Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

    Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Б.Догмиддорж,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дашдондогийн Тт холбогдох эрүүгийн 182 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1977 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖД регистрийн дугаартай, Хг овогт Д,Т.

 Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “12-93” ДОА улсын дугаартай “Приус 11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.8 дахь хэсэгт заасан “Гол ба туслах адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Батцэнгэлийн жолоодож явсан 21-00  ДОЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж, улмаар Б.Батцэнгэлийн биед хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Гурванзагал сумын 3 дугаар баг Өнөрийн 9 тоотод ...оршин суудаг юм. ...гэртээ байж байхад хадам дүү машины дугуй хагарсан гэж над руу залгасан улмаар би дүүдээ дугуй аваачиж өгөх санаатай гэрээсээ 09 цагийн орчим өөрийнхөө эзэмшлийн “Тоёота Приус” 11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гарсан. ...нүдний буланд зүүн талаас нэг зүйл ороод ирэхээр нь зүүн гар тал руугаа дарахад тээврийн хэрэгслийн зүүн талаараа мотоциклтой явж байсан хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Хохирогч Б.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...мотоциклтой явж байхад ертөнцийн зүгээр баруун доод талд урд талаас гэнэт цагаан өнгийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирээд намайг мөргөсөн ...би маш зөөлөн явж байсан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 18/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13/,

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 837 тоот дүгнэлт /хх-ийн 29/

-Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 63 тоот дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “12-93” ДОА улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.8 дахь хэсэгт заасан “Гол ба туслах адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Батцэнгэлийн жолоодож явсан 21-00  ДОЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж, улмаар хохирогч Б.Батцэнгэлийн биед хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би Гурванзагал сумын 3 дугаар баг Өнөрийн 9 тоотод ...оршин суудаг юм. ...гэртээ байж байхад хадам дүү машины дугуй хагарсан гэж над руу залгасан улмаар би дүүдээ дугуй аваачиж өгөх санаатай гэрээсээ 09 цагийн орчим өөрийнхөө эзэмшлийн “Тоёота Приус” 11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. ...нүдний буланд зүүн талаас нэг зүйл ороод ирэхээр нь зүүн гар тал руугаа дарахад тээврийн хэрэгслийн зүүн талаараа мотоциклтой явж байсан хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мотоциклтой явж байхад ертөнцийн зүгээр баруун доод талд урд талаас гэнэт цагаан өнгийн 12-93 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирээд намайг мөргөсөн ...би маш зөөлөн явж байсан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 837 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. Б.Батцэнгэлийн биед зүүн эгэм, баруун атгаал ясны хугарал, нүүрэнд зулгаралт, зүүн чихний дэлбээний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн эгэм, баруун атгаал ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-д зааснаар нүүрний зулгарсан шарх, зүүн чихний дэлбээний язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх-ийн 29/ гэх дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 63 тоот дүгнэлтийн хэсэгт: “Жолооч Д.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.8 Гол ба туслах адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Б.Батцэнгэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а-д Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвецид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 3.7 а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 3.4 в-д мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Тоёота Приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Т, Даюун маркийн 21-00 ДОЗ улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодож явсан Б.Батцэнгэл нарын тээврийн хэрэгслээс тоормосны мөр илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна. 3. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн сангаас лавлагаа авахад /ЖД73/ регистрийн дугаартай Дашдондогын Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВСДЕ ангилалын 40 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖН91076/ регистрийн дугаартай Баттөмөрийн Батцэнгэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. 4. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмасүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зам тээврийн осолд холбогдсон “Тоёота Приус” 11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн тээврийн хэрэгслийн тоормосны механизм бүрэн гэж тэмдэглэсэн тул тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна. 5. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зам тээврийн осолд холбогдсон “Даюун” маркийн 21-00 ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн тээврийн хэрэгслийн тоормосны механизм бүрэн бус гэж тэмдэглэсэн байх тул бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байна. Мөн гадна талын гэрэлтүүлэг бүрэн бус байна” гэх дүгнэлт /хх-ийн 34/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Батцэнгэлийн биед учирсан хөнгөн ба хүндэвтэр хохирол /гэмтэлүүд/ нь шүүгдэгч Д.Т тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3,15.8-д заасан заалтыг тус тус болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Тт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Тын ЖД771регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Т-ын ЖД73 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР