Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00747

 

 

 

 

А.Рийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00514 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Рийн хариуцагч ЭН ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн 483 ширхэг хувьцаа буюу 33,33 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Р, түүний өмгөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А.Рийн эцэг С.Э нь ЭН ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. С.Э 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цус харваж хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувь алдаж, групп тогтоолгосон. С.Э 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. С.Э 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ухаангүй эмнэлэгт байх хугацаанд Д.Ань түүний бичиг баримтыг ашиглан 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр түүний өмнөөс гарын үсэг зурж ЭН ХХК-ийн дүрмийг өөрчилж Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Уг дүрэмд С.Эийн регистрийн дугаар болон утасны дугаарыг санаатай буруу бичсэн. Мөн компанийн дүрэмд хувь нийлүүлэгч нь нас барсан тохиолдолд өв залгамжлагч компанийн гишүүнээр элсэх эрхтэй гэж заасныг хассан. С.Э 2013 онд хөдөлмөрийн чадваргүй болсноос хойш ЭН ХХК-ийн захирал Д.А-тай уулзаж асран хамгаалагчийн хувьд тус компанитай холбоотой бичиг баримтуудыг үзэх, түүнд ногдох хувьцааны талаар шаардаж байсан боловч Д.А...ногдох хувьцаа, хөрөнгө гэж байхгүй... гэх хариу өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар С.Э нь ЭН ХХК-ийн 33,33 хувийн хувьцаа эзэмшигчээр 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлж, 2021 онд хувьцаа эзэмшигчээс хасагдсан болон түүний нэр регистрийн дугаар алдаатай бүртгэгдсэн нь тогтоогдсон тул залруулах хүсэлтийг гаргасан. Мөн ЭН ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр солигдож Д.А-ын эхнэр Б.Ү нь хувьцаа эзэмшигч болсон байна. Б.Ү нь С.Эт хувь нийлүүлэгчийн хуралдааны талаар мэдэгдээгүй. С.Э нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр А.Рт ЭН ХХК-ийн 483 ширхэг буюу 33,33 хувийн хувьцааг шилжүүлсэн. Энэ гэрээний талаар Д.А-д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэн. Иймд А.Рийг ЭН ХХК-ийн 33,33 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Их тэмүүлэл ХХК-ийн үйл ажиллагаа 2003 онд зогссон. Тус компанид ажиллаж байсан хүмүүс нийлж компани байгуулсан. ЭН ХХК-ийн хувьцааг Д.А-, Н.Я, С.Э, Б.А нар эзэмшиж байсан. С.Э 15 хувийг эзэмшиж байсан. С.Э нь 2004 онд Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын даргаар ажиллахаар болсон. Н.Я 2005 онд захирлынхаа албан тушаалаас татгалзаад Д.А-ыг захирлаар томилсон. Хөтөл говь ХХК-ийн захирал н.Цэрмаа болон Д.Анар 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж барилга барьж 2010 онд ашиглалтад оруулсан. С.Э энэ хугацаанд Замын-Үүд дах салбарын даргаар ажиллаж байсан. С.Э ... 2 хүүхэд орон гэргүй байна. Д.А-аа чи 1 өрөө орон сууц өг ... гэсэн тул 10 дугаар хороололд байрлах орон сууцыг өгсөн. С.Э төрийн албанд ажиллах болсон гээд орон сууц авч ЭН ХХК-аас гарсан. 1 өрөө орон сууцны үнийг ЭН ХХК-д төлөөгүй. Цэнконсракшн ХХК-ийн 33,33 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Эийг бүртгэсэн нь материалууд байхгүй учраас нягтлан бодогч 33 хувь бичсэн. С.Эийн хувьцааны асуудлаар өмнө нь холбогдож чадаагүй гэх тайлбар үндэслэлгүй. А.Рийг 33 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх үндэслэлгүй 15 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх ёстой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭН ХХК-ийн 483 ширхэг хувьцаа буюу 33,33 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч ЭН ХХК-д даалгаж, нэхэмжлэгч А.Рийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 15,800 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

С.Э нь ЭН ХХК-д анх гишүүнээр элсэхдээ 15 хувь, Б.А 5 хувь, Н.Я, Д.Анар тус бүр 40 хувь эзэмшдэг байсан. С.Э 2004 онд Замын-Үүд дэх салбарын даргаар томилогдож ЭН ХХК-аас 2010 онд 1 өрөө орон сууц авч гарсан. ЭН ХХК нь Хөтөл говь ХХК-тай хамтран 10 дугаар хороололд орон сууц барьсан. Тухайн үед С.Эт 1 өрөө орон сууц өгч компанийн гишүүнээс гарсан. Түүнээс албан ёсны хүсэлтийг нь аваагүй байтал цус харвалт өгч хөдөлмөрийн чадвараа алдсан. А.Р компаниас орон сууц өгөөгүй, ногдол ашиг өгөөгүй эцэг нь компанийн үйл ажиллагаанд хүч чадлаа зориулан ажилласан гэж үндэслэлгүй тайлбар гаргасан. Шүүх С.Э 15 хувийн хувьцаа эзэмшигч байсан гэдгийг нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Улсын бүртгэлийн газарт тус компанийн 2004-2007 оны баримтууд байхгүй байна. А.Р нэхэмжлэлдээ бэлэглэлийн гэрээгээр эцэг С.Э хувьцаагаа шилжүүлсэн гэж бичсэн боловч шуудангаар ЭН ХХК-д хүргүүлсэн гэх бэлэглэлийн гэрээг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй шүүх хурлын өдөр гаргаж өгсөн байхад шүүх хариуцагч компанийн эрх шилжүүлэх болон хувьцааг бэлэглэлийн гэрээг үгүйсгэж маргаагүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. А.Р шүүх хурлыг удаа дараа хойшлуулж С.Эийг нас барсны дараа шүүх хурлыг хийлгэсэн. Үүнээс дүгнэхэд бэлэглэлийн гэрээнд эцгийн гарын үсгийн оронд хурууны хээ даруулсан. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хуулийн дагуу байгуулагдсанд эргэлзэж байна. Мөн нэхэмжлэгчийн эцэг С.Э нь байр авсан компаниас гарна гэж байсан хүн хүүдээ бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлсэн гэхэд эргэлзээтэй. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Рийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч нь С.Э компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч байсан гэдэг тайлбараа нотлоогүй. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар С.Э нь 33,3 хувийн хувьцаа эзэмшигч мөн болох нь тогтоогдсон. Мөн анхан шатны шүүх хуралдаанд талийгаач С.Э нь компанийн 33,3 хувийг эзэмшдэг талаар маргахгүй гэж тайлбарласан. Гэтэл давж заалдах гомдолд 15 хувийн хувьцаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. С.Э 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хувьцааг шилжүүлсэн. Бэлэглэлийн гэрээг хариуцагчид шуудангаар хүргүүлсэн. Улсын бүртгэлд бүртгүүлэх 15 хоногийн хугацаа дууслаа гэхэд мөн оны 06 дугаар сарын 29-ний өдөр дахин гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нотариатаар баталгаажуулж тамга дарсан, хүчин төгөлдөр. Анхан шатны шүүх хуралдаанд талуудын хэн аль нь нотлох баримтаа гаргаж өгөх эрхтэй. Хурал эхлэхээс өмнө хэргийн материалтай танилцсан. Хариуцагч тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

1. Нэхэмжлэгч А.Р хариуцагч ЭН ХХК-д холбогдуулан тус компанийн 483 ширхэг буюу 33,33 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, дүрэмд өөрчлөлт оруулж Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, эцэг С.Э нь ЭН ХХК-ийн 483 ширхэг буюу 33,33 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тэрээр 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр өөрийн эзэмшлийн хувьцааг хүү А.Рт шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

 

2. ЭН ХХК-ийг Д.А-, Б.Ү, С.Э нар үүсгэн байгуулсан бөгөөд С.Э тус компанийн нийт хувьцааны 483 ширхэг буюу 33,33 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдсон ба уг бүртгэл өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр байна. (хх-ийн 43-88)

 

3. С.Э болон А.Р нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр компанийн эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэлийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр бэлэглэгч С.Э нь ЭН ХХК-ийн 33,3 хувь буюу 483 ширхэг хувьцааг А.Рт бэлэглэсэн байна. (хх-ийн 147-152) Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

4.Дээрх бэлэглэлийн гэрээ болон Д.Сэрээтэрийн А.Рт компанийн 33,33 хувийг шилжүүлэх тухай хүсэлт зэрэг баримт бичгийг ЭН ХХК-ийн захирал Д.А-д хүргүүлэхээр Монгол шуудан ХК-д шилжүүлж байсан болох нь шуудангийн дардас бүхий дугтуйнуудаар тогтоогдсон, ...Д.А-д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр утсаар хэлсэн боловч уулзалдаагүй... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад ...нэг удаа дарга над руу утсаар ярихад би хөдөө явж байсан. А.Р шуудангаар баримт явуулсан байна, тэрийг очиж аваарай гэж хувьцааны талаар хэлсэн. Хөдөөнөөс ирээд авах гэж байхад тус баримт байгаагүй... гэж тайлбарласан зэргээс үзэхэд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу Д.Сэрээтэр нь компанийн 33,33 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх талаар ЭН ХХК-д мэдэгдсэн гэж үзнэ.

 

5. Нөгөө талаар, ЭН ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Э нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул компанийн эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Тийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хуулийн дагуу байгуулагдсанд эргэлзэж байна... гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Иймд нэхэмжлэгч А.Р нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар ЭН ХХК-аас тус компанийн 483 ширхэг хувьцаа буюу 33,33 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч ЭН ХХК нь С.Эт 483 ширхэг буюу 33,3 хувийн хувьцаанд тооцож 1 өрөө орон сууц өгсөн, тэрээр 15 хувийн хувьцаа эзэмшигч байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхаас гадна маргааны зүйл нь өвийн асуудал биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 хэсэгт заасныг тогтоох хэсэгт баримталсан нь буруу байхаас ...нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00514 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Рийг ЭН ХХК-ийн 483 ширхэг хувьцаа буюу 33,33 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн дүрэмд өөрчлөн оруулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч ЭН ХХК-д даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ