлах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зэрэг олон төрлийн дарамт байдгийг олж мэдсэнээс гадна энэ бүхэн манай түүхийн танхимд шууд илэрлээ олж байгааг тэнхимийн эрхлэгч А.А багш төгс харуулж байгааг онцлон тэмдэглэж байна. ...А.А тэнхимийн эрхлэгч болохоос өмнө ч оюутныг бэлгийн дарамтад оруулж байсныг нэргүй захидлууд тухайн үеийн ШУС, ХУС-ын захирлуудад очиж байсан. ...А.А ийн охидтой холбогдсон асуудал тун ортой зүйл байх гэж гадарладагаа нуух юун. ...Энэ цэвэр бэлгийн дарамт мөнөөс мөн. ... Миний хувьд энэ хүнээс нас хүйсийн дарамтыг үзэж байна... гэж бичиж нийтэлсэн, улмаар уг нийтлэлээ устгасан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Дээрх нийтлэл устгагдсан тул шүүхийн зүгээс үзлэг хийн бэхжүүлэх боломжгүй боловч зохигчид уг нийтлэл, түүний агуулгын тухайд маргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

4. ******* нэртэй хаягаас 2021 оны 10 сарын 08-ны өдөр нийтлэсэн нийтлэл нь ...тэнхимийн эрхлэгч А.А нь багш, оюутнуудаа дарамталдаг, эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт учруулдаг... гэсэн ойлголтыг уншигчдад төрүүлэхүйц агуулгатай байна.

Иймд нэхэмжлэгч А.А нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр шаардах эрхтэй бол хариуцагч Б.Б нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бичсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нотлох, хэрэв нотолж чадахгүй бол мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй.

 

5. Хариуцагч Б.Б ы бичсэн нийтлэл үнэн зөв болох нь хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Тодруулбал:

5.а. Нэхэмжлэгч А.А нь ***-ХУС-д түүхийн хичээл заадаг болох нь тогтоогдсон, Эртний дэлхий дахины түүх, Дэлхийн түүх:Өрнөдийн иргэншлийн түүх хичээлийн хөтөлбөрийн хүрээнд Афин хөвгүүн, Зевс, Риачегийн дайчид, Жадтай хүн, Афродита бурхан, Гермес, нялх Дионис бурхан г.м. уран баримлын тухай, мөн Дундад зууны түүх хичээлийн хөтөлбөрийн хүрээнд Үүлэн зардас шүлгийн тухай тус тус хичээл орсныг ...эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт учруулдаг... гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, багшийн заах хичээлийн агуулгад багтсан оюутнуудад зааж байгаа хичээлийг ...бэлгийн дарамт үзүүлсэн... гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн ...бэлгийн дарамтад өртсөн... гэх асуудал шалгагдаж тогтоогдсон талаархи баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж, хариуцагч Б.Б ы нийтэлсэн нэхэмжлэгч А.А оюутан охидод бэлгийн дарамт учруулдаг гэх агуулга бүхий мэдээллийг илт худал мэдүүлэг гэж үзэж, нэхэмжлэгч А.А ийн нэр төрийг сэргээх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулна.

 

5.б. А.А ийн ажиллах хугацаанд буюу тэнхимийн эрхлэгч хийх хугацаанд төгсөж чадаагүй оюутан байхгүй, эрх нь зөрчигдсөн багш, оюутнуудын зүгээс ***-ийн Ёс зүйн хороонд хандаж байгаагүй, мөн багш, оюутнууд аливаа дарамтад байсныг шалгаж тогтоосон баримтгүй тул ...багш, оюутнуудаа дарамталдаг... гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь нэр бүхий багш, оюутнуудыг дарамтад байлгасан, ялгаварлан гадуурхсан гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.в. Хариуцагч Б.Б нь ******* нэртэй хаягаас 2021 оны 10 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч А.А ийн талаар ...олон төрлийн дарамт байдгийг олж мэдсэнээс гадна ... гэж, ...охидтой холбогдсон асуудал тун ортой зүйл байх гэж гадарладагаа нуух юун... гэж, ...Миний хувьд энэ хүнээс нас хүйсийн дарамтыг үзэж байна... гэж бичиж нийтэлсэн зэргээс үзвэл хариуцагч нь өөрийн олж мэдсэн гэх, таамагийн шинжтэй, өөр хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, хувийн шинжтэй нийтлэлийг бичсэн гэж үзэхээр байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

5.г. Хариуцагчийн Б.Б , Г.Л нарын өргөдөл, гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь анхан шатны шүүх зохигчдын хүсэлтээр гэрч О.О , Д.Д , Б.Б , Г.Л , Г.Т , Ж.У , Э.Т , П.Д , Б.А , Э.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч тэдгээрийн өгсөн гэрчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, А.А болон Б.Б нартай харилцах хувийн харилцаанд үндэслэсэн байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

6. Хариуцагч нь өөрийн бичсэн нийтлэлийн үнэн зөвийг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан ...нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах... шаардлагыг хангах нь зүйтэй.

Хохирол 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг шаардлагаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хичээлийн хөтөлбөрт багтсан эртний Грекийн баримал, найраглалыг оюутнууд ямар чиглэл гэж хүлээж авах нь ач холбогдолгүй,...А.А ийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02872 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, ************** цахим бүлэгт ...Удирдлага багшаа дарамтлах, багш оюутнаа дарамтлах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зэрэг олон төрлийн дарамт байдгийг олж мэдсэнээс гадна энэ бүхэн манай түүхийн танхимд шууд илэрлээ олж байгааг тэнхимийн эрхлэгч А.А багш төгс харуулж байгааг онцлон тэмдэглэж байна. ...А.А тэнхимийн эрхлэгч болохоос өмнө ч оюутныг бэлгийн дарамтад оруулж байсныг нэргүй захидлууд тухайн үеийн ШУС, ХУС-ын захирлуудад очиж байсан. ...А.А ийн охидтой холбогдсон асуудал тун ортой зүйл байх гэж гадарладагаа нуух юун. ...Энэ цэвэр бэлгийн дарамт мөнөөс мөн. ... Миний хувьд энэ хүнээс нас хүйсийн дарамтыг үзэж байна... гэж бичиж нийтэлсэнд залруулга хийсэн мэдээллийг гаргаж, няцаалт хийхийг хариуцагч Б.Б д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А.А ийн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Б.Б ы 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ