Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 118/2019/0002/з |
Дугаар | 221/МА2019/0240 |
Огноо | 2019-05-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2019/0240
Ц.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ц.С-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Албан тушаал бууруулж, өөр ажилд томилон ажиллуулах тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.С-г Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.С-ийн ажилгүй байсан болон бага цалинтай ажил эрхэлж байсан хугацааны цалин хөлсний зөрүү болох 5291307 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмаар тооцон, зохих бичилтийг хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-ийн шүүхэд хандахад гарсан зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Алтантуяа давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны ,5 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр Ц.С-г буцаан ажиллуул гэсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б/17 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон боловч ажлаа шалтгаангүйгээр таслан ирээгүй учир 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б/19 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
...Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоол гарч, түүнийг эс зөвшөөрч шүүхэд хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй тул 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр хүчингүй болсон байдаг. Нэгэнт хүчингүй болсон буюу үйлчлэлгүй болсон захиргааны актыг дахин хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар, эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь ойлгомжгүй байна.
...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.С-г Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас бууруулж, хөдөө, аж ахуйн гэрээт ажилтнаар томилжээ.
Нэхэмжлэгчээс “Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Төрийн албаны зөвлөлөөс Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгосон байхад хариуцагч ажилд томилохгүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн тул шүүхэд хандсан. ...тус албан тушаалд малын их эмч байх ёстой гэсэн шаардлага тавигдахгүй” гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Ц.С нь улсын байцаагчийн эрхгүй, малын их эмч байх шаардлагыг хангаагүй, ... Төрийн албаны салбар зөвлөл буруу шийдвэр гаргасан байна, буцааж ажиллуул гэсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ажилд нь эгүүлж томилсон боловч ажлаа шалтгаангүйгээр таслан ирээгүй учир 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй”, 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/07 дугаар тушаалыг илт хууль бус шийдвэр болохыг тогтоосон, энэхүү тогтоол хүчин төгөлдөр байна.
Гэтэл анхан шатны шүүхээс нэгэнт илт хууль бусд тооцогдож, эрх зүйн үйлчлэлгүй болсон актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу, тодруулбал маргаан бүхий тушаалыг Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс илт хууль бус болохыг тогтоосноор тухайн акт огт үйлчлэлгүй, эрх зүйн үр дагаваргүй болсон байхад шүүхээс Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг дахин хүчингүй болгох боломжгүй, үүний үр дүнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд тухайн актын эрх зүйн үйлчлэл дуусаагүй буюу үргэлжилж байхыг шаардах бөгөөд эрх зүйн үйлчлэлтэй актыг л хүчингүй болгохоос биш үйлчлэлгүй болсон актыг хүчингүй болгох ойлголт байхгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч Ц.С-гаас эрх зүйн үр дагаваргүй болсон актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байх боловч шүүхээр эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж буйгаа нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хариуцагч биелүүлэхгүй байгаа, өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна...” хэмээн тайлбарлан маргасан байна.
Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай.
Гэхдээ дээр дурдсанчлан эрх зүйн үйлчлэлгүй болсон актыг хүчингүй болгуулахаар маргаж буй нь энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэх бөгөөд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа болохыг тодруулалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасныг зөрчжээ.
Хэрэгт авагдсан Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.С-г 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилсон, харин 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар түүнийг тодорхой шалтгаангүйгээр ажлаа таслан ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгчээс уг тушаалуудыг хуурамчаар үйлдсэн гэж маргаж байх боловч хуурамч эсхүл хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоосон ямар нэг шийдвэр байхгүй, хүчинтэй байсаар байгаа энэ тохиолдолд тухайн тушаалуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байх юм. Хариуцагчаас дээрх тушаалуудыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж үзэхээр үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байх хэдий ч энэхүү нөхцөл байдлыг шалгаж, нэхэмжлэгч уг тушаалтай маргах эсэхийг тодруулах нь зүйтэй.
Учир нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэл хангагдсан ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан зорилго биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэхээр байна.
Мөн нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор маргаж байгаатай холбогдуулан шүүхээс дараах зүйлийг тодруулах нь зүйтэй.
Хариуцагчаас “...Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд малын их эмч мэргэжилтэй, улсын байцаагчийн эрхтэй хүн ажиллах ёстой” гэж тайлбарлаж байх тул энэ талаар шалгаж, тухайн албан тушаалд заавал улсын байцаагчид тавигдах шалгуурыг хангасан, байцаагчийн эрхтэй этгээд ажиллах ёстой гэж тогтоосон хаанаас баталсан, ямар тушаал, шийдвэр байдаг болохыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Хэрэгт мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байрны 2 өөр тодорхойлолт авагдсан байх бөгөөд аль ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгчийг ажилд томилогдох үед мөрдөгдөж байсныг мөн тодруулж, дээрх нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх боломж бүрдэхээр байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН