Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

 Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

          Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Хишиг-Өндөр  сумын иргэн Ц.Мөнхтулгын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Д.Батчулуун даргатай сонгон шалгаруулалтын комисст холбогдох

         “Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын комиссоос нэр дэвшигчийн ерөнхий шаардлагын “Мэргэшсэн байдал”-д үнэлгээ, дүгнэлт өгсөн байдал болон тус зөвлөлийн 2015 оны 28 дугаар тогтоол илт хууль бус тул хүчингүй болгож, мэргэшсэн байдалд дахин үнэлгээ, дүгнэлт гарган, тус ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг эрх бүхий байгууллага албан тушаалтанд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2016/0002/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Мөнхтулга, хариуцагч Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын комиссын дарга Д.Батчулуун, хариуцагч Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баттуяа, гуравдагч этгээд Ч.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс томилсон нь дарга Ц.Батчулуун, гишүүд Б.Лхагва-Цэнд, Лхагвасүрэн нарын  3 хүний бүрэлдэхүүнтэй байв.

          Ц.Мөнхтулга би тус сонгон шалгаруулалтанд оролцож Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврыг удирдлага болгон давхар өөрийгөө үнэлж үзэхэд 70,4 оноогоор тэнцсэнийг 60.4 гэж илт буруу үнэлж, мэргэшсэн байдалд 10 хүртэл оноо олгоогүй байсныг мэдсэн даруйдаа шалгалтын комисст амаар болон бичгээр гомдол гаргасан. Комисс хариу тайлбартаа: төрийн албан хаагчийн анкетын /3.1/ хүснэгтэд мэдээлэл бичигдээгүй байсан тул мэргэшсэний оноо тооцоогүй гэх. Гэтэл анкетын 2.1-д дипломын боловсролыг бичнэ гэсний дагуу мэргэшсэний мэдээллээ бичсэн байтал нотлох баримт материал, мэдээлэл байгаа эсэхийг нягтлаж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл шалгалтын комисс үнэлгээ гаргахдаа иргэний мэдээлэл, нотлох баримт материалтай бүрэн танилцаагүй байсан.

       Комиссын үнэлгээ, дүгнэлтийг эс зөвшөөрч Салбар зөвлөлд гомдол гаргахад 2015 оны 175 тоот албан бичгээр миний хувийн оноог өөрчлөх боломжгүйг мэдэгдсэн. Тухайлбал анкетад мэргэшсэний мэдээлэл бичигдээгүй, төрийн удирдлагын менежер нь мэргэжил эзэмшсэн тул мэргэшсэн гэж үзэхгүй гэжээ.  Анкетын 2.1 хэсэгт мэдээлэл оруулсан, Төрийн удирдлагаар мэргэшсэн зэргийг илт үгүйсгэх тул Төрийн албаны тухай хууль, журмын дагуу Төрийн албаны зөвлөлд 10 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 1491 тоот албан бичигтээ Ц.Мөнхтулгын мэргэшсэнийг илт үгүйсгэж, мэргэшсэнийг тооцолгүй үнэлгээ гаргажээ гэсэн байв.

         Иймээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дээрх албан тоотод зөрчлийг арилгахыг даалгасны дагуу салбар зөвлөлд 10 хүртэл оноо тооцох, тухайн ажлын байранд нэр дэвшүүлэх шийдвэр гаргахыг хүссэн өргөдөл гаргахад 2015 оны 201 тоот албан бичигтээ сонгон шалгаруулалтанд оролцохдоо материалаа дутуу бүрдүүлж өгснөөс мэргэшсэн байдлын үнэлгээ өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. 

       Энэ мэтчилэн хариу тайлбар нь үндэслэлгүй, аргацаасан, залхаах шинжтэй байгаад миний зүгээс маш их гомдолтой байна. Тус сонгон шалгаруулалтанд ач холбогдол өгч цаг зав, хөдөлмөрлөсөн хэдий боловч зарим албан тушаалтаны хувийн хариуцлагаас болж хохирч байгаад харамсаж байна.

       Иймд Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  Хишиг-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын комиссоос нэр дэвшигчийн ерөнхий шаардлагын “Мэргэшсэн байдал”-д үнэлгээ, дүгнэлт өгсөн байдал болон тус зөвлөлийн 2015 оны 28 дугаар тогтоол илт хууль бус тул хүчингүй болгож, мэргэшсэн байдалд дахин үнэлгээ, дүгнэлт гарган, тус ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг эрх бүхий байгууллага албан тушаалтанд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   Хариуцагч Д.Батчулуун даргатай сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа “ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 2.2, 4.4 дэх заалтын дагуу үнэлгээ өгсөн.

       Үнэлгээ өгөхөд анхдагч мэдээлэл авах эх үүсвэр нь “ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 24 дүгээр зүйлд заасан материалууд болно.

     “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 4.4 дэх заалтын дагуу мэргэшлийн байдалд үнэлгээ өгөхдөө “Төрийн албан хаагчийн анкет” маягт №1-ийн “Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэл” хэсгийн 3.1 мэргэшлийн бэлтгэл гэсэн асуултын хариултын дагуу өгсөн.

       Нэхэмжлэл гаргагч Ц.Мөнхтулгын биеийн байцаалтын дээрх хэсэгт мэдээлэл байгаагүй тул ажлын хэсэг Мэргэшсэн байдал гэдэг шалгуурт оноо өгөөгүй болно.

        Ц.Мөнхтулга нь Удирлдагын Академийн төрийн алба, удирдлагын сургууль төгссөн тухай мэдээллээ биеийн байцаалтын Боловсролын талаарх мэдээлэлд оруулж боловсрол эзэмшсэнээр тооцсон байсан.

    Хариуцагч Д.Батчулуун даргатай сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Мөнхтулгаас сонгон шалгаруулалт зохион байгуулах комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлагын “Мэргэшсэн байдал”-д өгсөн үнэлгээ, дүгнэлт илт хууль бус тул хүчингүй болгох, энэ хэсэгт дахин үнэлгээ дүгнэлт гаргахыг даалга” шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

       Хариуцагч Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ирүүлсэн захиалгыг үндэсдэн Төрийн албаны зөвлөлийн салбал зөвлөлийн 26 дугаар тогтоолоор байгуулагдсан комисс сонгон шалгаруурлалтыг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”ын дагуу зохион байгуулсан.

Ц.Мөнхтулга нь “Төрийн албан хаагчийн анкет” маягтын Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэлд мэдээллээ бичээгүй, Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургууль төгссөн тухай мэдээллийг биеийн байцаалтын боловсролын талаарх мэдээлэлд оруулж боловсрол эзэмшсэнээр тооцсон байсан.

      Комисс хурлаараа хэлэлцээд мэдээлэл дутуу учраас мэргэшсэн байдалд үнэлгээ өгөөгүй болно.

   Сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд үнэлгээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

       Ц.Мөнхтулгаас ирүүлсэн өргөдлийг мөн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн салбар зөвлөлийн 2015 оны 175 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн.

         Иймд иргэн Ц.Мөнхтулгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй болно.

      Хариуцагч Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баттуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Мөнхтулгаас Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, дахин нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Иргэн Ц.Мөнхтулгын  Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон уг зөвлөлөөс байгуулсан Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисст холбогдуулан гаргасан “Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын комиссоос нэр дэвшигчийн ерөнхий шаардлагын “Мэргэшсэн байдал”-д үнэлгээ, дүгнэлт өгсөн байдал болон тус зөвлөлийн 2015 оны 28 дугаар тогтоол илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мэргэшсэн байдалд дахин үнэлгээ, дүгнэлт гарган, тус ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг эрх бүхий байгууллага албан тушаалтанд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл  нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан хариуцагчид холбогдох, 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тус шүүхийн харъяаллын маргаан мөн, энэхүү маргаантай холбогдох гомдлоо Төрийн албаны салбар зөвлөл болон Төрийн албаны төв байгууллагад гаргаж урьдчилан шийдвэрлүүлж хариуг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1491 дугаарын албан бичгээр[1],  Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 201 тоот албан бичгээр[2] хүлээн авч шүүхэд хуульд заасан хугацааны дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хандаж нэхэмжлэлээ ирүүлсэн байна.

       Шүүх хуралдааны явцад хариуцагч нар “иргэн Ц.Мөнхтулгаас сонгон шалгаруулалт зохион байгуулах комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлагын “Мэргэшсэн байдал”-д өгсөн үнэлгээ, дүгнэлт илт хууль бус тул хүчингүй болгох, энэ хэсэгт дахин үнэлгээ дүгнэлт гаргахыг даалгах” шаардлага,  Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, дахин нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргаж ирүүлсэн, гуравдагч этгээд Ч.Буянхишиг уг тайлбартай танилцаж эсэргүүцэхгүй гэдгээ баталж гарын үсэг зурсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

          1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Хишиг-Өндөр  сумын иргэн Ц.Мөнхтулгын “Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс байгуулагдсан Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын комиссоос 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шалгалтын  нэр дэвшигчийн ерөнхий шаардлагын “Мэргэшсэн байдал”-д үнэлгээ, дүгнэлт өгсөн байдал илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мэргэшсэн байдалд дахин үнэлгээ, дүгнэлт гаргахыг даалгах” шаардлагыг хариуцагч Д.Батчулуун даргатай сонгон шалгаруулалтын комисс, Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 28 дугаар тогтоол илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, уг ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг эрх бүхий байгууллага албан тушаалтанд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл тус тус  хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  158/2016/0002/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун /төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 35100 төгрөг, Төрийн сангийн 000041400995 дугаарын данснаас 35100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхтулгад олгосугай.

        3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т  зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг нэгэн адил журмаар биелүүлэхийг тус тус дурьдсугай.

      4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА

 

 


[1] Хэргийн материалын 7-р хуудас

[2] Хэргийн материалын 4-р хуудас