Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 7

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Ганболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, иргэний нэхэмжлэгч Г.М, иргэний хариуцагч (нэхэмжлэгч) С.О, түүний өмгөөлөгч Ц.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00599 0371 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н.Б, Монгол Улсын иргэн, .....өдөр Ховд аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.......” ХХК-д жолооч ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт .......... оршин суудаг, регистрийн дугаар ........., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-н давааны урд замд “FAW-CA4226” загварын 50-27 ХОА улсын дугаартай автомашиныг жолоодон авахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.М-ыг мөргөж, амь насыг хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Баянхаан овогт Намсрайн Б нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Тавин хоёрын даваанаас хот руу уруудах замд “FAW-CA4226” загварын 50-27 ХОА улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам засварын ажил гүйцэтгэж байсан Г.Мандахбаярыг дайрч, амь насыг нь хохироосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Би өөрийн машинаа жолоодож явахдаа тоормос ажиллахгүй болчихоор нь овоон дээр зогсож, чиргүүлийн тоормосоо салгаад толгойн тоормосоор хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн юм. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, мөн буруутай үйлдэлдээ харамсаж байна. Би жолооч мэргэжилтэй. Тээврийн хэрэгслийг засах мэргэжил байхгүй ч 10 гаруй жилийн туршлагатай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирлын асуудлыг нэхэмжлэхээр хуралд оролцож байна. Хэргийн талаар тодорхой сайн мэдэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан 15,400,000 төгрөгийн баримт нь талийгаачийн оршуулгын зардалд хамаарна. Тухайн хэрэг гарснаас хойш 3 сарын хугацаанд Н.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж бидний ар гэрийнхэнтэй холбогдож байгаагүй. Тиймээс нэн даруй хохирлыг барагдуулахыг хүсэж байна. Би энэ гэмт хэргийн улмаас хөдөө орон нутгаас буюу Дорнод аймгаас өөрийн хувийн унаагаараа хоёр удаа ирж очсон. Энэ замын зардлын талаар шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгчтэй ярилцаж тохиролцоод зардлаа авчихсан. Миний хувьд энэ хэрэгт өмгөөлөгч сонгон авсан бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөгийг мөн нэмж нэхэмжилсэн…” гэсэн мэдүүлэг;

3. Иргэний хариуцагч (нэхэмжлэгч) С.Оийн шүүх хуралдаанд өсгөн: “...Манай байгууллага өөрт учирсан гэм хор болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хүрээнд нөхөн төлсөн зардлаа шүүгдэгч Н.Б-өөс иргэний журмаар жич нэхэмжлэх болно. Манай байгууллагаас нийт 5,000,000 төгрөгийг хохиролд тооцож төлсөн. Мөн шүүхээс тогтоосон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг;

4. Иргэний нэхэмжлэгч Г.М-ийн шүүх хуралдаанд өсгөн: “...Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 4865 дугаартай “Багануур АЗЗА” ТӨХК-ийн “ISUZU CYZ51k” загварын 97-24 БРА улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 933,500 төгрөгөөр тогтоосон. Тиймээс энэ үнэлгээний дагуу нийт 933,500 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна...” гэсэн мэдүүлэг;

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын мөрдөн байцаалтад өсгөн: “...манай аав, ээж хоёр 2000 онд салаад тусдаа амьдрах болсон. Манай аав ээжээс салаад хотод ганцаараа амьдрах болсон. Аав нас барахаасаа өмнө “Багануур АЗЗА” ХХК-тай 5 хоногийн хугацаатай ажлын гэрээ байгуулан ажиллаж байгаад уг осолд орсон. Мөн нас барахаасаа өмнө Багануур дүүрэгт Д.Мөнхтуяа гэх эмэгтэйтэй хамт амьдарч байсан юм. Д.Мөнхтуяа аав хоёр сүүлийн таван жил хамт амьдарсан, дундаасаа хүүхэдгүй. Харин хамтран амьдрагч Мөнхтуяа нь нэг охинтой байсан. Манай аав нас барсны дараа манай гэрийнхэн болон ээж ярилцаж байгаад намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. Манай аав нас барахаасаа өмнө ямар нэгэн хууч болон гэмтэлгүй байсан. Би гомдолтой байна. Талийгаачийн буяны ажлыг Багануур дүүрэгт өөрийнх нь гэрт хийсэн бөгөөд хохирлын баримтуудаа бүрдүүлж өгнө. Мөн талийгаач маань Төрийн банканд 3,700,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсныг банканд төлнө. Цаашид нэхэмжлэх зүйл байвал бичгээр гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас);

6. Иргэний хариуцагч (нэхэмжлэгч) С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Булган Хөрс ХХК-д сүүлийн 4 жил менежерээр ажиллаж байна, манайх хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, манай бааз Ховд аймгийн Булган суманд байдаг, манайх ойролцоогоор 60 орчим том ачааны автомашинтай ихэвчлэн Хөшөөтийн нүүрсний уурхайн тээвэрт явдаг. Манай жолооч Н.Б нь манай компанид 10 гаруй жил жолоочоор ажиллаж байгаа, түүнд өөрт хариуцуулсан машин өгөөгүй байж байгаад, саяхан осол болохоос өмнө 50-27 ХОА дугаартай автомашин хариуцуулж өгсөн, гэтэл удаагүй осол болчихсон. Уг автомашиныг чиргүүлийн хамт миний санаж байгаагаар Ховд аймгийн Булган суманд бааз дээрээ энэ оны 5 дугаар сард байхаа хүлээлгэж өгсөн. Манай бааз дээр бол засварын ажилчид байгаа, ер нь бол бааз дээр машин засварладаг, жолооч нар засварчинтайгаа нийлээд л засчихдаг, тээвэрт жолооч гарсан үедээ машинд эвдрэл гарвал өөрөө машинаа засдаг, 50-27 ХОА дугаартай автомашин хэзээ ямар үйлчилгээ хийснийг мэдэхгүй байна, автомашины ашиглалтын дэвтэр гэж байхгүй, учир нь жолооч нар машиныг түрээсийн гэрээгээр машинуудыг авдаг тул өөрсдөө машины засвараа хариуцдаг, манайх жил бүр машинуудаа оношилгоонд оруулдаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 72 дугаар хуудас),

-“...Хавтаст хэрэгт авагдсан задлан шинжилгээ, хоёр автомашины үнэлгээ, оношилгооны болон техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, манай машин жолоочийн хариуцлагын даатгалтай даатгалаас гарсан мөнгийг өгнө, бусдыг нь байгууллагын удирдлагатай ярилцаж байгаад шийднэ...” гэсэн (хх-ийн 85 дугаар хуудас);

7. Иргэний нэхэмжлэгч Г.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би ослын талаар гэрчийн мэдүүлэгт болсон үйл явдлыг ярьсан, миний хувьд “Isuzu Cyz51k” загварын 97-24 БРА дугаартай автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэхээр нэхэмжлэгчээр оролцох гэж ирсэн. Би ажилчдад өглөө болгон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гэрэл ойлгогчтой хантааз, ажлын хувцас өмсгөж ажиллуулдаг, мөн хөндлөнгийн хяналтыг Зам тээврийн яамны бүс хариуцсан хяналтын инженер, зам тээврийн хөгжлийн төвийн бүс хариуцсан хяналтын инженер нар нь засвар хийж байгаа газруудыг байнга тойрч шалгаж хяналт тавьдаг учир аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, ажлын хувцастай үүрэг гүйцэтгүүлж, мөн жолооч нарт анхааруулсан зам засварын ажил хийгдэж байсан. Анхааруулга гэсэн тэмдэглэгээ бүхий зөөврийн тэмдгийг зам засвар хийж байгаа газрын эхлэх, төгсгөл хэсэгт тавьж ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 91 дүгээр хуудас);

8. Гэрч М.Мягмаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдөр 12 цаг 30 минутын орчим 52-н давааны 50км 300 метрийн заалтын зам дээр ажил гүйцэтгэж байх үедээ өөрийн байгууллагын “ISUZU” загварын 9724 БРА тээврийн хэрэгслийн баруун талын хаалгаар ороод суутал манай машины баруун талаар “FAW” загварын 5027 XOA улсын дугаартай машин шүргээд гарч явсан. Энэ машин шууд урагшаа зогсохгүй явсан. Тэгээд юу болов гээд хартал манай машины урд талийгаач Г.Мандахбаяр зам дээр нас барсан байдалтай машинд дайруулсан хэвтэж байсан. Дайрсан гэх машин нь чигээрээ уруудаад урагшаа яваад 1 км гаран яваад баруун эргээд зогссон. Тухайн үед би юу болов гэж бодоод их сандарсан байсан. “FAW” загварын 5027 ХОА тээврийн хэрэгсэл хурдаа хасахгүйгээр шууд уруудаад Улаанбаатар явах чиглэл рүү яваад зогссон. Тэгээд зам дээр ажиллаж байсан “ISUZU” загварын 9724 БРА машины баруун урд хаалга шүргэгдэж зурагдсан. Баруун талын толь хагарсан байдалтай байсан. Тэгээд араас нь манай ажлын машин очиж жолоочийг авчирсан. Би “FAW” загварын жолоочоос ямар нэгэн зүйл асуугаагүй. Манай Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ажилтан хариуцаж ажилладаг. Тухайн ажил хийж байсан газарт тэмдэг бол байхгүй байсан. Харин Зам хаасан түмп тавьсан байсан. Талбайн инженер хөдөлгөөнийг зохицуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 121 дүгээр хуудас);

9. Гэрч З.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдөр 12 цаг 30 минутын орчим 52-н давааны 50 км 300 метрийн заалтын зам дээр ажил гүйцэтгэж байх үед Улаанбаатар орох чиглэлийн урсгалд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд FAW загварын 50-27 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай дээрээс орж ирсэн, энэ үед би улаан модоор зогс гэж дохиод модоо өргөсөн. Энэ үед тухайн машин хурдаа сааруулахгүй байсан тул индүүчин болон өөрөө замаас гарч зогссон. Тэгээд дээрээс орж ирсэн машин манай зам дээр ажил хийж байсан “ISUZU” загварын 9724 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талаар дайрч орсон энэ үед зам дээр ажиллаж байсан хүмүүс замын баруун тал руу гарч байгаа харагдсан. Тэгээд “FAW” загварын 5027 ХОА тээврийн хэрэгсэл хурдаа хасахгүйгээр шууд уруудаад Улаанбаатар явах чиглэл рүү яваад өгсөн. Тэгээд зам дээр ажиллаж байсныг “ISUZU” загварын 9724 БРА машин дээр очиход баруун урд хаалга шүргэгдэж зурагдсан. Мөн баруун талын толь хагарсан байдалтай байсан. Тухайн машины урд хэсэгт зам дээр манай ажилтан Гомбо овогтой Мандахбаяр машинд дайруулсан байдалтай нас барсан байсан. Дайрсан гэх гэх FAW загварын 5027 ХОА тээврийн хэрэгсэл доошоо зогсохгүй явсаар 1 км гаран яваад баруун эргээд зогссон. Тэгээд араас нь манай ажлын машин очиж жолоочийг авч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 122 дугаар хуудас);

10. Гэрч Г.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би талийгаачийг танихгүй талийгаач ажилд ороод 2-3 хонож байсан. Би зам дээр асфальт буулгаж байсан талийгаач бусад ажилтан нартай миний машины ард асфальт буулгаж замын нөхөөс хийж байсан. Буруу талын толинд харсан чинь том машин миний буруу талаар ороод ирсэн миний хаалга толийг хамаад мөргөөд, урагшаагаа уруудаад хурдтай явсан. Арын 2 дугуйны завсар хүн өнхөрч явсан миний машины урд шидэгдсэн тэгээд газар дээрээ нас барсан байдалтай байсан. Манайх зам дээр бүх тэмдэг тэмдэглэгээ тавьсан дүрмийн дагуу ажиллаа хийж байсан. Зам дээр 10 гаруй хүн ажиллаж байсан, машины ард талд байсан ажилчид араас том машин ороод ирэхийг хараад зугтаарай, холдоорой гээд бүгдээрээ л зугтаасан гэсэн, гэтэл талийгаач зугтааж амжаагүй юм шиг байна, өөр бэртсэн хүн байхгүй. Тэр автомашин миний автомашины ард байсан тэмдгийг мөргөөд, цаашаа яваад миний машиныг мөргөөд, цааш 1 км яваад зогссон...” (хх-ийн 123 дугаар хуудас);

11. Гэрч А.Алтангадасын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Багануур АЗЗА төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 10 дугаар сарын 01-ээс хойш ажиллаж байна. Манайх Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн Улсын чанартай А0501 чиглэлийн 34 дэх км-ээс 177 дэх км хүртэлх хатуу хучилттай замыг хариуцаж засвар үйлчилгээг хийдэг, манайх график хугацаандаа хийж гүйцэтгэх ажлаа хийсэн байсан. Тэр үед буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянчандмань АЗЗА-гийн хариуцан ажилладаг газарт Улсын баяр наадмаас өмнө замын нөхөөсийг хийж гүйцэтгэж амжихгүй байна гээд манайх болон Эрдэнэсант АЗЗА, Налайх АЗЗА мөн өөр 2 компани туслан гүйцэтгэгчээр орж замыг тус бүртээ хуваарилан авч нөхөөсний ажил хийж гүйцэтгэж байсан. Манай байгууллагын хувьд Улаанбаатараас Дархан чиглэлийн 46 км-ээс 52 дэх км-ийн хооронд 10 км газарт 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр ажиллаж байсан. Ажил аваад 5 дахь хоног буюу 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр манай ажилчид ажлаа гүйцэтгэж байхад ачааны том машин тоормосгүй орж ирээд ажил үүрэг гүйцэтгэж байсан талийгаач Г.Мандахбаярыг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан. Манайх зам засварын ажил хийж гүйцэтгэхдээ байнга Замын хөдөлгөөний дүрмийн 1.20 тэмдэг (зам засварын ажил хийж байна) гэсэн тэмдэг, доод талд нь км-ийн зайг бичиж тэмдэглэсэн зөөврийн тэмдэг байрлуулдаг, мөн яг засвар хийж байгаа газартаа хуванцар түмп байрлуулж, ажилчид гэрэл ойлгодог хантааз, ажлын хувцастай үүрэг гүйцэтгэж байсан. Мөн засварын ажил хийж байгаа замын 2 талд улаан дохиур мод гартаа барьсан 2 хүн замын хөдөлгөөнийг давхар зохицуулж байсан, яг осол болох үед манай ерөнхий инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, талбайн инженер үүрэг гүйцэтгэж байсан, манай инженерүүд бол ажлын хувцас нь цагаан, гэрэл ойлгогчтой хувцастай, зам засаж байгаа ажилчид шар цэнхэр гэрэл ойлгогчтой хувцастай, мөн туслах ажилчид шар ногоон гэрэл ойлгогчтой хантаазтай үүрэг гүйцэтгэж байсан. Ер нь зам засварын ажил гүйцэтгэж байх үед зайлшгүй Зам тээврийн яамны бүс хариуцсан хяналтын инженер, зам тээврийн хөгжлийн төвийн бүс хариуцсан хяналтын инженер нар нь засвар хийж байгаа газруудыг байнга тойрч шалгаж байдаг, мөн тэр үед Баянчандмань АЗЗА-гийн хариуцсан нийт 157 км замд Улсын инженер нар нь байнга тойрч засварын ажилд хяналт шалгалт хийж байсан. Би засварын ажил хэвийн гүйцэтгэж байсан талаарх баримттай фото зураг хавсаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 124-125 дугаар хуудас);

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1541 дугаартай: “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дээд уруулын дунд хэсгээс дагзны хэсэг хүрсэн шархтай, тархины эд, хоёр алим нүдний үгүй болсон, нүүр, гавлын орой, суурь яснууд олон хэсэг болж салж үйрсэн хугарал, баруун 1-10, зүүн 2-6 дугаар хавирганы хугарал, баруун цавины шарх, их бие мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх оношинд дурдагдсан гэмтлийн улмаас нас барсан болно. Талийгаачийн нас барсан хугацааг цогцост анх үзлэг хийхэд тогтоогдог болно. Талийгаач нь АВО системээр АВ (IV) бүлийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна...” гэсэн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт (хх-ийн 129-130 дугаар хуудас);

13. Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 53948 дугаартай: “...буфер баруун урд тал нь эвдэрч хагарсан (тал нь байхгүй), урд салхины шил хагарсан, баруун талын хонхойсон, баруун талын их гэрэл ажиллахгүй,чиргүүлийн баруун дохионы гэрэл ажиллахгүй, зүүн  тоормосны гэрэл ажиллахгүй, тос гоожилттой, баруун дохионы гэрэл ажиллахгүй, зүүн тоормосны гэрэл ажиллахгүй, тос гоожилттой, баруун талын түлшний сав хонхойсон, хаазны дөрөө хэвийн бус ажиллагаатай...” гэсэн дүгнэлт (хх-ийн 147-148 дугаар хуудас);

14. Техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 598 дугаартай: Н.Б нь FAW-CA4226 загварын 50-27 ХОА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн...” гэсэн дүгнэлт (хх-ийн 162-163 дугаар хуудас);

15. Замын цагдаагийн алба (шинэ нэрээр Тээврийн цагдаагийн алба)-ны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 06-15 дугаар хуудас);

16. “Булган хөрс” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй FAW CA4226 загварын 50-27 ХОА улсын дугаартай автомашиныг битүүмжилж, хадгалах хамгаалах үүрэг хүлээлгэсэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 17930-31 дүгээр хуудас);

17. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 4865 дугаартай “Багануур АЗЗА” ТӨХК-ийн “ISUZU CYZ51k” загварын 9724 БРА улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 933,500 төгрөгөөр тодорхойлсон” лавлагаа (хх-ийн 142 дугаар хуудас);

18. “ВЕНДО” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21076 дугаартай “Булган хөрс” ХХК-ийн “Faw CA4226” загварын 5027 ХОА улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 1,901,700 төгрөгөөр тодорхойлсон” лавлагаа (хх-ийн 138 дугаар хуудас);

19. Шүүгдэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 180 дугаар хуудас), согтууруулах ундаа хэрэглээгүй байсан талаарх согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 22 дугаар хуудас), мөн урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас (хх-ийн 179 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь  “Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 53948 дугаартай дүгнэлт (хх-ийн 147-148), Техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 598 дугаартай дүгнэлт (хх-ийн 162-163), Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 06-15)-ээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Г.Мандахбаяр нь хүнд даацын тээврийн хэрэгсэлд дайруулж нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1541 дугаартай: “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дээд уруулын дунд хэсгээс дагзны хэсэг хүрсэн шархтай, тархины эд, хоёр алим нүдний үгүй болсон, нүүр, гавлын орой, суурь яснууд олон хэсэг болж салж үйрсэн хугарал, баруун 1-10, зүүн 2-6 дугаар хавирганы хугарал, баруун цавины шарх, их бие мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх оношинд дурдагдсан гэмтлийн улмаас нас барсан болно...” гэсэн задлан шинжилгээний дүгнэлт (хх-ийн 129-130), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-19), Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 06-15)-ээр эргэлзээгүй нотлогдов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь насанд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Г.Мандахбаярын амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагавар болох оршуулгын зардал болон бусад гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч Н.Б-ийн замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б нь хүнд даацын тээврийн хэрэгслийн чиргүүлийн тоормосыг салгаж, зөвхөн толгойн тоормосоор буюу бүрэн бус тоормосны механизмтай замын хөдөлгөөнд оролцож, улмаар зогсоох арга хэмжээ авч чадаагүй нь уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Н.Б-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...Н.Б нь “Булган хөрс” ХХК-д түрээсийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд тус гэрээнд осол гэмтэл гаргасан тохиолдолд түрээслэгч өөрөө бүрэн хариуцах талаар тодорхой заасан. Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг “Булган хөрс” ХХК тодорхой хэмжээгээр төлсөн байдаг. Иймд тухайн хэрэгтэй холбоотой хохирол төлбөрөө шүүгдэгч Н.Б-өөс иргэний журмаар тусдаа нэхэмжлэх болно. Энэ иргэний хариуцагч нь шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б-өөс нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж хуульчилсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Ц.М амь хохирогчийг оршуулсан зардал болон бусад гэм хорыг нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч Н.Б-ийн жолоодож явсан “FAW CA4226” загварын 50-27 ХОА улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь “Булган Хөрс” ХХК-ийн өмч болох нь 01822804, 01555163 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр нотлогдон тогтоогдсон (талууд энэ талаар маргаагүй) тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь ... гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хүний амь нас хохирсон хохирлын үр дагавар болох хор уршиг, гэм хорыг “Булган Хөрс” ХХК хариуцан төлөх үүрэгтэй.

Энэ хэргийн амь хохирогч Г.Мандахбаярыг оршуулахтай холбоотой зардлын баримтыг шүүж үзвэл нийт 9,730,270 төгрөг байх бөгөөд шүүгдэгч болон иргэний хариуцагч нар шүүх хуралдаанаас өмнө нийт 9,000,000 төгрөг нөхөн төлсөн талаарх баримтаа шүүх хуралдаанд гаргаж, шинжлэн судалсан тул төлөгдсөн төлбөрийг хасаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Булган хөрс” ХХК-аас 730,270 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Ц.М-д олгох нь зүйтэй.

Хавтаст хэргийн 142 дугаар хуудсанд авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар энэ хэргийн улмаас “Багануур АЗЗА” ТӨХК-ийн өмч болох “ISUZU CYZ51K” загварын ачааны автомашинд нийт 933,500 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Булган Хөрс” ХХК-аас 933,5000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Багануур АЗЗА” ТӨХК-д олгох үндэслэлтэй байна.

Амь хохирогч Г.Мандахбаярын цалингийн зээлийн үлдэгдэл болох 3,700,000 төгрөгийн тооцоог нотлох баримтад үндэслэн тодорхой гаргах бололцоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэлгүй орхиж, Иргэний хуулийн 499, 508 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь өмгөөлөгч сонгон авах эрхээ эдэлж, өөрийн сайн дураар өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцааны гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн хөлс төлснийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 01555163, 01822804 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн өмчлөгч “Булган хөрс” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хэрэгт хураагдсан жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч байгууллагад буцаан олгож, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс хорих ялын хугацааг тоолох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ хэрэг гарсан шалтгаан нь тээврийн хэрэгсэл бүрэн бус байсантай холбоотой бөгөөд энэ талаар маргах зүйлгүй байна. “Булган хөрс” ХХК нь автомашинаа түрээсийн гэрээгээр бусдад шилжүүлсэн боловч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой байсан. Мөн “Багануур АЗЗА” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж тэмдэг тэмдэглээг бүрэн бүтэн байрлуулах байсан. Тэгэхээр “Багануур АЗЗА” ХХК нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр биш иргэний хариуцагчаар тогтоогдох байсан юм. Гэхдээ энэ хэргийн улмаас хүний амь хохирсон байгаа тул хохирол төлбөртэй холбоотой маргах зүйл байхгүй. Тиймээс төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас бий болсон үр дагаврыг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохистой эсэхийг дүгнэж шийдвэрлэх нь зүйн хэрэг.

Иймд шүүгдэгч Н.Б нь хүнд даацын тээврийн хэрэгслийн тоормосны механизм ажиллахгүй болсон үед чиргүүлийн тоормосыг салгаж, бүрэн бус буюу зөвхөн толгойн тоормостой хөдөлгөөнөө үргэлжлүүлж, улмаар ажил үүргээ гүйцэтгэж байсан зам засварын ажилчны амь насыг хохироосон, нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт нийт 12 (арван хоёр) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хугацааг түүний эдлэх хорих ялд нь оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б, иргэний хариуцагч С.О нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д 9,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний 339030 дугаартай В, С, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад хүргүүлж, шүүгдэгч Н.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Н.Б-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн цагдан хоригдсон 12 (арван хоёр) хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б болон иргэний хариуцагч “Булган Хөрс” ХХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д 9,000,000 (есөн сая) төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хариуцагч “Булган Хөрс” ХХК-аас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар 730,270 (долоон зуун гучин мянга хоёр зуун дал) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 933,500 (есөн зуун гучин гурван мянга таван зуу) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Багануур АЗЗА” ТӨХК-д тус тус олгосугай.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор гэх 3,700,000 (гурван сая долоон зуун мянга) төгрөгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, түүний нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс болох 2,000,000 (хоёр сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8.Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 01555163, 01822804 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч “Булган хөрс” ХХК-д буцаан олгосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний 339030 дугаартай В, С, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад хүргүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА