| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2015/0014/З |
| Дугаар | 0002 |
| Огноо | 2016-01-15 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 0002
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган сумын иргэн М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Боловсрол соёлын газрын дарга Д.Цогоо, Биеийн тамир спортын газрын дарга А.Ханддорж нарт холбогдох
“Боловсрол соёлын газрын соёлын өв хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах”
“Биеийн тамир спортын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2015/0014/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Д.Цогоо, А.Ханддорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Соёл, спорт, аялал жуулчлалын газарт соёлын өв хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус газрын даргын тушаалаар томилогдон ажилласан юм. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүргийнх нь дагуу холбогдох газарт нь шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ үндэслэлээр намайг чиг үүргийнх нь дагуу аймгийн Боловсрол, соёлын газарт шилжүүлэн ажиллуулахаар тус газрын даргын тушаал гарсан. Ингээд тушаалаа аваад Боловсрол, соёлын газрын даргатай очиж уулзахад манай байгууллагын бүтцэд соёлын асуудал хариуцсан 2 хүний орон тоо, цалингийн сан байхгүй гээд шилжүүлэн аваагүй. Тухайн үед энэ байдлыг аймгийн Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга нартай уулзаж ажил байдлыг танилцуулсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Миний бие нь 3 дугаар сарын 23-наас хойш ажилд орох гэж өнөөдрийг хүртэл хөөцөлдөж байгаа боловч хуучин ажил ч үгүй, шинэ ажил ч үгүй ямар нэг тэтгэмж авалгүй хохирч байна. Иймд Биеийн тамир спортын газраас намайг шилжүүлэхдээ цалингийн санг хамт шилжүүлээгүй тул уг газраас 2015 оны 3 дугаар сарын 23-наас хойшхи цалинг гаргуулах, Боловсрол соёлын газар шилжүүлэн аваагүй үйлдэлтэй холбоотой тул уг Боловсрол, соёлын газарт ажилд томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь 2009 онд төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагч байгаа. Яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуул гэсэн Засгийн газрын тогтоол гарч, чиг үүргийнхээ дагуу Боловсрол соёлын газар руу шилжсэн байдаг. Анх Биеийн тамир, спортын газраас шилжүүлэхдээ харилцан зөвшилцөөгүй буруу шийдвэр гаргаж төрийн албан хаагчийг хохироосон байгаа. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалинг Биеийн тамир, спортын газраас нэхэмжилж байгаа. Харин төрийн жинхэнэ албан хаагчийг чиг үүргийнх нь дагуу шилжүүл гэсний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын газар тарахад тухайн байгууллагад соёлын өвийн мэргэжилтнээр ажиллаж байсан хүнийг соёлын чиглэлээр нь Боловсрол, соёлын газар руу шилжүүлсэн байхад аймгийн Боловсрол, соёлын газар энэ хүнийг ажилд авахгүй буруутай үйлдэл байгаа тул ажилд томилохыг даалгах нь зүйтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасанчлан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг албан тушаалд нь үргэлжлүүэн ажиллуулах, хэрвээ орон тоо нь цөөрсөн бол шалгаруулж авна гэснийг Боловсрол, соёлын газрын дарга хэрэгжүүлээгүй нь буруу юм. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаагүй байдаг. Нэгэнт чиг үүргийн дагуу шилжүүл гэсэн учраас нэхэмжлэгчийг шилжүүлсэн байгаа.” гэв.
Хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д.Цогоо шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар тогтоол, түүнд нийцүүлэн гаргасан аймгийн Засаг даргын 2015 оны А/42 дугаар захирамжаар Боловсролын газрыг Боловсрол, соёлын газар болгон өөрчилсөн. Үүний дагуу Боловсрол, соёл шинжлэн ухааны сайдын 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1а/1369 тоот албан бичгээр аймгийн Боловсролын газарт зөвхөн соёлын арга зүйчийн нэг орон тоо болон цалингийн сан нэмэгдэж байгаа болно гэсэн чиглэл ирүүлсэн. Аймгийн Засаг даргын А/42 дугаар захирамжаар Соёл, спорт, аялал жуулчлалын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнийг чиг үүргийн дагуу тус газарт шилжүүлэхээр үүрэг болгосныг хэрэгжүүлэн хуучин манайд ажиллаж байгаад очсон Б.Батжаргалыг томилон ажиллуулж байгаа. Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамжаар соёлын асуудал хариуцсан мэргэжилтнийг чиг үүргийн дагуу шилжүүл гэсэн байгаа. Соёлын өв, аялал жуулчлалын мэргэжилтэн гэсэн орон тоог шилжүүлэх тухай ямар ч заалт байхгүй. Энэ хоёр албан тушаалыг нэг чиг үүрэгтэй гэж үзэж болохгүй. Учир нь соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, соёлын өв хариуцсан мэргэжилтэн хоёр чинь шал хоёр өөр чиг үүрэгтэй мэргэжил юм. Тэгээд ч соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага нь Соёл урлагийн их сургууль төгссөн, бакалавр зэрэгтэй хүн байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь Багшийн их сургууль төгссөн, багш мэргэжилтэй хүн. Яагаад ч соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр наад захын тавигдах шаардлага хангахгүй. Тэгээд ч манайд соёлын асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоо л нэмэгдсэн. Соёлын өв хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй. Соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр хуучин манай байгууллагад ажиллаж байгаад Соёл, спорт, аялал жуулчлалын газар үүсэхэд чиг үүргийнхээ дагуу явсан хүнийг эргүүлээд авсан. Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр ажиллаж байгаагүй, энэ орон тоо цөөрөөгүй байхад шалгаруулалт явуулах шаардлага байхгүй. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын газар татан буугдахад нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо байхгүй болсон учраас анхнаасаа өөр ажилд томилогдох эсвэл тэтгэмжээ авах асуудал яригдах байсан байх. Тэгээд ч төрийн байгууллага өөрчлөн байгуулагдах үед ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлж, дахин томилгоо хийдэг учиртай. Гэтэл Биеийн тамир, спортын газрын дарга манай байгууллагад захиран тушаах шинжтэйгээр нэг ажилтныг шууд шилжүүлж, манай байгууллага түүнийг томилно гэсэн ойлголт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.
Хариуцагч Биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын газрыг татан буулгаж Соёл, спорт, аялал жуулчлалын газар болгон бүтэц орон тоонд өөрчлөлт оруулан, Аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/253 дугаар захирамжаар Байгаль орчин, Боловсрол соёлын газраас 2 мэргэжилтэн шилжин ирж ажилласан. 2014 оноос Биеийн тамир, спортын газрын 22 орон тоон дээр соёлын 1, аялалын 1 орон тоо нэмэгдэж, нийт 24 орон тоотойгоор тус газар нь үйл ажиллагаа явуулж байсан байна. М.Эрдэнэчимэгийг томилохдоо аялал жуулчлалын мэргэжилтний орон тоон дээр ажиллуулах урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахад мэргэжил тохирохгүй гэсэн дүгнэлт гарч байсан байна. Тухайн үед аймгийн Засаг даргатай зөвшилцөн ССАЖЯамнаас соёлын өвийн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр Мэргэжлийн хяналтын газрын соёлын өвийн улсын байцаагч цалингийн төсөвтэйгээ 2015 онд шилжин очно гэсний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/45 тоот тушаалаар М.Эрдэнэчимэгийг соёлын өв, аялал жуулчлалын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр түр 3 сарын хугацаагаар томилуулан ажиллуулж байсан байна. Ингээд бүтэц орон тоонд өөрчлөлт орж чиг үүргийнх нь дагуу соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнг Боловсрол соёлын газарт, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэнг Байгаль орчны газарт тус тус харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу М.Эрдэнэчимэгийг Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёлын газар хоёрын аль руу нь шилжүүлэн ажиллуулах вэ гэж өөрөөс нь асууж зөвшилцсөний үндсэн дээр Боловсрол соёлын газар руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Ер нь соёлын өв хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй байсан. 2015 оны 1 сараас энэ орон тоо батлагдах ёстой байтал М.Эрдэнэчимэгийг 2015 онд 3 сар чөлөөтэй байсан хүний оронд ажиллуулж цалинжуулж байсан. Түүнээс биш соёлын өв хариуцсан мэргэжилтний орон тоо байгаагүй. Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгээс Булган аймгийн Боловсрол соёлын газрын даргад холбогдуулан “Соёлын өв хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах”, Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан “2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар тус шүүхийн харъяаллын маргаанд хамаарч байна.
Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандан, уг зөвлөлөөс маргааныг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 182 тоот албан бичгээр хариу өгсөн байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа “Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж, аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газарт ажиллаж байсан соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнг чиг үүргийнх нь дагуу аймгийн Боловсрол, соёлын газарт шилжүүлсэн учир соёлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Боловсрол, соёлын газарт даалгах, Биеийн тамир, спортын газраас Боловсрол, соёлын газарт шилжүүлэхдээ хуульд заасны дагуу харилцан зөвшилцөөгүй буруу шийдвэр гаргаж хохирол учруулсан тул 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин, хөлсийг Биеийн тамир, спортын газраас гаргуулах” гэж тодорхойлжээ.
Хариуцагч Боловсрол, соёлын газрын дарга Д.Цогоогоос “Соёл, спорт, аялал жуулчлалын газар татан буугдаж, үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас соёлын асуудал хариуцсан нэг мэргэжилтэнг чиг үүргийнх нь дагуу шилжүүлэн ав гэснээр Б.Батжаргалыг соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр авч ажиллуулсан. Соёлын өв хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдээгүй учир энэ орон тоон дээр ажиллаж байсан хүнийг авах шаардлагагүй” гэж,
Хариуцагч Биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддоржоос “Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь соёлын өв, аялал жуулчлалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр түр ажиллаж байсан ба 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс энэ ажлын байр байхгүй болсон. Анх манайд ажилд орох үед хүний нөөц хариуцсан ажилтан Гантунгалаг цалингүй жилийн чөлөө авсан, түүний цалингийн сан байсан учир М.Эрдэнэчимэгийг түр хугацаагаар томилж ажиллуулсан байдаг. Соёл, спорт, аялал жуулчлалын газар татан буугдсанаас хойш нэхэмжлэгчийг 3 сарын хугацаанд цалинжуулаад ажиллуулж байсан. Нэхэмжлэгч Боловсрол, соёлын газар руу шилжин ажиллах хүсэлт тавьсны дагуу тус газар руу түүнийг шилжүүлсэн тушаал гарсан байгаа учир тушаал гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг манай байгууллага төлөх үндэслэлгүй” гэж тайлбар гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болон хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэг. Боловсрол, соёлын газрын даргад холбогдуулан гаргасан “Боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь Булган аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар “соёлын өв, аялал жуулчлалын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Биеийн тамир, спортын газрын даргын Б/01 тоот тушаалаар Боловсрол, соёлын газарт шилжүүлснээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /ХХ-ийн 8, 10 дугаар тал/
Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоолоор аймгийн “Боловсрол, соёлын газрыг Боловсролын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг Байгаль орчны газар, Биеийн тамир, спортын газрыг Соёл, спорт, аялал жуулчлалын газар болгон өөрчилсөн байх ба аймгийн Засаг даргаас аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/452 дугаар захирамжаар баталжээ. Тус захирамжийн хоёрдугаар хавсралтад Соёл, спорт, аялал жуулчлалын газарт “Захиргаа, аж ахуйн алба, Соёл урлаг, аялал жуулчлалын алба, Биеийн тамир спортын алба байхаар заасан байх ба Соёл урлаг, аялал жуулчлалын албанд “соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн -1, урлаг хариуцсан мэргэжилтэн -1, соёлын өвийн мэргэжилтэн -1, соёлын өвийн улсын байцаагч -1, аялал жуулчлалын мэргэжилтэн -2” байхаар тогтоосон байна. Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь аймгийн Засаг даргад “Соёл, спорт, аялал жуулчлалын газар”-т мэргэжилтнээр ажиллах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, аймгийн Засаг дарга Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Булган аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/45 дугаар тушаал гарч, нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь Соёл, спорт, аялал жуулчлалын газрын “Соёлын өв, аялал жуулчлалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн” -ээр 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс томилогджээ. /ХХ-ийн 70, 71 дүгээр тал/
Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 382 дугаар “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, тус яамны соёлын чиг үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд, аялал жуулчлалын чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд харьяалуулан яамдын бүтэц, орон тоог шинэчлэн батласан байна. Мөн тогтоолын 8-д “Татан буугдаж байгаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамны холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу хамаарах яаманд шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд болон Төрийн өмчийн хороонд тус тус даалгасугай” гэжээ. Үүнтэй уялдан 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 8 дугаар тогтоол гарч, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг татан буулгаж, тухайн байгууллагад ажиллаж байсан соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн болон аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг холбогдох байгууллагууд руу шилжүүлж ажиллуулахаар байгууллагын даргын шийдвэр гарчээ. Уг шийдвэрийн дагуу соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батжаргалыг Боловсрол, соёлын газарт, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчимэгийг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус шилжүүлсэн байна. /ХХ-ийн 96, 97 дугаар тал/
Иргэн Б.Батжаргал, Ц.Ганчимэг нар нь аймгийн Засаг даргын А/293 дугаар захирамжийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын газарт шилжин ирсэн байх ба нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь аймгийн Засаг даргын А/452 дугаар захирамжийн дагуу шинээр бий болсон “Соёлын өв хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоон дээр ажиллаж байжээ. /ХХ-ийн 57, 59, 61, 85, 93, 94, 95 дугаар тал/
Засгийн газрын 382 дугаар тогтоолын дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын газар татан буугдахад соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнг Боловсрол соёлын газарт шилжүүлэхдээ “соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн”, “соёлын өв, аялал жуулчлалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн” хоёрыг Боловсрол соёлын газарт шилжүүлсэн боловч соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батжаргалыг 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс шилжүүлсэн тушаал гаргасан атлаа соёлын өв, аялал жуулчлалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэчимэгийг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс өөрөөр хэлбэл Соёл, спорт, аялал жуулчлалын газар татан буугдсанаас хойш Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нь Соёл, спорт, аялал жуулчлалын газарт соёлын чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалд ажиллаж байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн нэхэмжлэгчийг анх аялал жуулчлалын мэргэжилтнээр томилохоор түүний хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн хянуулахад “нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын аялал, жуулчлалын мэргэжилтэй байх гэснийг хангаагүй” гэсэн хариуг ирүүлсэн байхад Соёл, спорт, аялал жуулчлалын газрын “Соёлын өв, аялал жуулчлалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон шийдвэр гаргасан боловч Соёл, спорт, аялал жуулчлалын газар татан буугдаж, байгууллага өөрчлөн байгуулагдсан үндэслэлээр өөр байгууллага руу шилжүүлсэн тушаалаа “Соёлын өв хариуцсан мэргэжилтэн” гэж гаргасан нь ойлгомжгүй байна. /ХХ-ийн 49, 50, 51 дүгээр тал/
Дээрх тушаалуудаас харахад нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийг анх соёлын өв, аялал жуулчлалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоон дээр томилох үед аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газарт “соёлын өвийн мэргэжилтэн”-ий орон тоо, цалингийн сан байхгүй байсан ба аялал жуулчлалын мэргэжилтний ажил үүргийг давхар хариуцуулан тушаал гаргаж чөлөөтэй байсан хүний цалингийн сангаас цалинжуулж байсан нь хариуцагч А.Ханддорж болон гэрч Д.Эрдэнэбат, Г.Болормаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /ХХ-ийн 46-47, 73-74 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан баталгаагаар хангагдах ёстой гэж маргаж байгаа боловч соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, соёлын өв, аялал жуулчлал сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажиллах чиг үүрэг нь өөр байгаа тул дээрх хоёр мэргэжилтний албан тушаалыг хамтад нь соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн гэж үзэх боломжгүй. Учир нь Соёлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “”соёлын үйл ажиллагаа” гэдэгт соёлын үнэт зүйлийг бүтээх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой дараахь үйл ажиллагаа хамаарна” гэж тодорхойлсон ба Соёлын өвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг” хэлнэ гэж тодорхойлжээ. Дээрх хуулийн заалтаас харахад “соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, соёлын өв хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг өөр, өөр байхаар зохицуулжээ. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг гэрээний 5.11-д “Ажилтны эрхлэх ажил, мэргэжлийн онцлогтой холбогдох зарим үүрэг, хариуцлагад 1.ССАЖГазрын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган газрын даргаар батлуулан хэрэгжилтийг сар улирал, жилээр дүгнүүлэн ажиллана, 2. Бүтээмж инновацийн жилийн аяны хүрээнд шинэлэг санаа, шинэ ажлыг санаачлан ажилласан байх, 3. Яам, аймаг газрын удирдлагаас ирсэн албан бичгийн хариуг хугацаанд нь шийдвэрлэж өгсөн үүрэг даалгаварыг чанартай сайн биелүүлж хариуцлагаа ухамсарлан хамт олноо манлайлан ажиллана” гэж зааснаас харахад нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн ажил үүргийн хуваарьт соёлын асуудал хариуцан ажиллах чиг үүрэг байхгүй байсан өөрөөр хэлбэл соёлын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээгээгүй гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн А/42 тоот захирамжийн 2 дахь заалтанд соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чиг үүргийн дагуу Боловсрол, соёлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулахыг үүрэг болгосон ба соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батжаргалыг Боловсрол, соёлын газарт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Соёлын өв, аялал жуулчлалын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо байгууллага өөрчлөн байгууллагдахад хасагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтаар төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаагаар хангагдах боломжтой байжээ. Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн байх ба нэхэмжлэгч соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр ажиллаж байсан бол чиг үүргийнхээ дагуу Боловсрол, соёлын газарт шилжин ажиллаж болох ба уг байгууллагад илүү орон тоо байхгүй бол дээрх албан тушаалд мэргэжилтэн Б.Батжаргал, М.Эрдэнэчимэг нарын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангаж байгааг харгалзан мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг шалгаруулах боломж Боловсрол, соёлын газарт байжээ. Иймд нэхэмжлэгчийн “соёлын өв хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Боловсрол, соёлын газрын дарга Д.Цогоод даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хоёр. Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан гаргасан “2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Биеийн тамир, спортын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 тоот тушаалд нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Боловсрол, соёлын газарт шилжүүлжээ. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэжээ. Хуулийн дээрх заалт нь зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан ажил олгогчийн зүгээс ажилтантай харилцан тохиролцохоос гадна шилжүүлэн авах гэж буй байгууллагатай тохирсны үндсэн дээр ажилтанг тодорхой хугацаагаар өөр байгууллага руу шилжүүлэн ажиллуулахыг ойлгох боловч эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан ажилтныг өөр байгууллага руу шилжүүлэхэд баримталсан байх ба “соёлын өв хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалыг Боловсрол, соёлын газарт шилжүүлэхээр тушаалд заажээ. Уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй ба дээрх тушаал хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлснээр нэхэмжлэгч нь Биеийн тамир, спортын газартай хийсэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “төрийн жинхэнэ албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь буруу үр дүнгийн гэрээ байгуулах ёстой байсан атал Соёл, спорт, аялал жуулчлалын дарга үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан” гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг Төрийн жинхэнэ албан хаагч ажил олгогчоос шаардах эрхтэй” гэж заасны дагуу ажиллаж байх хугацаандаа ажил олгогчоос ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ байгуулахыг шаардах эрхтэй атал энэ эрхээ эдлэлгүй ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсныг ажил олгогчийн буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Биеийн тамир, спортын газар нь нэхэмжлэгчийг өөр байгууллагад шилжүүлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноор нэхэмжлэгчийн тус байгууллагад хөдөлмөрлөх харилцаа дуусчээ. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан байх ба нэхэмжлэгч болон Биеийн тамир, спортын газрын хооронд үүссэн хөдөлмөрлөх харилцаа дуусгавар болсноор нэхэмжлэгчид олгох цалин хөлс зогссон тул 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Биеийн тамир, спортын газраас гаргуулах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн Булган аймгийн Боловсрол соёлын газрын даргад холбогдуулан “Соёлын өв хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах”, Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан “2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 71, 72 дугаар зүйлүүдийг удирдлага болгонТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ