Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 05

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган, улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ц Б холбогдох эрүүгийн 1820 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам ээж, эхнэр, 6-13 насны хүүхдүүдийн хамт, 11-391 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УГ7 регистрийн дугаартай, Боржигин овогт Ц-Б.

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* маргалдаж улмаар зүүн гарын бугалга орчимд хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *******, ******* нартай хамт явж байгаад ******* бид хоёр архи уусан. Улмаар оройхон мал нядалгааны газраас сумын төв рүү орсон. Тухайн газар *******тай тааралдаж миний машинд архи ууж байгаад тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь ******* намайг хутгалчихлаа гээд хэлэхээр нь би ухаан ороод харсан чинь *******ын гарнаас нь цус гарчихсан байсан. ...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...учруулсан хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ ганцаараа нэг шил архи уусан юм. Улмаар 16 цагийн орчимд гэрээсээ гараад явж байгаад ******* гэх хүний дэлгүүрийн гадаа Б, ******* нартай тааралдсан. Тэгээд би машинд нь суугаад мал нядалгааны цэгийн зүүн хойно очоод би өөрийн авсан “Тайга” нэртэй архи гаргаж Бын хамт уусан. ...Б надаас манай талийгаач ээжийг минь асуухаар нь Бод хандаж манай ээж бурхан болсон мэдээгүй юм уу гэж хэлсэн үүнээс болж маргаан эхэлсэн. ...улмаар Б уурлаад хутгаар намайг хатгасан. ...миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед машины кабин дотор Б, ******* нар маргалдаад байх шиг байсан. Улмаар би жолоочийн эсрэг тал руу ороод суухад Б ах суудлынхаа араас хутга аваад *******ыг хатгачих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 853 тоот дүгнэлтэд: "1. Б.*******ын биед зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир изүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 19/

-Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* маргалдаж улмаар зүүн гарын бугалга орчимд хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.******* /хх-ийн 13-14/, гэрч Д.******* /хх-ийн 17/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 853 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Б.*******ын биед учирсан “зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх зэрэг хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Б хохирогч Б.*******ын зүүн бугалга руу ир үзүүр бүхий хутгаар 1 /нэг/ удаа хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Ц.Бод холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Бын  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хүрэн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Б-ын УГ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР