Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/Ма2019/0255

 

Б.Н-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2019/0017 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд К.А-ын давж заалдах гомдлоор, Б.Н-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2019/0017 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4,17 дугаар зүйлийн 17.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ... регистрийн дугаартай, Х овогт К-ийн А-ыг 2017 оны 05 дугаар сарын 19-нд төрсний бүртгэлийн ... дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд К.А давж заалдах гомдолдоо: “...Б.Н хүүхдээ өөртөө авахаас буюу асрахаас татгалзсан асуудал гарч ирсэн. Би тухайн үед Б.Н-ы татгалзсан буюу хаясан нярай хүүхдийг өөртөө авах эсхүл хүүхэд асрах байгууллагад хүргэж өгөх гэсэн хоёр сонголттой байсан. Нөхөртэйгөө зөвлөлдсөний эцэст энэхүү хаягдсан хүүхдийн асарч авахаар шийдсэн. ...хэрэв Б.Н төрүүлсэн хүүхдэдээ үнэхээр хайртай байсан бол хэзээ ч хаяж явахгүй байсан, тэгж явлаа гэхэд бүхэл бүтэн 2 жил гаруй жилийн дараа хүүхдээ авъя гэж байгаа нь цаанаа мөнгөтэй болох гэсэн субьектив санаатай холбоотой.

...миний бодлоор хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах ёстой. Асран хамгаалах үүргээ нэг ч удаа биелүүлээгүй, хүүхдийг зөвхөн мөнгөний ашиг сонирхлын үүднээс авах гээд байгаа явдлыг юу гэж ойлгох юм бэ. Тэгж яривал эх нь хүүхдээ асран хамгаалахаас татгалзсан, эсхүл төрүүлсэн хүүхдээ хаясан, эсхүл эх нь хүүхдээ худалдахаар завдсан гэдгээр Б.Н-ыг шалгах ёстой. Дээр дурдсанчлан дээрх үйл явдал  болж өнгөрөөд 2 гаруй жил болж байхад захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тус асуудлаар нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан байсан. ...иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн ажилтан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд К.А гэх хүүгийн эцгээр Т.Көлдаулет, эхээр К.А нарыг бүртгэж төрсний бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ олгожээ.

Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Наас “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрүүлсэн хүүг К.А нь хууль бусаар авч, өөрөө төрүүлсэн мэтээр бүртгэл хийлгэж, төрсний гэрчилгээ гаргуулан авсан тул уг бүртгэл хууль бус болсон” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч Б.Н 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр К.Аыг төрүүлсэн, түүний төрсөн эх мөн болох нь тогтоогдсон, уг үйл баримттай талууд маргахгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн аливаа бүртгэл бүхэн зайлшгүй үнэн, зөв байх ёстой.

Гэтэл гуравдагч этгээд К.А нь өөрийн төрүүлээгүй хүүхдийг улсын бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авахдаа өөрийн төрүүлсэн хүүхэд мэтээр бүртгүүлсэн нь дээрх зарчимд нийцэхгүй, Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй...” гэж заасныг зөрчсөн, К.Ад төрсний гэрчилгээ олгосон бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль бус болсон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Гуравдагч этгээдийн “...Б.Н хүүхдээ өөрөө авахаас татгалзсан учир би хүүхдийг асрахаар шийдсэн, хүүхдийн эрх, ашгийг төр хамгаалах ёстой, гэтэл 2 жил хүүхдээ хаяад явсан хүний талд шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлын тухайд,

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянадаг.

Иймд захиргааны хэргийн шүүх нь хариуцагчаас К.Аын эцгээр Т.Көлдаулет, эхээр К.А нарыг бүртгэж, гэрчилгээ олгосон бүртгэлийн үйл ажиллагааг л хянаж, хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхөөс бус тухайн хүүхдийг хэний асрамжид үлдээх үндэслэлтэй болохыг шийдвэрлэхгүй.

Нэхэмжлэгч Б.Н хүүхдээ хаяж явсан эсэхээс үл хамаарч Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж зааснаар улсын бүртгэл үнэн, зөв, бодитой байх зарчмын дагуу шинээр төрсөн хүүхдийг төрсөн эцэг, эсхүл төрүүлсэн эхээр овоглох учиртай.

Түүнчлэн К.Аыг гуравдагч этгээд Т.Көлдаулет, К.А нар цаашид асрах, үрчлэн авах эрхгүй гэж шүүхээс дүгнээгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу түүнийг үрчлэн авахаар хандаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2019/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд К.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН