| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0229/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Г Бөд холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш овгийн Г. Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Б нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны ... тоотод оршин суух иргэн Б.Шн гэрт иргэн О.Бгийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Г.Бийн өгсөн: О.Бгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч О.Бгийн өгсөн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 21-22 цагийн орчим Арслан цохионы дэлгүүр орж тамхи аваад гарч ирэхэд гудамжны үзүүрт үл таних долоогоос найман залуус намайг дуудаад би тэд нарт нэг шил архи авч өгсөн. Тэнд миний таньдаг Б байсан. Бусад хүмүүсийг нь би танихгүй. Б намайг дагуулаад Шгэх айлд орсон. Цуг явсан залуучууд дэлгүүрийн үүдэнд үлдсэн. Гэрт ороод сууж байгаад 1 шил, нэрийн сайн мэдэхгүй 7.500 төгрөгийн үнэтэй архи байсныг Б, Шбид 3 хувааж уусан. Архи ууж байгаад Б намайг гэнэтхэн босч ирээд өшиглөөд зодож эхэлсэн. Чамайг алсан байсан ч яадаг юм, чи ганц юм авч өгсөн тэрийгээ юманд бодоод байна уу гээд үснээс чирч гаргаад нүүр цээж хэсэг рүү өшиглөсөн. Гэрт байсан тогоо, галын түлээ зэргээр миний нуруун дээр цохисон, би хөлийг нь тэвэрч хэвтсэн. Тэгэхгүй бол нүүр рүү өшиглөх гээд байсан, би өөр юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэнд Штэдний эхнэр, Б, Ш дүү охин нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед би эрүүл явж байгаад Ш гэрт ороод Б, Шнартай 1 шил 0.75 литр архи хувааж уусан нээх согтоогүй байсан. Би Бөд гомдолтой байна. Миний эрүүл мэндийн байдал муу байна, нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардалд гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ. Ажилгүй болохоор мөнгө төгрөг байхгүй хэцүү байна...намайг Б галын хайч, тогоо зэргээр цохиж зодоогүй. Харин тогоо руу мөргүүлсэн. Галын түлээ болон гар хөлөөрөө маш их цохиж зодсон. Тухайн үед миний нүүр ам хөхөрч хавдсан, нуруу ууцанд цус хурсан, уруул язарсан. Мөн миний хиймэл тагнайтай үүдэн шүдийг хугалсан байсан. Би Бийг цохиж зодоогүй. Б намайг ганцаараа цохиж зодсон. Тухайн үед нэлээн согтуу байсан, надтай анх уулзахдаа л согтуу байсан. Хиймэл шүдээ Бөд хугалуулчихаад дахин хиймэл шүдийг 40.000 төгрөгөөр авсан. Цохиж зодуулснаас болж миний толгой, нүд өвдөөд байгаа. Би түүнээс цаашид эмчилгээ хийлгэх 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би мөнгөөр л эмчилгээ хийлгэхгүй бол надад мөнгө төгрөг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12-13 хуу/
Гэрч Д.Эн өгсөн: ...Би тэр орой харанхуй болохоос өмнөхөн Арслан цохионд хаягийг нь сайн санахгүй байна, Шгэх айлаас мөнгөний авцаа байсан болохоор тэр айлд мөнгөө авах санаатай очсон юм. Тэр айлд ороод сууж байтал гаднаас Баагий, Б хоёр орж ирээд хоорондоо юм ярьцгааж байснаа хэн нь архи гаргаж ирснийг бол хараагүй, ямар ч байсан Баагий архи аягалаад ууж байсан. Тэгсэн чинь яасан юм бүү мэд Баагий, Бг толгой орчим руу нь 1 удаа өшиглөөд гэрээс аваад гарсан. Гадаа нэлээн байж байснаа үснээс нь чирч гэрт орж ирснээ түлээний мод зэргээр цохиж Бг зодсон. Тэгэхээр нь би болиоч гэтэл үгэнд орохгүй зодоод байсан. Тэгтэл Бгийн амнаас нь цус гараад гэрээс мөлхөөд гараад явсан. Тэрнээс хойш яасан талаар мэдэхгүй байна. Миний харснаар Бг Баагий гээд хүн гэр дотор эхлээд хөлөөрөө толгой орчим руу 1 удаа өшиглөөд дараа нь гэрээс чирч гаргаад буцаж гэрт үснээс нь чирч орж ирээд түлээний мод зэргээр цохиж зодсон. Тэр үед Б Баагийгаас өөрөө намайг уучлаач би чамд ямар хэрэг хийсэн юм бэ гээд хөлнөөс нь зуураад байсан...Бг оруулж ирээд галын түлээний модоор толгой болон бие рүү нь цохиод хөөтэй тогоо толгойгоор нь мөргүүлээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 17 хуу/ хуу/
Гэрч А.Шн өгсөн...Миний хүү Өвөрхангай аймгийн Гучин уул суманд 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай 2 дахь хүү болон мэндэлсэн. Б дээрээ нэг ахтай, доороо 3 дүүтэй юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн бөгөөд нэг, хоёр дугаар ангидаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын сургуульд суралцаж байгаад 8 дугаар анги төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Өөр сургуульд суралцаж байгаагүй, цэргийн алба хаагаагүй. Одоогоор эхнэр хүүхэдтэй боловч албан ёсоор гэр бүл болоогүй. Нэг охинтой юм. Охин нь Архангай аймгийн Ихтамир суманд ээж О-гаа хамт амьдардаг. Б нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Сургуулиас гарсныхаа дараа ихэвчлэн барилга дээр ажиллаж байсан, одоогоор хийсэн ажилгүй байна. Энэ асуудлаа шийдүүлчихвэл Төв аймгийн Хөшигтийн хөндий гэх газар руу явуулж ажилд оруулах гэж байгаа юм. Зан байдлын хувьд энгийн төлөв, аймхай хүүхэд байгаа юм. Гадуур гарахаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж магадгүй. Гэр орны ажлыг байнга хийдэг хүүхэд байгаа юм. Найз нөхдийг нь сайн мэдэхгүй байна. Уг нь найз нөхөд ихтэй л юм шиг байна билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Б.Шн өгсөн...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн орой 21 цагийн орчим манай гэрт Б, Б хоёр нэг шил архитай орж ирсэн. Тэгээд тэр архийг нь бид гурав хувааж уусан. Гэтэл Б Б хоёр юм ярьж байсан ба Б нь манай гэрт шүлсээ хаясан. Харин Б Бд хандаж яаж байгаа юм бэ гээд уурлаад Бгийн цээж рүү өшиглөсөн. Ингээд зууралдаад гэрээс гарцгаасан. Гэрийн гадаа чанга чанга ярьж хэрүүл хийгээд зодоон цохион хийгээд байсан. Буцаж гэрт орж ирээд түлээний модоор цохисон. Хэр олон удаа цохисныг санахгүй байна. Би архи уусандаа согтсон байсан. Тэгээд би Б Б хоёрыг салгасан ба Бийг эхэлж гэрээсээ явуулсан. Хэсэг хугацааны дараа Бг явуулсан. Манай гэрт Э, Б, Б, манай бага насны дүү Б нар байсан, Б Бг галын түлээний модоор цохисон. Өөр ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй. Миний харснаар Бийг Б зодож цохиогүй. Гэхдээ гэрийн гадаа юу болсныг хараагүй. Б гэрээс гарахдаа зүгээр гарсан. Бгийн нүд нь хавдсан байдалтай орж ирсэн... /хх-ийн 20-22 хуу/
Г.Бийн яллагдагчаар өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны ,,, тоотод өөрийн найз Бтэй хамт архи ууж сууж байгаад хэрүүл маргаан хийгээд би Бг нэг удаа цээж гэдэс орчим руу нь хөлөөрөө өшиглөсөн, нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. 1-2 удаа галын түлээгээр нуруу орчим руу нь цохиж зодсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаартай дүгнэлт:
1. О.Бгийн биед тархи доргилт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, нуруунд цус хуралт, хамар духанд зураасан зулгаралт баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэлд хамаарна. Нуруунд цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27 хуу/
Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41-42 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 44-45, 59-60 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны .... тоотод оршин суух иргэн Б.Шн гэрт хохирогч О.Бтэй согтуугаар маргалдан түүнийг цохих, өшиглөх, модоор цохих зэргээр зодож түүний биед тархи доргилт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, нуруунд цус хуралт, хамар духанд зураасан зулгаралт баруун бугуйнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч О.Б, гэрч Д.Э, Б.Ш, А.Ш нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч О.Бг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, баруун бугуйны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Г.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын үед гомдолтой байна, эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, хиймэл шүд дахин хийлгэх төлбөрт 40.000 төгрөгийг нэхэмжилсэн /хх-ийн 10 хуу/ боловч энэ талаараа ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч О.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж байна.
Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Гн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, хиймэл шүд дахин хийлгэх төлбөрт 40.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл нь нотлох баримтгүй тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ