Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00701

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00701

 

Н- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/00398 дугаар шийдвэртэй

Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 159,800,639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, М.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч С.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н- ХХК нь ШУлаанбаатар хотел ХХК-ийн 2 давхарт байрлах 211В тоотод инженерийн системийг угсарч, суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Г ХХК-тай 2020 оны 10 сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. ШУлаанбаатар хотел ХХК-аас тус түрээсийн талбайд 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 21 цагаас 2020 оны 11 сарын 30-ны өдрийн 9 цаг хүртэл ажил хийж гүйцэтгэх зөвшөөрөл олгосон. Г ХХК-ийн 9 ажилтан дохиолол, агааржуулалт, цахилгааны болон гагнуурын ажлыг хийх зөвшөөрөлтэй байсан.

2020 оны 11 сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө 03:40 цагийн үед тус компанийн ажилтнууд ажил гүйцэтгэж байхад галын автомат системийн хүйтэн усны шугамын хаалт хагарч, Шхудалдааны төвийн 1, 2 дугаар давхарт ус алдсан бөгөөд тус компанийн байрлаж байсан 2 давхрын доор Б ХХК-ийн Кол хаан брэндийн гутлын, мөн Мбрэндийн дэлгүүр байсан. Ус алдалтын улмаас тус түрээсийн талбай, бараа бүтээгдэхүүнүүд болон Шхудалдааны төвийн коридор, урсдаг шатны хэсгүүд их хэмжээний усанд автсан. Ус алдалтын шалтгаан нөхцөлийг тодорхойлж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Г ХХК-ийн ажилтнууд уг шалтгааныг бүрдүүлснийг тогтоосон. Тус дүгнэлтийн талаар Г ХХК өнөөдрийг хүртэл гомдол, санал гаргаагүй, хүчин төгөлдөр байгаа.

2021 оны 03 сарын 29-ний өдөр манай компани Б ХХК-тай харилцан тохиролцож бусдын өмнөөс хохирол барагдуулах гэрээ байгуулж 180,000,000 төгрөг төлсөн бөгөөд Г ХХК-аас Б ХХК-д учирсан хохирлыг шаардах эрхийг шилжүүлэн авсан тул 159,800,639 төгрөгийг нэхэмжилж байна.

Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн 192 ширхэг 88,348,026 төгрөгийн барааг ажилтнууддаа цалинд тооцон олгосон, одоо байгаа 311 ширхэг гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг Г ХХК-д өгөх боломжтой, хадгалагдаж байна. Иймд гэмтсэн барааны үнэ 286,465,170 төгрөгөөс нэхэмжлэгчийн хохирлыг бууруулсан 88,348,026 төгрөг, Х ХХК-аас Б ХХК-д олгосон нөхөн төлбөр 49,876,390 төгрөгийг тус тус хасаж, ус алдсаны улмаас Б ХХК-ийн гэмтсэн эд зүйлийг засварласны үнэ 11,559,885 төгрөгийг нэмж, 159,800,639 төгрөгийг Г ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Манай компани гэм буруугүй нь хэргийн 45 талд авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн дүгнэлтэд хүйтэн усны хоолой шилбээрээ тасран хагарч их хэмжээний ус алдсан гэснээр нотлогдоно. Тус дүгнэлтэд хэн нэгнийг гэм буруутай гэж дүгнээгүй бөгөөд сантехникийн улмаас ус алдсан гэж дүгнэн хохирлын тухайд талууд маргалдаж байгаа учир шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Энэ дүгнэлтийг Б ХХК үндэслэн даатгалын нөхөн төлбөр гаргуулсан. Манай компанийн гэм буруугүйг нотолсон баримтууд хэрэгт авагдсан. Тухайн өдөр 4 хос шугам угсрах ажлыг хийж байсан н.Б, н.Д, н. Г, н.С нараар тайлбар бичүүлж, гэрчийн мэдүүлэг авсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээс өмнө 2 зөвлөх инженерийг ажиллуулж дүгнэлт гаргуулахад Шхудалдааны төвийн тухайн шөнө ажиллаж байсан жижүүрийн сантехникч нь хүйтэн усны шугамын хаалтаа хаана байдгийг мэдэхгүй 30-40 минут хугацаа алдаж их хэмжээний хохирол учруулахад хүргэсэн байна гэжээ. Энэхүү ус алдалт аль нэг компанийн гэм буруугаас болоогүй сантехникийн гэмтлээс үүдэлтэй хохирол юм. Дээрх баримтуудаар манай компанийн ажилтнууд гэм буруугүй нь тогтоогдож хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй. Элэгдэл болон сантехникчийн гэм буруугаас хохирол үүссэн талаар мэргэжлийн инженерүүд хэлсэн бөгөөд манайх мэргэжилтний дүгнэлтийг үндэслэн хохирлыг барагдуулна гэсэн байр суурьтай байсан.

Хохирлыг үнэлж даатгалаас мөнгө авснаас хойш 4 сарын дараа 3 дахь удаагаа Улсын мэргэжлийн хяналтын газарт нэхэмжлэгч хандаж гаргуулсан нэмэлт дүгнэлтэд хаалтыг шамшийсан гэсэн өгүүлбэр орсон. Энэ өгүүлбэрт үндэслэн Г ХХК буруутай нь нотлогдож байна гэж үздэг.

Н- ХХК-ийн доод давхарт байх Б ХХК нь барааны үлдэгдлээ Х ХХК-д даатгуулсныг тус даатгалын гэрээний хураангуйд сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах нь даатгалын эрсдэлийн тохиолдолд хамаарна, даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ 147,241,825 төгрөг, эрсдэл бий болсон үед даатгуулагчийн өөрөө хүлээх хариуцлагын хэмжээ 10 хувь, даатгалын компанийн төлөх хэмжээ 90 хувь гэж тусгагджээ. Мөн гэрээний 2.8.7.2-т зааснаар эрсдэлтэй нөхцөл учирсан тохиолдолд даатгуулагч хохирлоо өөрөө тооцоолж нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Х ХК-аас ирүүлсэн баримтаас харахад Б ХХК 564 барааны хохиролд нийт 55,418,211 төгрөгийг нэхэмжилсэн. Х ХХК-ийн нөхөн төлбөрийн ажилтан, эрсдэлийн хороо нь төлбөрийг 100 хувь олгохоор шийдвэрлэсэн бөгөөд мөнгийг Б ХХК хүлээн авсан баримт хэрэгт байгаа.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хохирлын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК бүтэн жилийн турш 610 ширхэг барааг үнэлэн нийт 57,499,901 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан. Даатгалын компаниас Б ХХК-д учирсан хохирлыг бүрэн төлсөн учир манай компаниас нэхэмжлэх үндэслэлгүй. Б ХХК-ийн хохирлыг шаардах эрх Х ХХК-д шилжсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3, 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар Н- ХХК-д шаардах эрх үүсээгүй байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар манай компанийн ажилтнууд гэм буруугүй учир хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч "Г" ХХК-аас 91,651,974 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Н-" ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 68,148,665 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,859 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч "Г" ХХК-аас 616,209 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Н-" ХХК-д олгож, мөн хариуцагч "Г" ХХК-аас шинжээчийн ажлын хөлс 1,432,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Н-" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 1. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг шударга болон тэнцвэртэй үнэлээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч "Г" ХХК нь хохирогч "Б" ХХК-д ус алдалтын улмаас учирч болох байсан хохирлыг "Х" ХХК-аас барагдуулсан бөгөөд гэмтсэн гэх барааны тал хувийг нэхэмжлэгч ажилтнууддаа борлуулснаар гэмтсэн гэх барааны өртөг үнэ 100 хувь төлөгдсөн учир хариуцлага хүлээх үндэслэлгүй.

2. Хохирогчид бодит хохирол учраагүй учир гэм буруугийн асуудал хөндөгдөхгүй. Анхан шатны шүүх гэм бурууг тогтоох шаардлагатай гэж үзсэн нөхцөлд нэхэмжлэгч "Н-" ХХК, "ШУлаанбаатар Хотел" ХХК нар гэм буруугийн хариуцлага хүлээх ёстой.

3. Хохирогч "Б" ХХК болон нэхэмжлэгч "Н-" ХХК-д Иргэний хуулийн дагуу шаардах эрх үүсээгүй.

4. "Б ХХК" нь "Бараа материалын үлдэгдлийн даатгал"-ын гэрээг "Х" ХХК-тай байгуулж, гэрээний дагуу 11 сарын 05-ний байдлаар "Шхудалдааны тев" дахь "Cole Haan" брэндийн дэлгүүрт 1,016,681,153 төгрөгийн худалдах үнэтэй, 390,833,009 төгрөгийн өртөг үнэ бүхий 564 бараа байснаас 286,465,170 төгрөгийн худалдах үнэтэй, 112,278,705 төгрөгийн өртөг үнэ бүхий бараа гэмтсэн гэж тодорхойлж, хохиролд 55,418,211 төгрөгийг "Х" ХХК-иас 100 хувь олгосон байна.

5. Шинжээч "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь 2022 оны 05 сарын 30-ны өдөр гаргасан дүгнэлтдээ, "Б" ХХК-ийн "Шхудалдааны төв"-ийн 1 дүгээр давхарт байх "Cole Haan" брэндийн дэлгүүрт ус алдсаны улмаас 610 бараанд учирсан хохирлын үнэ 57,499,901 төгрөг болохыг тодорхойлжээ. Нийт хохирол учирсан гэх 502 гутал, 4 цүнх, 3 түрүүвч, 101 гутлын даавуун торны хохирлыг тогтоохдоо 192 гутал нь ил харагдах гэмтэлгүй, 122 нь ус нэвтрэхгүй, 22 нь усны хамгаалалттай байна гэж дүгнэсэн.

6. Шүүх хохирлын хэмжээний талаар "хариуцагчийн үйлдэлтэй холбоотойгоор "Б" ХХК-ийн худалдаж байсан 513 нэр төрлийн 610 ширхэг бараа норж хохирол учирсан нь тогтоогдсон" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэргийн 2 хавтасны 246 дахь талд "Б" ХХК хохирлоо өөрөө тодорхойлж "Х" ХХК-д хүргүүлсэн хүснэгтээр 2020 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар "Б" ХХК-ийн "Cole Haan" брэндийн дэлгүүрт 121,057,949 төгрөгийн өртөгтэй, 312,172,196 төгрөгийн худалдах үнэ бүхий 547 ширхэг бараа байсан. Энэ барааны үнэ 5 хоногийн дотор буюу 11 сарын 05-ний байдлаар 390,833,009 өртөгтэй, 1,016,681,153 төгрөгийн худалдах үнэ бүхий 564 ширхэг бараа болж хувирсан. Хохирогч энэ өссөн дүнгээс өөрөө хохирлоо тооцож гэмтсэн барааны өртөг үнэ 112,278,705 төгрөг, зарах үнэ 286,465,170 төгрөг гэж даатгалд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 1,016,681,153 төгрөгийн барааны 286,465,170 төгрөгийн бараа гэмтсэн бол бүх 564 ширхэг бараа гэмтээгүй, нийт барааны 1/3 гэмтсэн гэж үзэхээр байна. Хэрэв 564 ширхэг бараа бүгд гэмтсэн бол барааны үнэ 1,016,681,153 төгрөг байх ёстой.

7. "Б" ХХК нь гэмтсэн 112,278,705 төгрөгийн өртөгтэй барааг 286,465,170 төгрөгөөр борлуулдаг үнээр хохирлоо нэхэмжилснээс Х ХХК-аас 55,418,211 төгрөгийн нөхөн төлбөр авч, "Н-" ХХК-ийн ажилтнууддаа борлуулсан 88,348,026 төгрөгийн барааны үнэ 143,766,237 төгрөгийг төлбөртөө авчээ. Эндээс гэмтсэн гэх барааны өртөг бүрэн төлөгдсөн байгаа учир "Б"ХХК-д бодит хохирол учраагүй ба "Н-" ХХК сайн дураар өөрөө мэдэж хохиролд 136,500,000 төгрөгийг шилжүүлсэн.

Нэхэмжлэлээс даатгалын төлбөр 49,876,390 төгрөгийг шүүх хасалгүй шийдвэрлэсэн нь хууль бус юм. Хохиролд нэхэмжлэгч гэм буруутай ба Шхудалдааны төв дахь түрээсийн 211Б талбайн шалыг нимгэлж өрөмдөж "Б" ХХК-д гэм хор учруулсан, хэрэв шалыг нүхлээгүй бол ус алдалтын үед "Gerard Darel", "Calvin Klein", "Michael Kors" брэндийн дэлгүүрийн адил зөвхөн тааз нь нороод өнгөрөх боломжтой байсан. "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь энэ талаар шүүхэд мэдүүлсэн ч гэрчийн мэдүүлэгт тусгаагүй ба энэ талаар тэмдэглэлд тусгахыг өмгөөлөгч хүссэн ч зохих ёсоор тусгагдаагүй.

8. "ШУлаанбаатар хотел" ХХК-ийн сантехникийн шугамын усны даралт бууруулах тохируулгаа хийгээгүй, слесарьтаа шугамын хаалт хаана байдаг талаар зааварчилгаа өгөөгүй, зохих ажлын гүйцэтгэл хийхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй үйл баримтуудыг шүүх огт үнэлэлгүй зөвхөн манай компанийг буруутгасан. Тус компанийн бурууг зөвлөх инженер Ц. Дагвадорж, Б. Бямбажав нар тогтоож 2020 оны 12 сарын 16-ны өдрийн дүгнэлтдээ: "Н-" ХХК, "ШУлаанбаатар хотел" ХХК-ийн хооронд байгуулсан "Түрээсийн гэрээ"-ний ерөнхий нөхцөлийн 3 дугаар зүйлийн 2С, 5 дугаар зүйлийн 1С хэсэгт зааснаар түрээслүүлэгч "ШУлаанбаатар хотел" ХХК нь гүйцэтгэгч буюу "Г" ХХК-д зааварчилгаа, чиглэл өгч, хяналт тавиагүй, ус алдсан цэгээс 20 метрийн зайд хаалт байсныг мэдэж шугамаа хаасан бол хохирол багатай гарах боломжтой байсныг дүгнэсэн.

Шүүх "ШУлаанбаатар хотел" ХХК-ийн РМО 22/590 албан тоотод "энэ тасарсан хаалт Монгол Улсын барилгын материалын зах зээлд өргөн хэрэглэгддэг, 15 жил хүртэл ашиглагддаг." гэсэн тайлбарт үндэслэсэн ба бид трубаны чанарт маргаагүй, харин тасарсан хаалтны чанарт маргасан. Гэрч Н. Батбаатар эдгээр хаалтыг 2 жил тутам сольдог гэж мэдүүлсэн нь 15 жилийн насжилттай хаалтыг 2 жил тутам солих шаардлага байхгүй.

Иймд хариуцагчаас 91,651,974 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан бөгөөд хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Хариуцагч нь Б ХХК-д учирсан хохирлыг барааны өртөгийн үнээр төлнө гэж хохирлын хэмжээний талаар маргадаг. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар учруулсан бодит хохирол дээр олох ёстой байсан орлогыг нэмж олгохоор хуульчилсан. Энэ агуулгаар нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлыг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх, боломжгүй бол учруулсан хохирлыг мөнгөөр төлнө гэснийг шүүх баримтлан шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.

"ШУлаанбаатар хотел" ХХК-ийн Cola haan нэрийн барааны дэлгүүрт ус алдсаны улмаас 286,465,170 төгрөгийн 610 ширхэг бараа байсан нь Н- ХХК, Г ХХК, "ШУлаанбаатар хотел" ХХК-ийн хамтарсан тооллогын жагсаалт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэрч Б ХХК-ийн захирлын мэдүүлэг зэргээр тогтоогддог.

Нэхэмжлэгч Н- ХХК нь 2021 оны 03 сарын 29-ний өдөр Б ХХК-тай бусдын өмнөөс хохирол барагдуулах тухай гэрээ, шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж нийт хохирол 286,465,170 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татвар, даатгалын нөхөн төлбөр 49,000,000 төгрөг, мөн 30,000,000 төгрөгийг хасаж, 180,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг өөртөө шилжүүлэн авсан.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хохирлын үнэлгээг норж гэмтсэн барааны үнийг 10-100 хувиар бууруулан тооцож, 1-р гэрээний нөхцөлөөр 57,499,901 төгрөг гэж дүгнэсэн. Шинжээчийн үнэлгээнд хариуцагч гомдол гаргаагүй.

Гэмтсэн бүтээгдэхүүний нийт хохирлыг 86,000,000 төгрөгөөр тогтоосон. Хэдийгээр 286,000,000 төгрөгийн хохирол учирсан ч буцааж шинэ бүтээгдэхүүн болгох, сэргээн засварлах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт гэмтсэн барааг нийтэд хямдруулан борлуулах боломжгүй учир өөрийн компанийн ажилтнуудад цалинд нь тооцон өгч барааны үнийг шинжээчийн бууруулсан үнэлгээгээр тооцож, хохирлын дүнгээс 88,348,026 төгрөгийг хасаж тооцсон нь Г ХХК-ийн буруутай үйлдлээс учирсан гэм хорын хохирлын хэмжээг бууруулсан арга хэмжээ юм. Иймд нэхэмжлэлийн хүрээнд 91,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Г ХХК нь ус алдсан шөнө ажиллаж байсан ажилтнууддаа инженерийн хяналт огт тавиагүй, инженер нь гэртээ унтаж байсан, мөн сантехникийн ажилтнууд нь тус компанийн үндсэн ажилтан биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн 7-д ус алдалтын талаар ус алдалт газар дээр хийсэн үзлэгт шалгалт, холбогдох материал зургаас үзэхэд худалдааны төвийн 2 давхрын хүргэлтийн усны гол шугам F150 мм хаалтуудыг ерөнхий шугам сүлжээнээс таслан хаасан ч тус давхрын хүргэлтийн шугам сүлжээнд үлдсэн бүх ус гэмтэлтэй хаалтны хэсгээр өөрөө урсах байдлаар юүлэгдэн гоожиж дуусахаар байна гэж дүгнэлтэд бичигдсэн. Хариуцагчийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэж хохирол гарсан учир давж заалдах гомдол үндэслэлгүй. Даатгалын үнэлгээ хуулиараа талуудын хооронд тохиролцсон өртөг байдаг. Хөрөнгийн үнэлгээгээр 286,000,000 төгрөгөөр тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 159,800,639 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Н- ХХК нь ШУлаанбаатар хотел ХХК-тай 2020 оны 08 сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Шхудалдааны төвийн 2 дугаар давхрын 211В тоотод байх 120 м.кв талбайг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2023 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар түрээслэх, түрээсийн талбайн дотоод заслыг 2020 оны 09 сарын 21-ний өдрөөс 10 сарын 20-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээний тусгай нөхцөлийн 2.1-т зааж талууд тохиролцсон байна. /1хх11-31/

Энэ дагуу Г ХХК-тай 2020 оны 10 сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ажил гүйцэтгэгч нь дээрх 211В тоот талбайн инженерийн ажлыг угсарч суурилуулах ажлыг 2020 оны 11 сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, ажил гүйцэтгүүлэгч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээжээ. /1хх8-9/

 

4. Засварын ажил явагдаж байсан 211В тоотод 2020 оны 11 сарын 10-с 11-нд шилжих шөнө буюу 03:40 цагт хөргөлтийн системд гэмтэл гарч ус алдсаны улмаас тус төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан Б ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирчээ.

4.1. Ус алдсан шалтгаан болон хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагч дангаар гэм буруугүй, ШУлаанбаатар Хотел ХХК болон нэхэмжлэгчийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн талаар хариуцагч давж заалдах гомдол гаргасан.

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тус худалдааны төвийн 211В тоотод их хэмжээний ус алдсан үйл явдалд хариуцагч Г ХХК шалтгаант холбоотой, хариуцагч компанийн ажилтнууд засварын ажил гүйцэтгэх явцдаа гал унтраах автомат системийн хүйтэн усны ф32 мм-ийн голчтой шугамын хаалт /вентиль/-ыг гэмтээж хугалсны улмаас ус алдсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4.2. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 01-07-101/155 тоот дүгнэлтээр ...хаалтны хэл болон шугам хоолой холбогддог резьбатай хүзүүвч хэсэгт язрал цууралт ан цав гэмтэл үүсгэж, шамшийн хотойж хэв гажилтанд орж /хоорондоо салж/ эвдэрсэн нь гадны нөлөөгөөр үүссэн ... тус шөнө Г ХХК-ийн ажилчид түрээсийн талбайд хөргөлт болон халаалтын шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа, ф32 мм-ийн голчтой, P=16кгс/см2 хөргөлтийн усны шугамын хаалтыг гэмтээж ус алдах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн байх магадлалтай ... гэж дүгнэлт гаргасан. /1хх 48-50/

4.3. Мөн ШУлаанбаатар хотел ХХК-аас 2022 оны 10 сарын 28-ны өдөр хөргөлтийн усны шугам сүлжээний ф32 мм-ийн голчтой хаалтны чанарын талаархи баримтыг шүүхэд ирүүлсэн, дээрх Улсын ахлах байцаагчийн 2021 оны 01-07-101/155 тоот дүгнэлтэд ... ф32 мм-ийн голчтой, P=16кгс/см2 даралттай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хаалт нь Монгол Улсад өргөн хэрэглэгддэг... болохыг дурдаж, тус хаалтны ашиглалтын хугацаа дууссан болон элэгдэл, чанарын талаар дүгнээгүй нь хэвийн ашиглалтад байсан гэж үзэхээр байна. /2хх 230-234/

4.4. Түүнчлэн ус алдсан үйл явдлын талаар гэрч Ц.Б, Б.Д, Н.Батбаатар нарын мэдүүлэг, ШУлаанбаатар хотел ХХК-ийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн Репорт гэх баримт, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Дагвадорж, Б.Бямбажав нарын 2020 оны 12 сарын 16-ны өдөр гаргасан дүгнэлт зэрэг үйл баримтууд нь хариуцагч компанийн ажилтнуудын ажил гүйцэтгэх явцдаа хөргөлтийн усны шугамын хаалтыг гэмтээсний улмаас ус алдсаныг тогтоосон байна.

4.5. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Г ХХК нь Шхудалдааны төвийн 2 дугаар давхрын гал унтраах автомат системийн хүйтэн усны ф32 мм-ийн голчтой шугамын хаалт /вентиль/-ыг гэмтээж ус алдсаны хариуцлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцах үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь Б ХХК-ийн худалдан борлуулж байсан 286,465,170 төгрөгийн үнэ бүхий 610 ширхэг бараа гэмтсэний хохиролд 180,000,000 төгрөгийг тус компанид нөхөн төлөхөөр тохиролцож, улмаар 2021 оны 03 сарын 29-ний өдөр Бусдын өмнөөс хохирол барагдуулах тухай гэрээ, Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, хариуцагчаас хохирол шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан баримтыг шүүхэд гаргажээ. /1хх 52-56/

5.1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч Н- ХХК нь Б ХХК-д учирсан хохирлыг төлөх замаар уг хохирлыг бусад этгээдээс шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан нь хуульд харшлахгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хохирол арилгуулахаар шаардах эрхтэй байна.

5.2. Нэхэмжлэгч нь уг шаардах эрхийг үндэслэн хариуцагчаас хохирол нэхэмжлэхдээ Х ХХК-ийн Б ХХК-д төлсөн 49,876,390 төгрөгийг хариуцагчаас шаардаагүй, хасаж тооцсон учир мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан даатгагчийн эрхийг хөндөхгүй. Мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгчийн эсрэг бүх татгалзал, хариу шаардлагыг гаргах эрхтэй учир шаардах эрх шилжсэн нь хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

 

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, боломжгүй бол хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй.

6.1. Нэхэмжлэгч, хариуцагчаас хохиролд 159,800,639 төгрөг нэхэмжилж, Үүнд: Б ХХК-д учирсан 286,465,170 төгрөгийн үнэ бүхий 610 ширхэг гэмтэлтэй барааг нэхэмжлэгч хүлээн авч, үүнээс 88,348,026 төгрөгийн үнэтэй 192 ширхэг барааг өөрийн ажилтнуудад олгож, мөн Б ХХК-д даатгалын нөхөн төлбөрт Х ХХК-аас олгосон 49,876,390 төгрөгийг (286,465,170-88,348,026-49,876,390=148,240,754) тус тус хасаж, Б ХХК-ийн эд зүйлийг засварлахад гарсан зардал 11,559,885 төгрөгийг (148,240,754+11,559,885) нэмсэн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

6.2. Б ХХК нь Х-тай 2020 оны 05 сарын 12-ны өдөр Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу даатгагч нь даатгалын үнэлгээ 147,241,826 төгрөгөөс даатгуулагчид учирсан хохирлыг гэрээ байгуулах үеийн барааны үлдэгдлээр тооцон 49,876,390 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Эдгээр баримтаар Б ХХК нь хохирлоо 286,465,170 төгрөгөөр тодорхойлон даатгуулагчид хүргүүлж байсан нь Х ХХК-аас шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Харин Б ХХК нь даатгалын нөхөн төлбөрт (55,418,211-5,541,821) 55,418,211 төгрөг олгохоор шийдвэрлэсэн Х ХХК-ийн шийдвэрийг зөвшөөрсөн нь хохирлоо 55,418,211 төгрөгөөр тодорхойлсон гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцэхгүй байх тул энэ тухай давж заалдах гомдлыг хүлээн авахгүй. /1хх 190-198, 2хх 235-247/

6.3. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдож, ус алдсаны улмаас Б ХХК-д учирсан хохирлын бодит үнэ цэнийг 57,499,901 төгрөгөөр тогтоожээ. Шинжээч нь 513 нэр төрлийн 610 ширхэг бараа, бүтээгдэхүүн норж чанар байдалд хохирол учирсан болохыг тогтоож /1хх 245, 2хх 6/, тухайн барааны үнэ цэнийг борлуулалтын бус өртгийн үнээс тооцож гэмтлийг 10-100 хувиар тодорхойлон дүгнэлт гаргажээ. /1хх 230-231, 241-250, 2хх 1-108/

6.4. Хариуцагчийн 192 гутал ил харагдах гэмтэлгүй, 122 нь ус нэвтрэхгүй, 22 нь усны хамгаалалттай гэж дүгнэсэн учир 610 ширхэг бараанд гэмтэл учирсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авахгүй. Учир нь гэмтсэн 610 ширхэг барааны гэмтлийн шинж байдлыг шинжээч нэг бүрчлэн дүгнэж гэмтлийг 10-100 хувиар тооцож дүгнэлтээ гаргасныг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгээгүй байна. Иймд хариуцагчаас 91,651,974 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгч болон ШУлаанбаатар хотел ХХК нар хохиролд гэм буруутай байхад энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй гэж гомдол гаргажээ. Хариуцагч компанийн ажилтнууд засварын ажил гүйцэтгэх явцдаа ус алдаж, бусдад хохирол учруулсан нь дээрх үйл баримтаар тогтоогдсон учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

7.1. Тухайн хохирол бий болоход нэхэмжлэгч Н- ХХК болон ШУлаанбаатар хотел ХХК-иудын шууд шалтгаант холбоо бүхий гэм буруу тогтоогдоогүй байна. Засварын ажилтай холбоотой Н- ХХК нь шалыг өрөмдөж нүх гаргасны улмаас 1 дүгээр давхар луу ус нэвчсэн гэх болон ШУлаанбаатар хотел ХХК нь ээлжийн ажилтанд үүрэг заавар өгөөгүй, ажилтан нь усны шугамыг хаагаагүй нь хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэх үйл баримт нь хариуцагчийн гэм бурууг хөнгөрүүлэх, шууд шалтгаант холбоотой гэх үндэслэлгүй.

7.2. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол хохирлын хэмжээг багасгаж болохоор хуульчилсан. Хэргийн баримтаар нэхэмжлэгч болон ШУлаанбаатар хотел ХХК нарын үйлдэл эс үйлдэхүй нь хариуцагчийн гэм буруу, түүний үр дагаварт шалтгаант холбоотой гэх байдал тогтоогдохгүй учир гомдол үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Н- ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан 180,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй болохыг тогтоож, үүнээс ажилтнууддаа өгсөн гэх барааны үнэ 88,348,026 төгрөгийг хасаж, Б ХХК-ийн эд зүйлийг засварын зардал 11,559,885 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 91,651,974 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/00398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ