Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00777

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00777

 

 

  С.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/00385 дугаар шийдвэртэй С.З-ын нэхэмжлэлтэй ММСС УТҮГ-т холбогдох, тус сангийн хөтөлбөр хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн Я.М, хариуцагчийн өмгөөлөгч И.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие ММСС УТҮГ-ын хөтөлбөр хариуцсан дэд захирлын албан тушаалд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Намайг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаас түр түдгэлзүүлэх болсон тухай албан бусаар мэдэгдэж, ажлын компьютер, гар утас болон ажлын байранд нэвтрэх карт зэргийг хураан авч, ажлын байранд оруулалгүй, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг үндэслэлгүйгээр зөрчин, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил үүргийг түр түдгэлзүүлэх мэдэгдлийг цахимаар илгээж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/005 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг дараах үндэслэлүүдээр няцааж байна. Үүнд:

1.а.Миний ажиллаж байсан ажлын байр нь ажил олгогчоос заасан ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн гарын авлага болон ММСС УТҮГ-ын дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохицуулсан байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан заалтыг ажил олгогч буруу ойлгож хэрэглэн, байнгын ажлын байрны хөдөлмөрийн гэрээг хугацаа дууссан гэж хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан байдаг.

1.б. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 2.9 /с/ /vii/ дэх заалтын тухайд, Уг заалт нь АНУ-ын МСК-аас урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай асуудал, гэрээнүүдийн тухай бөгөөд энэ 2.9 /с/ гэх заалтад дурдсан Үндсэн гэрээ гэх бичиг баримтуудыг тодорхойлсон. Миний байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь энэ хэлэлцээрээр тодорхойлсон үндсэн гэрээний нэг бөгөөд миний хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг АНУ-ын МСК-аас зөвшөөрөл авахаас гадна Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Иймд үндсэн гэрээ буюу удирдлагын багийн гишүүний хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөрчлөх, дуусгавар болгох тухай асуудлыг 2022 оны 05 дугаар сард Удирдах зөвлөлөөр хэлэлцээгүй, тогтоол шийдвэр гаргаагүй тул гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч нь ММСС-гийн Удирдах зөвлөлийн эрх мэдэлд дур мэдэн халдаж, ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тухай тушаал гаргасан нь хууль бус, хүчингүй гэж үзэж байна.

1.в.Монголын мянганы сорилын сан УТҮГ-ын дүрмийн 4.3/d/ заалтын тухайд, Энэ нь АНУ-ын МСКиас зөвшөөрөл авах тухай юм. Энэ зөвшөөрлийг авахын өмнө хууль дүрэм, журамд нийцсэн, тодорхой үндэслэл бүхий тушаал шийдвэр батлуулах гэж буй үед нөгөө талдаа мэдээлдэг процедурын шинж чанартай үйл явц болохоос хөдөлмөрийн гэрээг цуцлах, Удирдлагын багийн гишүүнийг томилох, чөлөөлөхийн өмнө тушаалын үндэслэл болгодог заалт биш юм. Энэ дүрмийн 4.3 /d/ хэсгийн өмнөх 4.3/с/ хэсэгт Албан хаагчид болон бусад ажилтны хөдөлмөр эрхлэх нөхцөл, шаардлагыг ММСС болон тухайн ажилтны хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. Энэхүү хөдөлмөрийн гэрээгээр АНУ-ын МСК нь шууд болон шууд бус аль ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Үүнтэй санал нийлэхгүй байна.

1.г. Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан тухайд, Энэхүү 1 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажил горилогч хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байдлаар анхнаасаа хөдөлмөрийн гэрээг хийсэн нь ажил олгогч өөрийн илт давуу байдлаа ажилтанд тулгасан үйлдэл юм.

1.д.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх тайлбарын тухайд намайг ажлын байранд оруулахгүй байсан бөгөөд тодорхойгүй нөхцөл байдалд байж байгаад ажлаас халах тушаалыг гаргасан талаар баримтыг хэрэгт өгөөгүй, тушаалын үндэслэл болсон заалтуудтай холбоотой маргаж байгаа учраас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тушаалын заалтуудтай холбоотой баримтуудаа гаргаж өгсөн. Компанийн тухай хуулиар компаний дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн бөгөөд компаний дүрэмд хувьцаа эзэмшигчийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн компаний хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрхийн талаар зохицуулсан. ММСС УТҮГ-ын дүрмийн 5 дугаар зүйлд удирдах зөвлөлийн үүргийн талаар зохицуулсан, удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудалд удирдлагын багийн бүрэлдэхүүн хэмжээг өөрчлөх талаар зохицуулсан байдаг. Тиймээс хэнийг халж, томилохыг зөвхөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэхээр байна. Би 2015 оноос хойш АНУ-ын Засгийн газартай хамтарч ажилласан ба ажил жигдрэх үед хууль, дүрэм журам зөрчсөн тушаал шийдвэр гаргаж, намайг үндэслэлгүй халсанд гомдолтой байна.

Иймд ММСС УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, намайг хөтөлбөр хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн томилуулж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.а.Монгол улсын Засгийн газар ММСС-г үүсгэн байгуулах шийдвэрийг гаргаж, удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон ба үүний дагуу удирдах зөвлөлийн гишүүд нь ММСС УТҮГ-ын дүрмийг баталж, 2018 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Анх С.З-той 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байх үед хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т байнгын ажлын байр дахь хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж байгаа бол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл шаардлага үүссэн байх, ажилтан болон ажил олгогч нь хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахаар харилцан тохиролцсон байх, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл, хэрэгцээ шаардлагаа хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан байх шаардлагуудыг хангасан байхыг тайлбарласан байдаг.

Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэлт зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж харилцан тохиролцсоныг илэрхийлж байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг заавал гэрээнд тусгах ёстой боловч хөдөлмөрийн гэрээний хугацааг хэдээр тооцохыг тусгайлан заагаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээ нь талуудын хоорондын хүсэл зориг, харилцан тохиролцооны үндсэн дээр хийгдсэн, Улсын дээд шүүхээс тавьсан 3 шаардлагыг хөдөлмөрийн гэрээ нь хангаж байгаа.

2.б.Хөдөлмөрийн дотоод журам нь 2020 онд батлагдсан ба нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Тиймээс хөдөлмөрийн дотоод журмын 4.5 дахь заалтыг баримтлан нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь ажил олгогч давуу байдлаа ашигласан гэх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хэрэгт гаргаж өгсөн. Ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд ММСС-аас зөвшөөрөл аваагүй, ажлаас чөлөөлөх тушаалд буруу заалтыг үндэслэсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулах, гэрээг дуусгавар болгохдоо МСК-иас зайлшгүй зөвшөөрөл авах тухай МСС-ын сангийн дүрмийн 4.3.б хэсэгт, төсөл хэрэгжүүлэх гэрээнд, хөдөлмөрийн дотоод журамд тус тус заасан. Энэ үүргийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр АНУ-ын МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Т Ж Юү гэх хүнээс зөвшөөрлийг зохих ёсоор авсан. Үүнийг и-мэйлээр илгээсэн ба уг и-мэйлд үзлэг хийлгэж нотолсон байдаг. Ажлаас халах тушаалын 2.9.с.7, 4.3.d гэх заалтууд нь МСК-иас зөвшөөрлөө авч байж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зохицуулалт байдаг. Уг үүргийг хэрэгжүүлэх ёстой учраас ажлаас халах тушаал дээр ишлэл авсан, хамаагүй зохицуулалт биш юм. 2019 онд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн ч харилцаа дуусгавар болж байгаа үе 2022 он учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх агуулгыг тушаалын үндэслэл болгосон. Нэхэмжлэгч ажлаас халах тухай тушаалыг мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлд дурдаагүй нөхцөл байдлыг шинээр тайлбарласан гэж ойлгож байна. Ажилтанд ажлаас халах тушаалыг гардаж авахыг мэдэгдсэн, гардаж авахгүй учраас шуудангаар явуулсан талаарх баримт байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа энэ талаар маргаагүй, тайлбар гаргахдаа ярьж байгаа учраас энэ талаар баримт гаргаж өгч чадаагүй.

2.в.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад гэрээг сунгахгүй байх учир шалтгааныг заавал дурдах ёстой гэж тайлбарлаж байна. Гэвч ийм үүргийг ажил олгогч хүлээсэн талаарх заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тухай манай тал ажилтанд утсаар болон шуудангаар мэдээлсэн байдаг. Нэхэмжлэгчийг ажил дээрээ байхгүй байх үед нь ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч ажилтныг ажил үүргээс нь түдгэлзүүлсэн тодорхой шалтгаан байгаа, уг түдгэлзүүлсэн хугацаан дахь ажилтны цалин хөлстэй тэнцэх олговрыг бүтэн олгосон. Цалин хөлсийн тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой байлгах ёстой, хэдэн төгрөгийн цалинг нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлд тодорхой тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа энэ талаар дурдахгүй учраас манай талаас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.г.Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд түр орлон гүйцэтгэгч н.У гарын үсэг зурсан, тушаал 05 дугаар сарын 03-ны өдөр гарсан ба 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гарсан. Уг шийдвэрээр ММСС-ын гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй болохыг зөвшөөрсүгэй гэж шийдсэн байдаг. Мөн 2 дугаар заалтад нь ММСС-ын санхүүгийн захирал Г.У-ийг гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс гүйцэтгэх захирлыг шинээр томилогдох хүртэлх хугацаанд томилсон. Тиймээс Г.У нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.З-ыг хариуцагч ММСС УТҮГ-ын хөтөлбөр хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож,

хариуцагч ММСС УТҮГ-аас нэхэмжлэгч С.З-ын өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 128,170,981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.З-ын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийхийг хариуцагч ММСС УТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч С.З-д буцаан олгож, хариуцагч ММСС УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 798,805 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 болон 3 дахь заалтуудыг зөвшөөрөхгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а.Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж маргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлөх тушаалыг гардуулаагүй гэх үндэслэлээр маргаагүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалыг танилцуулаагүй, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөөгүй гэх шинэ үндэслэлээр маргаж эхэлсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь энэ шинэ үндэслэлийг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд тавьж маргаагүй тул хариуцагчаас шинэ үндэслэлийг няцаах, үгүйсгэх, татгалзах нотлох баримтыг шүүхэд гаргах боломжгүй, шүүх хуралдааны үеэр хэрэгт үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байсан болно.

Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу С.З-ын оршин суугаа газрын хаягаар шуудангаар хүргүүлсэн, цахим шуудангаар давхар хүргүүлсэн, цахим шууданг С.З- хүлээж авсан шийдвэртэй танилцсан, шийдвэрийн эх хувийг гэр бүлийн хүнээрээ дамжуулан гардаж авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалыг танилцуулаагүй, гардуулаагүй" гэх үндэслэлээр маргаагүй байж шүүх хуралдааны үеэр ажил олгогч нь тушаалыг гардуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүйг далимдуулж худал тайлбар хийсэн ба шүүх уг тайлбарт тулгуурлан шийдвэр гаргасан.

4.б.Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн бөгөөд шаардлагатай нотлох баримтыг гаргуулах арга хэмжээ аваагүй талаар, ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалыг ажилтны оршин байгаа газрын хаягаар шуудангаар илгээсэн баримт хэрэгт авагдаагүй ч тушаалыг шуудангаар хүргүүлсэн талаар нэхэмжлэгчээс шүүх хуралдааны тэмдэглэлд тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нар шүүхэд өгсөн тайлбартаа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалыг шуудангаар хүргүүлсэн фактыг аль аль нь шүүхэд мэдэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар нотолгооны хэрэгсэл болох ба шүүх эдгээрийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой боловч үнэлээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн худал тайлбарт хөтлөгдөн шударга бус шийдвэр гаргасан.

4.в.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар, Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо эсхүл шүүхэд хандах эсэхээ өөрөө сонгох эрхтэй гэж хуулийг тайлбарлаж хэрэглэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу эхлээд ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл шалтгааныг шүүхэд тайлбарлаж нотлох үүрэгтэй, шүүх ямар учир шалтгааны улмаас хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо маргааныг шийдвэрлэх боломжгүй байгааг тогтоосны дараа маргааныг шийдвэрлэхээс шууд иргэний хэрэг үүсгэж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дээрх үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 1.5, 168.1.1, 168.1.6, 168.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг зөвшөөрөхгүй байгаа давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

5.а. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үеэр Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг хуульд заасан журмын дагуу танилцуулаагүй, ажил хүлээлцээгүй ба уг тушаалыг бичгээр гарган тайлбарлаж гардуулах үүргээ хэрэгжүүлээгүй тухай хариуцагчийн алдааг хэлж мэтгэлцсэн бөгөөд аливаа шинэ үндэслэл, худал тайлбар гаргасан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт 2022 оны Б/005 тоот тушаалыг нэхэмжлэгч эх хувиар гардаж аваагүй тул хуулбарыг хавсаргасан. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжид дурдсанаар хариуцагчаас тушаалын эх хувийг гаргуулан хэрэгт хавсаргасан. Харин хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд маргаагүй асуудлаа гомдолд дурдсан байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны үеэр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу танилцуулж, гардуулж өгөөгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй бөгөөд тушаалын эх хувийг гаргаж өгөхөөр зөвшөөрсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч байгууллагын хүний нөөцийн менежерийн ажиллагаа зэрэг гомдолд дурдсан асуудлууд давж заалдаж шатанд хэргийг хянахад хамааралгүй, гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. Иймд хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, маргаагүй асуудлаа давж заалдах шатанд гаргасан нь үндэслэлгүй байна.

5.б.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгоход баримтлах хуулийн шат дараатай арга хэмжээ аваагүйг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй. Тушаалыг шуудангаар хүргүүлсэн бол баталгаат шуудангийн хүргэлтээр хүлээлгэн өгсөн гарын үсэг зуруулсан тухай нотлох баримтыг хариуцагч анхан шатны шүүхэд гаргаагүй. Ажил олгогч нь уг үүргээ биелүүлээгүй ажилтны эрх ашгийг хохироосон хариуцагч тушаалыг тайлбарлаж танилцуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, тушаал аваарай гэж утсаар мэдэгдсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн нь хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, гардуулж өгсөн баримт шүүхэд гаргаагүйг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол бодит байдалд нийцэхгүй. Шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг бодитой үнэлж дүгнэсэн.

5.в.Нэхэмжлэгч эхлээд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой байсан гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн өөр зүйл заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны зүйл, заалттай хүчээр холбон хууль зүйн алдаатай, үндэслэлгүй гомдол гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхийнхээ хүрээнд шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж байгааг шүүх тогтоох үүрэг хүлээхгүй. Иймд мэтгэлцэх зарчмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг шинжлэн судалж, үнэн зөв, бодитой дүгнэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан шийдвэрийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг зааж гаргасан үндэслэлгүй гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч С.З нь хариуцагч ММСС УТҮГ-т холбогдуулан тус сангийн хөтөлбөр хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч ММСС УТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/006 тоот тушаалаар тус сангийн хөтөлбөр хариуцсан дэд захирлаар С.З-ыг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 2.9/c//vii/, ММСС УТҮГ-ын дүрмийн 4.3/d/ заалт болон С.З-той 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэл болгожээ.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 он/ 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: гэж заасан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаарх журмыг хангасан байх шаардлагатай.

Хуульд заасан дээрх журмыг хэрэглэх боломжтой эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/00385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ММСС УТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799,156 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН