Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 236

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Б.М 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н 

Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б Чт холбогдох эрүүгийн ............  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  А овгийн Б Ч /РД:/ 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Ч нь Э.Э бүлэглэн Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Шар өлөн гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны үед иргэн Ц.Б 4  тооны нас нийлсэн монголын шарыг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Ц.Б өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Шар өлөн, Улаан овоо гэх газраас өөрийн үхэр сүргээс нийт 4 тооны эр үхэр хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсан. Миний хулгайд алдсан 4 тооны үхэрт ямар нэгэн тамга байхгүй, монголын нас нийлсэн бүдүүн шар үхрүүд байсан. Миний хулгайд алдсан дөрвөн үхрийн хоёр нь хүрэн зүсмийн, нэг нь шар цоохор зүсмийн, нөгөө нь тас хар зүсмийн үхэр байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би 4 тооны үхрээ тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлээд, нийтэд нь 6.000.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

Гэрч Д.Э өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр манайх үхэртээ явж чадаагүй. Би сумын төв яваад маргааш нь манай нөхөр бид хоёр үхрээ бүртгэж үзэхэд дөрвөн үхэр дутуу байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би ямар ямар зүсмийн үхэр алдсан талаараа мэдэхгүй байна, нөхрийн ярьж байгаагаар дан том үхэрнүүд алга болсон байна гэж ярьж байсан. Манай үхэр сүрэг нийтдээ том жижиг нийлсэн 280 гаруй үхэр байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч Т.У өгсөн...Б 2017 оны 10 дугаар сарын эхээр 4 тооны үхэр алдсан, сураг тавьж байгаарай гэж захисан. Б гуай хэлэхдээ том үхэрүүдээ хулгайд алдчихлаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Гэрч Д.С өгсөн:...2017 оны 09 дүгээр сарын 26-ны үед Өлзийт сум Ямаат баг, Шар өлөн гэх газарт байх гэрээсээ Өлзийт сумын төв орж ирээд орой нь Мөнгөншагай гэх айлд очиж хоносон. Тухайн үед манай гэр хүнгүй үлдсэн. Маргааш оройхон нь би гэртээ харьсан. Гэртээ ирээд модоо хагалах гэсэн манай сүх байхгүй байсан. Манай аав, ээж хоёр Улаанбаатар хотоос ирээд ээж амбаараа онгойлгож үзээд мотоцикль байна, намайг хэний мотоциклийг авчирсан юм бэ гэж асуусан. Би мэдэхгүй гэж хэлээд харахад Э гэх хүний мотоцикль байсан. Тэгээд надад хэлэхдээ би танай амбаарт өөрөө мотоциклио хийсэн, одоо Улаанбаатар хотод байна, урд шөнө танай урдаас 3-4 тооны үхэр хулгай хийчихсэн, миний мотоциклийг битгий гаргаарай гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш удалгүй Ц Б гэх хүн 4 тооны үхэр алдсан гээд хайгаад надаас асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Би бодохдоо Б ахыг үхрийг хулгайлсан байна гэж ойлгосон. Би Э манайд ирээд явахдаа манай сүхийг аваад явсан байх гэж бодсон.. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч Ц.Б өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Этай уулзахад би танай ах Б-ын 4 тооны үхрийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Чтой хамт хулгайлж өөрийнхөө мотоциклийг Сын амбаарт нууж орхиод гэрийнх нь гаднаас төмөр иштэй түлээ хагалдаг сүхийг нь авч, 4 тооны үхрээ цохиж алаад гэдэс дотрыг нь худаг дотор 2 үхрийнх нь толгойн хамт хийж нуугаад махыг нь өөрийнхөө бага оврын ачааны машинд ачиж Улаанбаатар хотын ойролцоо эмээлтэд зарсан. Хоёр үхрийн толгойг нь эмээлтийн ойролцоо замын хажууд хаясан гэж ярьсан. Үүний дагуу хэсгийн төлөөлөгч Э хамт уг худгийг ухаж үзэхэд дотор нь үхрийн сэвс, гэдэс дотор байсан. Мөн алдсан 4 тооны үхрийн шар цоохор, хүрэн зүсмийн 2 тооны үхрийн толгой муудсан байдалтай гарч ирсэн. Тухайн үхрүүдийг духанд нь сүхээр цохиж алсан байсан...манай ах Б 4 тооны үхрийг Э, Ч нар хулгайлсан болох нь тодорхой болчихлоо гэж бодож байна. Би өмнө нь энэ хоёр залууг сэжиглэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Гэрч И.М өгсөн:..Би Нарантуул зах дээр махны ченж хийдэг. 2018 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Надтай хамт зогсдог Г гэх хүн рүү Г таньдаг Э, Ч гэх хоёр залуу Г рүү утсаар яриад 4 үхрийн махтай Булган аймгийн Могод сумаас ирчихлээ гэж хэлэхээр нь Г бид хоёр уг хоёр залуугаас 4 үхрийн мах авсан. Уг хоёр залуу арьс ширгүй, гэдэс цувдаагүй мах худалдсан. Одоо санахад нэг том шарын мах, бусад нь дундаж махнууд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Гэрч М.Д өгсөн:..хулгайн хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Э, Ч нарыг Б 4 тооны үхрийг хулгай хийсэн гэж сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

Э.Э яллагдагчаар өгсөн:...Чтой Өлзийт сумын төвд гудманд таараад Чтой хамт явахаар болоод бид 2 С гэх найзынхаа гэр лүү явсан Сын гэрт очих үед Сын гэрт хүн байгаагүй тэгээд бид 2 харих гэж байтал Ч надад мөнгөний хэрэг гараад байна хамт мал хулгайлая гэж хэлсэн тэгэхээр нь би яах юм хэрэггүй гэж хэлэхэд чи машинтайгаа надад яваад өгчихөөч гээд байсан тэгээд бид 2 буцаж Сын гэрт очоод түлээн дээр байсан сүхийг нь аваад ачиж явсан мотоциклоо Сын амбаарт оруулж тавиад амбаараас нь хутга аваад явсан тэгээд явж байтал 4 тооны эр үхэр таарсан тэгсэн тэр эр үхэрүүдийг манай хадамын үхрүүд байгаа юм энэ үхрийг аваад явчихъя надад мөнгөний хэрэг гараад байгаа гээд машинаараа тууж явсаар байгаад засмал зам гаргаад хэсэг явж байгаад нэг газар очоод мяндсан уяагаар бугуйл хийж байгаад үхэрнүүдээ нэг нэгээр нь барьж аваад сүхээр цохиж унагаад хамт алж янзалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/

Б.Чийн яллагдагчаар өгсөн:... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өлзийт суманд ирсэн юм. Өлзийт сумаас манай Могод сум ойрхон байдаг бас унаа тэрэг их явдаг болохоор Өлзийт суманд ирсэн юм. Тэгээд Өлзийт суманд ирээд байж байгаад Э гэх нутгийнхаа залуутай гудамжинд таарсан. Тэр үед Э өөрийн 33-67 БУЛ улсын дугаартай Дацун гэх автомашинаар явж байсан.  Э Өлзийт сумын цагдаад мотоциклио урд өмнө хураалгасан байсан. Тэгээд одоо мотоциклио авчихаад Могод сум руу явна гэж байсан тул би Э хамт явахаар болсон. Э цагдаагийн кабон орж мотоциклио авчихаад бид 2 хамт С гэх найзынхаа гэр рүү явахаар болоод Өлзийт сумын Ямаат баг руу явсан. С гэх найзынхаа гэрт очиход С гэр эзгүй цоожтой байсан. Тэгээд бид 2 байхгүй байгаа юм чинь явъя, явъя гээд хөдөлцгөөсөн. Явж байгаад би надад мөнгөний хэрэг гараад байна  хоёулаа хамт мал хулгайлъя гэхэд Э яах гээд байгаа юм бэ, хэрэггүй гэж хэлэхээр нь би чиний машинтай өнөө шөнөдөө явчихъя гэж хэлээд хамт хулгай хийхээр болоод бид 2 эргэж Сын гэрт ирээд түлээн дээр байсан сүхийг нь авсан амбаарт нь ачиж явсан мотоциклио хийх үед амбаарт хутга байхаар нь авсан. Тэгээд бид  хоёр Ямаат багийн нутгаар явж байтал бэлчээрт 4 тооны эр үхэр явж таарсан. Тэгээд 4 тооны үхэрийг унаж явсан машинаараа туугаад явсан. Явж байтал Э хоёулаа хулгай хийхээ болье гээд байхаар нь би наад үхэрнүүд чинь манай хадам аавын үхэр байгаа юм, зүгээр гэж хэлээд цааш явсаар байгаад засмал зам гараад хэсэг явж байгаад нэг зогсоод Э мотоциклио багалсан байсан мяндсан уяагаар бугуйл хийгээд тууж явсан 4 тооны эр үхэрээ нэг нэгээр бугуйлдаж аваад нэг нэгээр нь сүхдэж унагаагаад тэр газраа хулгайлж авсан 4 тооны эр үхрээ алж янзалаад 2 ширхэг толгой 4 ширхэг гэдэс болон ширийг нь худгийн нүх рүү хийж хаясан.  Тэгээд махаа ачаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд явж байгаад Дашинчилэн гэх сум ороод би өөрт байсан мөнгөндөө шатахуун хийлгэж авсан. Тэгээд Улаанбаатар хотруу орсон. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө Эмээлт дээр ирээд мал эмнэлэг гэх бичигтэй газар байхаар нь ороод махны шинжилгээний бичиг авъя гэж хэлэхэд урдаас тэр эмэгтэй тодорхойлолт чинь хаана байна гээд нэхээд байхаар нь хөдөө орхисон байна гэж хэлээд малын шинжилгээний бичиг аваад Эмээлт дээр мал мах авч байсан танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүнд 4 тооны үхэрнийхээ мах мөн арьс ширийг нь бүгдийг нь нийлүүлээд 3.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр цаашаа хот руу ороод мөнгөө үрчихсэн... Бид хоёрыг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 33-67 БУЛ улсын дугаартай Дацун маркийн авто машин нь Эын өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Э бид хоёр Б хохирогчийн хохирлыг төлж барагдуулах гээд уг авто машиныг зарчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 127-128 хуу/

 

Хохирогчийн алдсан 4 үхрийн үнэлгээ болон Э.Эын эзэмшлийн ниссан дацун маркийн автомашины үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 28, 102 хуу/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-31, 103-104 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-42 хуу/

Б.Чийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 хуу/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол /хх-ийн 129 хуу/

Хохирогч Ц.Б 5140051957 дугаарт данс руу мөнгө шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 130 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57-58, 105-107, 131-132 хуу/ 

Улсын яллагчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн ниссан дацун маркийн автомашины лавлагаа / хх-ийн 154 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Чт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ч нь Э.Этай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 27-28-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Шар өлөн гэх газраас хохирогч Ц.Б 4 тооны үхрийг автомашин ашиглан  нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч Б.Ч нь хэргийн нөхцөл байдал болон өөрийн үйлдэл, хулгайлан авсан малын тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ц., гэрч Д.Э, Т.У, Д.С, Ц.Б И.М, М.Д нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Б.Ч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Чтой бүлэглэн  дээрх гэмт хэргийг үйлдсэн Э.Э нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөшөөт гэх газраас боомилж нас барсан байдалтай олдсон болох нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, /хх-ийн 67 хуу/ шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтийн хуулбар, /хх-ийн 70 хуу/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 73-74 хуу/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд Э.Эт холбогдох хэргийг прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор /хх-ийн 63 хуу/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чийн Э.Этай бүлэглэн бусдын малыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, автомашин ашиглаж авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Чийг бусдыг малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Б.Ч, Э.Э нар нь Э.Эын эзэмшлийн 3367 бул улсын дугаартай Nissan Datsun маркийн автомашинаар үхрүүдийг бэлчээрээс нь тууж, нядлан махыг нь ачиж явсан болох нь тогтоогдсон бөгөөд автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

3367 бул улсын дугаартай, RMD22002894 арлын дугаартай Nissan Datsun маркийн автомашин нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Э.Эын эзэмшилд байсан болох нь автотээврийн хэрэгслийн лавлагаагаар / хх-ийн 56 хуу/ тогтоогдсон бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар уг автомашин нь 8507 гаү улсын дугаартай болж Т гэх хүний эзэмшилд бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар / хх-ийн 154 хуу/ тогтоогджээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт  Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэр хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч Б.Чоос хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б 3.800.000 /гурван сая найман зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Ч нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж мэдүүлэг өгсөн, мөн  Ц.Б 51450051957 дугаарын данс руу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн талаар мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 130 хуу/ авагдсан, хохирогч нь хэргийн материалтай танилцах үедээ 1.900.000 төгрөг авсан гэсэн байх тул шүүгдэгч Б.Чийг гэмт хэргийн улмаас учруулсан өөрт ногдох хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.  

Шүүгдэгч Б.Чийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Эын эзэмшилд байсан Nissan datsun маркийн автомашин нь бусдын эзэмшилд шилжсэн болох нь тээврийн хэрэглсийн лавлагаагаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу автомашины үнийг хувь тэнцүүлэн / 5.700.000 төгрөг/ Б.Чийн хувьд ногдох хураан авах хуулиар хориглоогүй хөрөнгө орлогоос албадан гаргуулж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг төлүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хохирлоос илүү гарсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч А овгийн Б Ч бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Чийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Чийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Nissan datsun маркийн автомашины үнийг хувь тэнцүүлэн тооцож 5.700.000 / таван сая долоон зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Чийн хувьд ногдох хураан авах хуулиар хориглоогүй хөрөнгө орлогоос албадан гаргуулан төлөгдөөгүй хохирлыг төлүүлж, хохирлоос илүү гарсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

5. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ