Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 26

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч А.Ганзориг, иргэдийн төлөөлөгч Б.Пүрэвжал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ж.Гантулга  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03281 0841 дугаартай 2 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д.Х, Монгол Улсын иргэн, ...... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт ....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..... тоотод түр оршин суудаг, регистрийн дугаартай ..... урьд:  

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар зүйлийн 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13-39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Б-ын цээж рүү нь 3 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

Мөн 2017 оны 6 дугаар сар, 2018 оны 4 дүгээр сар, 2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13-39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.Б-ыг зодсон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүгдэгч Боржигин овогт Дарьзавын Х нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13-39 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Р.Б-ын цээж рүү 3 удаа хутгалж “цээжний зүүн талд 4, 5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг ханан дахь Минаковын толбо, цээжний хөндий дахь цусан хураа, хэвлийн хөндий нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий гэмтлүүд учруулж онц харгис хэрцгийгээр алсан;

Мөн 2017 оны 6 дугаар сар, 2018 оны 4 дүгээр сар, 2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13-39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Р.Б-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:  

1. Шүүгдэгч Д.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...талийгаач бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалддаг. Би сардаа хоёр удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаачтай маргалдаад, зоддог байснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг;

2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаар талийгаач ээж маань надад хэлж байсан. 2017 оны 6 дугаар сард манай гэрт ирсэн. Тухайн үед баруун дээд нүднийх нь ойролцоо хөхөрсөн байсан. Нүүрээ яасан юм бэ? гэж асуухад түлээ хагалж байгаад цохисон гэж илт худал хэлж байсан. Талийгаач ээж маань ер нь зодуулснаа дандаа л надаас нуудаг, худал хэлдэг байсан. Шүүгдэгч Х намайг 7 настай байхад манай ээжтэй хамт амьдрах болсон. Миний санаж байгаагаар тэр үеэс хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Би дундуур нь орж цохиулж байсан удаатай. 2018 оны 7 дугаар сард талийгаач ээж маань эмээ дээр очоод “Х-аас салмаар байна, намайг зодоод байна. Зодохоор нь хүүхдээ дагуулаад айл айл хэсээд явах хэцүү байна. Тайван сайхан амьдрах юм сан” гэж хэлсэн байсан. 2018 оны 4 дүгээр сард талийгаач ээжийг маань зодоход би хажууд нь байгаагүй. Гэхдээ наадмын үеэр 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүй долоо худагт гэрэл зураг авхуулсан байсан. Тэр зургаас ээж маань зодуулсан нь илт харагдаж байсан. Хүнийг алах гэмт хэргийн талаар Баянхошууны гудамжинд ойролцоо амьдардаг хүн 2018 оны 7 дугаар сарын 14-ний орой гэр нь шатаж байхад гал руу гүйж ороод тэр хоёрыг галаас татаж гаргасан гэж хэлж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 10,000,000 гаруй төгрөг зарцуулагдсан болно. Түүнээс “Улаанбаатар буян” ХХК-аас гаргасан газрын мөнгө буюу баримтаар гаргасан 4,650,000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Би хувьдаа маш их гомдолтой байна. Миний хоёр дүү надад “эцэг ондоо ч гэсэн та бид хоёрыг нэг удаа бодоод, гомдолгүй гээд хэлээд өгөөч” гэж гуйсан учир би шүүхэд хандаж “гомдолгүй” гэж хэлэхээр шийдсэн. Түүнээс төрсөн эхээ алуулчхаад гомдолгүй гээд зогсож байгаад эх маань гомдож байгаа байх (уйлав)...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь зодуулсан гэмтлээс үүссэн болох нь илт харагддаг байсан. Ер нь бол толгой нь хавдчихсан, нүд нь хөхрөх, гарын бугалга нь хөхөрч улайсан гэмтлүүд харагддаг байсан. Мөн талийгаач Д.Х-д зодуулж биедээ гэмтэл авчхаад түүнийгээ надаас байнга нууж, худал хэлдэг байсан. Одоо миний санаж байгаагаар 2017 оны 6 сард талийгаач ээж маань манай гэрт ирэхэд баруун талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Энэ гэмтлээ нуугаад тень түрхээд далдалчихсан байсан. Үүний дараа 2018 оны 4 дүгээр сард Д.Х талийгаач ээжийг маань зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Талийгаач ээж маань эмээ Рэгзээгийн гэрт ирсэн гэж манай нагац эгч Болормаа надад хэлсэн. Ингээд талийгаачийг нас бардаг өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дүү Төмөрбаатартай уулзаж юу болсон юм бэ, Д.Х ээжийг зодсон юм уу? гэж асуухад Төмөрбаатар 2018 оны 7 дугаар сарын 10-ны орой аав гэрт ирээд ээжийг зодсон юм шиг байна лээ. Дух нь хавдчихсан байсан гэж надад хэлж байсан. Ээж маань амьд сэрүүн байхдаа надтай уулзахаараа “Д.Х-аас салмаар байна, их хэцүү байна, архи уухаар нь гэрт очиход хүртэл хэцүү байх юм, байнгын согтуу байдаг, агсам тавиад хэцүү байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг;

“...Талийгаач ээжийн маань найзалж нөхөрлөдөг байсан хүмүүс гэвэл Мөнхзул, Энхбаяр, Сараа гэх хүмүүс байдаг юм. Эдгээр хүмүүс Д.Х ээжийг минь зоддог байсан талаар мэднэ. Гэрийн эд зүйлс нь талийгаач ээж болон Д.Х нарын дундын өмчлөлийн хөрөнгө байсан юм. Талийгаач ээж маань Д.Х-тай хамт амьдраад 20 гаран жил болох хугацаандаа гэр болон гэрт байсан эд зүйлсээ өөрсдөө бий болгосон юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас);

4. Насанд хүрээгүй гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг гардаг өдөр манай аав Х болон талийгаач ээж Р.Б нар дэлгүүр орчхоод ирсэн юм. Тэгээд би 30-40 минутын дараа гэртээ ирэхэд манай гэрт манай гудамжинд байдаг өвгөн ах ирчихсэн хөгжмийн дуу өсгөгчийн утас холбох гээд сууж байсан. Тэгэхээр нь би өвгөн ахад туслах гэхэд өвгөн ах “би өөрөө засчихъя” гэж хэлсэн юм. Тухайн үед ширээн дээр 0.75 литрийн “Ерөөл” архи задлаад ууж байсан бололтой талаас дээгүүр хэмжээтэй архи байсан. Тэгэхээр нь би “та нар яах гэж архи ууж байгаа юм бэ, би гарлаа” гэж хэлээд гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад аав Х, ээж  Б, өвгөн ах гурав гэрт үлдсэн. Өвгөн ах гээд байгаа хүний бүтэн нэрийг би мэдэхгүй. Мөнхөө гэж дууддаг юм билээ. Яг энэ хэрэг болдог өдөр манай аав, ээж хоёр эрүүл байсан. Намайг Баянхошууны эцэс яваад ирэхэд манай гудамжны Мөнхөө ах архи уусан байсан. Ямар нэгэн хэрүүл маргааны асуудал болон хувийн таарамжгүй харилцаа гэх зүйл байгаагүй. Харин манай аав Х архи уучихаараа л зан нь хувираад гэрт агсам тавиад талийгаач ээжийг маань зоддог байсан юм. Мөн 2016 оны үед аав автобус баазад ажилладаг байхдаа “би та нарыг ганцаараа тэжээж байна, хүний олж ирсэн мөнгийг үрээд дуусчихлаа, юунд үрдэг юм бэ” гэж уурлаад агсам тавиад ээжийг зодоод байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас);

5. Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ямар нэгэн хэрүүл маргааны асуудал гэх зүйл байгаагүй ээ. Харин аав, ээж хоёрын тухайд архи уучихаараа л хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг байсан. Яг ямар асуудлаас болж хэрэлдээд маргалдаад байгааг нь сайн мэддэггүй байсан. Байнга зодож дарамталж байсан зүйл байхгүй. Гэхдээ үе үе аав ээжид гар хүрч зоддог байсан...” гэсэн мэдүүлэг;

“...ээж маань гэрт хомоол хааяа хааяа уугиулдаг байсан. Гэрт хомоол уугиулах шалтгаан гэвэл гэрийн чийг гаргах болон гэрт шингэсэн чийгийн үнэр болон гэрт шингэсэн архины үнэрийг гаргах гэж уугиулдаг байсан. Би 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэртээ 17 цагийн үед очиход бүх асуудал болоод өнгөрчихсөн байсан учраас би гэрт хомоол уугиулсан байсан эсэхийг мэдэхгүй байна. 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирэхэд ээж Р.Б-ын духны баруун хэсэг нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэр гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Үүнээс өөр яг хэд хэдэн саруудад зодож, гар хүрч байсан талаар нь санахгүй байна. Д.Х бол миний төрсөн эцэг юм. Талийгаач ээж маань надад хэлэхдээ “аав чинь чамайг төрөхөд бичиг баримтгүй байсан учраас би өөрийнхөө нэрээр овоглосон юм” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 90-92 дугаар хуудас);

6. Гэрч Г.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Б бол миний том охин юм. Харин Д.Х бол миний хүргэн хүү байгаа юм. Д.Х, Р.Б нар дундаасаа хоёр хүүхэдтэй. Д.Х нь зан араншны тал дээр онгироо сагсуу зантай байсан. 2004 оноос хойш архи их уудаг болчихсон юм. Ямар ч байсан миний охиныг байнга зодож цохидог байсан. Манай охин өөрөө манай гэрт ирээд “Д.Х намайг зодоод дарамтлаад байна, хэцүү байна, салмаар байна” гэж хэлдэг байсан. Анх гэр бүл болохдоо миний охинд гар хүрдэггүй байсан. Архи ууж эхэлснээс хойш байнга гар хүрч байсан. Тэдэнд гэрлэлтийн баталгаа байхгүй, гэхдээ 20 гаруй жил хамт амьдарсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 115-118 дугаар хуудас);

7. Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын дундуур намайг ажлаа тараад 19 цагийн орчим гэртээ иртэл талийгаач эгч маань манай гэрт ирчихсэн байсан. Тухайн үед талийгаач эгчийн маань баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан юм. Тэгэхээр нь би “нүд чинь яагаад хөхөрчихсөн юм бэ, юу болсон юм бэ” гэж асуухад “нөхөр Д.Х миний нүүр лүү цохиод, нүд хөхөрчихсөн юм аа” гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би уурлаад “одоо дахиж Х-тай хамт амьдрахгүй шүү энд ээж бид хоёртой хамт бай” гэж хэлж байсан. Тухайн өдөр нүд нь хөхөрч хавдсанаас өөр гэмтэл харагдаагүй. Ер нь бол байнга л Д.Х талийгаач эгчийг маань цохиж зодоод, дарамтлаад байдаг байсан. Талийгаач эгчийг маань Д.Х зодсон гэдэг нь илт байдаг байсан. Манай гэрт хааяа нэг талийгаачийг ирэхэд нүд ам нь хөхөрчихсөн байдаг байсан. Би талийгаачийн гэрт 2 удаа л очиж байсан. 2017 онд, 2018 оны 3 дугаар сард очиж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас);

8. Гэрч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Х гэх хүний тухайд би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаачтай гэр бүл болсноос хойш л таньж мэддэг болсон. Ер нь Д.Х архи уучихаараа л элдэв ааш авир гаргаад талийгаачийг дарамтлаад зодоод байдаг байсан. Заримдаа үгийн зөрөөгүй шууд цохиод авдаг гэж талийгаач надад хэлж байсан. Ер нь бол талийгаачийн биед учирсан гэмтлийг харахад зодуулснаас болж үүссэн гэмтэл гэдэг нь илт байдаг байсан. Мөн намайг байхад хүртэл Д.Х талийгаачийг зодож байсан юм. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр талийгаач Р.Б манай гэрт ирж хоносон юм. Тэгэхэд талийгаачийн духны баруун хэсэг нь хөхөрч хавдсан байсан. Хавдар нь нүд рүүгээ орчихсон байсан юм. Энэ гэмтэл нь зодуулснаас болж үүссэн гэмтэл гэдэг нь илт байсан. Гэхдээ тэр үед талийгаач надад Д.Х-д зодуулсан гэдгээ хэлээгүй. Учир нь гэвэл талийгаач Д.Х-д зодуулсан тухайгаа надад хэлэхээс санаа нь зовдог бололтой нуугаад хэлдэггүй байсан юм. Миний тухайд “талийгаачийг Д.Х-аас сал” гэж байнга хэлдэг байсан...”

“...Сүүлд манай гудамжинд Ягаанаа бүтэн нэрийг нь мэдэхгүй хүнтэй гудамжинд таараад талийгаачийн талаар ярьж байгаад 2018 оны 7 дугаар сарын 10-ны орой талийгаач манай гэрт ирэхэд дух нь хавдчихсан байсан талийгаачийг Д.Х л зодсон юм шиг байна лээ гэж хэлсэн чинь Ягаанаа “тиймээ тухайн үед би хамт байсан юм, тэгсэн чинь Д.Х зүгээр сууж байснаа гэнэт талийгаачийг дух руу нь гараараа цохичихсон юм, Д.Х чинь аймар хүн байна лээ, талийгаач Д.Х-д цохиулснаас болж дух нь хавдчихсан юм” гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 83-84 дүгээр хуудас);

9. Гэрч Ө.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 сарын 14-ний өдөр 12 цагийн үед Оюунцэцэг найзтайгаа уулзахад “манай гэрт очоод ус аваадах“ гэж хэлсэн. Тэгээд би хаягийг нь сайн мэдэхгүй хайж байтал үл таних залуу “тамхи байна уу” гэж асууж ирэхээр нь би нэг ширхэг тамхи өгсөн. Тэр залуу нэг шил архи барьчихсан явж байсан. Тухайн архийг бид хоёр Баянхошууны эцсийн доор байрлах худгийн ойролцоо задалж ганц хоёр татаад сууж байтал худгийн урд талын айлаас хар утаа гарч байсан. Тэр зүгт очиход гэрт нь гал гарч байсан. Тэр гэр дотор нэг хүн зогссон, мөн нэг эмэгтэй гэрийн ойролцоо согтуу байдалтай газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг гэрийнх нь урд хэсэгт чирч тавьсан. Би тухайн хүмүүсийг холдуулах гэж байгаад гар болон чихээ түлчихсэн. Намайг гараад ирэхэд галын машин ирчихсэн байсан...”  гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 112-113 дугаар хуудас);

10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн мөр судлалын шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4479 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэм, хөхний даруулгад 3 ширхэг, эрээн өмдөнд 23 ширхэг, хар өмдөнд 12 ширхэг дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэл байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн эрээн өмдөнд 15 мм, 16 мм хэмжээтэй, хар өмдөнд гарсан 15 мм, 16 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн  үйлчлэлээр гарсан байна. Уг 4 ширхэг шинэ зүсэлт нь 2 удаагийн үйлчлэлээр гарсан байна....." гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 176-177 дугаар хуудас);

11. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1567 дугаартай “...талийгаач Р.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талд 4, 5 дугаар хавирганы түвшинд  цээжний  хөндий нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг ханан дахь Минаковын толбо, цээжний хөндий, үнхэлцгийн хөндий дахь цусан хураа, хэвлийн хөндий нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуянд цус хуралт, дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхи, хамар, эрүү, 2 дал, бүсэлхий, хэвлий, 2 гарын бугалга, шуу 2 гарын бугалга, шуу, хоёр гуя, баруун өвдөг, хоёр хөлийн шилбэ, тавхайн өнгөц түлэгдэл гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн гуяны цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхи, хамар, эрүү, хоёр дал, бүсэлхий, хэвлий, хоёр гарын бугалга, шуу, хоёр гуя, баруун өвдөг, хоёр хөлийн шилбэ, тавхайн өнгөц түлэгдэл гэмтэл нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр, цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн болон нэвтрээгүй шарх гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн 3 удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх ба хутганы урт нь 12 см-аас доошгүй, өргөн нь 2,8 см-аас ихгүй байх боломжтой байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь цээжний зүүн хэсэгт зүүн уушги, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурцаар цус алдаж, цус алдалтын шокоор нас нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна. Талийгаачийн үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэнгүй. Талийгаачийн  цусанд угаарын хий болох Карбоксигемоглобин илэрсэнгүй. Зүүн гуяны цус хуралт, цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн болон нэвтрээгүй шархнууд нь талийгаачийг амьд байх үед, өнгөц түлэгдсэн гэмтлүүд нь талийгаачийг нас барсны дараа үүссэн байх боломжтой байна. Талийгаач нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 00 цаг 30 минутын үзлэгээр нас бараанд 6-8 цаг орчим болсон байх боломжтой байна..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 198-200 дугаар хуудас);

12. Шинжээч эмч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач Р.Б-ын биед цээжний зүүнд талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хоёр ширхэг шарх, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй нэг ширхэг, нийт гурван ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байсан юм. Энэ талаар дүгнэлтэд нэвтэрсэн болон нэвтрээгүй шархнууд нь 3 удаагийн хатгагдаж, зүсэгдэх үйлчлэлээр үүснэ гэж тусгасан. ...Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл дээр дээрх 3 шархны байрлал, хэмжээ, хэлбэр, нэвтэрсэн, нэвтрээгүй эсэхийг тодорхой тусгасан байгаа, ...мөн талийгаачийн биед учирсан цээж хэвлийн хөндий нэвтэрсэн болон нэвтрээгүй шархнууд нь талийгаачийг амьд байх үед буюу нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байсан. ...талийгаачийн зүүн гуянд учирсан гэмтэл нь талийгаачийн нас барахаас 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байсан. ...харин бусад гэмтлүүд болох дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхи, хамар, эрүү, 2 дал, бүсэлхий, хэвлий, хоёр гарын бугалга, шуу, хоёр гуя, баруун өвдөг, хоёр хөлийн шилбэ, тавхайн өнгөц түлэгдэл гэмтлүүд нь талийгаачийг нас барсны дараа хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 90-92 дугаар хуудас);

13. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 680 дугаартай: “...Д.Х нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ (2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр) болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх шинж тэмдэг үгүй байна. Д.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Х нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Х-д нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 158-159 дүгээр хуудас);

14. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дугаартай: “...Д.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13-39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Р.Б-ыг зодсон зөрчил үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар түүнд 20 (хорь) цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 (хорь) хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан...” шийтгэл оногдуулах тухай шийтгэврийн хуулбар (1  дүгээр хх-ийн 241 дүгээр хуудас);

15. Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (2 дугаар хх-ийн 55-57, 67-69 дүгээр хуудас);

16. Шүүгдэгч Д.Х-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хх-ийн 37 дугаар хуудас), урьд нэг удаа ял шийтгүүлсэн талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хх-ийн 29 дүгээр хуудас);

17. Шүүгдэгч Д.Х-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Мөнхөө манай гэрээс түрүүлж гарч яваад, эхнэр бид хоёр гэрт үлдсэн чинь эхнэр надад хандан “би гадагшаа гарлаа ажлынхантайгаа архи уулаа” гэж хэлэхээр нь би “миний хөгшин гэрээ буулгаж хатаая” гэж хэлсэн чинь надтай хэрэлдээд байсан. Би гэртээ байдаг хар иштэй хутгаар эхнэрийнхээ цээж рүү 2 удаа хатгасан юм. Тэр хутга нь хар хуванцар иштэй, ир нь ойролцоогоор 20 орчим см урт, хуучин хутга байсан. Тухайн үед манай эхнэр хоолны шүүгээнээс хутга аваад чи муу архи уугаад байвал би үхчихье гэж хэлээд өөрийнхөө баруун гуя руу хатгаад байхаар нь би хутгыг булааж авсан юм. Тэгээд тэр хутгаар эхнэрийнхээ цээжин тус газар 2 удаа хатгасан юм аа. Эхнэр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Ер нь хамт амьдраад 25 жил болсон бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаа байхгүй учир 2 хүү маань эхийнхээ нэрээр бүртгүүлсэн. Би эхнэртэйгээ нийлж архи уудаг байсан. Ямар ч байсан сард 2 удаа хамт архи уучихдаг байсан. Бид хоёр хамт архи уух үед эхнэр намайг “чи их архи уугаад байна” гэж хэрүүл хийдэг байсан бөгөөд ингэж маргахаараа би түүнийг 2-3 удаа цохидог байсан юм. Би эхнэрээ зодсоноос болж нэг удаа 20 хоног баривчлагдаж байсан. Түүнээс өмнө хаяа хаяа гар хүрдэг байсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 225-226 дугаар хуудас) зэрэг хэрэгт цугларч, талуудаас шинжлэн судалж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Р.Б-ын амь нас хохирсон үр дагавар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааснаар амь хохирогчийг оршуулахад гарсан зардал нь энэ хэргийн хор уршигт хамаарна.

Шүүгдэгч Д.Х, амь хохирогч Р.Б нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч хоёр хүүхдийн эцэг эх болж, 25 жил хамтран амьдарч байсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Д.Х нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алсан гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг баталгаажуулан хуульчлахын зэрэгцээ нийгмийн анхдагч нэгж, улс үндэстний суурь үнэт зүйл болох гэр бүлийг төрийн бодлогоор буюу Эрүүгийн хуулиар тусгайлан хамгаалсны үзэл санаа нь үүнд оршино.

Шүүгдэгч Д.Х нь амь хохирогч Р.Б-тай 25 жилийн өмнөөс хамтран амьдарч эхэлсэн цагаас гэр бүлийн хүчирхийлэл эхэлсэн бөгөөд улам даамжирсан талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А нь шүүхэд хандан нулимс дуслуулан мэдүүлснийг няцаан үгүйсгэх нотолгоо шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнгүй. Харин түүний мэдүүлгийг насанд хүрээгүй гэрч Б.Хэрлэнбаяр, гэрч Б.Төмөрбаатар, Г.Рэгзээ, Ц.Болормаа, Р.Мөнхзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг дэмжин баталж байна.

Иймд урт удаан хугацаанд үргэлжилж, улмаар хүний амь нас хохирсон эмгэнэлт төгсгөл бүхий хэргийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийллийн дахин дахин давтагдах, хохирогч өөрөө гарч үл чадах үерийн эргүүлэг адил өвөрмөц онцлог, хүчирхийллийн хохирогчид үүсдэг бие махбод, сэтгэл санааны шаналал зовлон зэргийг харгалзан шүүгдэгч Д.Х-ийг хүнийг алах болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг харгис хэрцгий аргаар, догшин авирлаж үйлдсэн хэмээн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.Х-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчид хүч хэрэглэж байсан, улмаар хутгалж амь насыг нь хохироосон байх тул түүнийг хүнийг алах болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч согтууруулах ундаа удаан хугацаанд байнга хэрэглэсэн, тухайн гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл удаан хугацаанд үргэлжилж даамжирсан, улмаар эхнэр нөхөр хоёр ахуйн хүрээнд хамт архидан согтуурдаг болсонтой холбоотой гэж үзэв. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Х нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Х-ийг хүнийг алах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь насанд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан тул амь хохирогчийн оршуулгын зардлыг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-аас нэхэмжилсэн амь хохирогч Р.Б-ыг оршуулахтай холбоотой гарсан зардлыг хэрэгт хавсаргасан баримтын хүрээнд 4,650,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.Х-аас гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-д олгох нь зүйтэй байна.

Жич: Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхээс тогтоосон 4,650,000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Д.Х ямар нэгэн төлбөр төлөөгүй байсныг дурдъя.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал нь хүнийг алах болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчлэгдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйг дурдах нь зүйн хэрэг.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 19 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий анги 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалт зааснаар оногдуулсан 19 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас 4,650,000 төгрөгийн хор уршиг төлөгдөөгүй, шүүгдэгч 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс нийт 171 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шатсан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч Д.Х нь хэрэгт сэжигтнээр мэдүүлэг өгсөн цагаас эхлээд хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугийн талаар огт маргаагүй. Хувийн байдлын хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт ам бүл дөрвүүлээ амьдарч байсан. Хэрэгт холбогдохоос өмнө автобус компанид ажиллаж байсан. Тэрээр учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Д.Х нь талийгаачийг гал гарч байсан гэрээс гаргаж, биеийн 60 орчим хувь нь түлэгдэлтэй цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 3 сар хэвтэж эмчлүүлсэн. Түүний хувийн байдлыг харгалзан үзэж хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах гэмт хэрэгт ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн тухайд тусгайлан санал байхгүй...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар арван дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг арван таван жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт нийт 171 (нэг зуун далан нэг) хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанаас хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шатаж харласан нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Х-ийн бага хүү Б.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 16 нас хүрч, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болох боломжтой насанд хүрсэн байх бөгөөд 20 настай төрсөн ах Б.Т-ын хамт амьдарч байх тул түүнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигин овогт Дарьзавын Х-ийгхүнийг алах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд, мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар арван дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан арван дөрвөн жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг арван таван жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ийн цагдан хоригдсон нийт 171 (нэг зуун далан нэг) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан арван таван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шатаж харласан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Х-аас 4,650,000 төгрөг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-д олгосугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Х-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                                        Б.БАТАА

                                                     ШҮҮГЧИД                                         Л.БААТАР

                                                                                                              Б.ДАШДОНДОВ