Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00738

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00738

 

 

 Д.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/00102 дугаар шийдвэртэй Д.Ө-ын нэхэмжлэлтэй Б.У-т холбогдох орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй,

 орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүнд тооцуулах, орон сууцны үнэлгээ 80,000,000 төгрөгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 16,000,000 төгрөгөөр тооцон, Б.М, У.М, У.М нарт ногдох хэсгийг 48,000,000 төгрөг, У.М-т ногдох хэсгийг 16,000,000 төгрөг болохыг тогтоолгох, орон сууцыг Б.М, У.М, У.М, У.М нарын өмчлөлд үлдээлгэх, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг Б.У-т даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Б.У, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд У.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Б.У-т холбогдуулан Чингэлтэй дүүрэг, *** дүгээр хороо, Бага тойруу гудамж, *** дүгээр байр, ** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22020**** дугаартай, *** м.кв талбайтай, *** өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Ө-ыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр Д.Ө-ыг бүртгэхийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1.Нэхэмжлэгч Д.Ө нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт орон сууцны хүсэлт гаргасны дагуу 1993 онд Сонгинохайрхан дүүргийн *** хороо, Толгойтын *** дугаар гудамжны *** тоотод байрлах *** өрөө амины орон сууцыг өгсөн. Энэ орон сууц нь Нийслэлийн Засаг даргын 1993 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/144 дугаартай захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газарт хуваарилсан залгаа хашаанд байрлах 3 орон сууцыг өгсөн. Намайг амины орон сууц авах үед үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн гэрчилгээ байгаагүй, орон сууц эзэмших эрхийн бичиг өгч байсан.

1.2.Нийслэлийн эрүүл мэндийн газраас надад өгсөн амины хашаа байшингаа том хүү Б.У-т гэрлэхээс нь өмнө хуваарьт хөрөнгө болгон өгсөн учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 120 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 846 дугаар захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, улмаар нэгж талбарын Г-220101**** дугаартай, *** м.кв талбай бүхий газрын гэрчилгээ, **.** м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220102**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан.

Хариуцагч Б.У гэр хороололд эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байсан болохоор ач нарынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломж, нөхцлийг сайжруулах зорилгоор хүү Б.У-тай зөвлөлдөж, 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Голомт банктай ЗГ1130500**** дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдсэн 36,000,000 төгрөгийг, жилийн 13.5 хувийн хүүтэй, 16 жилийн хугацаатай зээлж, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Бага тойруу гудамж, **-** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220200**** дугаартай, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Хариуцагч Б.У-ын өмчлөлд байсан 428 м.кв талбайтай газар, 111.25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б /ПЮ7005*****/-д 18,000,000 төгрөгөөр худалдаж, 2,000,000 төгрөгөөр амины орон сууцандаа засвар хийж үлдээгээд, үлдсэн 16,000,000 төгрөгийг банкны орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд төлсөн байдаг. Нэхэмжлэгч Д.Ө нь банкнаас зээл авсан өдрөөс нь өнөөдрийг хүртэл өөрөө төлж байгаа, хамтран зээлдэгч Б.У нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагч тогтвортой орлогогүй байсан учир зээлийн төлбөрийг нэхэмжлэгч голлон төлөх, хариуцагч боломжтой үедээ төлбөрийг эргүүлэн төлөх, төлөх боломжгүй нөхцөлд орон сууцыг хамтран өмчлөх талаар аман тохиролцоотой байсан. Нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд зээл, зээлийн хүүд 72 сая орчим төгрөг төлж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны байдлаар үлдэгдэл 19,282,985 төгрөг байна.

1.3.Хүү Б.У, эхнэр Б.М-тай харилцаа муудаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 00873 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсанд их харамсаж явдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас 1993 онд нэхэмжлэгчид өгсөн амины сууцыг зарж борлуулсан төлбөр нь Голомт банкны зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх эх үүсвэр болсны үндсэн дээр нэхэмжлэгч нь Голомт банкны зээлийн төлбөрийг дангаараа төлсөн, цаашид бие даан төлж барагдуулах боломжтой байгаа байдал зэргийг үндэслэн маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Ө-ыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр Д.Ө-ыг бүртгэхийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бүгдийг нь зөвшөөрч байгаа. Миний бие байранд мөнгө төлж чадаагүй байдал, төлдөггүй байсан нь үнэн. Миний талаас татгалзах зүйл байхгүй. Гуравдагч этгээдийн шаардлага дээр хөрөнгө хуваагдаад хамтран өмчлөгчөөр тооцуулах тухайд нэхэмжлэгчийн бүх мөнгө зуун хувь төлөгдсөн байгаа. Байрны асуудал шийдэгдсэний дараа ярих ёстой юм болов уу гэж бодож байна гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн татгалзал, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоот, улсын бүртгэлийн Ү-220200**** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын хооронд бэлэглэлийн гэрээ хийгдээгүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол уг гэрээгээр бэлэглэлийн тухайн зүйлийг бэлэглэгчид буцаан олгохоор заасан байна. Түүнээс өөр буюу ямар нэгэн зүйл бэлэглэсэн ч тухайн бэлэглэсэн зүйлээс өөр зүйлийг бэлэглэгчид буцаан олгоно гэж Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасныг ойлгож болохгүй. Дээрх орон сууцыг Б.У, түүний гэр бүлд бэлэглэхээр Д.Ө-той гэрээ байгуулаагүй, ийм гэрээ байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1,109.2 дахь хэсэг, 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэрээ, хэлцэл Д.Ө болон Б.У, Б.М нарын хооронд хийгдээгүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ байхгүй тул орон сууцыг Б.У-ын гэр бүл Д.Ө-оос бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан гэж үзэхгүй. Харин энэ орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж байна. Учир нь гуравдагч этгээд Б.М, хариуцагч Б.У нар их сургуульд хамт сурч байхдаа танилцан, үерхэж 1997 онд гэр бүл болж, 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Уг орон сууцанд 2010 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 11 жил гаран амьдарч байгаа. Иймд маргаж буй орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.

 4.Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 47 дугаар байрны 57 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэгдсэн, ** м.кв талбай бүхий **өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүд болох Б.У, Б.М, У.М, У.М, У.М нарын хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, уг орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүнд тооцуулах, орон сууцны үнэлгээ 80,000,000 төгрөгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг 16,000,000 төгрөгөөр тооцон, Б.М, У.М, У.М нарт ногдох хэсгийг 48,000,000 төгрөг, У.М-т ногдох хэсгийг 16,000,000 төгрөг болохыг тогтоолгох, орон сууцыг Б.М, У.М, У.М, У.М нарын өмчлөлд үлдээж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б.У-т даалгах тухай шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

4.1.Гуравдагч этгээд У.М нь Б.М, Б.У нарын ууган хүү. Аав Б.У байнга архи уудаг, уусан үедээ гэр орны амгалан тайван байдлыг алдагдуулдаг байдлыг миний ээж олон жил тэвчиж дүү бид гурвыг элэг бүтэн өсгөх гэж хичээж ирсэн боловч аргагүйн эрхэнд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсаныг хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлэж, гэрлэлтийг цуцлан насанд хүрээгүй дүү У.М, У.М нарыг маань ээжийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн болно. Одоо ээж Б.М болон дүү нарын хамт ам бүл дөрвүүлээ Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод амьдарч байна.

4.2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 184/ШЗ2021/02685 дугаартай шүүгчийн захирамжаар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууц, авто машиныг гэр бүлийн гишүүдэд хуваарилуулах шаардлагыг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагаас тусгаарлаж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар гэр бүлийн маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэлийг ханган 184/ШШ2021/00873 дугаар шийдвэр гарсан. Харин Б.У гэр бүлийн дундын өмчлөлийн маргааныг шийдвэрлүүлэхгүй байсаар Д.Ө-ын нэхэмжлэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай гэр бүл анх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд Толгойтын гэр хороололд амьдарч байсан ба дүү У.М-ийг төрсний дараа аавын ээж Д.Ө нь танайх шинэ хүнтэй болсон, том хүү чинь бага байна орон сууцанд ор, хүү чинь 5 дугаар сургуульд явдаг юм чинь сургуульд нь ойрхон орон сууцтай болохыг бод, зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг ээж нь төлье гэж хэлснээр 2010 оны сүүлээр Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ** байрны ** тоот хаягт байрлах ** м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг авсан.

Иймд дээрх орон сууцанд ээж, дүү нарын хамт оршин сууж байгаа тул уг орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүнд тооцуулах, орон сууцнаас 1 хүнд оногдох хэсэг /80,000,000 төгрөг:5 хүн= 16,000,000 төгрөг/-ийг тогтоолгох, Б.М, У.М, У.М нарт ногдох хэсгийг 48,000,000 төгрөг, У.М-т ногдох хэсгийг 16,000,000 төгрөг болохыг тогтоолгох, орон сууцыг Б.М, У.М, У.М, У.М нарын өмчлөлд үлдээж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б.У-т даалгах шаардлага гаргаж байна. Зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.У, Б.М нар хувааж төлнө гэжээ.

 5.Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Энэ шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн ** хороо, ** дүгээр байрны ** тоот ** м.кв талбайтай ** өрөө орон сууц нь Голомт банктай би үндсэн зээлдэгчээр ипотекийн зээлийн гэрээ байгуулж авсан ба зээлийн хугацаа дуусаагүй барьцаанд байгаа байр юм. Зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг миний бие хугацаа хоцролгүй төлж барагдуулж байгаа. Гуравдагч этгээд Б.М- болон хариуцагч Б.У- хоёр төлөлт хийж байгаагүй. Зээлийн урьдчилгаа төлбөрт зориулан худалдсан Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Толгойтын **-*** тоот хашаа байшин бүхий үл хөдлөх хөрөнгө нь хүү Б.У-таа өгсөн хуваарьт хөрөнгө билээ гэжээ.

 6.Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Энэ байранд Б.М бид 2 нэг ч төгрөгийн хөрөнгө оруулж байгаагүй бөгөөд анх энэ байрыг авах эх үүсвэр болох Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Толгойтын **-*** тоот хашаа байшин бүхий үл хөдлөх хөрөнгө нь ээж Д.Ө-ын надад өгсөн хуваарьт хөрөнгө билээ. Иймд шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Б.У-т холбогдох Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Бага тойруу гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэгдсэн, ** м.кв талбай бүхий** өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Ө-ыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр Д.Ө-ыг бүртгэхийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай Д.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 47 дугаар байрны 57 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-220200248 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.У, Б.М, У.М, У.М, У.М нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, уг орон сууцыг Б.М, У.М, У.М, У.М нарын өмчлөлд үлдээж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б.У-т даалгаж, 1 гишүүнд ногдох хэсгийг 18,926,655 төгрөгөөр тогтоож, Б.У-т ногдох 18,926,655 төгрөгийг Б.М болон У.М нараас гаргуулж, Б.У-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ө-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М-аас төлсөн 397,950 төгрөг, У.М-аас төлсөн 237,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас 397,950 төгрөг гаргуулж, Б.М-д, 237,950 төгрөг гаргуулж, У.М-т тус тус олгож шийдвэрлэжээ.

 8.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/00102 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

8.1.Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэжээ. Хариуцагч маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн тул 2020 оны 12 угаар сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан, энэ өдрөөр нэхэмжлэгчийн шаардах эрх дууссан гэж шүүх дүгнэсэн байна. Хариуцагч нь Голомт банкнаас маргаан бүхий орон сууцны ипотекийн зээлийг авахдаа нэхэмжлэгчийн хамтран зээлдэгчээр оролцсон. Хариуцагчийн тогтвортой орлогогүй байсныг харгалзан зээлийн төлбөрийг эхний ээлжид голлон төлөх, хариуцагч нь боломжтой болсон үедээ тухайн төлбөрийг эргүүлэн төлөх, боломжгүй нөхцөлд орон сууцыг хамтран өмчлөх талаар аман тохиролцоотой байсан гэж нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байхад шүүх зохигчдыг энэ талаар мэтгэлцүүлээгүй.

8.2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2021/00873 дугаартай шийдвэрээр хариуцагч Б.У, гуравдагч этгээд Б.М нарын гэрлэлтийг цуцалсан байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрлэлтээ цуцлуулах хүртэл ямар нэгэн өмчлөлийн маргаан үүсгээгүй. Хариуцагчийн гэрлэлт цуцлагдсанаар урд өмнө төлөгдсөн зээлийн төлбөрийг хэн, хэрхэн барагдуулах талаар нэхэмжлэгч нь хариуцагчаас асууж, шаардаж эхэлсэн боловч хариуцагч энэ талаар тодорхой хариу өгөөгүй тул маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмнө төлсөн зээлийн төлбөр төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй болсон учир өөрийн төлсөн төлбөрийг баталгаажуулах зорилгоор өмчлөлийн маргаан үүсгэсэн нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны зээлийг анх авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлж ирсэн, цаашид төлж дуусгахаа илэрхийлснийг хариуцагч болон гуравдагч этгээд нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй тухай мэдүүлснийг, нэхэмжлэгчээс эвлэрэх санал удаа дараа гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөхгүй байсныг шүүх харгалзан үзээгүй.

8.3.Зээлийн төлбөрийг буцаан төлөх талаар зохигчдын хооронд ямар тохиролцоо байсан талаар, ямар нөхцөлд орон сууцны өмчлөлийн асуудал яригдах талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоогоогүй, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хуулийг буруу тайлбарласан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 9.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, Хариуцагчийн давж заалдах гомдлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо анх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан огнооноос хойш 10 жилээр тооцож, 2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Тухайн үед орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч төлөх, тодорхой хугацааны дараа Б.У төлөхөөр, эсхүл хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай аман тохиролцоо хийсэн болохыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбартаа хэлсэн. Энэ талаар шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1.2-т аман тохиролцоотой байсныг тодорхой бичсэн. Энэ талаар шүүх зохигчдыг мэтгэлцүүлээгүй. Гуравдагч этгээдийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан гэх тайлбарыг үндэслэсэн. Маргаан бүхий энэ орон сууцны төлбөрт гэрлэлт цуцлуулсан хоёр хүн нэг ч төгрөг төлөөгүй. Нэхэмжлэгч 70 гаруй настай, өрх толгойлсон эмэгтэй, 10 гаруй жил 70,000,000 гаруй төгрөг төлсөн. Энэ орон сууцны бүх ашиглалтын зардлыг төлсөн. Гуравдагч этгээдээр оролцсон хүү У.М, бэр Б.М нарт их хэмжээний мөнгийг шилжүүлж байсан. Одоо 20,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, уг зээлийг төлж байна. Энэ орон сууцыг анх Б.У-ын нэр дээр өмчлөгчөөр үүсэх үед энэ хоёр хүний хооронд амаар тохиролцож байсан тохиролцоог шүүх анхаарч үзсэнгүй. Үүнийг анхан шатны шүүх авч хэлэлцэхгүйгээр гэрээний ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 10.Давж заалдах гомдолд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт, Зохигчдыг мэтгэлцүүлээгүй гэх гомдлын агуулгаас үзэхэд шүүх хуралдаанд нотлох баримтгүй, нотлогдохгүй баримтаар тайлбар гаргаж оролцохыг хэлнэ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2021 оны 10 сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд хангалттай мэтгэлцэж, нотлох баримтаа гаргаж өгөх, нотлох боломж байсан. Бид хоорондоо амаар тохиролцсон, ярилцсан гэх тайлбарыг гаргадаг. Гэтэл энэ хүн 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй гэр бүлийн дундын өмчлөлөөр маргаж байхад нэхэмжлэгч, хариуцагч ашиг сонирхлоо нэгтгэсэн этгээдүүдийн амаар гаргасан тайлбарыг амаар тохиролцсон гэдгийг шүүх хангалттай нотлогдсон гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээгээр буцаан авах шаардлагаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргасан хүрээнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхээ алдсантай холбоотойгоор шаардлага гаргасан агуулгатай. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байхаар тооцож, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрхийг Б.У өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ хугацаагаар тооцсон нь үндэслэлтэй. Бэлэглэлийн гэрээний шаардах эрхээр шаардаж байсан бол бэлэглэлийн гэрээг цуцлах хугацаа шаардах эрх нь тодорхой нөхцөлийг хангасан байж, шүүхээс хангах үндэслэл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ноцтой гомдоосон байх шаардлагыг тавьдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээд Б.М, У.М нар Д.Ө-ыг хэрхэн яаж ноцтой гомдоосон талаар баримтгүй. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох туйлын хүсэл зориг биш байна. Сая гаргасан тайлбараас харахад хүү, бэр 2 гэрлэлтээ цуцлуулсан учраас орон сууцны зээлийн төлбөрт 70,000,000 төгрөгийг хэн төлөх юм бэ гэх тайлбараас харахад 70,000,000 төгрөг төлүүлэх гол зорилго харагддаг. Нэхэмжлэгч юу хүсээд байгаа нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар бичгээр тайлбараа гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 2.Нэхэмжлэгч Д.Ө- нь хариуцагч Б.У-т холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Бага тойруу гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22020**** дугаарт бүртгэгдсэн, ** м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

 Гуравдагч этгээд Б.М, У.М нар нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүд болох Б.У, Б.М, У.М, У.М, У.М нарын хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, уг орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүнд тооцуулах, орон сууцны үнэлгээ 80,000,000 төгрөгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 16,000,000 төгрөгөөр тооцон, Б.М, У.М, У.М нарт ногдох хэсгийг 48,000,000 төгрөг, У.М-т ногдох хэсгийг 16,000,000 төгрөг болохыг тогтоолгох, орон сууцыг Б.М, У.М, У.М, У.М нарын өмчлөлд үлдээлгэх, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг Б.У-т даалгуулахаар бие даасан шаардлага гарган маргажээ.

 3.Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, Толгойтын **-*** тоотод байрлах *** м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, амины орон сууцыг нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Б.У-т шилжүүлсэн бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Бага тойруу гудамж, ** дүгээр байрны ** тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч, урьдчилгаа 30 хувийг банкинд байршуулж, үлдэгдэл 70 хувийг Голомт банкны зээлээр төлөхөөр тохиролцож орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

 Дээрх 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.У нь 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-220200**** тоот гэрчилгээ авч, Голомт банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Д.Ө төлдөг талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 4.Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоон шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хууль хэрэглээний алдаатай дүгнэлтийг залруулна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн төлбөрийг нэхэмжлэгч голлон төлөх, хариуцагч нь боломжтой болсон үедээ тухайн төлбөрийг эргүүлэн нэхэмжлэгчид төлөх, төлөх боломжгүй нөхцөлд орон сууцыг хамтран өмчлөхөөр зохигчид тохиролцсон гэж тайлбарлаж, хариуцагч орон сууцны үнийг төлөх боломжгүй гэх үндэслэлээр хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэжээ.

 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх нь эрх зөрчигдсөн үеэс үүсэх бөгөөд хариуцагч орон сууцны үнийг төлөх боломжгүй болсон үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзнэ. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарласан гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

 5. Хариуцагч 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Голомт банкны зээлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220200**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Бага тойруугийн ** дүгээр байрны ** тоот, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг худалдан авч, хариуцагч өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 Хариуцагч Б.У, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М нар 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр гэр бүл болж 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хариуцагч 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны өмчлөгч болсон байна. Хэдийгээр орон сууц хариуцагчийн нэр дээр байгаа боловч гэрлэснээс хойш бий болсныг үндэслэн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн гэр бүлийн гишүүдэд хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 6. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрддэг. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан гэр бүлийн гишүүн биш байх тул тэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн дээр дурдсан орон сууцны хамтран өмчлөгч байх боломжгүй.

 Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/00102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 75 дугаар зүйлийн 75.1 гэснийг 108 дугаар зүйлийн 108.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН