Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00645

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00645

 

 

С ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00525 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 211,273,724 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 497/12 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцаалсан орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Д.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

С ХЗХ-ны 876 дахь гишүүн Д.Ц- нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээ байгуулж 136,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болно. Өнгөрсөн хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөр хийх талаар шаардлага тавьсан боловч төлбөр хийхгүй өдий хүрч байна.

Нэхэмжлэгчээс Д.Ц-ийн зээлийн эргэн төлөлтийн талаарх баримтыг гаргаж өгсөн бөгөөд эдгээр нь Санхүүгийн зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлтээр зээлтэй холбоотой эргэн төлөлт, зээлийн хэмжээ, өмнөх зээл хаагдсан байдалтай тохирдог. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136,000,000 төгрөгийн зээлийг авсан өдрөө 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн үлдэгдэл 115,324,520 төгрөгийг бэлнээр төлж зээлээ төлсөн. Д.Ц- нь зөвхөн 2013 онд зээл авсан гэж байгаа боловч 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 136,000,000 төгрөгийн зээл авч 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүү Д.Б-ийхээ авсан зээлийн төлбөрт зөвхөн хүүг нь төлж байсан.

Тэрээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үүрэгт хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,200,000 төгрөг төлснөөс 1,159,280 төгрөгийг хүүд, 40,020 төгрөгийг үндсэн зээлээс хассан. Үүнээс хойш төлөлт хийгээгүй бөгөөд тухайн үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс 31,308,246 төгрөг, хүүд 33,023,754 төгрөг, нийт зээлийн үндсэн төлбөр, хүүд 64,332,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

Д.Ц- нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн баримтаар тус хоршоо нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ хаагдсан талаар мэдэгдсэн, зээл хаагдаж барьцаа чөлөөлөгдсөн тохиолдолд зээлдүүлэгч уг хүсэлтээ хүргүүлдэг. Шинээр зээлийн болон барьцааны гэрээнд улсын бүртгэгч бүртгэснээр зээл олгогддог. Гэтэл хариуцагч нь зээл аваагүй, гэрээн дээр гарын үсэг зураагүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй, тэр өөрөө зээл аваад гэрээг улсын бүртгэлд очиж бүртгүүлсэн. Тэрээр зээл аваагүй гэх боловч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3,200,000 төгрөгийн зээлийн төлөлт хийснээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөгийн төлөлт хийж 28 удаагийн төлөлтөөр 64,332,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлөлт хийсэн. Гэтэл үүнийг зээл төлж байгаагүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч Д.Ц-иас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үүрэгт үндсэн зээл 103,791,754 төгрөг, хүү 91,660,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,821,286 төгрөг, нийт 211,273,724 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 14 дүгээр байр 00 тоот 20,0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2013 оны 10 сард Д.Цд-, У.Г- гэх эхнэр нөхөр хоёр Налайхад байрлах тоосгоны үйлдвэр 1 тэрбум төгрөгөөр худалдан авах гээд урьдчилгаа төлбөр болох 700,000,000 төгрөгийг төлсөн гэсэн тамгатай бичиг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлээд одоо 300,000,000 төгрөг дутаад үйлдвэрээ шилжүүлж авч чадахгүй байна. Та бидэнд үл хөдлөхөө барьцаалаад 300,000,000 төгрөгийн зээл аваад өгвөл бид 8 сарын дотор төлнө гэж залилан мэхэлсэн. Зээлийн шимтгэл болох 750,000 төгрөгийг суутгаад үлдэх 299,250,000 төгрөгийг өөрсдийнхөө Хаан банкны дансаар шилжүүлж авсан. Тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдсэн боловч давах шүүх дээр байна.

Тус хоршооноос 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 399/10 зээлийн гэрээгээр 125,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн 62,000,000 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 45,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Б-ий нэр дээр 125,000,000 төгрөгийг тус тус зээлж аваад эдгээр хүмүүст өгсөн.

Зээлийг 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 125,000,000 төгрөгийн зээлийг хаасан. Үлдэгдэл 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийг 2019 оны 12 дугаар сар хүртэл 200,922,835 төгрөг төлсөн учир энэхүү зээлийг төлж дуусгасан гэж үзэж байна.

Хэргийн 37 дугаар талд ийм хэмжээний мөнгө төлсөн гэдгийг С- ХЗХ-оос 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тодорхойлсон тодорхойлолт авагдсан. Хадгаламж барьцаалсан 45,000,000 төгрөгийг хадгаламжид байсан мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь барагдуулсан. Харин хүү Д. Б-ий нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 17-нд авсан зээлийн хүүг цаг хугацаанд нь төлсөн, үндсэн зээл, зээлийн хүүд нийт 200,922,835 төгрөг төлсөн.

Мөн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан гээд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуудаад гэрээг шинэчилнэ гээд 497/12 тоот зээлийн гэрээ хийгээд төлөгдөөгүй хүү 21,000,000 төгрөгийг нэмээд 136,000,000 төгрөг олгосон мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Миний бие 2019 оны 12 сарыг дуустал зээлийн хүү төлсөн, надаас 21,000,000 төгрөгийн хүүгээс хүү бодож, сар бүр 420,000 төгрөг илүү авсан бөгөөд нийтдээ хүүгийн хүүд 15,000,000 төгрөг төлсөн байна.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч С ХЗХ- нь Иргэний хуулийн 451 зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Уг хуулийн заалтыг зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 497/12 тоот зээлийн гэрээг өмнөх Д.Б-ий нэр дээр авсан зээлийг таны нэр дээр болгож зээлийн гэрээгээ шинэчилж хийе гээд надад ямар нэгэн мөнгө өгөөгүй атлаа зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлээс 9,000,000 гаруй төгрөг төлүүлж, үлдэгдэл нь 115,000,000 төгрөг болсон бөгөөд С- ХЗХ өөрсдийн танил хүнээр зээл чөлөөлүүлдэг хүнтэй холбогдож дансаapaa 125,000,000 төгрөг оруулж гаргаад шимтгэл 1,250,000 төгрөгийг надаар төлүүлсэн. Мөн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуудаж зээлийн гэрээг шинэчилье гээд 497/12 тоот зээлийн гэрээ хийж төлөгдөөгүй хүү 21,000,000 төгрөгийг нэмээд 136,000,000 төгрөг олгосон мэтээр зээлийн гэрээ хийсэн.

Нэхэмжлэгч тал болох С- ХЗХ нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны огноотой 497/12/12 тоот барьцаат зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээг хуурамчаар үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, барьцаат хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгат, 14-00 тоот байрыг барьцаанаас чөлөөлөх, 2015 оны 03 дугаар сарын 31-ний 146/03 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээгээр мөнгө олгогдоогүй тул хүчин төгөлдөр бусад тооцож миний төлсөн 200,922,835 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч дээрх шаардлагынхаа 2017 оны 12 дугаар сарын 17-ны огноотой 497/12/12 тоот барьцаат зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээг хуурамчаар үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 03 дугаар сарын 31-ний 146/03 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээгээр мөнгө олгогдоогүй тул хүчин төгөлдөр бусад тооцож миний төлсөн 200,922,835 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцуулах хэсгээс татгалзаж байна.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээгээр мөнгө олгогдоогүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь өмнө олгогдсон зээлийн чанаргүй байдлыг арилгах зорилготой байсан ба өмнөх үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар тооцоо хийгээд 136,000,000 төгрөг гэж тохирч гэрээ байгуулсан. Уг зээлээ бусдад залилуулсан гээд манай мэргэжилтэн шүүх, цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгч байсан. Гэтэл бусдад мөнгөө залилуулсан байдлаа зээлийн гэрээ байгуулаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд зээлийн болон барьцааны гэрээ хуулийн дагуу байгуулагдсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц-иас зээлийн гэрээний үүрэгт 84,016,274 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127,257,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Ц-, Д.Б- нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2202000132 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40 мянгатын 14 байр, 00 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг баримтлан С ХЗХ-нд холбогдох, талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Ц-иас улсын тэмдэгтийн хураамжид 648,231.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,284,520 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 837,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Тус хоршооны 876 дахь гишүүн Д.Ц- нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 497/12 тоот зээлийн гэрээ байгуулж, 136,000,000 төгрөгийн зээлийг 2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Тэрээр хоршоотой харилцан тохиролцож, урьд авсан байсан буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хоршооноос аваад төлөөгүй байсан 125,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөх зорилгоор уг зээлийг авсан бөгөөд холбогдох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, кассын орлого, зарлагын баримт зэрэгт өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан зээлийг авсан. Тэрээр уг зээлийг авснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 27 удаагийн гүйлгээгээр зээлийн төлбөрт 32,208,246 төгрөг, зээлийн хүүд 33,023,754 төгрөг, нийт 65,232,000 төгрөгийн эргэн төлөлт хийж байсан. Энэ байдал нь түүнийг зээл авч, түүнийгээ төлж байсан болохыг хангалттай нотолдог бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзах болсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Ц-иас нийт 211,273,724 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

Уг гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд түүний адил хүчин төгөлдөр байна гэж барьцааны гэрээний 5.1 дэх хэсэгт заасан. Гэтэл зээлийн гэрээний үүргийг хангуулах мөнгөн хөрөнгө олгогдоогүй, талуудын хооронд хуулийн дагуу зээлийн харилцаа үүсээгүй байхад шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээнд өмчлөгч Д.Б- нь гарын үсэг зураагүй ба түүний гарын үсгийг дуурайлгаж зурсан. С ХЗХ-ны баримт бичгүүд ихэнх нь хуурамчаар үйлдэгдсэн байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр барьцааны гэрээг сунгахдаа Д.Ц-ийн гарын үсгийг дуурайлгаж, зурсан. 2015 оны барьцааны гэрээнд Д.Б-ий гарын үсгийг дуурайлгаж, зурсан байдаг.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч С ХЗХ- нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 211,273,724 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 497/12 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №497/12 дугаартай зээлийн гэрээгээр С ХЗХ- нь Д.Ц-д 136,000,000 төгрөгийг, 30 хоногт 2 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр Д.Ц-, Д.Б- нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2202000132 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40 мянгатын 14 байр, 00 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцыг барьцаалжээ.

/1хх5-6/

 

3. С ХЗХ- болон Д.Б- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 125,000,000 төгрөгийн зээлийн гэрээний,зээлдэгч Д.Б-ий үүргийг хариуцагч Д.Ц- хүлээн авахаар тохиролцож, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 125,000,000 төгрөгийн зээлийн гэрээг, мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмнөх гэрээний 125,000,000 төгрөгийн үндсэн зээл дээр үлдэгдэл хүү 21,000,000 төгрөгийг нэмж 136,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан, 2015 оны гэрээний дагуу 125,000,000 төгрөг болон 2016 оны гэрээний дагуу 136,000,000 төгрөгийг тус тус зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй тухайд нэхэмжлэгч маргаагүй байна./1хх 169-171, 2хх 154-155, 1хх 5-8/

 

Хариуцагч Д.Ц- нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Д.Б-ий нэр дээрх 125,000,000 төгрөгийн зээлийг төлөхөөр дээр дурдсан 2015, 2016 онуудын зээлийн гэрээнүүдийг байгуулсан боловч гэрээнд заасан мөнгийг хүлээн аваагүй, хүү Д.Б-ий зээлийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

3.а. Санхүүгийн Зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Д.Ц-д 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр олгосон 125,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 136,000,000 төгрөгийн зээл нь түүний хүү Д.Б- болон өмнө авсан зээлийг хаах зорилгоор олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, тус зээлүүд нь С ХЗХ-ны мөнгөн гүйлгээний тайланд тусгагдаагүй ба өмнө олгосон зээлийн чанарыг сайжруулах зорилгоор гэрээг шинэчлэн зээл олгов гэсэн анхан шатны баримт үйлдсэн, харилцан тохиролцсон хэлцэл болсон байна. Энэхүү үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21.3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ. /2хх 54-57/

 

3.б. С ХЗХ- болон Д.Б- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 125,000,000 төгрөгийн зээлийн өрийг хариуцагч Д.Ц- шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт нийцсэн болохыг анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 125,000,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 136,000,000 төгрөгийг бодитоор зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй үйл баримт тогтоогдсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4. Дээрх байдлаас үзэхэд С- хоршоо болон Д.Б- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 125,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тодорхойлох нь хэргийн бодит байдалд нийцэх тул анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөрийг гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авснаар талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийж зээлийн тооцооллыг буруу тооцсон алдааг залруулав.

 

4.а. Нэхэмжлэгч болон Д.Б- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн 125,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь 2,3 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай олгохоор тохиролцсон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 14 дүгээр байрны 00 тоотын 20 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалж, улмаар барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1хх 169-171/

 

4.б. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дууссан байх ба, гэрээний хугацаа цаашид сунгагдаагүй байна.

 

Дээрх гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлөлт огт хийгдээгүй бөгөөд гэрээний хугацаанд зээлийн хүүд 17,250,000 төгрөг төлөгдсөн байна. Иймд гэрээ дууссанаас хойш хариуцагч Д.Ц-ийн зээлийн хүү болон үндсэн зээлээс 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл төлсөн зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрт гэж төлөгдсөн нийт 49 удаагийн төлөлт тус бүрийг, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн тооцоонд үндэслэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг төлүүлэх журмын дагуу тооцож үзэхэд үндсэн зээлийн төлбөр дуусаж, хуримтлагдсан зээлийн хүү 65,879,057 төгрөг үлдсэн байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн тооцоололд хариуцагч маргаагүй болно. /1хх 213, 215-216/

 

4.в. Талууд уг зээлийн гэрээний 5.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг төлөх ба, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү ногдуулна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1хх 169/

 

Иймд хариуцагч нь зээлийн хүүд 65,879,057 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,175,811 төгрөг, нийт 79,054,868 төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч хариуцагч талаас шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул талуудын зарчимд нийцүүлэх үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 84,016,274 төгрөгөөр хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тогтоосон хэмжээнд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 490/12 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 490/12 дугаартай зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлээгүй байх тул гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

 

5.а. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн барьцааны гэрээгээр Д.Ц-, Д.Б- нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2202000132 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40 мянгатын 14 байр, 00 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцыг барьцаалсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байх ба зээлдэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж дуусгаагүй байх тул хариуцагч Д.Ц-ийн гаргасан уг барьцааны орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

6. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг хасах, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцүүлсэн найруулгын, 3 дахь заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 гэсэн өөрчлөлт оруулж, 4 дэх заалтад холбогдох хууль, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00525 дугаар дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 452 дугаар зүйлийн 452.1 гэснийг хасч,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Ц-, Д.Б- нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2202000132 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40 мянгатын 14 байр, 00 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 56 дугаар зүйлд гэснийг 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,284,520 төгрөг, хариуцагчаас төлсөн 837,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-иас 578,031 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794,238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ