Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00662

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00662

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00181 дугаар шийдвэртэй,

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.С-, Э.Ж- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 91,307,792 төгрөг гаргуулах, фидуцийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний 3.1.8-д заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 396,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, түүний өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

а. Т- ХХК нь Д.С-, Э.Ж- нартай 2019 оны 05 сард зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нарт 65,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууц, тоёото приус, тоёото альфард маркийн автомашин, зүтгүүрийн болон авто замын зориулалтай тээврийн хэрэгсэл нийт 6 эд хөрөнгө барьцаалсан.

Зээлийн харилцааны явцад тоёото алфард маркийн автомашиныг зээлдэгч өөрөө худалдан борлуулсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад хуваарийн дагуу зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь 2021 оны 12 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 48,750,000 төгрөг, хүү 35,450,660 төгрөг нэмэгдүүлсэн хүү 7,090,137 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 91,307,392 төгрөг болсныг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

б. Хуулиар хүлээн зөвшөөрсөн тул зээлийн гэрээнд 3.1.8 дахь заалтыг оруулсан бөгөөд гэрээний заалт нэг бүрийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Шимтгэл авах эрх зээлдүүлэгчид байгаа. 195,000 төгрөг нь зээлийн гэрээний 3.1.8-д заасны дагуу олгосон зээлийн үнийн дүнгийн 0,3 хувь, 201,500 төгрөг нь тухайн үеийн зээлийн үлдэгдлийг 0,4 хувь юм. Д.С- зээлийн төлбөрт 5,000,000 төгрөгийг, шимтгэлд 201,500 төгрөгийг төлнө гэдгээ ухамсарлаж төлсөн. 2021 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 50,375,000 төгрөг байсан гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

а. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 04 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн хүү болон зээлийн үлдэгдлийг нэхэмжлэлийн шаардлагад оруулсан байдаг. 2021 оны 06 сарын 07-ны өдөр Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар зээлийн гэрээг цуцалсан байхад 2022 оны 04 сарын 19-ны өдрийн байдлаар тооцож зээлийн хүүг нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Фидуцийн зүйл 2571 УБЭ улсын дугаартай Тоёото альфард маркийн автомашиныг зээлийн төлбөрт тооцон 2021 оны 06 сарын эхээр н.С- гэх хүнд шилжүүлсэн. Гэтэл тухайн фидуцийн гэрээг нэхэмжлэгч тал дуусгавар болгоогүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг зөрчсөн.

Нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Баталгаат ипотекийн гэрээний 5.3.1-т зааснаар барьцааны зүйл барьцаалбараар үлдэх бөгөөд шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдана гэж заасан. Гэтэл талуудтай харилцан тохиролцоогүй байж шууд шүүхэд хандаж байгаа нь талуудын хоорондын тохиролцоог зөрчсөн. 2021 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн хорооны шийдвэрээр гэрээг цуцалсан тул энэ өдрийн байдлаар үндсэн зээл 48,750,000 төгрөг, зээлийн хүү 17,799,563 төгрөгөөс 653,053 төгрөгийг хасаж байгаа. Хариуцагчийн дансны хуулга дээр 2021 оны 12 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг Д.С- Т- ХХК-руу шилжүүлсэн байхад нэхэмжлэгчээс өгсөн зээлийн тооцоонд 9,548,447 төгрөг гэсэн нь 451,553 төгрөгийн зөрүүтэй, энэ төлбөрийг хариуцагч илүү төлсөн гэж үзэж байгаа.

2021 оны 05 сарын 28-ны өдрийн дансны хуулгад 5,201,500 төгрөгийг Д.С- төлж 5,000,000 төгрөг төлсөн гэж Т- ХХК оруулсан, 201,500 төгрөгийг мөн илүү төлсөн. Үүнээс үзвэл 653,053 төгрөгийн зөрүүтэй байна. Уг 653,053 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж нийт зээлийн үлдэгдэл 48,750,000 төгрөгийг зээлийн хүү болох 17,736,510 төгрөг нийт 66,486,510 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

б. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 65,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон боловч зээлдэгчийн дансны хуулгад 64,805,000 төгрөг шилжүүлж, 195,000 төгрөгийн шимтгэл суутган авсан. Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн банк бус санхүүгийн байгууллагад шимтгэл тооцон авах эрхийг олгоогүй. Мөн зээлдүүлэгч фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг чөлөөлөхдөө 201,500 төгрөгийн шимтгэл суутган авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.8-т заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 396,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар хариуцагч Д.С-, Э.Ж- нараас зээлийн гэрээний үүрэгт 82,714,989 төгрөг гаргуулж Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,147,250 төгрөг гаргуулах, 1111 УБЧ улсын дугаартай Toyota prius маркийн автомашин, 0000 УНӨ улсын дугаартай Beiben маркийн зүтгүүрийн зориулалттай, 0308 ТЧ улсын дугаартай Liang shan маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг, зээлийн гэрээний 3.1.8-д заасан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 396,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Г-2202015984 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 222 тоот хаягт байх 365 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг хаягт байх 111111 дугаартай 41 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 789,250 төгрөг, хариуцагчийн төлсөн 76,700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.С-, Э.Ж- нараас улсын тэмдэгтийн хураамжид 641,725 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийн 19,228,479 төгрөгт холбогдох, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Зээлийн гэрээний үүрэгт 82,714,989 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь 2022 оны 04 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцсон хүүгийн төлбөрийг оруулжээ. 2021 оны 05 сарын 28-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэр, 2021 оны 06 сарын 07-ны едрийн гүйцэтгэх захирлын A-21/046 тоот тушаал, 2021 оны 06 сарын 02-ны өдрийн зээлийн дансны хуулга зэргээр зээлийн хүүг 2021 оны 06 сараас эхлэн зогсоож, шүүхэд нэхэмжлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрээс хойш зээлийн хүү тооцохыг зогссон байтал 19,228,479 төгрөгийг илүү нэхэмжилж, анхан шатны шүүх уг нэхэмжилсэн хүүг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гүйцэтгэх захирал нь тушаал гаргахдаа Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 11.9-д заасныг үндэслэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 11.9.6-д зааснаар хүүг зогсоосон тухай шүүх хуралдааны үед хэлж, шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тэмдэглүүлсэн. Нэхэмжлэгч нь эдгээр шийдвэр гарсны дагуу зээлийн дансны хуулгад "2021/06/07 A-21/046 тоот тушаалаар зээлийн хүүг зогсоов" гэж тэмдэглэгдсэн. Энэхүү маргааны гол үйл баримтад анхан шатны шүүхээс огт дүгнэлт өгөөгүй, ямар үндэслэл, баримтаар эдгээр үйл баримтыг үгүйсгэсэн нь тодорхойгүй байна. Зээлдэгч нарын хувьд зээлийн хүүг зогсоох талаар нэхэмжлэгч талтай хэлэлцэж тохирсон бөгөөд 2021 оны 05 сарын 28-ны өдөр Альфард маркийн автомашиныг худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс барагдуулсан нөхцөлд хүүг зогсоохоор ярилцсан. Шүүхэд шилжүүлэх талаар гаргасан Зээлийн хорооны хурлын шийдвэр, Гүйцэтгэх захирлын тушаалыг тухайн үед биелүүлээгүй нь зээлдэгчийн буруу биш. Зээлийг шүүхэд шилжүүлэх тухай зээлийн хорооны хурлын шийдвэр 2021 оны 05 сарын 28-ны өдөр, Зээлийг шүүхэд шилжүүлж, хүүг зогсоох тухай гүйцэтгэх захирлын тушаал 2021 оны 06 сарын 07-ны едер гарсан байхад 2022 оны 04 сарын 19-ний өдөр буюу 10 орчим сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 19,228,479 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Суутган авсан шимтгэлүүдийг хэрхэн юунд зарцуулсан нөхцөл байдлыг тогтоох үүднээс шүүхэд холбогдох зардлын баримтуудыг гаргуулах талаар хүсэлт гаргасан. Хариуцагч энэ талаарх баримтыг гаргаж өгөх шаардлагагүй гэж шүүх хуралдааны үед тайлбарласан. Анхан шатны шүүхээс татгалзлаа нотлох эсэх нь хариуцагчийн үүрэгт хамаарах асуудал гэж үзсэн. Шүүх хуралдааны өдрийг хүртэл тухайн шимтгэлийг хэрхэн юунд зарцуулсан, яагаад тийм хэмжээгээр тогтоож суутган авсан нөхцөл байдлыг нотолсон баримт судалгааг нэхэмжлэгч шүүхэд гарган өгөөгүй. Зээлийн шимтгэл гэж 396,500 төгрөг, барьцаа хөрөнгө чөлөөлсний шимтгэл гэж 201,500 төгрөгийг суутгасан. Барьцаа чөлөөлөхөд ББСБ-аас ямар ч зардал гардаггүй, ББСБ-аас ганц чөлөөлөх бичиг хийж өгсөн нь гэрч Б.С-ийн мэдүүлгээр нотлогдсон. 2019 оны зээлийн асуудал тухайн шалгалтын хамрах хүрээнд орсон эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны өмнө ирүүлсэн баримтууд нь тухайн маргаанд хамааралтай гэж шууд дүгнэх боломжгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Зөрчлийн тухай хуулийн 1.5-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзвэл тухайн зээлийн асуудлыг шалгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймээс тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж анхан шатны шүүхээс үнэлсэн нь буруу байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Манай компани хүүг зогсоогоогүй, зогсоох шийдвэр гараагүй. Захирлын тушаал шүүхийн шийдвэрлэснээр хүүг тооцохоор гарсан. Иргэний хуулийн 223 дугаар зүйлд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх гэж заасан. Хүүг зогсоосон талаар талууд харилцан тохиролцож, хэлцэл хийж, хариуцагчид мэдэгдсэн гэж тайлбарласан үйл явдал болоогүй. 05 сарын 28-ны өдөр өөрөө автомашиныг 5,860,000 төгрөгөөр худалдан борлуулж, 5,000,000 төгрөгийг Т- ХХК-ийн дансанд хийж, үлдсэн төлбөрийг хариуцагч өөртөө авсан. Т- ХХК шүүхэд хандахдаа зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө хандсан. Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан баримт авагдсан. Тус баримтаар 2021 оны 09 сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахдаа 06 сарын 02-ны өдрийн байдлаар гаргасан ба 09 сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг зээлдэгч төлсөн. Цаашид бид зээлийг хугацаанд нь төлнө, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө бид төлж дуусгана гэж тайлбарласан. Мөн тушаал гарсан болон эвлэрүүлэн зуучлалд хандсанаас хойш 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн. Зээл төлөлт 2 сар хугацаа хэтэрсэн учраас дахин нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасан. Хуульд зөрчил гарснаас үргэлжилсэн хугацаанаас тооцогддог. Гэтэл 2018 оноос хойш зээлийн шимтгэл хэвээр үргэлжилж байна. Өнгөрсөн хугацааны шимтгэлүүдийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж үзсэн. Үүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж үйл ажиллагаанд зарцуулагдсан буюу бодитой байна гэж дүгнэсэн. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Д.С-, Э.Ж- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,307,792 төгрөг гаргуулах, фидуцийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээний 3.1.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 396,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талууд 2019 оны 05 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т- ХХК нь 65,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, Д.С-, Э.Ж- нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /1хх 9-10/

3.1. Мөн өдөр байгуулсан баталгаат ипотекийн гэрээгээр талууд, Д.С-, Э.Ж- нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 222 тоот хаягт байх 365 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байх, улсын бүртгэлийн 111111 дугаартай 41 м.кв талбайтай, хувийн сууцыг тус тус барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт нийцсэн, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх 143-166/

3.2. Мөн өдөр талууд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, Э.Ж-, Д.С- нар 1111 УБЧ улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн, мөн 25-71 УБЕ улсын дугаартай Тоёота альфард /Toyota alphard/ маркийн, мөн 0000 УНӨ улсын дугаартай Бэйбэн /Beiben/ маркийн зүтгүүр, мөн 03-08 ТЧ улсын дугаартай Лианг шан /Liang shan/ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслүүдийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг Т- ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Зохигчид Иргэний хуулийн 235 дугаар зүйлд нийцүүлэн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна. /1хх 11-12, 51-52/

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ж-, Д.С- нар зээлийн гэрээний үүрэг, зардалд нийт 82,714,989 төгрөгийг нэхэмжлэгч Т- ХХК-д төлөх үүрэгтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

4.1. Хариуцагч нар зээл олгосон өдрөөс хойш 2022 оны 04 сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 16,250,000 төгрөг, зээлийн хүүд 19,928,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 649,753 төгрөг, нийт 36,828,447 төгрөгийг төлж, энэ хугацаанд үндсэн зээл 48,750,000 төгрөг, хүү 28,666,285 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,733,257 төгрөг, нийт 83,149,542 төгрөгийн зээлийг төлөөгүй болохыг анхан шатны шүүх зөв тооцсон байна.

4.2. Нэхэмжлэгч 2021 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, хүүг зогсоосон тул тухайн хугацаанаас хойшхи үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөгдөхгүй, 19,228,479 төгрөгийг зээлээс хасуулна гэж хариуцагч тал маргасан нь хэргийн баримтаар эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүх нотлох баримтад дүгнэлт өгөөгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.3. Нэхэмжлэгч Т- ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 11.9-т Дараах тохиолдолд зээлийн хүүг зогсоох асуудлыг зээлийн хороодоос эцэслэн шийдвэрлэнэ гэж, журмын 11.9.1-11.9.6-д хүү зогсоох нөхцөлийг заажээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний 3.3.1-д заасан зээл төлөх хуваарийг 2019 оны 12 сараас эхлэн зөрчиж, гэрээний үүрэг зөрчигдсөн асуудлаар тус ББСБ-ын зээлийн хороо 2021 оны 05 сарын 28-ны өдөр хуралдаж 324 тоот шийдвэр гаргажээ. Тухайн хурлаас шүүхээр шийдвэрлүүлж, зээл хүү, нэмэгдүүлсэн хүү, холбогдох зардлуудыг төлүүлэх шийдвэр гаргав гэж тусгажээ. Ийнхүү шийдвэрлэсэн нь дээрх журмын 11.9.1-11.9.6-д нэрлэн заасан хүү зогсоох үндэслэлд хамаарахгүй байна. /1хх 90, 142, 148-164/

4.4. Мөн нэхэмжлэгч Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 сарын 07-ны өдрийн А-21/046 тоот тушаалаар дээрх 324 тоот шийдвэрийг үндэслэн Д.С-гийн зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэрийн дагуу тооцох-ыг дурдаж шийдвэрлэжээ. /1хх71/

4.5. Хариуцагч нараас нэхэмжлэгч зээлийн хүү зогсоосон гэх үндэслэлээ хариуцагчийн зээлийн 269050330003 тоот дансны хуулгын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн бичилтэд 2021/06/07 А-21/046 тоот тушаалаар зээлийн хүүг зогсоов гэж бичигдсэнийг үндэслэн татгалзлаа илэрхийлсэн. Тус бичилтийг нэхэмжлэгч талаас алдаа гарч бичигдсэн, зээлийн хүү зогсоохоор шийдээгүй гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн 324 тоот зээлийн хорооны хурлын шийдвэр, гүйцэтгэх удирдлагын А-21/046 тоот тушаалд хариуцагч нарын зээлийн хүүг зогсоохоор шийдвэрлээгүй нь тогтоогдсон байна. Иймд хариуцагч нарын зээлийн хүүг багасгах ёстой гэх татгалзал бодит баримтад үндэслэгдээгүй байна. /1хх 22/

4.6. Харин зээлийн хорооны хурлаас хариуцагч нарын нэхэмжлэгчийн өмчлөлд фидуцийн гэрээгээр шилжүүлсэн 25-71 УБЕ улсын дугаартай Тоёота альфард /Toyota alphard/ маркийн автомашиныг хариуцагч нарын хүсэлтээр 2021 оны 05 сарын 28-ны өдөр иргэн Б.С-ийн өмчлөлд шилжүүлж, Б.С- 5,900,000 төгрөгийг хариуцагч Д.С-д шилжүүлснээс 5,000,000 төгрөгийг зээлийн 269050330003 тоот дансанд хариуцагч шилжүүлэн зээл төлсөн нь гэрчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, дансны хуулгаар тогтоогджээ. /2хх 7, 22, 91, 100/

4.7. Дээрхээс дүгнэвэл хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээл төлүүлэх хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардсан нь хуульд нийцсэн байна.

 

5. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 17,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

 

6. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар 1111 УБЧ улсын дугаартай Toyota prius маркийн, мөн 0000 УНӨ улсын дугаартай Beiben маркийн зүтгүүрийн зориулалттай, мөн 03-08 ТЧ улсын дугаартай Liang shan маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 222 тоот хаягт байх 365 м.кв талбайтай газар, мөн хаягт байх 41 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Зохигчид энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь зээл олгосны шимтгэлд 396,500 төгрөгийг хариуцагч нараас суутган авсныг хууль бус гэж маргажээ. Талууд зээлийн гэрээний 3.1.8-д зээл олгосны шимтгэл төлөхөөр тохиролцсон нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А203 тоот тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.17-д заасантай нийцсэн. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар-ын улсын байцаагчийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч нь 396,500 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй болохыг шүүх тогтоож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцжээ. Иймд хариуцагчийн энэ тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00181 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ