| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0217/Э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э
Шүүгдэгч: П.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн П Эд холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн П Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч П.Э нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Уугийн гол гэх газарт иргэн Ш.Иийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ш.Иийн өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Тахилтын ам, Уугийн гол гэх газраар айл хэсэж яваад М гэх хочтой Э гэдэг айлд орсон. Тухайн үед би согтуу байсан юм. Тэгээд би Эг гуйгаад чи намайг гэрт хүргээд өгчих би бензиний мөнгийг чинь өгье гэж гуйсан. Би тухайн үед мотоцикльтой явж байсан юм. Тэгээд архи уугаад согтсон байсан болохоор мотоциклио унаж жолоодож чадахгүй гэж бодоод Эг гуйсан юм. Тэгтэл Э явж чадахгүй гээд их ууртай байсан. Би тэр хавийн айлуудаар явган явж байгаад мотоциклио хаана тавьсанаа санахгүй байсан болохоороо Эс миний мотоцикль хаана байна гэж асуусан чинь мэдэхгүй гээд миний урдаас уурлаад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад Э намайг барьж аваад нүүр рүү цохиод газар унагааж байгаад чирээд гол руу шидсэн. Би Эгаас зугтаад урд талд нь байдаг саахалт айл Сосор гэх эгчийнд очтол миний мотоцикль тэнд байсан. Тэгээд Ж гэр рүүгээ хүргүүлсэн. Би Эс мотоцикль хаана байна гэж асуусан чинь надад уурлаад намайг зодсон. Бид хоёрын дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би тухайн үед согтсон байсан учраас зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Би Эг цохисон эсэхийг сайн санахгүй байна. Би өөр хүнтэй зодоон хийгээгүй, миний хамар халцраад хамраас цус гарсан. Зүүн нүд хавдсан, уруул сэтэрсэн байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн. Би гэр рүүгээ Эгаар хүргүүлэх санаатай гэрт нь очсон. Тэгээд бас мотоциклио хайгаад олохгүй байсан учраас мотоциклио асуух гэж орсон. Би Этай маргалдсан. Тэгээд барьцалдаж аваад хажуудаа байсан хогийн шүүрийг аваад цохих гээд далайсан чинь миний гараас булааж аваад намайг гэрээс гаргаад гол руу шидсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Э надаас уучлалт гуйсан, бид хоёр хоорондоо эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-13 дугаар хуу/
Гэрч Н.А өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ өөрийнхөө мотоциклийн яндан, дугуйг авах гэж Мөөгийнд очихоор явсан. Тэгээд хоноод маргааш нь буюу 31-ний өглөө 11 цагийн үед Ц гэх залуугаар хүргүүлж ирсэн. Манай нөхрийн хоёр нүд хөхөрсөн, уруул нь сэтрээд цус болчихсон хавирга өвдөөд байна гэж хэлээд өөрийнхөө дээл бүсийг өмсөөгүй, Ц-гийн дээл бүсийг өмссөн байдалтай гэртээ ирсэн. Тэгээд машиныг нь дүү Н бариулж Баянхонгор аймгийн төв руу ирсэн. Мөөгий зодсон гэж хэлсэн, ямар шалтгаанаар зодсон талаар хэлээгүй. Манай нөхөр 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ гарахдаа зүгээр гарсан. Өөрийнхөө мотоциклийн сэлбэгийг авна гэж хэлээд намайг үнээ сааж байхад явсан. Ирэхдээ зодуулсан байдалтай ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуу/
Гэрч Н.Э өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр байсан байх. Өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрт 17 цагийн үед И гэдэг залуу согтуу ирээд манай нөхөр Эгаас хэрүүл өдөөд үг хэлээр дарамтлаад өөрийнхөө мотоциклийг нэхээд байсан. Манай нөхөр тэр хүнээс зугтаад хоёр гэрийн хооронд яваад байсан. Гэтэл манай нөхрийг гэртээ ороод орон дээрээ хэвтэж байсан чинь хогийн шүүрийн ишээр цохисон. Тэгээд дахиад мод бариад цохих гэхлээр нь Э тэр И гэх хүнийг барьж аваад архи нь гараг гээд гэрийн урд талын гол руу чирээд оруулсан. И гэх хүн голоос гарч ирэхдээ хамар амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд Э руу чулуу шидээд элдвээр харааж орилоод яваад өгсөн. Манай нөхөр Э тэр И гэх хүнийг цохиогүй, харин газар унагааж байгаад чирээд гол руу хийсэн. Тэр гол нь том гол биш, манай гэрийн хажуу талаар урсдаг жижиг горхи байгаа юм. И Эгийн толгой руу шүүрний ишээр нэг удаа цохисон. Манай нөхөр бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. И өөр хүнтэй зодоон хийгээгүй. Манай нөхөр тэр хүнд гэм хийгээгүй, миний бодлоор И согтуу байсан учраас агсан зан тавиад байх шиг байсан. Их сонин зантай хүн байна билээ. Худлаа шалтаг гаргаж ирээд хэрүүл өдөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуу/
Гэрч Т.Ж өгсөн:...И гэх залуу манайд орж ирээд хүнд зодуулчихлаа гээд нүүр ам нь цус болчихсон байдалтай байсан. Тэгээд би Иийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн нутаг Тамч гэх газар хүргэж өгсөн. И манай саахалт айлын М гэдэг хочтой Э гэх хүнд зодуулсан гэсэн. И Эгаас машины дугуй авах гэж ирсэн гэсэн байх, тиймэрхүү утгатай зүйл асуугаад байсан. Тэгээд Этай зодолдсон гэсэн. Иийн хамар амнаас нь цус гарсан, хамар нь халцарсан, зүүн нүд нь хавдсан байсан. Өөрөөр надад хэлэхдээ хавирга өвдөөд байна, явж чадахгүй байна гэж хэлсэн. И манайд ганцаараа ирсэн. Эгийн гэр манай гэрээс 100 м орчим зайд ойрхон байдаг. И Этай зодоон хийсэн гэж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуу/
П.Эн яллагдагчаар өгсөн: ...2018 оны 08 сарын сарын 30-ны өдөр байсан байх. Би одоо хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Уугийн гол гэх газар гэртээ байж байсан чинь өдөр 15 цагийн үед И согтуу манай гэрт орж ирээд надаас хэрүүл өдөөд, намайг хэл амаар доромжлоод чи муу хулгайч, чиний аавыг үхсэний дараа миний дүү хөдөөлүүлсэн биз дээ гээд байсан, тэгээд манай гэрээс буцаж гарч яваад 1 цаг гарны дараа манай гэрт буцаж орж ирээд намайг орон дээрээ хэвтэж байхад хогийн шүүрний модон ишээр миний толгой руу хальт цохисон. Тэгэхлээр би уурлаад босоод ирсэн чинь манай гэрээс гараад зугтсан. Эргээд мод барьж намайг цохих гэхлээр нь би Иийг гэрээс дагуулж гараад газар унагаагаад чирээд гэрийн урдхан талд байдаг жижиг горхи руу шидсэн. И голд унаад босож ирээд намайг элдэвээр харааж байснаа, манай урд байдаг, Сосор гэх айл руу яваад өгсөн. Би Иийн бөгс рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд гол руу түлхэж унагаасан. И гол руу унаад босож ирэхдээ нүүр шалбарсан, хамар, амнаас нь цус гарсан байсан. Бид хоёрын дунд өс хонзонгийн зүйл байхгүй, И архи уухаараа угаасаа тийм агсан хүн байгаа юм. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуу/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 536 дугаартай дүгнэлт:
1. Ш.И биед тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, шилбэнд цус хуралт, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй гэмтэл болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуу/
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 25 хуу/
П.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-39 дүгээр хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36 дугаар хуу/
П.Э малын А дансны тодорхойлолт /хх-ийн 41-43 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 47-48 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Э нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Уугийн гол гэх газарт хохирогч Ш.Итэй маргалдан зодож түүний биед тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, шилбэнд цус хуралт, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ш.И, гэрч Н.А, Н.Э, Т.Ж, П.С нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 536 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч П.Э нь хохирогч Ш.Иийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, шилбэнд цус хуралт, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх бөгөөд энэ нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 536 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул П.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас П.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 51-52, 53-54 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Ш.И нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, яллагдагчтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх-ийн 13, 51 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч П.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б овгийн П Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан П.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Шүүгдэгч П.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
Шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ