| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0013/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 27
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, улсын яллагч Р.Очирсүрэн, хохирогч Б.Л, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Ц.Н-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04919 1445 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овогт Ц.Н, Монгол Улсын иргэн, .....өдөр Дундговь аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Улсын гуравдугаар төв эмнэлэгт үйлчилгээний ажилтай, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт .....тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны орой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 14 дүгээр гудамжны 440 тоотод иргэн Б.Л-тэй маргалдаж, түүнийг түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь “баруун шуу ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ц овогт Ц.Н нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны орой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 14 дүгээр гудамжны 440 тоот гэртээ архидан согтуурах үедээ нөхөртэйгөө маргалдаж, өөрийг нь өмөөрсөн найз Б.Л-г “чамд хамаагүй” гэсэн шалтгаанаар түлхэж унагасны улмаас Б.Л-гийн бие махбодод “баруун шуу ясны далд хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Л-д гэмтэл учруулсан хойно хоёр удаа гэрт нь очиж уулзсан. Найздаа гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Л-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би Н-гийн гэрт охинтойгоо хамт очсон. Тэгэхдээ айлд орохдоо би яаж хоосон орох юм гэж бодоод нэг шил архи авсан. Тэгээд тэр архиа хувааж ууж байхад Н нөхөртэйгөө маргалдаад нөхөр нь Н-гийг зодсон. Тэр үед би Н-ийг өмөөрөөд зодооныг салгах гэтэл Н намайг түлхэж газар унагасан. Би газар унахдаа гараа эвгүй дарчихсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд гар хугарсан байна гэсэн. Би маргааш нь Н-т гар хугарсан талаараа хэлсэн. Гэхдээ энэ маргаан гарах шалтгаан миний буруутай үйлдэл бас байсан гэж би бодож байна. Учир нь эхнэр, нөхрийн хэрүүлийн дундуур орох хэрэггүй байж. Н энэ асуудлаас хойш намайг тоохгүй, уучлал гуйхгүй байсан болохоор нь гомдоод, сүүлд буюу 10 дугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 27-ны орой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 14 дүгээр гудамжны 440 тоотод оршин суух найз Н-ийн гэрээс нөхөр Гантулгыг авах зорилготой очсон. Гэтэл Н-ийн гэрт Н, түүний нөхөр Энхбаяр, Бямба, Мөнгөө нар ирчихсэн хамт архи ууж байсан. Би тухайн үед Н-ийн гэрт орохдоо нэг шил архи авч орсон. Тэгээд би нар миний авч орсон архийг хувааж ууж байхад Н, Э хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгэхээр нь би авах гээд очиход Н-ийн нөхөр Энхбаяр, Н, мөн Б, түүний эхнэр М нар ирчихсэн архи ууж байхаар нь дахиад 0.75 литр архи авч уусан. Тэгээд бид миний авч ирсэн архийг хувааж ууж байхад Энхбаяр эхнэр Н-тэй маргалдаад цохиод авахаар нь би Н-ийг өмөөрөөд Э луу дайрч уурлахад Н чамд хамаагүй манай гэрээс зайл гээд нүүр, цээж рүү самардаад толгой руу цохисон бөгөөд манай нөхөр Гантулга бид хоёрын дундуур орох үед Н намайг хана руу хүчтэй түлхэхэд би байшингийн довжоон дээр баруун гараараа дарж унасан. Тэгээд би босож ирээд баруун гараа харахад шуу хэсгээрээ дотогшоо мурийсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);
4. Гэрч Н.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Л согтоод манай эхнэртэй маргалдах гээд байхаар нь би эхнэртээ хандан битгий маргаан хий, гэрт хүн байна гэж хэлсэн. Би тухайн үед тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. Дараа нь ажлынхаа хүнд хов ярьсан талаар маргалдсан байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад манай эхнэр Л-г гэртээ харь гэж хэлээд түлхсэн чинь газар эвгүй дараад гэмтчихсэн. Би тухайн үед Л-гийн баруун гарыг харахад жаахан хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13048 дугаартай “...Б.Л-гийн биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 31 дүгээр хуудас),
6. Шүүгдэгч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Манайд архи ууж байхад Л надтай маргах гээд байсан юм. Энэ асуудлыг манай нөхөр мэдэхгүй над руу уурлаад байхаар нь би нөхөртэйгөө маргалдсан. Гэтэл Л дундуур орж ирээд надтай маргалдсан. Тэгэхээр нь би түүнийг түлхээд унагаасан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Ц.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 50 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Л-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэ гэмт хэргийн хохиролд хамаарна.
Шүүгдэгч Ц.Н-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Ахуйн хүрээнд архидан согтуурч, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, эр эмийн хэрүүлд хөндлөнгөөс оролцлоо хэмээн найзыгаа түлхэж унаган гэмтээсэн байх тул гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архидалт болон бие биеэ үл хүндлэх ёс суртахуунгүй харилцаатай холбоотой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Н нь гэмт хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримт, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ц.Н-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Л нь мөрдөн байцаалтын явцад нийт 1,000,000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал байхгүй, эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Н-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогч Б.Л-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж заах нь зүйтэй хэмээн шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Н нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Тэрээр цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Н-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн бөгөөд бага насны хүүхдүүдтэй, амьжиргааны түвшин доогуур орлоготой, ажил хөдөлмөр эрхэлж байгаа боловч сардаа 418,000 төгрөгийн цалин авдаг. Тиймээс улсын яллагчийн оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж, торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.Н нь өөрийг нь хамгаалсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох гэсэн зөв хандлагыг эсэргүүцэж, эр эмийн хооронд оролцлоо гэсэн хүний эрхийн мэдрэмжгүй сөрөг хандлагаар хандаж, улмаар гэмтэл учруулсан хэр нь найздаа хүн ёсоор хандаагүй, эмчилгээнд нь ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлээгүй байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1.Ц овогт Ц.Н-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-т оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Ц.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Л нь гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар болох хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Н-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА