Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00737

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00737

 

 

 Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03565 дугаар шийдвэртэй Г ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК, Л.Б, Ц.Д, И.Э нарт холбогдох

М ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 651,760,672.95 төгрөг, И.Эгаас ЗГ/КР17/2017122601 дугаартай кредит картын гэрээний үүрэгт 30,348.56 ам.доллар буюу 102,038,838.88 төгрөг, ЗГ/999768913 дугаартай кредит картын гэрээний үүрэгт 31,546,761.34 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, Г.Т, хариуцагч М ХХК, И.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч Ц.Д, Л.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ201511**** тоот зээлийн гэрээг Г ХХК-тай байгуулж, 500,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, БГ201511**** тоот ипотекийн гэрээгээр И.Эгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** улирал цэцэрлэг, Стадион оргил гудамж, ** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 62.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-220602**** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн хороо, ** дугаар хороо, 4 улирал цэцэрлэг, Стадион оргил гудамж, ** дугаар байр, зоорийн давхрын *** тоотод байрлах, 11.75 м.кв талбайтай автозогсоол, БГ201511****-1 тоот ипотекийн гэрээгээр Ц.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220602**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Рапид харш, ** дугаар байр, ** тоотод байрлах, 42.09 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, БГ201511****-2 тоот ипотекийн гэрээгээр Л.Б-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2101004085 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр Уртбулаг баг, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай ** өрөө орон сууц, БГ201511****-3 тоот барьцааны гэрээгээр 2018/06-01/096 гэрээний дугаартай Э ХХК-д ажил гүйцэтгэсний төлбөр 240,000 ам.долларын гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага болон тэдгээртэй холбоотой бусад эрхийн хамт барьцаанд тавьсан.

1.1.М ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ201511****-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 361,865,200 төгрөг, үндсэн хүүнд 143,089,265.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19,461,382.28 төгрөг, нийт 524,415,847.73 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн хүү 106,120,687.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,224,137.53 төгрөг, нийт 651,760,672.95 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.2.И.Э 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/КР/17/201712**** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 1,000,000 төгрөг, 2,000 ам.долларын зээлийн эрхтэй зээлийн картыг сарын бэлэн хэрэглээний 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус хэрэглээний 2,0 хувийн хүүтэй, эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн 2,0 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. И.Э 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/КР17/2017122601-1 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр кредит картын зээлийн гэрээний хэмжээг 10,000 ам.доллар болгохоор харилцан тохиролцож нэмэгдүүлсэн. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн картын гэрээний үүрэгт үндсэн зээл 10,241.39 ам.доллар, үндсэн хүү 5,815.87 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,635.24 ам.доллар, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,475.93 ам.доллар, нийт 20,168.43 ам.доллар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн хүү 3,117.89 ам.доллар, эрх хэтрүүлсний хүү 3,668.85 ам.доллар, хугацаа хэтрүүлсний хүү 3,393.39 ам.доллар, нийт 30,348.56 ам.долларыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Монголбанкны ханш 3,362.23 төгрөгөөр тооцож 102,038,838,88 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.3.И.Э 2018 оны 3 дугаар дугаар сарын 26-ны өдөр ЗГ/99976**** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг банктай байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн хэрэглээний 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус хэрэглээний 2 хувийн хүүтэй, эрх хэтрүүлсний хүү 2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч зээлийн картын эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар бэлэн бус гүйлгээ 13,275,392.61 төгрөг, үндсэн хүү 5,972,133.83 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,892,743.92 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 375,695.49 төгрөг, нийт 21,515,965.85 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн хүү 4,041,538.68 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 2,440,825.57 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 3,548,431.24 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 31,546,761.34 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М ХХК, И.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: М ХХК нь Г ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ2015113331 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ201511**** тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан, уг гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон. Ингэхдээ 2018 оны ЗГ2015115033 тоот зээлийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл 205,354,704.96 төгрөгийг Г ХХК нь М ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2015116940 тоот зээлийн гэрээ байгуулах замаар хариуцагч компаниас суутган авсан. Дээрх 2018 оны ЗГ2015116940 тоот зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн гэрээг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор тусгасан боловч бодит байдалд Г ХХК, М ХХК-д дахин зээл олгох байдлаар өмнөх зээлийн гэрээний өрийг барагдуулах, бизнесийн бусад үйл ажиллагаанд ашиглах зорилгоор энэ гэрээг байгуулсан. Улмаар 2018 оны ЗГ2015116940 тоот зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөгийн орлого М ХХК-ийн дансанд орсон. Мөн өдөр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ2015115033 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 205,354,704.96 төгрөг болон зээлийн шимтгэл 2,500,000 төгрөгийг банк суутган авсан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуул /1995 он/-ийн 21 дүгээр зүйлийн 4, 24 дүгээр зүйлийн 1-т зааснаар М ХХК-ийн дансанд зээлийн орлого орсоноор зээлдэгч захиран зарцуулах байхад банк 205,354,704.96 төгрөгийг суутгаж авсан нь хуульд нийцэхгүй тул М ХХК дээрх үнийн дүнгээр зээл аваагүй гэж үзэхээр байна. Хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан 205,354,704.96 төгрөгт хамаарах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй. М ХХК нь 500,000,000 төгрөгийн зээл авахаас 205,354,704.96 төгрөгийг хасаж, нийт 294,645,295.04 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан гэж үзэх тул 294,645,295.04 төгрөгөөс зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг тооцоход тус компани үндсэн зээлд 236,780,533.84 төгрөг төлж, зээлийн үндсэн хүүнд 138,702,060.86 төгрөг төлөхөөс 82,850,249.57 төгрөг төлсөн, нэмэгдүүлсэн хүүнд 13,164,480.43 төгрөг төлөхөөс 1,153,775.54 төгрөг төлж, одоо 331,081,982.33 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Түүнчлэн Г ХХК-тай байгуулсан 2018 оны ЗГ2015116940 тоот зээлийн гэрээ 12 сарын хугацаатай байгуулагдсан, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээг 3 сараар сунгасан. М ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш төлсөн зээлийн төлөлтийг банк үндсэн төлбөрөөс хасч тооцолгүй, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хассан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг, Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолын 2.4-т эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу банк зээлийн төлөлтийг тооцсон тооцоолол хуульд нийцэхгүй байна.

И.Э, Г ХХК нар нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах ЗГ/КР/17/201712**** тоот зээлийн гэрээгээр тохирсон кредит картны хэмжээг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 10,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн ба гэрээг 2 жилийн хугацаатай, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар тохиролцсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөх үүрэг үүссэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2,733.28 төгрөг байх тул хариуцагч И.Э ам.долларын кредит картны үлдэгдэл төлбөрийг дээрх ханшаар тооцон 82,951,112.08 төгрөг /30,348.56 ам.дол*2733.28 төгрөг/ төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 3.Хариуцагч Ц.Д-гийн татгалзал, тайлбарын агуулга, Миний бие өөрийн эзэмшлийн Ү-2206034506 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Рапид харш /17011/ ** дугаар байрны ** тоот, 42.09 м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг иргэн И.Эгийн Гнаас авсан зээлийг барьцаанд тавьж болохыг зөвшөөрч 2 жилийн хугацаатай итгэмжлэл хийж, нотариатаар батлуулсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан ба үүнийг дахин сунгах, барьцаанд байлгахыг зөвшөөрөхгүй байна. Иймд Гны нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК, И.Э нар нэхэмжлэлд хамааралгүй тул хариуцагчаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 4.Хариуцагч Л.Б-гийн татгалзал, тайлбарын агуулга, Миний эзэмшилд байдаг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг **-**-** тоот 4 өрөө байрыг 2018 онд И.Э-д 2 жилийн хугацаатай барьцаалах итгэмжлэл гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэлийн хугацаа дууссан учир цаашид дахин барьцаанд тавих болон барьцаат гэрээг сунгах хүсэлгүй байна. Иймд 18/7824 тоот нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 5.Хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 0.5 хувь шимтгэл авна гэж зааж өгсөн ба уг заалтад үндэслэн Г ХХК-аас хариуцагч компанид олгосон зээлийн мөнгөн хөрөнгөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгийг зээлийн шимтгэл суутган авсан. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй. Банк зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс гэрээгээр тохиролцон авч болох хариу төлбөрийн талаар Иргэний хууль болон холбогдох хуульд тусгайлан зохицуулсны дагуу дээрх гэрээгээр зээлдэгч М ХХК, Г ХХК-д хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тусгасан атлаа зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдлийн менежментийн төлбөрийг зээлдэгчээс авахаар гэрээний 2.1.6-д тусгасан нь үндэслэлгүй, зээл олгосон гэх үндэслэлээр шимтгэл авах эрхийг банкинд хуулиар олгоогүй гэж үзэж байна. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуульд заасан журмыг баримтлан гэрээний нөгөө талд ямар төрлийн үйлчилгээ үзүүлсний төлбөр болгон авсан нь тодорхойгүй, төлбөр хураамжийг зээлээс суутган авах эрхийг өөртөө олгосон энэхүү заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Иймд Г ХХК болон М ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 6.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: М ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ201511**** тоот зээлийн гэрээ байгуулж 500,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан. Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүй гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3 дахь хэсэгт заансны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зээлийн шимтгэл авахыг хориглосон утга агуулаагүй, харин ч талууд зээлийн болзол нөхцөлөө өөрөө тогтоохыг хуулиар зөвшөөрсөн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын заалтууд арилжааны банк зээлийн шимтгэл авах эрх зүйн үндэслэл болсон гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн дээрх журамд шимтгэлийн талаар тусгаагүй бол арилжааны банкууд зээл олгосны шимтгэл авахгүй байсан гэх гомдол үндэслэлгүй юм. Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэн зээлийн гэрээний 2.1.6-д заасны дагуу зээлийн үнийн дүнгийн 0.5 хувь болох 2,500,000 төгрөгийг шимтгэл авсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 397,035,295 төгрөг гаргуулж, Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254,725,377 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, И.Эгаас 100,065,405.98 төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,520,194.24 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Г ХХК-аас 2,500,000 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох И.Э-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, 4 улирал цэцэрлэг, стадион оргил гудамж, ** дугаар байр, *** тоот хаягт байрлах 62,75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-2206027302 дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, 4 улирал цэцэрлэг, стадион оргил гудамж, ** дугаар байр, зоорийн давхрын *** тоотод байрлах, 11.75 м.кв талбай бүхий автозогсоол, БГ201511***-1 тоот ипотекийн гэрээгээр Ц.Д-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220602**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Рапид харш /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 42.09 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, БГ201511****0-2 тоот ипотекийн гэрээгээр Л.Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101004085 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр Утрбулаг баг, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах ** м.кв талбай бүхий ** өрөө орон сууц, БГ201511****-3 тоот барьцааны гэрээгээр 2018/06-01/096 гэрээний дугаартай Э ХХК-д ажил гүйцэтгэсний төлбөр 240,000 ам.долларын гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага болон тэдгээртэй холбоотой бусад эрхээс албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 397,035,295 төгрөг гаргуулж, Г ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,153,881 төгрөг, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,150 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 2,143,477 төгрөг, хариуцагч И.Эгаас 658,277 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д, Г ХХК-аас 125,150 төгрөг гаргуулж, М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх 3Г201511**** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч М ХХК-аас 397,035,295.00 төгрөг гаргуулж, Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254,725,377 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ЗГ201511**** тоот зээлийн гэрээний дагуу М ХХК-д 500,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгчийн дурдсан 2015113299 тоот харилцах дансанд олгосон. Хариуцагч тайлбартаа зээлийг зээлээр хаах зориулалтаар суутган авсан гэж маргасан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр байгуулагдаж, уг гэрээнд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлэн зээлдэгч гарын үсэг зурсан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5 дахь хэсэгт зааснаар банк иргэдийн зээлийн дансруу гэрээгээр тохирсон төлбөрийг олгосон нь хүү тооцооллын хүснэгтээс харагдах тул зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Тухайн суутган авсан гэх төлбөрийг харилцагч хүсэлтээ гарган төлбөрийн даалгавраа гараар бичин захиран зарцуулж зээлээ хаасан нь тухайн мөнгийг харилцагч ашиглах боломжтой байсныг илэрхийлж байна. Уг зээлийн хувьд зээлдэгч хүсэлтээ гаргаж, банк хүсэлтийг үндэслэж холбогдох журмын дагуу судалж шийдвэрлэсэн учир дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. М ХХК нь 3Г2015115033 тоот зээлийн гэрээг байгуулж, 200,000,000 төгрөгийн зээл авсан, тухайн зээлийг хаагдсан үйл баримт нь Г-ны маргаж буй зээлийн гэрээгээр олгосон мөнгөөр хаагдсан болно. Гэвч шүүхээс зээлийг төлсөн гэх үйл баримтад талууд маргаагүй, бичгийн баримтаар нотлогдож байна гэж дүгнэдэг. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль, дүрэм журамд заасан шаардлагын дагуу судлан зээлийг зээлдэгчийн дансанд олгож хүсэлтийн дагуу ажиллагаа хийсэн үйл явдлыг шүүх үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ЗГ201511**** тоот зээлийн гэрээний үүрэгт 651,760,672.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 9.Давж заалдах гомдолд хариуцагч М ХХК, И.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: М ХХК нь тухайн үед 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000,000 төгрөгийг зээлж, бодитоор зээлийн гэрээнд заасан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашигласан бол нийт 500,000,000 төгрөгт тохирох хэмжээний хүүг төлөх боломжтой гэж үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан 2015113299 гэх дансны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээг харахаар 500,000,000 төгрөгийн зээл олгов гэж Г ХХК-аас зээл олгосон. Мөн өдрөө үргэлжлүүлэн 2,500,000 төгрөгийн зээлийн шимтгэл төлсөн бөгөөд 201511**** дансанд зээл хаав гэж 205,354,705 төгрөгийг өмнө нь авсан буюу 2018 оны 04 дүгээр сарын зээлийн төлбөрөөс хасаж, зээлийн дүнгээс татан авсан. Тухайн татан авалт нь 2018 оны 06 дугаар сард 500,000,000 төгрөгийн зээл авах үед компанийн бүх дансанд өмнөх зээлийг төлөх хэмжээний орлого байгаагүй. Зээлийн төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд банк, зээлийг суутган авах эрхтэй гэж гэрээнд тусгасан. Банк олгосон зээлийн зориулалтаар биш өмнөх зээлийг хаах зориулалтаар олгож, бодитоор 205,000,000 төгрөгийг олгоогүй, өмнөх зээлийг хаасан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зээлийг ашигласан хугацаанд холбогдох хүүг төлөх талаар зохицуулсан. Өмнөх зээлд суутган авсан дүнгээр үлдэх 300,000,000 төгрөгийн хэмжээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 10.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч "М" ХХК-ийн нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 6,722,247.45 төгрөгийн төлбөрийг хасч тооцолгүй орхигдуулжээ. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хавсаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтийн "Нэмэгдүүлсэн хүү" хэсэгт "М" ХХК нь 6,722,247.45 төгрөг төлсөн талаар дурдсан байдаг. "М" ХХК нь зээлийн хүү болон төлбөрт нийт 320,700,309.96 төгрөг төлсөнөөс "Г" ХХК нь үндсэн зээлэнд 138,134,800 төгрөг, зээлийн хүүнд 175,843,262.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,722,247,45 төгрөгийг суутган авсан. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрт "М" ХХК-aac 397,035,295 төгрөг гаргуулж, "Г" ХХК-д олгож шийдвэрлэхдээ хариуцагчаас төлсөн 6,722,247.45 төгрөгийг хасч тооцоогүй ба хариуцагч "М" ХХК нь нийт 390,313,047.55 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно. Иймд "М ХХК-аас 397,035,295 төгрөг гаргуулж, "Г" ХХК-д олгож шийдвэрлэсэн хэсгээс 6,722,247.45 төгрөгийг хасч, "М" ХХК-аас нийт 390,313,047,55 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 11.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантогтохын гаргасан тайлбарын агуулга: Г ХХК-аас ямар ч хүүг хасаж тооцох боломжгүй бөгөөд М ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж илэрхийлсэн. М ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК-д зээл олгох хүсэлт гаргасан. Тухайн албан бичигт зээлийн зарцуулалтыг дэлгэрэнгүй задаргааг гаргаж өгсөн. Анхнаасаа 2 талын хүсэл сонирхлоор тухайн зээлийг бүтэн дүнгээр олгож, зориулалтын дагуу албан бичгийн хүрээнд зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь М ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 651,760,672.95 төгрөг, И.Э-гаас ЗГ/КР17/2017122601 дугаартай кредит картын гэрээний үүрэгт 30,348.56 ам.доллар буюу 102,038,838.88 төгрөг, ЗГ/99976**** дугаартай кредит картын гэрээний үүрэгт 31,546,761.34 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч М ХХК талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, шимтгэлд суутгасан 2,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 3.1. Хариуцагч М ХХК нь Г ХХК-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ2015116940 тоот зээлийн гэрээгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 500,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр БГ201511****, БГ201511****-1, БГ201511****-2, БГ201511****-3 тоот ипотекийн болон барьцааны гэрээ байгуулсан байна.

3.2. Хариуцагч И.Э нь Г ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/КР/17/2017122601 тоот кредит карт эзэмшигчийн гэрээг байгуулж, 1,000,000 төгрөг, 2,000 ам.долларын эрхтэй зээлийн картыг сарын бэлэн хэрэглээний 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус хэрэглээний 2.0 хувийн хүүтэй, эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн 2.0 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэний 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/КР/201712****-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн эрхийг 10,000 ам.доллар болгосон.

3.3. Хариуцагч И.Э нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/99976**** тоот кредит картын гэрээг Г ХХК-тай байгуулж, 15,000,000 төгрөгийн эрхтэй зээлийн картыг сарын бэлэн хэрэглээний 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус хэрэглээний 2.0 хувийн хүүтэй, эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн 2.0 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэний 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

4. Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй, шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох харилцаа үүссэн гэж үзэж, шаардах эрхийн талаархи хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг буруу тооцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

5. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ201511**** тоот зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан. Зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөг хариуцагч М ХХК-ийн дансанд шилжүүлсэн өдрөө 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ2015115033 тоот зээлийн гэрээний үүрэгт 205,354,704.96 төгрөгийг суутгаж уг зээлийг хаасан, үлдэгдэл 294,645,295.04 төгрөгийг бодитоор авсан үйл баримт тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 500,000,000 төгрөгөөс өмнөх зээлд суутгасан 205,354,704.96 төгрөгийг хасаж, 294,645,295.04 төгрөгөөс зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хүүг тооцсон нь зөв боловч нэмэгдүүлсэн хүүд 6,722,247.51 төгрөг төлснийг хасаж тооцоогүй байгааг залруулсан өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан гомдлыг хангана.

Хариуцагч М ХХК нь үндсэн зээл 500,000,000 төгрөг, үндсэн хүү 205,151,675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,861,682 төгрөг, нийт 711,013,357 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 138,134,800 төгрөг, үндсэн хүүд 175,843,262.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,722,247.45 төгрөг, нийт 320,700,309.96 төгрөг төлснийг хасч, үлдэгдэл 390,313,047.04 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

6. Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсгийг үндэслэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болох талаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдах шүүхийн шийдвэр гаргуулах тухай шаардлага гаргасан тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэнэ.

Мөн хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгөөс гадна Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 096 дугаартай худалдах-худалдан авах гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага болон тэдгээртэй холбоотой бусад эрхийг барьцаалсан байна. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийн 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

7. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу бичсэн алдааг залруулах нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх хариуцагч И.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 100,065,405.98 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон, хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, энэ талаар зохигч гомдол гаргаагүй байна.

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03565 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 397,035,295 гэснийг 390,313,047.04 гэж, 254,725,377 гэснийг 261,447,625.91 гэж өөрчилж,

2 дахь заалтад хуулийн гэсний дараа 153 дугаар зүйлийн 153.1 гэж нэмж, 175.2 гэснийг 175.1 гэж өөрчилж,

3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 7.1 гэснийг 7.1.1 гэж, 4,153,881 гэснийг 4,154,882 гэж, 2,143,477 гэснийг 2,109,516 гэж тус тус өөрчилж, 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж,

4 гэсэн дугаарыг 3 гэж, 5 гэсэн дугаарыг 4 гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г ХХК-аас төлсөн 1,431,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас төлсөн 122,506 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН